| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00915/И |
| Дугаар | 01004 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 01004
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-14-3 тоотод оршин суух Боржигон овогт Ичинхорлоогийн Батжаргал /ФД:66112401/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут 2-4-58 тоотод оршин суух Үрэл овогт Пионерын Эрдэнэцэцэг
5 475 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Эрдэнэцэцэг нь Ц.Батжаргал надаас 3 000 000 төгрөг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Хүү гэж 790 000 төгрөг өгсөн өөр ямар ч тооцоо хийгээгүй олон удаа утсаар ярьж, нэхэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлж авсан мөнгөө төлөөгүй. Иймд Үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 650 000 төгрөг, алданги 1 825 000 төгрөг нийт 5 475 000 төгрөгийг П.Эрдэнэцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И.Батжаргал нь надад холбогдуулан 5 475 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг миний биө хүлээн зөвшөөрөхгүй учир нь би И.Батжаргалаас 3 000 000 төгрөг авсан гэтэл нэхэмжлэлд 5 475 000 төгрөг нэхэмжилсэн байгаа нь хүү болон алдангийг хэт өндрөөр тооцож Банк, Банк бус санхүүгийн байгууллага мэт харагдаж байна. Иймээс миний бие нэхэмжилж буй үнийн дүнгээс хүү /650 000/, алданги /1 825 000/ нийт 2 475 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: И.Батжаргалын нэхэмжлэлийн П.Эрдэнэцэцэгт холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. П.Эрдэнэцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтөнд нийт 790 000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд үүнийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан байна. Харин нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээ гэх нотлох баримт нь зээлдэгч П.Эрдэнэцэцэгийн нэр, гарын үсэг байгаа мэтээр хожим нь 2016 оны 03 дугаар сарын 16-нд нөхөж бүрдүүлж бэлтгэсэн гэрээ гэж үзэж байна. Хариуцагч П.Эрдэнэцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр И.Батжаргалаас мөнгө зээлдэж аваагүй бөгөөд харин 2015 оны 03 дугаар сарын 04-нд зээлж авсан гэдгийг хариуцагч өөрөө хэлдэг, нөгөө талаас нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээг байгуулаагүй, ямар ч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, ямар ч нотариат дээр очоогүй гэж байгаа тул энэ нь нэхэмжлэлийн нотолгоо, талуудын эрх, үүрэг үүсгэхгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2 210 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 790 000 төгрөг, зээлийн хүү 650 000 төгрөг, алданги гэж нэхэмжилсэн 1 825 000 төгрөг зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч И.Батжаргал, нөгөө талаас хариуцагч П.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэгч И.Батжаргал би нэхэмжлэлийн шаардлагын алданги 1 825 000 төгрөг нэхэмжилснээ 1 325 000 төгрөгөөр багасгаж 500 000 төгрөг болгон бууруулж нийт нэхэмжлэлээ 4 150 000 төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг би хүлээн зөвшөөрч эвлэрэв.
2. Эвлэрсэн 4 150 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 384 00 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 384 000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 382 000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон болно.
3.Улсын тэмдэгтийн хураамжийнг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Батжаргал нь хариуцагч П.Эрдэнэцэцэгт холбогдуулан 5 475 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч И.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 325 000 төгрөгөөс татгалзаж 4 150 000 төгрөг болгосныг хариуцагч П.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 384 00 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 384 000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 382 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч П.Эрдэнэцэцэг нь шүүхэд төлөөлөх, эвлэрэх эрхийг М.Ганзоригт олгосон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 81 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч И.Батжаргал нэхэмжлэлийн шаардлагаа 1 325 000 төгрөгөөр бууруулж 4 150 000 төгрөг болгосныг хариуцагч П.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 384 00 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 384 000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 382 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэцэгээс 81 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Батжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ