| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00921/И |
| Дугаар | 01002 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 01002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 1-3 тоотод оршин суух Боржгон овогт Баасанжавын Сүрэн /ФМ:48050161/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 3-5 тоотод оршин суух Боржигон овогт Дайрийгийн Одгэрэл
182 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Сүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сүрэн миний бие Үйлчилгээний төвд худалдаа эрхэлдэг. Д.Одгэрэл нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр борлуулалт хийж байсан лангуунаас охинтойгоо хамт ирж 2 хос нэхий гутал, 2 хос урт ангор оймс, 1 хос монгол үйлдвэрийн оймс зээлж аваад 25-ны цалингаас тооцоо хийнэ гэсэн боловч шалтаг зааж, аргацааж явсаар өдий боллоо. Д.Одгэрэлээс 182 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Одгэрэл би Үйлчилгээний төвд суудаг Сүрэн гэдэг хүнээс хүүхдийн гутал 2 ширхэг, оймс 1 ширхэгийг авсан нь үнэн. Гэхдээ би тэр үед гэртээ хүүхдээ хараад сууж байсан. Мөнгөний бололцоо болохгүй ганцаараа 5,6 хүүхдээ авч явдаг, амьдрал хүнд. Гэхдээ би одоо ажил төрөлдөө орсон, боломж бололцоо бүх зүйлээ ашиглаж Сүрэн гуайн барааны бүх төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлж дуусгана. Үүнээс өмнө заавал бага багаар нь өгч байя гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүрэн нь хариуцагч Д.Одгэрэлээс 182 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Одгэрэл хүүхдийн гутал 2 ширхэг, оймс 1 ширхэгийг авсан гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Сүрэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Өөрийнхөө лангуугаар зарж байсан 2 ширхэг хүүхдийн гутал нийт 130 000 төгрөгийн үнэтэй, 2 ширхэг ангорон оймс нийт 50 000 төгрөгийн үнэтэй, 1 ширхэг монгол оймс 2 500 төгрөгийн үнэтэй нийт 182 500 төгрөгийн үнэ бүхий зүйл авсан тул мөнгөө гаргуулж авна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Одгэрэл 2 ширхэг хүүхдийн гутал, 1 ширхэг оймс авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагч Д.Одгэрэл шүүх хуралдааны товыг өөрийн биеэр гардаж авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх,....худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээн гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Сүрэн нь шаардах эрхтэй, хариуцагч Д.Одгэрэл нь мөнгийг төлөх үүрэгтэй.
Иймд Д.Одгэрэлээс 182 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сүрэнд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 125 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6 125 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Одгэрэлээс 182 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүрэнд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 125 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 6 125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ