Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ХШТ/53

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, яллагдагч О.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2141 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар магадлалтай, О.Б-д холбогдох 2310000001574 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, ... овогтой О.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч Т.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар яллагдагч О.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай бичсэн эсэргүүцэлдээ Яллагдагч О.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны ... дугаар байрны ... тоотод хохирогч Т.Э-ийг нөхөртэйгөө хардаж, биед нь халдаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч О.Б-д холбогдох 2310000001574 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцээд, 2024/ДШМ/153 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж, шүүхийн магадлалд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгчийн захирамж болон магадлалд: “...Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Тодруулбал уг ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ажиллагаа байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудалд хамаарахгүй байгаагаас гадна мөрдөн шалгах ажиллагаанд хийгдээгүй ажиллагаагаар шүүх шинээр шинжээч томилох, эсхүл хэргийг 60 хоногоор хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно” гэжээ.

Гэвч тус хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд хохирогч, түүний өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоолгох талаар хүсэлт огт гаргаагүй бөгөөд хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний дараа хэргийн оролцогчдоос дээрх хүсэлтийг гаргажээ.

Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”-ний талаар зохицуулсан байх бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Прокурорын зүгээс анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс тус журам, аргачлалыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зорилгоор 60 хүртэл хоногоор хойшлуулах, эсхүл хохирол, хор уршигтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Энэ талаарх саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокурорын зүгээс гаргасан боловч анхан шатны шүүхээс уг саналыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэв үндэслэлгүй гэж дүгнэж байгаа бол энэ талаар захирамжид тодорхой дурдаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлж, шаардлагатай ажиллагааг хийлгүүлэн, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь тэдгээрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2141 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/153 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүхийн шинжилгээний тухай хууль батлагдсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар (сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох) шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилохоор өөрчлөлт орсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нийт 5 төрлийн гэмт хэрэгт шинжээч томилохгүйгээр шууд зэрэглэл тогтоохоор зохицуулсан бөгөөд үүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь хохирогч Т.Э-ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан тэмдэглэлд түүнд хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй танилцуулан гарын үсэг зуруулсан бөгөөд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй байдаг. Харин шүүх хуралдааны шатанд энэ талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д “...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн заалтад хамаарахгүй юм. Шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааны шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эрх нь шүүхэд нээлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөрдөгч нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам болон уг журмын 2.1-д заасан хүснэгтээр нийт 6 төрлийн гэмт хэрэгт зэрэглэл шууд тогтоохоор тусгасан байна. Хууль болон журамд зохицуулагдсанаар прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл хохирогчийн хүсэлтийг үндэслэн хор уршгийг тооцохоор байгаа боловч хохирогч энэ талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд гаргахгүй шүүхийн шатанд гаргасан тохиолдолд шүүхээс хэрэг прокурорт буцах шалтгаан болж байна. Үүнтэй холбоотойгоор сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахдаа хохирогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран бүх хэрэгт хохирлыг тооцож байх ёстой юу гэдэг асуудал практикт маргаантай байна. Шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд хохирогч хүсэлт гаргаагүй л бол сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байгаа учраас хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс дээрх асуудалд цаашид ямар бодлого баримтлах талаар хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч О.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос яллагдагч О.Б-ыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны ... дугаар байрны ... тоотод хохирогч Т.Э-ийг нөхөртэйгөө хардан зодож, түүний биед баруун 3, 4, зүүн 6 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг хамарсан, баруун нүдний дотор булан, баруун дал, бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, цээжний баруун, зүүн дээд хэсэг, баруун хэсэг, баруун гуя, тахим, шилбэ, зүүн гуя, шилбэ, умдагт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хохирогч Т.Э нь мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаагүй, харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохдоо гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүхээс хохирогч Т.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

3.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”-ний талаар зохицуулж, уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан болно.

Уг аргачлалын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно”,

3.6-д “Шүүх шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”,

3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсалтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн (2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ...) улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”,

мөн журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заажээ.

4.Анхан шатны шүүх хохирогч Т.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршиг гаргуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ тэрбээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохыг хүлээн зөвшөөрөх эсэх, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой эсэхийг тодруулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хохирогч Т.Э нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тогтоохыг хүлээн зөвшөөрвөл шүүх уг аргачлалыг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэрэв эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан шинжээч томилж, сэтгэцийн хор уршгийн талаар дүгнэлт гаргуулах, эсхүл хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд хохирогч шүүхийн шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шинээр гаргасан нь шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг болон хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд түүнтэй холбоотой хийгдэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцнэ.

Иймд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайн бичсэн эсэргүүцлийг хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2141 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ