Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 01006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-48 тоотод оршин суух Чавх овогт Сономын Эрдэнэбилэг /ФБ:58012605/

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-116 тоотод оршин суух Дайлаа овогт Мөнх-Одын Халиунаа /ФМ:84011868/

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 36 дугаар байрны 37 тоотод оршин суух Дайлаа овогт Мөнх-Одын Солонго /ФМ:86022864/

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо 4 дүгээр хороолол 15-129 тоотод оршин суух Боржигон овогт Мөнх-Одын Ариунсанаа /ЧМ:82122407/

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Хандгайтын 43 дугаар гудамж 758 тоотод оршин суух Боржигон овогт Мөнх-Одын Ган-Од /ЧМ:77072114/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоотод оршин суух Сүмч овогт Даваацэрэнгийн Наранцэцэг /ФД:68032702/

Л.Мөнх-Одын өвлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, М.Халиунаагийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Эрдэнэбилэг нь 1983 онд Мөнх-Одтой гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа Халиунаа охиноо 1984 онд, охин Солонгоог 1986 онд төрүүлж эцэг эх нь болцгоосон. Бид 2010 оныг хүртэл үр хүүхэд маань өсч, ач зээгээ хамтдаа өсгөн сайхан амьдарч байсан. Нөхөр Мөнх-Од маань БОЭТ-д гэмтэл, мэс заслын эмчээр ажилладаг байсан. Эмчийн цалин хөлс бага цаг наргүй ажилладаг тул би Хятад, Орос улс руу явж наймаа хийж Эрдэнэт, Улаанбаатарт барааны лангуу ажиллуулж гэр бүлээ гачигдах дутагдах зүйлгүй авч явдаг байсан. Нөхөр маань намайг ийш тийш явсан хойгуур янз бүрийн олон хүүхэнтэй нөхцөж хүмүүс мэддэг болсон нь надад сонсогддог байсан. Нэг удаа намайг хот яваад гэртээ ирэхэд 1 эмэгтэйтэй байж байгаад баригдсан. Миний хувьд маш их гомдож тусдаа амьдрах болсон. Харин талийгч уулздаг байсан хүүхнүүдийхээ нэг болох Д.Наранцэцэгтэй хамтдаа амьдрах болсон. Би нөхөртөө чи цаашид өөр хүнтэй хамт амьдарч байгаа юм чинь гэр бүлийн баталгаагаа цуцлуулъя гэхэд талийгч нөхөр маань цуцлуулдаггүй байсан. Тусдаа амьдрах хугацаандаа 2 охин болон ач зээгээ байнга санагалзаж явдаг байсан. Ач зээгээ цэцэрлэг сургуульд нь зөөдөг миний хэлсэн ярьсныг зөвшөөрч байдаг байсан. Баяр ёслолоор гэртээ ирдэг байсан. Ер нь хаана байгааг нь лавлан асуухад эмнэлэг дээр байгаа гэдэг байсан. Охин Халиунаа надад аав маань хурдан тусдаа гар аав нь танайд очиж хэвтэж баймаар байна гэдэг байсан. Аав маань эцсийн эцэст надад та нар минь л байгаа гэдэг байсан. 2015 оны 1 дүгээр сарын 08-нд нөхөр Мөнх-Од маань өвчний улмаас нас барсан. Талийгч нөхөр буюу аавын минь нэр дээр байдаг Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот амьдарч байсан орон сууцны Л.Мөнх-Одод оногдох хувь хэсгийн, 1-5-59 тоот хувийн эмнэлгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, охин М.Халиунаа, М.Солонго биднийг тоггоож ноогдох хувь хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн 11 дүгээр хороололд байгаа 270 м.кв Г хэсгийн 20 тоот газрын өвлөгчөөр тогтоож өгнө үү. Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-59 тоот хувийн эмнэлгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Д.Наранцэцэгийн эзэмшилд байгаа болно. Бид Иргэний хуулийн 528-р зүйлд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдлийг нотариатад гаргаж байсан тул өвийг хүлээн авсан гэж үзэж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Ганцэцэг нь аав Мөнх-Одтой 7 жил амьдарч миний бие 1977 оны 07 дугаар сарын 21-нд төрсөн. Дүү М.Ариунсанаа нь 1982 оны 12 дугаар сарын 24-нд төрж, эцэг маань 1983 онд салж, өөр хүнтэй хамт амьдрах болсон.Эцэг маань 2015 оны 01 дүгээр сарын 08-нд өвчний улмаас нас барсан тул бид талийгаач эцэг Мөнх-Одын өв хөрөнгийг өвлөхөөр нотариатад өв нээлгэх хүсэлтээ гаргасан.Үүний өмнө бид өөрсдийгөө эцгийнхээ өв залгамжлагч гэж үзэж эцгийн өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот, 1-5-59 тоот байрнаас оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бид талийгаач эцгийнхээ өв хөрөнгө болох 1-6-105, 1-5-59 тоот байрнуудаас оногдох хувийг гардуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Бидний эцэг талийгаач Л.Мөнх-Одод анх нэгдсэн эмнэлэгээс 1986 онд 5-19-06 тоот 3 өрөө байрыг өгснийг зарж, багасган 3-17-48 тоот байр болгосноос гадна талийгаач өөрөө Улаанбаатар хотод Баянгол дүүрэг 6-р хороо 10 дугаар хороолол 36-р байр 37 тоот байрыг охин Солонгоогийн нэр дээр авсан, мөн Орхон аймагт 11-р хороололд Г хэсгийн 20 тоот газартай, 11-р хороолол 16б-29 тоот байртай тул эдгээр эд хөрөнгүүдийн өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч С.Наранцэцэг 2016 оны 03 сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Эрдэнэбилэгийн надад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар нотлох баримтыг гарган өгч байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хүн өргөдөлдөө талийгчтай 2010 он хүртэл сайхан амьдарч байсан гэж худал бичжээ. Миний бие нь талийгч Мөнх-Одтой 2004 онд танилцаж 2006 оноос хамтран амьдарч ирсэн. Тухайн үед талийгч надад .... эхнэр Эрдэнэбилэгээсээ салсан ба тэдэнд марк 2 машин , 5-19-6 тоот 3 өрөө байр, Улаанбаатар дахь Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол дахь 2 өрөө байр зэрэг бүх эд хөрөнгөө үлдээгээд салсан,.. эхнэр Эрдэнэбилэг архичин болж архины эмчилгээнд 4 удаа , шар хаданд 1 удаа эмчлүүлсэн боловч засраагүй учраас салсан гэж ярьдаг байсан. Тухайн үед талийгч өөрөө эмнэлэг дээрээ амьдарч ажиллаж байхад нь би түүнтэй уулздаг болж, энэ байдлыг нь ойлголцож амьдрахаар шийдсэн. Үүнийг гэрчлэх гэрчүүд байгаа. Энэ үед миний бие 1-4-24 тоот 1 өрөө байранд амьдардаг байсан. Нэг өрөө байранд хүүхдүүд маань байсан учир талийгч бид хоёр хамт 1-5-107 тоот айлын байр хөлсөлж 7 сар болоод дараа нь мөн дүүгийнх нь Эрдэнэ баг 10-11 тоот хашаа байшинд нь нэг хэсэг амьдарч ирсэн. Хүү Ган-Од нь 2006 онд Улаанбаатар хотоос ирж аавтайгаа уулзаж эмнэлэг дээрээ амьдарч байгааг үзэж хараад хот руу шилжүүлж авч явах асуудал яригдаж талийгч өөрөө надтай амьдрахаар шийдсэн гэдгээ хэлж хот явахаас татгалзаж байсан. Энэ хугацаанд Улаанбаатараас хүү Ган-Од, Ариунсанаа нар нь аавдаа тусалж дэмжиж мөнгө төгрөг хувцас хунар хүртэл авч өгч байсан. Миний бие нь 1-4-24 тоот 1 өрөө байраа 2010 онд зарж, дээр нь мөнгө нэмж 1-6-105 тоот 3 өрөө байрыг худалдан авч энэ үеэс талийгаач надтай хамт манайд нэг гэрт амьдарч ирсэн. Талийгч 2014 оны 11 сараас хавдрын шинж илэрч бие нь муудаж , 3 удаа хагалгаанд орж 2015 оны 01 дүгээр сарын 8-нд нас барсан. Өвчтэй байх үед нь эхнэр Эрдэнэбилэг болон охин Солонго Халиунаа нар нь асарч санаа тавьж байгаагүй. Нэхэмжлэгч нар надад холбогдуулж 1-5-59, 1-6-105 тоот байрны аав Мөнх-Одод оногдох хувийг гаргуулахыг хүсчээ. 1-6-106 тоот байрны хувьд хуваалгах боломжгүй гэж үзэж байна. Энэ бол миний хувийн хөрөнгө бөгөөд талийгчтай хамт амьдрахаас өмнө байсан хөрөнгө учраас би хуваалгахгүй. Үүнээс гадна 1-5-59 тоот байрны хувьд бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө тул эдгээр хүмүүст бас хамааралгүй учир хуваалгахгүй. 1-5-59 тоот байрыг дүү Мөнхцолмонгоос худалдан авах болж банкинд очтол банк дахин давхар байр барьцаалах шаардлага тавьж өөрт нь үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан учир миний өмчлөлийн 1-6-105 тоот байрны өмчлөгчид нэрээ оруулж , дараа нь буцааж миний нэр дээр болгон нэрээ хасуулах хэлцлээр хасаж өгөхөөр тохиролцож, Хаан банкнаас байрны лизинг гаргуулан авч уг зээлийн хамтран зээлдэгч болж уг байрыг авсан. 1-5-59 тоот байрны худалдагч Мөнхцолмонд одоо 40 сая төгрөгийн өртэй байгаа. Банкны өр хэвээрээ байгаа бөгөөд одоо надаас нэхэгдэж байгаа. Миний бие нь 1-5-59 тоот байрны Хаан банкны зээлийг хариуцан төлж ирсэн. Мөн уг байрыг бидний дундын өмч болохыг шүүхээс тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа. Алтангадас одонгийн хувьд надад байхгүй. Уг одонг хамгийн том хүү охинд нь өгсөн. Хаяг нь тодорхойгүй хашаа байшингийн талаар надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгч Мөнх-Одтой хамааралтай тийм хашаа байгааг би мэдэхгүй харин миний өмчлөлийн хашаатай газар бол байгаа. 11-р хорооллын Г хэсгийн 20 тоот газрыг би мэдэхгүй. Эмнэлгийн зориулалтаар тохижуулсан 1-5-59 тоот байранд 20 сая төгрөгийн эд хөрөнгө байсан гэдэг нь худал бөгөөд эд хөрөнгө гэх ширээ сандал шкаф зэргийг хүмүүсээс түр авч хэрэглэж байсан тул буцаан өгсөн. Харин эмнэлэг болгон засч тохижуулахад 15 сая төгрөгийн засвар зээлээр хийлгэсэн болно. Эмнэлгийг байгуулаад нэг жил ч болоогүй бөгөөд эмч өөрөө нэгдсэн эмнэлэгтээ ажиллаад хувийн эмнэлэг дээрээ ажиллах боломжгүй тул тогтмол үйл ажиллагаа явагдаж чадаагүй. Харин эмч 2016 оны 1 сард тэтгэвэртээ гараад хувийн эмнэлэг дээрээ ажиллана гэж бэлдэж байсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Наранцэцэг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Халиунаа нь шүүхэд бичсэн тайлбартаа намайг аавынхаа нууц амраг гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь талийгаачтай 2004 онд танилцаж 2006 оноос түрээсийн байруудаар хамтран амьдарч байгаад 2010 оноос нэг гэрт орж амьдарсан. Талийгаач нь анх надтай танилцахдаа эхнэр хүүхдэдээ бүх эд хөрөнгө байр машинаа үлдээгээд өмссөн хувцастайгаа гэрээсээ гарсан гээд эмнэлэгт ажлаа хийнгээ тэндээ амьдарч байхад нь буюу ганц бие болсон байхад нь миний бие хамтран амьдарсан. Тэрнээс биш би эхнэр хүүхэдтэй байхад нь салгаж, эсвэл эхнэр хүүхэдтэй хүний нууц амраг нь болж нуугдаж амьдарч ирсэн зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор тайлбар бичин өгч байна. Мөн намайг талийгаачийг эмнэлэг дээр сахиагүй, аав маань хөөж явуулсан, өвчтэй байхад нь алт мөнгөний дэлгүүр хэсч хуруу зузаан алт монет, булган шуба авсан ч гэх шиг маш их худал хов живийн чанартай зүйлүүд бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би талийгаачаас /эрүүл болон өвчтэй үед нь/ нэг ч хором холдоогүйгээс гадна талийгаач хагалгаанд орсныхоо дараа намайг гарнаас маань барьчихаад битгий орхиж гараарай сэрэхэд шулам авгай ирчихсэн байвал би шууд харваж үхнэ шүү гэж хэлээд хажуунаасаа холдуулдаггүй байсан ба надаас өөр хүнээр сахиулахыг ч хүсдэггүй байсан. Охин Халиун нь эхний хагалгаанд орсны дараа эмнэлэг дээр нэг л удаа эргэж ирсэн. Хоёр дахь хагалгаа Эрдэнэтийн эмнэлэгт хийгдсэн. Халиунааг орж ирэхээр талийгаач унтлаа гэж худал хэлээд нүдээ аниад хэвтчихдэг байсан. Үүнийг Халиунаа өөрөө мэдэж байгаа. Талийгаач утсаар ярьчихаад шулам авгай ирэх гээд байна хоёулаа эндээс өөр эмнэлэгт очъё гэсний дагуу хавдар судлалын эмнэлгээс гарч найз Мөнхбурамынх нь хувийн эмнэлэг болох Мишээл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгээс гарахад нь Эрдэнэтийн эмнэлэг түргэний машинаа явуулж авах санал тавихад нь өөрийнхөө машинаар тааваараа зөөлөн явна гэхээр нь би төрсөн дүү Батсайханыг дуудаж, машиныг нь бариулж Эрдэнэтэд гэртээ ирж байсан. Гэдэс нь онгорхой хагалгаанд орсон хүн яаж ч бодсон машин барина гэж байхгүй нь ойлгомжтойг мэдсээр байж гүтгэлгийн чанартай худал зүйл бичиж байгааг нь харахад яав ч эрүүл бус гэдэг нь харагдаж байна. Талийгаачтай салах ёсыг нэгдсэн эмнэлгийн нийтийн зааланд хийсэн бөгөөд цагаалгыг Сэлэнгэ ресторанд хийж дуусгасан. Тэрнээс Эрдэнэбилэгийн гэр оронд хийсэн асуудал огт байхгүй. Харин салах ёс болон цагаалганд Эрдэнэбилэг болон хүүхдүүд нь нэг нь ч ирээгүй. Талийгаачийн хамт олон нь эхнэр хүүхдүүд нь яасан юм гээд асуугаад байсан тул энэ бүгдийг хамт олон нь гэрчилнэ. Хувийн эмнэлгийн тухайд бид өр шир ихтэй байсан тул тохижуулж чадаагүй. Талийгаач өөрөө нэгдсэн эмнэлэг дээр өдрийн 8 цаг ажилтай байдаг байсан тул эмнэлэгийг бүрэн ажиллуулах боломжгүй учир тохижоогүй зөвхөн сувилагч сувилахуйн үйл ажиллагаа явуулж байсан. Талийгаач тэтгэвэртээ гарангуутаа бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан. Талийгаачийг нас барсны дараа сувилагч Чимэддулам нь өөр газар ажилд орох боллоо гээд өөрийн авчирч хэрэглэж байсан хувийн эд хөрөнгө болох шкаф ширээ сандал нөүтбук, чийдэн гэх мэт эд зүйлүүдээ ачиж авч явсан. Үүнийг 49 хоног болтол хүлээ гэж хэлээд хүний юмыг удаах эрх надад байгаагүй тул өгч явуулсан. Талийгаач бид 2 хэзээ ч муудалцаж биенээ хөөж тууж байгаагүй. Харин ч маш их аз жаргалтай сайхан амьдарч ирсэн. Надтай суугаад архи гэдэг зүйлийг амсахгүй болж аль болох агаар салхинд гарч манай болон өөрийн ах дүү нарын хамт баяр ёслол тэмдэглэж, нутаг усандаа очиж, найз нөхдүүдээ цуглуулж амарч баясаж, сэтгэлийн асар их амар амгалан жаргалыг эдэлж байсан. Үүнийг нэгдсэн эмнэлгийн хамт олон найз нөхөд нь гэрчлэхээс гадна фото зургууд нотолно. Үүнийг хүү Ган-Од, охин Ариунсанаа 2 нь ойлгож, аавыгаа сайхан амьдруулж ирсэн гэж надад одоо ч талархаж баярлаж явдаг тул үнэхээр ухаантай хүнээс ухаантай сайхан хүүхдүүд төрж өсчээ гэж баярлаж явдаг. Мөн талийгаач нь гуравдахь хагалгаанд Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт байхдаа би Эрдэнэтрүүгээ буцах ёстой, бичиг цаасны ажил байна гэж надад хэлсэн. Энэ үед Солонго Халиунаа нар ирсэн байхад нь дуудаж ирүүлэн...миний байшин сав та нарт хамаагүй шүү, та нар битгий оролцоорой, аав нь өр ширтэй байгаа шүү гэж хэлэхэд нь бид оролцохгүй гэж хариулсан байсан. Үүнийгээ талийгаач дараа нь надад хэлээд 2 охиндоо байр савны талаар ингэж хэллээ тэр 2 оролцохгүй гэж хэллээ, одоо миний сэтгэл амарлаа гэж хэлж байсан. Ингээд хоёр хоногийн дараа хагалгаанд ороод хагалгааны дараахь хүндрэлээр нас барсан гэжээ.

Хариуцагч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 1-4-24 тоот 1 өрөө байрыг 1992 онд худалдан авч нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад 2004 онд нөхөр маань Солонгос улс руу явж 8 жил ажилласан. Үүнээс хойш нөхрөөсөө тусдаа амьдрах болсон. Ингээд 2010 онд 1-4-21 тоот байраа зарж мөнгө нэмж 1-6-105 тоот 3 өрөө байрыг худалдан авч амьдраад 6 жил болж байна. Миний бие нь талийгаач эмч Мөнх-Одтой 2006 оноос 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 9 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд талийгаач Мөнх-Од нь хувийн мэс заслын эмнэлэг байгуулахаар 2012 оноос хөөцөлдөж ирсэн бөгөөд эмнэлэг ажиллуулах байр шаардлагатай болж, дүү Мөнхцолмонгийн өмчлөлийн 1-5-59 тоот 1 давхарын 3 өрөө байрыг авахаар болж, банкуудаар лизингийн зээл хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл аль ч банк Мөнх-Одыг өөрөө үл хөдлөх хөрөнгөтэй байхыг шаардсан. Энэ шаардлагын дагуу бид хоёр ярилцаад миний өмчлөл бүхий 1-6-105 тоот 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Мөнх-Одын нэрийг оруулан банкинд үл хөдлөх хөрөнгөтэй болж харагдахаас өөр аргагүй байдалд хүрч 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нотариат дээр очиж Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлийг байгуулсан. Ингээд банк хэлцэл байгуулмагц зээл олгохгүй энэ хэвээрээ 6 сар болж зээл олгох журамтай учир 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1-5-59 тоот болон 1-6-105 тоот байруудыг барьцаанд авч намайг болон Мөнх-Одын төрсөн дүү Мөнхцолмонг /УБҮ-д ажилладаг цалин хөлстэй гэдгээр/ хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж, 80 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлээр авсан байранд Од нэртэй мэс заслын эмнэлгийг байгуулж, би менежерээр ажиллаж, үйл ажиллагаа явуулж ирсэн боловч Мөнх-Од 2015 оны 01 дүгээр сарын 08-нд нас барсан. Нас барахаасаа өмнө уг байрны өмчлөлөөс өөрийгөө хасуулахыг хүссэн боловч биеийн байдлаас болоод амжаагүй. Мөн хот руу хагалгаанд явахынхаа өмнө нотариат дуудаад ир би хэлэх юмаа хэлж бичүүлж үлдээе гэсэн боловч нотариат нь очиж өгөөгүйгээс хот руу явж хагалгаагаа даалгүй нас барсан. 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлийг хийхдээ миний бие Мөнх-Одтой албан ёсны гэр бүл биш атлаа гэр бүлийн гишүүн гэж худал бичилт хийсэн. Энэ нь банкнаас зээл авахын тулд дүр үзүүлж гэр бүл болж ийм зүйл хийсэн. Иймд 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг байрыг миний хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Наранцэцэгийн шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг гардан авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2013 оны 02 дугаар сарын 20-ны “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах” хэлцлийг  хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг бидний хувьд зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэл дээр маргалдах зүйл байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын хуулийн заалт учир худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэж надаар уншиж танилцсан болгон дээр гарын үсэг зуруулж байна. Гэтэл Наранцэцэг нь миний нөхөр Л.Мөнх-Одтой 2006 оноос хамтын амьдрал зохиосон гэж худал ярьж, бичиж байна. 2005 оны 12 дугаар сарын 31-нд охин маань төрж бид зээтэй болж, их аз жаргалтай амьдарч байсан. Талийгаач болон хүргэн, охин, зээ бид нэг гэртээ амьдарч байсан. Гэтэл хүний бүтэн амьдрал руу элдэв арга хэрэглэж дайрч байсныгаа өөрөө олон талаар баталж байна. 1.Дүү Цолмонбаатар 2009 оны 08 дугаар сарын 21-нд хашаа байшинд амьдрахыг зөвшөөрсөн бичиг, 2. Өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн 1-5-107 тоот орон сууцанд 2009 оны 09 сараас түрээслэн амьдарч байсан гэрээ, 3.2010 оны 08 сарын 19-нд Д.Наранцэцэг нь байраа томруулахаар солисон худалдах худалдан авах гэрээ 2 ширхэг, 2007 онд хамтын амьдрал байхгүй байсныг нотлох нэгэндээ тэмүүлж бичсэн бичвэр зэрэг нь энэ хоёр хүнийг 2006 оноос хамт амьдраагүй 2009 оны 09 сараас хамт амьдарч эхэлснийг гэрчилж 2006 оноос 2009 оны 05 сар хүртэл нууц амраг, 2009 оны 09 сараас эхлэн хамтран амьдрагч байсныг Д.Наранцэцэг нь шүүхэд өөрийн өгсөн баримтуудар нотолж байна. Миний болон миний үр хүүхэд, ач зээгийн минь зовлон дээр их жаргаж байсан юм байна. Гэхдээ ганцаараа жаргасан байх. Миний нөхөр бидэнд их санаа тавьж, анхаарал халамж хандуулдаг байсан. Миний хүүхэн АНУ-д охин руугаа очих юм уу? Би чамайг юугаар ч дутаахгүй чи жаахан хүлээ өвгөн нь зээлээ дуусахаар ачдаа Улаанбаатарт байрыг нь бэлдэж өгнө эмч болгоно гэдэг байсан. Нэг удаа надтай ярилцаж байгаад би энэ хүүхэнтэй ямар ч харилцаа, асуудал байхгүй. Чамайг шулам гээд өөрийгөө хүүхэд гэж дууд гээд байдаг гэж хүртэл ярьсан. Би шудрагаар хөдөлмөрлөж ирсэн. Хүний нууц амраг болж байр орон сууц авахуулж болдог юм гэсэн ойлголтыг үр хүүхэд, ач зээ нартаа төрүүлэх надад хэцүү байна. Миний нөхөр хөдөлмөрлөж байж Наранцэцэгийн 1-4 дэх 1 өрөө байрыг 3 өрөө байр болгож зөрүүг төлсөн. Наранцэцэг нь надаас олон насаар дүү байж би ажилгүй гээд гараа хумхиад сууж байгаад өмнөөс нь ичиж байна. Хүний хөдөлмөрлөж олсон хөрөнгийг үр хүүхэдтэй нь булаацалдаад хань ижил үр хүүхдүүдийг нь доромжлоод зогсож байхаасаа ичмээр юм. Талийгаачийг өвдөөд хот явсан гэж эмнэлэгийнхэн надад хэлэхэд Наранцэцэгт чи юун дураараа юм хийгээд явнаа үр хүүхэд ач зээ нь байгаа шүү элдэв юм болвол амийг нь чамаас нэхнэ гэж мессеж бичсэн ирээгүй. Харин одоо би хариуг нь Наранцэцэгээс нэхэж байна. Миний нөхөр хүүхдүүдийн минь аав ач зээ нарын миний өвөөгийн амийг буцааж өг. Яагаад гэхээр эхний хагалгаанд ороод гам алдсан, халамж дутсан, Улаанбаатараас машинаа өөрөө бариад Эрдэнэт орсон нэг үгээр хэлэхэд гэрээс нь миний нөхрийг энэ авгай авч яваад алсан. Миний бэлдсэн эмнэлэгт хэвтүүлээгүй мэс засалч ах эгчтэй минь ч уулзуулаагүй. Хүүхдүүд минь ч гудмаар явахдаа ичдэг үе байсан. Хүний бүтэн амьдрал салгаж, амьдын хагацалд учруулчихаад эд хөрөнгөөр шагнагддаг юм бол хорвоогийн хууль өөрөө шийтгэх байх. Би талийгаачийг хүндэтгээд Наранцэцэгийг ухаантай байж уучлалт гуйж  тохиролцох байх гэж бодоод хэд хэдэн удаа санал тавьж өмгөөлөгчөөрөө ч хэлүүлсэн харин улам доромжилж бүүр муухай зан гаргаж байна. Амьд байхдаа биднийг гомдоож салж явсан боловч нас барсны дараа өдөр алгасалгүй шахам надад болон үр хүүхэд ах дүү нарт минь тайван байгаагүй зүүдлэгдэж сүнс нь амар амгаланг олохгүй бидэнд харагдаж бүтэн жил болоод одоо л төрлөө олж бидэнд эргэн ирж охин минь тээж явна. Нэгэнт дэлхий дахинд хүн эргэн төрдөг нэг биеэс нөгөө биед шилжин явдаг нь нотлогдсон болохоор би үүнийг бичиж байна. Энэ л мах цусны тасархай дахин төрөлтийн бичигдээгүй хууль юм гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ариунсанаа, М.Ган-Од нар хариуцагч Д.Наранцэцэгт холбогдуулан нас барагч Л.Мөнх-Одын өвлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Д.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардалгыг эс зөвшөөрч байх ба хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 1983 онд гэр бүл болж 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин М.Халиунаа, 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охин М.Солонго нар төрсөн. Миний нөхөр, хүүхдүүдийн эцэг Л.Мөнх-Од  2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан. Хууль ёсны өвлөгч бид өв хүлээн авах хүсэлтээ хуулийн дагуу нотариатад гаргасан. Иймд талийгаач Л.Мөнх-Одын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, эд хөрөнгө болох 1-6-105 тоот орон сууцны Л.Мөнх-Одод оногдох хэсэг, 1-5-59 тоот эмнэлгийн зориулалтаар тохижуулсан орон сууц, Алтангадас одон, 11 дүгээр хорооллын Г хэсгийн 20 тоотод байрлах 270 м2 газар, хаяг нь тодорхойгүй хашаа байшин зэргийн өвлөгч, өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээг тогтоолгоно гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Бидний ээж Ганцэцэг нь аав Л.Мөнх-Одтой 7 жил хамт амьдарч 1977 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүү М.Ган-Од, 1982 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин М.Ариунсанаа төрсөн. Эцэг маань 2015 оны 01 дүгээр сарын 08-нд өвчний учир нас барсан тул хууль ёсны өвлөгч бид эцгийнхээ өмч болох 1-6-105 тоот, 1-5-59 тоот орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  Бидний эцэг талийгаач Л.Мөнх-Одод анх нэгдсэн эмнэлэгээс 1986 онд 5-19-06 тоот 3 өрөө байрыг өгснийг зарж, багасган 3-17-48 тоот байр болгосноос гадна талийгаач өөрөө Улаанбаатар хотод Баянгол дүүрэг 6-р хороо 10 дугаар хороолол 36-р байр 37 тоот байрыг охин Солонгоогийн нэр дээр авсан, мөн Орхон аймагт 11-р хороололд Г хэсгийн 20 тоот газартай, 11-р хороолол 16б-29 тоот байртай тул эдгээр эд хөрөнгүүдийн өвлөгч мөн болохыг тогтоож, оногдох хэсгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Д.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Намайг талийгаач Л.Мөнх-Одтой танилцах үед талийгаач нь гэртээ байдаггүй эмнэлэг дээр байдаг байсан. Эрдэнэбилэг талийгаач хоёрын гэр бүлийн харилцаа дуусгавар болсон байсан. Өөрөөр хэлбэл эхнэр хүүхдэддээ бүх эд хөрөнгөө үлдээгээд гэрээсээ гарсан гэж тайлбарлаж байсан. Манайх 1 өрөө байртай байсан тул бид хамтдаа айлын байр түрээслэх, дүүгийнх нь хашаа байшинд амьдарч байгаад өөрийн байрыг худалдаж,  манай нөхрөөс ирсэн мөнгийг нэмж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Эмнэлгийн зориулалттай Зэст баг 1-5-59 тоот орон сууцыг худалдан авах гэхэд талийгаачийн нэр дээр заавал үл хөдлөх эд хөрөнгө байх ёстой гэсэн банкны шаардлагын дагуу өөрийн өмчлөлийн орон сууцанд талийгаач Л.Мөнх-Одыг хэлцлээр нэмж оруулсан. Банкнаас ч хэдэн сарын дараа зээлээ авч дүү Мөнхцолмонгоос 1-5-59 тоот эмнэлгийн зориулалтай орон сууцыг худалдан авсан. Энэ байрнууд талийгаач бид хоёрын хамтын амьдралтай байхад бий болсон хөрөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Алтангадас одонг том хүүхдүүд болох М.Ган-Од, М.Ариунсанаа нарт бусад одон медалийн хамтаар хүлээлгэн өгсөн тул энэ шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Газрын асуудлыг мэдэхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Наранцэцэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг  1-4-24 тоот 1 өрөө байрыг 1992 онд худалдан авч нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад 2004 онд нөхөр маань Солонгос улс руу явж 8 жил ажилласан. Үүнээс хойш нөхрөөсөө тусдаа амьдрах болсон. Ингээд 2010 онд 1-4-21 тоот байраа зарж мөнгө нэмж 1-6-105 тоот 3 өрөө байрыг худалдан авч амьдраад 6 жил болж байна. Талийгаач Л.Мөнх-Одтой хувийн мэс заслын эмнэлэг байгуулахаар 2012 оноос хөөцөлдөж ирсэн бөгөөд эмнэлэг ажиллуулах байр шаардлагатай болж,  дүү Л.Мөнхцолмонгийн өмчлөлийн 1-5-59 тоот 1 давхарын 3 өрөө байрыг авахаар болж, банкуудаар лизингийн зээл хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл  банк Л.Мөнх-Одыг өөрөө үл хөдлөх хөрөнгөтэй байхыг шаардсан. Энэ шаардлагын дагуу бид ярилцаад миний өмчлөл бүхий 1-6-105 тоот 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Л.Мөнх-Одыг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлийг байгуулсан. Ингээд банк хэлцэл байгуулмагц зээл олгохгүй энэ хэвээрээ 6 сар болж зээл олгох журамтай учир 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1-5-59 тоот болон 1-6-105 тоот байруудыг барьцаанд авч намайг болон Л.Мөнх-Одын төрсөн дүү Л.Мөнхцолмонг /УБҮ-д ажилладаг цалин хөлстэй гэдгээр/ хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж, 80 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлээр авсан байранд Од нэртэй мэс заслын эмнэлгийг байгуулж, би менежерээр ажиллаж, үйл ажиллагаа явуулж ирсэн боловч Л.Мөнх-Од 2015 оны 01 дүгээр сарын 08-нд нас барсан. Нас барахаасаа өмнө уг байрны өмчлөлөөс өөрийгөө хасуулахыг хүссэн боловч биеийн байдлаас болоод амжаагүй. Мөн хот руу хагалгаанд явахынхаа өмнө нотариат дуудаад ирээгүй.  2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлийг хийхдээ миний бие Л.Мөнх-Одтой албан ёсны гэр бүл биш атлаа гэр бүлийн гишүүн гэж худал бичилт хийсэн. Энэ нь банкнаас зээл авахын тулд дүр үзүүлж гэр бүл болж ийм зүйл хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Д.Наранцэцэг нь миний нөхөр Л.Мөнх-Одтой 2006 оноос хамтын амьдрал зохиосон гэж худал ярьж, бичиж байна. 2005 оны 12 дугаар сарын 31-нд охин маань төрж бид зээтэй болж, их аз жаргалтай амьдарч байсан. Талийгаач болон хүргэн, охин, зээ бид нэг гэртээ амьдарч байсан. Миний нөхөр хөдөлмөрлөж байж Д.Наранцэцэгийн 1 өрөө байрыг 3 өрөө болгосон. Хүний хөдөлмөрлөж олсон хөрөнгийг үр хүүхэдтэй нь булаацалдаж, хань ижил үр хүүхдүүдийг нь доромжилж байна. Д.Наранцэцэгийг ухаантай байж уучлал гуйж тохиролцох байх гэж бодоод хэд хэдэн удаа санал тавьж өмгөөлөгчөөрөө хэлүүлсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

  Дайлаа овогт Лхамцэрэнгийн Мөнх-Од, Чавх овогт Сономын Эрдэнэбилэг нар 1983 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсноо 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон болох нь Г-211 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Мөнх-Одын Халиунаа, 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр охин Мөнх-Одын Солонго нар төрсөн  болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон тайлбараар нотлогдно.

Нас барагч Л.Мөнх-Од нь С.Эрдэнэбилэгтэй гэр бүл болохоос өмнө Ганцэцэгтэй хамтран амьдарч байх хугацаанд 1977 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүү Мөнх-Одын Ган-Од, 1982 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Мөнх-Одын Ариунсанаа нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдож байна.

Нас барагч Л.Мөнх-Од нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн нотариатын өв хүлээн авах хүсэлтэнд хавсаргасан нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барсны 13 дугаартай гэрчилгээгээр тус тус батлагдаж байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Мөн хуулийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх өвлөх эрхтэй.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгднө гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нас барагч Л.Мөнх-Одын эд хөрөнгө, эрхийг адил хэмжээгээр өвлөх, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд өвийг гэрээслэлээр өвлөх, хууль ёсоор өвлөх гэсэн зохицуулалт байдаг ба нас барагч Л.Мөнх-Од нь эд хөрөнгийн байдлын талаар гэрээслэл үйлдээгүй байх тул өвлөгч нар нас барагч Л.Мөнх-Одын эд хөрөнгө, эрхийг хууль ёсоор өвлөх эрхтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж мөн хуулийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч М.Солонго нь АНУ-ын Сан-Франциско хотод суралцаж байгаа бөгөөд эцэг Л.Мөнх-Одын өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж, мөн өв хүлээн авах тухай хүсэлтээ АНУ-ын Сан-Франциско хотод байх нотариатын үүрэг гүйцэтгэгчээр баталгаажуулсан хүсэлтээ Монгол улсын Гадаад хэргийн яамны Консулын газраар дамжуулан ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч М.Солонгийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй, хүндэтгэх үзэх шалтгаантайгаар хугацаа хэтрүүлсэнийг сэргээн тогтоох боломжтой гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа нар нь нас барагч Л.Мөнх-Одын өмчилдөг Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-59 тоот 33.67 м2 талбайтай, 000192154 дугаарын гэрчилгээтэй, Ү-2101002125 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц,  Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот 38 м2  талбайтай, 000190691 дугаарын гэрчилгээтэй, Ү-2101000016 улсын бүртгэлийн дугаартай Д.Наранцэцэгтэй хамтран өмчилдөг 3 өрөө орон сууц, 11 дүгээр хорооллын Г хэсгийн 20 тоотод байрлалтай 270 м2 газар зэрэг эд хөрөнгө, эрхийг өвлөхөөр хүсэлтээ Монголын нотариатчдын танхимын Орхон аймаг дахь тойргийн нотариатчид хандаж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан болох нь Нотариатчдын танхимын лавлагаа, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэнд амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээгээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар нь нас барагч Л.Мөнх-Одын өмчилдөг Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-59 тоот 33.67 м2 талбайтай, 000192154 дугаарын гэрчилгээтэй, Ү-2101002125 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц,  Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот 38 м2  талбайтай, 000190691 дугаарын гэрчилгээтэй, Ү-2101000016 улсын бүртгэлийн дугаартай Д.Наранцэцэгтэй хамтран өмчилдөг 3 өрөө орон сууцыг өвлөх тухай хүсэлтээ 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монголын нотариатчдын танхимын Орхон аймаг дахь тойргийн нотариатчид хандаж гаргасан болох нь Нотариатчдын танхимын лавлагаа, нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.

Нэхэмжлэгч нар өв хүлээн авах тухай хүсэлтээ хуульд заасан хугацааны дотор гаргасан байх тул хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа, М.Солонго нар нь 11 дүгээр хороолод байрлалтай Г хэсгийн 20 тоот 270 м2 газрын эрхийг өвлөх талаар хүсэлт гаргаагүй байх тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Мөн хаяг нь тодорхойгүй хашаа, 11 дүгээр хорооллын 16б-29 тоот байр, 3-17-48 тоот орон сууц, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол 36-37 тоот орон сууцны талаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчийн алтангадас одонг Л.Мөнх-Одын том хүүхдүүдэд өгсөн надад байхгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч О.Сарантуул хүлээн зөвшөөрч энэ шаардлагаасаа татгалзсан тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж заасан байдаг ба нэхэмжлэгч М.Ган-Од, М.Ариунсанаа нар өвлөвөл зохих эрхээ хариуцагч Д.Наранцэцэгт шилжүүлж өгнө гэсэн тайлбарыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм. Учир нь Д.Наранцэцэг нь өвлөвөл зохих  бусад этгээд гэдэгт хамааралтай этгээд биш юм.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тус өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заасан байх тул Л.Мөнх-Одын өвлөгч нар өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл Хаан банкны орон сууцны зээлийн барьцаанд байгаа өвийн үүргийг эрх бүхий этгээд болон зээлийн үүргийг хамртан хариуцан төлж байсан үүрэг гүйцэтгэгчид  өвлөгч нараас өвлөн авсан өвийн хэмжээгээр шаардах эрхтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Д.Наранцэцэг нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоотод байрлах 38 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай  2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

М.Ган-Од, М.Ариунсанаа нар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч С.Эрдэнэбилэг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан байх ба Д.Наранцэцэгийн банкны зүгээс Д.Мөнх-Одыг заавал үл хөдлөх хөрөнгөтэй байхыг шаардсан шаардлага тавьсан, зээлээ төлөөд нэрээ хасна гэж тайлбарлаж байсан гэсэн мэдүүлэгээр Д.Наранцэцэг нь ноцтой төөрөгдөлд орж өөрийн гэр бүлийн гишүүн гэсэн үндэслэлээр Зэст баг 1-6-105 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нас барагч Л.Мөнх-Одыг нэмж оруулах хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар Д.Наранцэцэгийн шүүхэд гаргасан тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл,  орон сууц худалдах худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан Зэст баг 1-6-105 тоот, 1-5-59 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай хүсэлт гаргасан ба шинжээчийн үнэлгээгээр 1-5-59 тоот эмнэлгийн зориулалтаар тохижуулсан нэг давхрийн 3 өрөө орон сууцыг 92 821 629.2 төгрөгөөр, 1-6-105 тоот 3 өрөө орон сууцыг 59 962 281 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Иймд нас барагч Л.Мөнх-Одын хууль ёсны өвлөгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ган-Од, М.Ариунсанаа нарт Зэст баг 1-5-59 тоот эмнэлгийн зориулалт бүхий тохижуулсан нэг давхарын 3 өрөө орон сууцны оногдох хэсгийг /92 821 629.2 / 5 =18 564 326 төгрөг/ өвлөгч тус бүрт 18 564 326 төгрөг гэж тогтоов.

Улсын тэмдэгтийн хураамжинд С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нарын урьдчилан төлсөн 70 200 төгрөг, М.Ган-Од, М.Ариунсанаа нарын урьдчилан төлсөн 140 400 төгрөг, Д.Наранцэцэгийн урьдчилан төлсөн 250 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Д.Наранцэцэгээс 70 200 төгрөг гаргуулж С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нарт, 70 200 төгрөг гаргуулж М.Ган-Од, М.Ариунсанаа нарт, С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ган-Од, М.Ариунсанаа нараас тус бүр 50 040 төгрөг гаргуулан Д.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                         

  1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар нэхэмжлэгч М.Солонгийн өв хүлээн авах тухай хүсэлтийг сунгасанд тооцсугай.
  2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-59 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч нас барагч Л.Мөнх-Одын хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ган-Од, М.Ариунсанаа нарыг, Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр хороолол Г хэсгийн 20 тоот 270 м2 газар эзэмшигч нас барагч Л.Мөнх-Одын газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр С.Эрдэнэбилэг, М.Халиунаа нарыг тус тус тогтоож, орон сууцны өвлөгч бүрт оногдвол зохих хэсгийг 18 564 326 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Зэст баг 1-6-105 тоот орон сууц, Алтангадас одон, хаяг тодорхойгүй хашаа байшин, Уурхайчин баг 3-17-48 тоот орон сууц, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 хороолол 36-37 тоот орон сууц, 11 дүгээр хороолол 16б-29 тоот байрны өвлөгчөөр тогтоолгох, оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-105 тоот орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нарын 70 200 төгрөг, М.Ган-Од, М.Ариунсанаа нарын 140 400 төгрөг, Д.Наранцэцэгийн 250 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранцэцэгээс 70 200 төгрөг гаргуулан С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго нарт, 70 200 төгрөг гаргуулан М.Ган-Од, М.Ариунсанаа нарт олгож, нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, М.Халиунаа, М.Солонго, М.Ган-Од, М.Ариунсанаа нараас тус бүр 50 040 төгрөг гаргуулж хариуцагч Д.Наранцэцэгт олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ