| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0286/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/313 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Ё.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Б-д холбогдох эрүүгийн 1938006400356 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ё.Б-,
Шүүгдэгч Ё.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.М-тай маргалдсаны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.М-тай маргалдсаны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006400356 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний 23 насны төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд гэртээ нөхөр Ё.Б-ынхаа хамт байж байхад нөхөр Ё.Б- маань гэнэт л намайг “чи ийм сонин өнгөөр үсээ буудуулчихаад гадуур янхан шиг явах гэлээ, мөнгөтэй баян залуучуудтайгаа яв, би чамайг хорихгүй” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би түүний хэлсэн үгэнд нь гомдож “чи дандаа яах гэж намайг тэгдэг юм бэ” гэж уурлаад уйлж байгаад гэрээсээ гарч явсан...Удалгүй нөхөр Ё.Б- маань намайг авахаар машинтайгаа 21 цаг өнгөрч байх үед ирсэн. Би нөхрийгөө ирсэний дараа машинд нь ороод суухад “чи хаагуур юу хийж яваад байгаа юм бэ, чи миний найзуудыг хүлээлгэдэг хэн бэ” гэж хэлээд “чамайг алнаа” гэснээ машинаа асаагаад ХХХ сумын 13 дугаар багийн зүүн талын захад хүнгүй газарт очоод зогссон. Тэгснээ машинаасаа буугаад өөрөө хойшоо орж ирж суугаад миний толгой, хавирга руу маань гараараа цохиж, үснээс маань зулгаасан. Мөн толгойгоор маань урд болон хойд талын сандлыг мөргүүлж байсан. Би тухайн үед биеэ хамгаалах гээд гараа дээшлүүлэхээр “чи зодуулах гээд ингээд байгаа юм уу, гараа доошлуул, над руу хар, хөлөө буулга” гээд байхаар нь би гараа буулгаад, түүний хэлсний дагуу байсан. Нөхөр Ё.Б- маань чи яагаад миний найзуудыг хүлээлгэж байгаа юм бэ гэхээр нь “чи надад найзуудаа хүлээж байгаа гэдгийг хэлээгүй юм байж, яагаад намайг ингээд байгаа юм бэ” гэж хэлэхэд л “чи угаасаа янхан банзал биз дээ, тэр баян хүмүүстэйгээ яваарай” гэж хэлсэн. Үүнээс хойш би түүнтэй юм дуугараагүй, намайг юм дугарахгүй байхад нөхөр Ё.Б- маань миний баруун гарыг өчөөд “дуугараач ээ” гээд орилоод байсан...Миний өчүүлсэн баруун гар юм даахгүй байгаа. Үүнээс болоод байнгын хөндүүрлэж зовиуртай байгаа. Мөн толгой маань байнгын өвдөж зовиурлаж байгаа...Би гомдолтой байгаа. Би эмчилгээндээ одоогийн байдлаар 80.000 төгрөг зарцуулчихаад байгаа. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/
Гэрч Ч.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ё.Б- найз маань 10 жилд суралцаж байхдаа даруу төлөв зантай, элдэв муухай ааш араншин байхгүй хүүхэд байсан. Одоо ч гэсэн найз маань элдэв муухай ааш авир байхгүй, хүнтэй харилцаа сайтай, төлөв даруу зантай. Найз Ё.Б- маань архи огт уудаггүй, харин тамхийг хааяа нэг татдаг...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр найз Ё.Б-ын маань эхнэр Б.М-гийн төрсөн өдөр байсан юм. “Б.М-гийн төрсөн өдрийг тэмдэглэнэ” гэж найзууд маань нэлээд хэд хоногийн өмнөө ярилцсан байсан юм. Би тухайн өдөр 16 цагийн үед байхаа найз Ё.Б-ынхаа гэрт эхнэр Хонгорзул, найз ТамирХХХ нарын хамтаар очсон, бид гурвыг очиход Баян- Өндөр, Гал-Эрдэнэ гэх найзууд маань ирчихсэн байсан. Харин төрсөн өдрийн эзэн болох Б.М- байхгүй байсан. Бид нар Б.М-г хүлээж нэлээд орой болтол гэрт нь байсан. Тэгж байгаад ирэхгүй болохоор нь тарцгаасан. Найз Ё.Б- маань болохоор Б.М-г ажлын газрынхантайгаа уулзахаар явсан гэж хэлж байсан...Би энэ хоёрын гэр бүлийн харилцаа ямархуу болохыг нь мэдэхгүй байна. Надад лав найз Ё.Б- маань эхнэртэйгээ маргалдсан гэж хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
Гэрч М.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.М- нь манай Хөгжимт драмын газарт дуучин хийдэг. Би түүнтэй хамт ажилладаг учраас түүнийг сайн танина...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Б.М- над руу залгаад “найз нь төрсөн өдрөө Green gold-ийн караокед тэмдэглэх гэж байна, найзыгаа урьж байна, ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би Б.М-д бэлэг аваад орой 19 цагийн үед түүний төрсөн өдрийн арга хэмжээ болж байгаа газарт очсон. Намайг очиход тэнд манай ажлын газрын Пунсанлазал, Ариунболд, Б.М-гийн багын найз гэх 2 эмэгтэй нар байсан. Бид нар 20 цаг өнгөртөл тэндээ Б.М-гийн төрсөн өдрийг тэмдэглэж, дуулж сууцгаасан. Тэндээс гарахад Б.М-гийн төрсөн өдөрт ирсэн хүмүүс тараад явцгаасан, Харин Б.М- надтай хамт манай гэр лүү явсан. Манай гэрт очоод байж байхад оройны 21-22 цагийн хооронд Б.М-гийн нөхөр нь хүүхэдтэйгээ хамт манай гэрийн гадаа ирээд Б.М-г авч явсан. Би тухайн үед Б.М-г гаргаж өгөөд машинд нь суулгаад явуулсан. Манайхаас явснаас хойш юу болсоныг нь мэдэхгүй байна. Б.М- манай гэрийн гаднаас хөдлөхдөө нөхөртэйгээ маргалдаж муудалцсан зүйл байхгүй байсан...Тухайн үед Б.М- нэг их согтуу бол биш байсан. Угаасаа 9 дүгээр сарын 01-ний өдөр байсан учир архи согтууруулах ундааны зүйл зарахгуй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/
Шүүгдэгч Ё.Б-ын мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгйин шатанд өгсөн: ...Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Б.М-гийн маань төрсөн өдөр нь байсан юм. Тухайн өдрийн 13 цагийн үед эхнэр Б.М- маань “хүнтэй уулзлаа” гээд гэрээсээ гарч явсан. Би тухайн өдөр эхнэр Б.М-гийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж өгөх зорилгоор өөрийн найзууд болох Мягмардорж, Галаа, Тамираа, Баян-Өнөр, Зулаа нарыг утсаар нь дуудаж цуглуулчихаад эхнэр Б.М-гаа утсаар ярихыг нь хүлээгээд гэртээ байж байсан. Би гэртээ найзуудтайгаа байж байхдаа эхнэр Б.М- руугаа залгахад утсаа авахгүй байсан. Орой 20 цаг өнгөрч байх үед найзуудыг тараачихаад гэрээсээ өөрийн хүү Чинхүслэнгээ дагуулаад гарсан. Гараад эхнэртээ “төрсөн өдрийн ширээ засаж өгье” гэж бодоод хүнс цуглуулаад гэртээ очиж ширээг нь зассан. Орой 21 цаг өнгөрч байх үед эхнэр Б.М-гийнхаа гар утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь гадуур хүүтэйгээ хамт явж хайсан боловч олоогүй. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед эхнэр Б.М-гийнхаа утас руу залгахад “би гэрийнхээ ойролцоо, ажлынхаа газрын хүүхний гэрт байна” гэж хэлэхээр нь тэр хүүхнийх нь гэрийг заалгаад явж очсон. Намайг очиход эхнэр Б.М- маань нэг хүнтэй хамт гарч ирээд ганцаараа машины хойд талын суудал руу орж ирж суусан. Би түүнийг суух үед “чи миний найзуудыг хүлээлгэлээ” гээд түүнтэй маргалдсан. Түүнтэй маргалдчихаад хөдлөөд явж байхад Б.М- “би буулаа” гээд явж байгаа машины хаалга онгойлгох гээд байхаар нь гарыг нь мушгиад буцаагаад татсан. Тэгээд машинаа гудамжны үзүүрт зогсоогоод хойд талдаа орж суугаад эхнэр Б.М-тайгаа маргалдсан. Маргалдаж байхдаа баруун гарнаас нь базаж байсан. Тухайн үед бид хоёр тэндээ нэлээд хэсэг маргалдаж байгаад учир зүйгээ олоод гэрлүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 460 дугаартай: Б.М-гийн биед баруун сарвууны үенд зөөлөн эдийн гэмтэл, баруун ХХХд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Б.Мөнхдалагийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөпөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-11-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн ХХХ сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-48-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч Ё.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.М-тай маргалдсаны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ё.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхрийн харилцааны үл ойлголцол, хардалт, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ё.Б- нь хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.М- нь 80.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирогч Б.М- нь өөрт учирсан 80.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ё.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ё.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 1938006400356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36. 4 дүгээр зүйлийн 2,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ё.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938006400356 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М- нь өөрт учирсан 80.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР