Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,                     

              Улсын яллагч Д.Оюунбилэг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

              Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1938006250360 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, Б.А-, 

              Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын ХХ дүгээр багийн Х тоотод оршин суух өөрийн гэртээ унтаж байгаад 2 сар 8 хоногтой нярай хүү Н.Ж-ийн амь насыг хохироож, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын ХХ дүгээр багийн Х тоотод оршин суух өөрийн гэртээ унтаж байгаад 2 сар 8 хоногтой нярай хүү Н.Ж-ийн амь насыг хохироож, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006250360 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хэрэг гарах үед би Өмнөговь аймгийн нутаг Цагаан хад гэх газарт байсан. Хүүг маань нас барсан талаар өөрийн төрсөн эгч Оюунхишигээс мэдсэн. Оюунхишигт манай хамт ээж хэлсэн гэсэн. Яг ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг нь мэдэхгүй байна... Хүү маань тархины даралттай гээд даралтны эм уудаг байсан. Өөр нэг их зовиур байгаагүй...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/

              Гэрч Р.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр...намайг зуны жижиг амбаарт унтаж байтал өглөөний              05 цагийн орчим “ээжээ” гээд манай охин маш чанга орилсон. Тэгэхээр нь би “яав, юу болов” гээд гэрт ороход охин маань орон дээрээ уйлчихсан сууж байсан ба талийгаач хүү маань орон дээр нүүр нь хөхөрсөн байдалтай хэвтэж баисан Тэгээд охин маань талийгаач хүүгээ тэвэрч аваад “миний хүү яачих ваа” гээд орилоод сэгсрээд байсан. Тэгэхээр би охиноосоо талийгаач хүүгээ авсан ба намайг авахад охин надаас “ээж, миний хүү яачихсан байна" гэхээр нь толгой сэгсрээд орон дээр нь буцаагаад тавьсан. Миний харснаар талийгаач хүүгийн маань ам болон хамарнаас цус болон цагаан өнгийн зүйл гарсан байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд эмч ирж үзээд “нас барсан байна” гээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/

              Гэрч А.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж өгөхөөр...ХХХ сумын 1-27-13 тоотод оршин суух Оюунчимэг эгчийн гэрт оройн 23 цагийн орчим очсон. Бид нарыг Оюунчимэг эгчийн гэрт нь очиход Б.А- хүүхэдтэйгээ гэртээ байсан бөгөөд Оюунчимэг эгч “бид нарыг ирнэ” гээд урд талынхаа жижиг амбаарт ороод унтчихсан байсан.  Бид нар шөнийн 00 цагийн орчим унтаж амрахаар болоод Б.А- талийгаач хүүгээ “өнөөдөр бие засаагүй” гээд тосож байсан ба хүүхэд нь шээж, баахгүй байсан.  Ингээд нэг харахад Б.А- унтсан орон дээрээ суучихсан хүүхдээ хөүүлж байгаа харагдсан. Ингээд би “гэрлээ унтраах уу” гэж асуугаад гэрлээ унтраасан. Хэрэг гардаг шөнө нөхөр бид хоёр бага хүүгийнхээ хамт газраар орж засаж унтаад, Б.А- хүүхдийнхээ хамт гэрийнхээ зүүн талын орон дээр унтаад, манай хоёр хүүхэд баруун талынх нь дtэр унтсан. Унтаж байтал өглөөний 05 цагийн орчим Б.А- орилж босож ирээд гэрлээ асаасан. Тэгээд бид нар сэрээд босоод харсан чинь хүүхдийнх нь хамар, амнаас нь цус гарчихсан, нас барсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/

              Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би унтаж байхдаа мэдэхгүй хүүхдээ дарчихсан юм шиг байна...Би хүүгээ хөхүүлээд тавьсан. Дарчихна гэж огт бодоогүй. Унтаад үүрээр сэрэхэд тийм юм болсон байсан. Би нойрондоо “тийм юм болчихлоо” гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаартай: ... Н.Ж-э нь механик амьсгал бүтэлт буюу цээж дарагдлын улмаас нас барсан байна. Үхлийн шалтгаан нь баруун зүүн уушигны гадаргуу болон уг, дэлбэн хооронд тархмал цус хуралт, уушигны агааржилтгүй, зүрхнийг гадаргууд цэгцэлсэн цус харвалт, дотор эрхтний цус эргэлтийн алдагдал, тархи уушигны хаван зэрэг шинж тэмдэгээр батлагдаж байна. Н.Ж-ийн биед баруун зүүн уушигны гадаргуу болон уг, дэлбэн хооронд тархмал цус хуралт, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Баруун зүүн уушигны цус хуралт нь үхлийн шалтгаан болсон байна. Дээрх гэмтэл нь 2.2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Н.Ж-э нь нас бараад ойролцоогоор 6-8 цаг болсон байна. Н.Ж-ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-ийн 31-34-р тал/... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 31-35-р тал/,

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р тал/

              Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 9-10-р тал/

              Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, нөхөр Ц.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  талийгаач хүү Н.Ж-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, талийгаач хүү Н.Ж-ийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ХХХ сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-60-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.А- нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын ХХ дүгээр багийн Х тоотод оршин суух өөрийн гэртээ унтаж байгаад 2 сар 8 хоногтой нярай хүү Н.Ж-ийн цээжийг нь дарсны улмаас механик амьсгал бүтэлтээр амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдсан.  Хүний амь нас хохирсон хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий  шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироож, эрүүгийн хуулийн тусгай ангид хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.А-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн хэт хайхрамжгүй, Эрүүл мэндийн байгууллагын хүүхдийг хөхөөр хооллох зөвлөмжийг мөрдөөгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                                              Хохирогч Ц.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн 1938006250360  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бамбаруушны дүрслэл бүхий улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон орны цагаан өнгийн дэвсгэр даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг  хүний /02 сар 08 хоногтой нярай хүүхдийн/ амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.А-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Б.А-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн 1938006250360  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бамбаруушны дүрслэл бүхий улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон орны цагаан өнгийн дэвсгэр даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Эрүүгийн 1938006250360  дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувиийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР