Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 467

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох

Гуравдагч этгээд: “Б ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “П ” ХХК-ийн захирал Д.Б , түүний өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн захирал Г.Г, өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П ” ХХК-ийн захирал Д.Б , түүний өмгөөлөгч А.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “П ” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай 301 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохион байгуулсан 2016-2017 оны нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын үйл ажиллагааг эрхлэх түрээслэгчийн 78 дугаар сургууль дээр сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гурван талт түрээсийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. 

Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлээр гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасныг зөрчсөн тул гэрээг цуцалж байна гэх зүйл хэлдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаар магадлалаар “Ө ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэхүү магадлал нь 2014-2015 онд явагдсан хичээлийн жилийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болон “Ө ” ХХК-ийн гэрээг цуцалсан үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дурдсан байдаг.

Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцохдоо энэхүү шийдвэрийн дагуу шинээр сонгон шалгаруулалтад оролцож 2016-2017 оны шалгаруулалтад тэнцсэн. Үүний дагуу гэрээ байгуулагдаж, гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлсэн гэж ойлгож байсан. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрээр 2016 онд байгуулсан гэрээ анхнаасаа хууль бус гэдэг байдлаар асуудлыг тавьж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа. 

Түрээсийн асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар үүнтэй холбоотой харилцаа нь зохицуулагддаг. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж заасан байгаа. 

2016-2017 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрийг 78 дугаар сургууль дээр хэрэгжүүлэх “П ” ХХК-ийн түрээсийн гэрээг цуцлах үндэслэл нь гэрээний 10.1.4 гэж тайлбарладаг. Уг гэрээний 10.1.4-ийг харахад гэрээ болон Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журамд заасан “нөхцөл байдал үүссэн тохиолдолд бусад хуульд заасан нөхцөл бүрдүүлсэн тохиолдолд гэрээг цуцална” гэж байгаа. Уг журмын 4 дүгээр зүйлд “талууд гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд харилцан хариуцлага хүлээх бөгөөд нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй тал нь хариуцлага хүлээнэ”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “талууд нь өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар хохирол учирсан тохиолдолд хохирлыг хариуцахгүй” гэсэн 2 үндэслэл байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчийг яг ямар хариуцлага алдсан, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгааныг дурдаж өгөөгүй. Иймэрхүү асуудлаар гэрээг цуцлах мэдэгдэл өгч үр дагавар үүсгэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй. Үндэслэлгүйгээр гэрээг цуцлах мэдэгдэл өгч байгаа нь хууль бус юм. 7

Ач холбогдлоо алдсан гэдэг талаар хариуцагч талаас тайлбарлаж байна. Энэхүү мэдэгдлийн үр дагавар нь бүрэн арилаагүй гэж үзэж байгаа. 2016-2017 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөр 78 дугаар сургууль дээр бүрэн хэрэгжүүлж одоо үйл ажиллагаа дууссан. Энэхүү мэдэгдлээс болж энэ гэрээ цуцлагдсан, цуцлагдаагүй гэдэг зүйл тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тиймээс энэ мэдэгдлийг хууль бус гэдгийг бидний зүгээс заавал тогтоолгож байгаад энэ гэрээ цуцлагдаагүй хууль ёсны дагуу хэрэгжсэн, гэрээний дагуу 2 тал хийсэн ажлаа дүгнэх, цаашдаа сунгах тухай асуудал, шинээр сонгон шалгаруулалт явуулах асуудлууд бий болж байгаа учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч А.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаар магадлалаар ”... Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шалгалтын 82 дугаарт түрээслэгч “Ө ” ХХК-ийн гэрээг цуцлах тухай мэдэгдпийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр “П ” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож” эцэслэн шийдвэрлэсэн.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 оны 08 дугаар сарын 22-ны *******, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны ******* дугаар албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус ирүүлсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь дээрх шийдвэр, магадлал, мэдэгдлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоотоор “П ” ХХК-д түрээсийн гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн.

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүх шийдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан юм. Ингээд “П ” ХХК-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шүүхийн шийдвэрийг биелүүл гэж шийтгэвэр ногдуулсан. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий мэдэгдэл гарсан. Манай өгсөн мэдэгдэл гэрээний 10.1.4-д “хуульд заасан бусад нөхцөл бүрдсэн” гэх хэсгийг үндэслэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж манай ******* дугаар албан тоот гарсан байгаа. Түүнээс түрээсийн гэрээний биелэлтийг сунгах, цуцлах асуудал ерөөсөө яригдаагүй. Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг гарч дүгнэсэн. Энэ албан тоотын ач холбогдол өнгөрсөн. 

Тэгэхээр 2017-2018 оны хичээлийн жилд тухайн гэрээг сунгах эсэхийг гэрээ дүгнэх ажлын хэсгийн шийдвэрээр гарна. Түүнээс “П ” ХХК-ийн үйл ажиллагааг дүгнэсэн албан ёсны дүгнэлт гараагүй. Ер нь бүх сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны дүгнэлтийг гаргах комисс томилогдож гэрээг дүгнэнэ. Нэгэнт хичээлийн жил дууссан, гэрээний хугацаа дууссан. “П ” ХХК-д уг мэдэгдлийг өгөх шаардлага Нийслэлийн өмчийн харилцааны газрын хувьд байгаагүй. Зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлээр мэдэгдлийг өгсөн.

Өнөөдрийн хувьд “П ” ХХК нь цаашдын үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа байх. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хичээлийн жилийн хугацаанд “П ” ХХК-тай байгуулагдсан гэрээ юм. Энэ гэрээ нь дууссан гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарна уу. Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс энэ мэдэгдэл цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан. Цаашид Баянгол дүүргийн 78 дугаар сургууль дээр “Үдийн цай” хөтөлбөрийг явуулах сонгон шалгаруулалт явагдана. Тэгэхдээ энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүхийн шийдвэр тодорхой хэмжээгээр нөлөөлөх учиртай юм. Энэ утгаараа “П ” ХХК-д өгсөн мэдэгдлийг зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор өгсөн. Түүнээс үйл ажиллагаа дээр гомдол, санал гарсан үндэслэлээр өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн захирал Г.Г , түүний өмгөөлөгч Ц.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийн дагуу явж байгаа учраас “П ” ХХК нь шүүхийн шийдвэртэй маргах эрхгүй. Өмнөх шийдсэн хэрэг дээр “П ” ХХК гуравдагч этгээдээр орж байсан. Хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргах байсан бол тухайн үед нь хяналтын шатанд гомдлоо гаргаж асуудлаа шийдвэрлүүлээд явах боломжтой байхад тэр боломжоо ашиглаагүй мөртлөө дахиж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж харагдаж байгаа юм. 

Мөн сонгон шалгаруулалт зарлаж манайх шалгараад орсон байхад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалыг үндэслэн сонгон шалгаруулалт зарлана гэж ярьж байна. Үнэндээ тэр үндэслэл бол худлаа. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байгаа 2 харилцаа байгаа юм. 1-д Сургуулийн цайны газрыг түрээслэж байгаа юм. Түрээслэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан зүйл заалтад хамаардаг. Уг хуулиар зохицуулагддаг. 2-т “Үдийн цай” хөтөлбөрийг шалгаруулж байгаа нь төсвөөс мөнгө гаргаж худалдаж авч байгаа гэдэг утгаараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 34 дүгээр зүйлийг тус тус баримтлан хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж шийдсэн. 

Энэ компани дахиж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж тухайн үед сонгон шалгаруулалт зарлах ёсгүй гэж манайх үзэж байсан юм. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар гэрээ байгуулахдаа тухайн гэрээний 11.1-т зааснаар “гэрээний хугацаа дуусмагц талууд харилцан тохиролцож өөрсдөө сунгах эсэхээ шийдвэрлэнэ” гэдэг заалтын дагуу шийдвэрлэх ёстой. Нэгэнт 2 шатны шүүхээс гэрээ цуцалсныг мэдэгдэж, хууль бус болохыг тогтоосон учраас хүчингүй болгож гэрээг дүгнүүлэх асуудал ерөөсөө болоогүй. Тийм учраас сонгон шалгаруулалт болох эсэх нь тодорхойгүй байхад болгосон. 

Манайд сонгон шалгаруулалт болох талаар мэдэгдээгүй. Мөн “энэ сонгон шалгаруулалт болохгүй байх байж” гэж байгаа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийтгэвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШТ2016/******* дугаар тогтоол дээр бүр тодорхой байгаа. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч шийднэ гэж үзэх юм бол энэ маргаан дахин үүсэх байх. Хавтаст хэрэгт бүх нотлох баримт авагдсан байгаа. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд зайлшгүй тэр албан бичгийг гаргаж өгсөн. Тэр нь хүчин төгөлдөр албан бичиг гэж үзэж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн “П ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “П ” ХХК-иас “...Хариуцагч байгууллага дахин сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр гаргаагүй гэж тайлбар ирүүлсэнтэй холбогдуулан “Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн “Үдийн цай“ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг дахин сонгон шалгаруулах шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж, дэмжихгүй байгаа тухайгаа  илэрхийлсэн байна. 

Нэхэмжлэгч “П ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын (түр орлон гүйцэтгэгч) 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичиг (мэдэгдэл)-ийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсоны дагуу энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээ цуцалсныг “П ” ХХК-д мэдэгдсэн. Үүнээс өөрөөр захиргааны байгууллагаас ямар нэгэн тушаал, шийдвэр гардаггүй. Ихэвчлэн байр чөлөөлөх 30 хоногийн хугацаатай албан тоотоор мэдэгддэг” гэх тайлбарыг гаргасан тул энэхүү албан бичиг нь захиргааны актын үндсэн шинжийг агуулсан, үр дагвар бий болгосон, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр гэж үзсэн болно.

Нэг. Үйл баримтын талаар:

Өмнө нь тус шүүхэд “Б ” ХХК-иас “Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт түрээслэгч “Ө ” ХХК-ийн (“Б ” ХХК болж оноосон нэрээ өөрчилсөн ) “Гэрээг цуцлах тухай мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн НӨХГ-ЕБС/ЦГ-******* тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр “П ” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаар  магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, “Б ” ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэж, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Дээрх шүүхийн магадлалыг хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч “Б ” ХХК-иас хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 4875 дугаар захирамж, мөн өдрийн 101 дүгээр “Гүйцэтгэх хуудас”-ыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн ба тус албанаас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн *******, мөн 9 дүгээр сарын 23-ны ******* дугаар албан бичгүүдээр шүүхийн магадлалыг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хариуцагчид хүргүүлсэн байна.

Ингээд хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...гэрээний 10.1.4 дэх хэсгийг үндэслэн танай компанитай байгуулсан 407801 дугаартай гурвалсан түрээсийн гэрээг цуцалж” байгааг “П ” ХХК-д мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч “П ” ХХК-иас “2016-2017 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад шалгарч 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “гэрээний 10.1.4-д заасныг зөрчсөн тул гэрээг цуцалж байна” гэсэн. Манайх гэрээг цуцлах ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад шууд цуцалж байгаа нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл болж байна” хэмээн маргажээ.

Хоёр. Маргаан бүхий актын тухайд: 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаар магадлалаар 1) Нийслэлийн өмчийн харилцааны газрын “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай“ хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээг дүгнэсэн тухай” 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт “Ө ” ХХК-ийн байгуулсан түрээсийн “гэрээг цуцлах” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, 2) Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн НӨХГ-ЕБС/ЦГ-******* тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр “П ” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014-2015 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай“ хөтөлбөр хэрэгжүүлэгч “Ө ” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж, 2015-2016 оны хичээлийн жилд дээрх сургуульд “Үдийн цай“ хөтөлбөр хэрэгжүүлэгчээр “П ” ХХК-ийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгожээ. 

Хариуцагчаас дээрх шүүхийн магадлалыг 1) 2014-2015 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч, цайны газрын түрээслэгч “Ө ” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулж, гэрээний биелэлтийг дахин дүгнэж, уг дүгнэлтээ үндэслэн гэрээг сунгах эсэх, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх, 2) 2015-2016 оны хичээлийн жилд тус сургууль дээр “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгч (“П ” ХХК)-ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон тул 2016-2017 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа “Ө ” ХХК-ийн гэрээний биелэлтийг дахин дүгнэсэн дүгнэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр тухайн компанийн гэрээг үргэлжлүүлэн сунгах эсэх, эсхүл шинээр сонгон шалгаруулалт зарлах эсэхийг шийдвэрлэх замаар энэхүү магадлалыг биелүүлэх ёстой байсан. 

Гэтэл хариуцагч нь “Ө ” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний  биелэлтийг үнэлж дүгнээгүй байхдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай“ хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг явуулж, улмаар “П ” ХХК-ийг дахин шалгаруулсан нь бодит байдалтай нийцээгүй, захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна.

Учир нь хариуцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаар магадлалыг цаг тухайд нь биелүүлээгүй атлаа 2016-2017 оны хичээлийн жилд 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг дахин зарласнаас үүдэн “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн дээрх магадлал биелэгдээгүйгээс тус компанийн эрх ашиг зөрчигдсөн хэвээр үргэлжилж байна гэж үзэхээр байна.

Тухайлбал, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 4875 дугаар  захирамж гарч, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр албан биелүүлэх тухай мөн өдрийн 101 дүгээр  “Гүйцэтгэх хуудас”-ыг бичиж хүргүүлсээр байхад хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр  нийтэд сонгон шалгаруулалт зарлан, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан  болох нь хэрэг авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн уг сонгон шалгаруулалтад “П ” ХХК оролцон нийт 76.2 оноогоор шалгарч, улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, 78 дугаар сургууль болон “П ” ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр  “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээ” байгуулагдан, тус компани нь 2016-2017 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж гэрээ дуусгавар болсон байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг ******* Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 791 дүгээр зүйлийн 791.1-д “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй”, 791.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ бүлэгт заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудад зааснаар хариуцагч нь шүүхийн магадлалыг сайн дураар заавал биелүүлэх үүрэгтэй тул Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...шүүхийн шийдвэрийн дагуу...“П ” ХХК-тай байгуулсан 407801 дугаартай гурвалсан түрээсийн гэрээг цуцалсаныг мэдэгдсэн” захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах боломжгүй. 

Учир нь гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэвээр үргэлжилж байсан тул захиргааны байгууллага нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүүхийн 2016 оны 253 дугаар магадлалыг биелүүлж, өмнө гаргасан өөрийнхөө буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн гэж үзэхээр байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/424 дүгээр  тушаалаар “2014-2015 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байсан “Ө ” ХХК-ийн гэрээний биелэлтийг дүгнэх” Ажлын хэсгийг байгуулсан байх ба, уг Ажлын хэсэг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  “Ө ” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг дүгнэсэн байна.  

Цаашид хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28  дугаар зүйлийн 2, 3, 80 дугаар зүйл болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”, “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулал журам”, Болвсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-д заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд бодит байдалд нийцүүлэн асуудлыг түргэн шуурхай хэлэлцэн, гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй болно. 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, захиргааны байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөн гаргасан маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “П ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28  дугаар зүйлийн 2, 3, 80 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П ” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль, журамд нийцүүлэн 2017-2018 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн 78 дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр асуудлыг шийдвэрлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч “П ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЦЭЦЭГМАА