Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00213

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02295 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2224 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Э

          Хариуцагч: Ж.Бд холбогдох

          Үндсэн нэхэмжлэл:  9.000.000 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 2.250.000 төгрөг гаргуулах, 91-32 УБЦ улсын дугаартай автомашин гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

          Нэхэмжлэгч Ц.Эын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ж.Бтэй 2014-09-01-ны өдөр  нийт 12 сая  төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай, хүүгүй, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор зээлүүлсэн. 2013-07-18-ны өдөр 9 сая төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан, 2 сарын хүү болох 900.000 төгрөгийг Л.Мөнгөнчимэгийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулж, барьцаанд түүний 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг барьцаалж, Э.Гансүхийн нэр дээр шилжүүлсэн. Л.Мөнгөнчимэгийн данс руу 2 удаа 450 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчаас 5 удаа мөнгө шилжүүлсэн гэсэн баримтгүй, 2 250 000 төгрөг өгөөгүй, мөнгө авсан гэдгээ өөрөө нотолж гарын үсэг зурсан баримт байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ж.Б миний мөнгийг 12 сая төгрөг болгож өгнө гээд гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад өгөөгүй.Иймд 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин сөрөг нэхэмжлэл гаргаж байна. "Харгант Цамхаг Констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж  байхдаа 2013 оны 7 дугаар сард компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг "Очир Ундраа" ББСБ-ын зээлийн барьцаанд 70сая төгрөгөөр тавигдсан байсныг чөлөөлүүлж "Монголын Санхүүгийн Групп" ББСБ-д 80 сая төгрөгөөр барьцаанд тавих болсон. Эрдэнэбат, Гансүх, Дашхүү зуучлагч нартай уулзаж  хөлсөнд 10 хувь буюу 8сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэтэл "Монголын Санхүүгийн Групп" ББСБ-с авах зээл нь тохиролцооны дагуу 80сая төгрөг биш,харин 69 сая төгрөгийн зээл гарч ирсэн. Ингэснээр  80 сая төгрөгийн зээл тогтоолгож чадаагүй тул 2013 оны 9 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш өөрийн компанийн нэр дээр барилгын ажил гүйцэтгэж байсан ч хамтран ажилласан компани санхүүгийн хямралаас болж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс  орж ирэнг цалинд өгөгдсөн. Харин зээлд зуучилж өгсөн 3 зуучлагч нэгэнт өөрийн мөнгөөр зээлээс чөлөөлж, шинэ зээл гаргаж өгсөн тул үүнийгээ ажил гүйцэтгэсэнд тооцож 8 сая төгрөг,  үндсэн мөнгөнөөс 1сая төгрөг дутсан гэж нийт 9сая төгрөг авах ёстой гээд барьцаа шаардсан. Ярилцсаны үндсэн дээр би өөрийн эзэмшлийн 91-32 УНЦ улсын дугаартай  машиныг үзүүлэхэд  Гансүхийн нэр дээр шилжүүл гэсэн. Зуучлалын мөнгөө өгч чадаагүй учраас сарын 5% торгууль төлөх ёстой гэсний дагуу үндсэн мөнгийг барагдуулах хүртэл cap бүр 5 хувийн хүүтэй, 450.000 төгрөгийг төлөхөөр болсон. Энэ тохиролцооны дагуу би 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарыг дуустал cap бүр 450 000 төгрөг нийт 2.250.000 төгрөг Ц.Э болон түүний эхнэрийн дансанд хийдэг байсан. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2014-07- 21-ний өдөр Э.Гансүхийн нэр дээрх 91-32 УНЦ улсын дугаартай автомашиныг Ц.Эад бүрэн хүлээлгэж өгснөөр эрүүгийн хэрэг хаагдсан. Гэтэл Ц.Э надтай уулзаж машиныг чинь авмааргүй байна,  мөнгөө авмаар байна, эсвэл машиныг 3 сая төгрөгөөр тооцож, нэмж 6сая төгрөг, хүү алданги 6сая төгрөг, нийт 12сая төгрөг нэхсэн. Тухайн үед би ажилгүй байсан тул боломжгүй,  мөнгө аваагүй байж зуучлалын хөлсөнд 5 сарын хүү 2 250 000 төгрөг төлөөд дээр нь цагдаагаар шалуулж, өөрийн эзэмшлийн машиныг өгөөд байхад гэж хэлэхэд нэгэнт зуучилсан нь үнэн тул мөнгөө өгч барагдуул гээд байнга сүрдүүлэх болсон тул гэрээ байгуулсан. "Харгант Цамхаг" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор өөрт хамааралгүй буюу гүйцэтгэх ёсгүй үүрэг гүйцэтгэж Ц.Э 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад зээлийн хүүгийн төлбөр гэж тус бүр 450 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөг төлсөн. Иймд үндэслэлгүй төлсөн 2 250 000 төгрөгийг Ц.Эаас гаргуулж, мөн талуудын хооронд 2013-07-18-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 91-32 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02295 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан  Ж.Бгээс 9 000 000 төгрөг гаргуулан Ц.Эад олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул  Ц.Эад холбогдох “2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгө зээлсэн тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 250 000 төгрөг гаргуулах, 91-32 УНЦ улсын дугаартай, “Мицубиши Кантер” загварын автомашин гаргуулах тухай”  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 230 750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2224 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалын тогтоох хэсэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017-08-24-ний өдрийн 102/ШШ2017/2295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлгүй тул Ж.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Хавтаст хэргийн материалд гэрч Э.Гансүх, Л.Мөнгөнчимэг нар нь зээлийн гэрээний үйл явцын талаар нотолсон боловч мэдүүлэг зөрүүтэй гэсэн үндэслэлээр нотлох баримтын чадвараа алдана гэж дүгнэсэн нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заасан “Хэргийн нотлох баримт нь зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт эсвэл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” Мөн хуулийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн хуулийн зүйл заалт тус тус зөрчигдсөн байна. Иймд ...магадлалыг хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ц.Э 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ж.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж “...2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөгөөр хоёр тусдаа гэрээ байгуулж зээлүүлсэн...” гэж 12.000.000 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлээ “...2013-07-18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 9.900.000 төгрөг гаргуулах...” гэж өөрчлөн, анхан шатны шүүх хуралдаан дээр “...зээлийн хүүд 900.000 төгрөг төлсөн...” гэсэн үндэслэлээр шаардлагаа 9.000.000 төгрөг болгосон байна. /хх 1, 41, 140/

          Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж “... зээлийн хүүд 2013 оны 8-12 саруудад тус бүр 450.000 төгрөг үндэслэлгүй төлж байсан тул нийт 2.250.000 төгрөгийг 91-32 УБЦ улсын дугаартай автомашины хамт гаргуулах, үүнтэй холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах...”-г шаарджээ.  /хх 10-11, 70, 141/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...нэхэмжлэгч 9 000 000 төгрөгийг зээлсэн байна... нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлсэн нь бичгийн баримтаар нотлогдоогүй ч хариуцагч зээлийн хүү төлж байсан мөн барьцааны зүйлийг шилжүүлсэн үйл баримтаар  зээлийн гэрээг талууд бодит үйлдлээр хийсэн гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгохдоо “... 9 000 000 төгрөгийг  бодитойгоор шилжүүлсэн нь нотлогдоогүй...хариуцагч нэхэмжлэгчийн өмнө барьцааны үүрэг хүлээгээгүй байна...” гэжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нэхэмжлэгч нь хариуцагчаас 9.000.000 төгрөг шаардахдаа “...мөнгө зээлсэн тухай: Ц.Э би Ж.Бд 2013-07-18-ны өдрөөс 2013-09-18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай 9 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр болов. Зээлийн барьцаанд Canter маркийн ачааны автомашин барьцаалах болов. Зээл олгосон Ц.Э, зээл авсан Ж.Б...” /хх 17/ гэсэн баримтыг үндэслэжээ.

         Ц.Э нь нэхэмжлэлд заасан баримтын дагуу 9 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.  

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа баримт тус бүрийг үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2224 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 160.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ