Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 112/2019/0034/З |
Дугаар | 221/МА2020/0345 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2020/0345
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ө” ХХК-ийн аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаартай захирамжийн хавсралтын 1 дүгээрт байгаа “Ө” ХХК-д холбогдох хэсэг хууль бус үндэслэлгүй гарсан болохыг тогтоож хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах байсан. Уг захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/235 дугаартай захирамжийн дагуу “Ө” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцээгүй байх тул газар эзэмших эрхийг шилжүүлэн шийдвэрлэсэн А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ямар нөхцөл байдал үүссэн болохыг тодорхой дурьдаагүй, аль хэдийн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албаны эзэмшилд аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/592 дугаар захирамжаар олгогдсон газар байгаад уг албанаас Ө ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр албан бичгийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх зэрэг баримтууд байсаар байтал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын дуудлага худалдаа, төсөлт сонгон шалгаруулалт явагдаагүй гэх мэт үндэслэлийг дурьдан, Газрын тухай хуульд заасан үндэслэлүүдийг буруу хэрэглэн, үндэслэлгүй гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл уг газрын эрхийг шилжүүлсэн захирамжийг хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоосон ямар нэг эрх зүйн акт, шүүхийн шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Маргаан бүхий Засаг даргын захирамжид тус газрын эрхийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн талаар тусгагдаагүй, газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн талаар огт тусгаагүй, хуулийн заалтыг буруу үндэслэж захирамж гаргасан байхад хариуцагч талын төлөөлөгч нарын хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтуудтай холбогдуулан хийж буй тайлбараар анхан шатны шүүх дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан нь учир дутагдалтай байна.
Нэхэмжлэгчээс Засаг даргын шийдвэрийг хүлээн авч, улсын бүртгэлийн гэрчилгээг авахдаа тухайн аймгийн Газар зохион байгуулалт, барилга хот байгуулалтын газар гэрчилгээ авахад шаардагдах бүхий л баримтуудыг хүргүүлсэний үндсэн дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан бөгөөд газрын хувийн хэрэгт холбогдох материал дутуу байгаа нь тухайн төрийн эрх бүхий байгууллагын холбогдох албан хаагчийн ажил, албан үүргээ гүйцэтгээгүй, материалуудыг зохих шат дараалал, дамжлагын дагуу хүлээн авч хадгалах горим зөрчсөн үйлдэл байхад анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “захирамж гарсанаар газар эзэмших гэрээ хийгдээгүй, газрын гэрчилгээ олгосон байгаа хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Газартай холбоотой баримт бичгүүдийг хүлээн авсаны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэх, гэрээ болон холбогдох баримтуудыг хүлээн авах зэрэг нь Газрын даамал, цаашлаад харьяа газрын албаны үүрэгт ажил байхаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчилсан бөгөөд холбогдох баримтуудыг хүргүүлээд байхад улсын бүртгэлд бүртгэхгүйгээр гэрчилгээ олгосон төрийн албан хаагчийн албан үүргээ дутуу, хангалтгүй гүйцэтгэсэн үйлдэл байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон захирамжийг үндэслэлтэй хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Бидний зүгээс хууль заасны дагуу холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн, шаардагдах хүсэлтүүдийг гаргасны үндсэн дээр уг газрыг шилжүүлсэн авч, улмаар газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан учраас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Засаг даргын А/580 захирамж гарах хүртэл хугацаанд уг газар дээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, зуун хорь гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад байсан. Гэтэл аймгийн Засаг дарга солигдож, төрийн эрх бүхий албан хаагч нар нь үүргээ дутуу, хангалтгүй биелүүлсэн явдлуудаас үүдэн ийнхүү хохирч, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр нэмж хохироод байгаад гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ө” ХХК-д Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/593 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгээр Жаргалант баг Хуучин Нисэх буудлын зүүн урд талд худалдааны төвийн зориулалтаар 18000 мкв талбай эзэмшүүлсэн, улмаар аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/182 дугаар захирамжаар Жаргалант багт байрших газарт худалдааны төвийн зориулалтаар 48677 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дараа нь аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/235 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.4 дэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Орон нутгийн өмчийн газрын худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа 000438044 дугаартай эрхийн гэрчилгээ бүхий 18000 мкв газрыг “Ө” ХХК-д 15 жилээр эзэмших эрхийг шилжүүлж, эзэмших газрын байршил хэмжээг баталж, 000438044 дугаартай эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, “Ө” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээжүүлэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан байна.
Харин маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцээгүй хууль зөрчин гаргасан гэж 2019 оны А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.2-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж тус тус заасан байна.
Аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/593 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн албаны Жаргалант баг Хуучин Нисэх буудлын зүүн урд талд 18000 м.кв худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг “Ө” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчжээ.
Анхан шатны шүүхээс “...аймгийн Засаг даргын Тамгын газарт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаар тус газрын нэр дээр бүртгэлтэй Есөнбулаг сумын Жаргалант багт байрлах 1800 м.кв орон нутгийн өмчит газрыг “Ө” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн албан бичгийг хүргүүлсэн, “Ө” ХХК 2019 оны 05 дугаар сарын 24-ны 2019/03 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багийн паркийн хойт талын 48677 м.кв орон нутгийн өмчит газрыг худалдааны төв байгуулах зориулалттайгаар “Ө” ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан байхад аймгийн Засаг дарга Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/235 дугаар захирамжийг гаргасан байгаа нь хууль бус байна...” гэж зөв дүгнэлтийг хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлага хангасан тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахаар байна.
Газар эзэмших эрх шилжүүлэхэд хуулиар тогтоож өгсөн анхан шатны баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс “...Газартай холбоотой баримт бичгүүдийг хүлээн авсаны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэх, гэрээ болон холбогдох баримтуудыг хүлээн авах зэрэг нь Газрын даамал, цаашлаад харьяа газрын албаны үүрэгт ажил...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар зохицуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж заасан газар эзэмшигчийн эрх, үүрэг байжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөлгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН