Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/299

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1925005460340 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.О

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Оыг 2019 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Шугар” баарны гадна Ц.Хүсэлийн толгой тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хохирлын тухайд баримтаар гаргасан хохирлыг төлөхөд бэлэн. Хохирол төлье гэхээр хохирогч 8 сая төгрөг баримтгүйгээр нэхсэн тул төлөөгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 4-6-р хуудас/

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийж  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 9-10-р хуудас/

-Хохирогч Ц.Хүсэлийн мэдүүлсэн “Би найз Шагдартай баарнаас гарахад нөгөө залуу араас ирээд юм яриад байхаар нь “би чамайг танихгүй шүү дээ” гэж хэлээд цааш яваад хар замын хажууд явж байтал араас ирээд за баяртай хөгшөөн гээд гар барьж байхад хажууд нь явж байсан залуу миний толгойн дагз хэсэг рүү пивоны шилээр 1 удаа цохиход би газар ухаан алдаад унасан. Намайг газар унасан байхад миний гаранд зүүлттэй байсан бугуйн цаг, гар утас байхгүй болсон байсан. Тэр хоёр залуу тэр даруй зугатаагаад явсан араас нь манай найз гүйхэд миний зүүж байсан бугуйн цагийг манай найз руу шидсэн гэсэн. Тэгээд би эмнэлэгт очоод үзүүлсэн. Би тархины томографикийн зураг авахуулсан...Би гомдолтой байна.Тухайн үед хүнээс 160,000 төгрөгөөр худалдаж аваад 1 хонож байсан Самсунг галакси S5 маркын гар утсыг тэр залууд цохиулсаны улмаас гээгдүүлсэн байсан. Японоос захиж авчируулсан 1,100,000 төгрөгний үнэтэй бугуйн цагны оосор нь тасарсан байсан. Би тэр цагийг аваад 2 сар гаруй болж байсан....Би эмчилгээ хийлгэж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргана. Мөн зодуулах үед халаасанд байсан гар утсаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг  /хх-ийн 10,13-14, 16-р хуудас/

-Гэрч Б.Шагдарын мэдүүлсэн: “2019 оны 07 сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед найз Хүсэлийн хамт Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах ”Шугар” нэртэй бааранд орж хүний 3 пиво уучихаад хаах үед нь гарсан. Баарны гадаа найз Хүсэл өөрийн таньдаг болох 25 орчим насны залуутай тааран мэндлээд юм ярьж байгаад хоорондоо муудалцахаар нь би дундуур нь ороод салгатал Хүсэлтэй муудалцаж байсан залуугийн найз нь бололтой 25 орчим насны залуу пивоны шилээр толгой руу нь цохичихоод хоёулаа зугатаагаад явсан. Хүсэлийн гар утас бугуйн цагийг дээрэмдэх зорилго байгаагүй гэж бодож байна. Хүсэлтэй маргалдаж байхдаа Хүсэлийн цаг нь гараас нь мултарахаар нь зууралдаж байсан залуу над руу шидсэн. Учир нь би яг хажууд нь зогсож байсан. Хүсэлийн бугуйн цагийг би 3 хоногийн дараа өөрт нь өгсөн. Би Хүсэлд өгөх үед оосор нь цагнаасаа салсан байсан. Цаг хэвийн ажиллагаатай байсан. Тэр өдөр Хүсэл гар утас огт гаргаж ирээгүй, би гар утсыг нь огт хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/

-Гэрч Т.Батмөнхийн мэдүүлсэн: “Хажуугаар хохирогч гэх залуу “наадуулаа аваад яваач” гэсэн. Тэгэхээр нь би “чи боль оо хөгшөөн бусаддаа гай болоод яахав” гээд зогсож байсан чинь тэр чи ер нь хүрээд ирээ хоёулаа ийшээ яваад уулзаадахъя” гэж ирээд намайг энгэрээс заамдаад бариад авахаар нь би “яах гээд байгаа юм бэ тавьчихаач дээ” гэж хэлсэн. Би тэрний гараас бариад гарыг нь тавиулах гээд хойшлоод алхах гэтэл урагшаа хувцаснаас чирээд байсан. Тэгсэн чинь гэнэт миний зүүн талаас Отгонням гарч ирээд хохирогч залуугийн толгойн баруун тал руу пивоны шилээр цохиод машинаа заагаад 1 микрийн 15 дугаар байрны зүг гүйгээд яваад өгсөн. Хохирогч газар унасан. Би Отгоннямын араас гүйгээд Отгоннямыг хайгаад олохгүй байсан. Тэгсэн Отгонням саадны бутан доор айж сандарсан байдалтай сууж байсан. Би яасан бэ хөгшөөн гэсэн чинь чамайг өмөөрөөд цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Бид хоёр хамт нөгөө залууг цохисон газар руу очоод хартал цагдаа эмнэлэгийн машин ирсэн байсан. Бид хоёр айгаад очихгүйгээр яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 514 дугаартай ... Ц.Хүсэлийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, эрүүнд шарх, хөхлөг сэртэнд зулгаралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдал ньшүдний эмчилгээнийүр дүгнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх- ийн 21-р хуудас/.

-“Далайван Аудит” ХХК-ний шинжээчийн Самсунг-S5 гар утасны үнэлгээ нийт 150,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 57-62-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.О нь  2019 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Шугар” баарны гадна Ц.Хүсэлийн толгой тус газарт пивоны шилээр цохиж биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, эрүүнд шарх, хөхлөг сэртэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Д.Оын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Шугар” баарны гадна Ц.Хүсэлийн толгой тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хэрэгт учирсан хохирлын талаар нэхэмжлэл, баримт гаргаагүй байна. Мөрдөн байцаалтын үед хохирогч “...Тухайн үед хүнээс 160,000 төгрөгөөр худалдаж аваад 1 хонож байсан Самсунг галакси S5 маркын гар утсыг тэр залууд цохиулсаны улмаас гээгдүүлсэн байсан. Японоос захиж авчируулсан 1,100,000 төгрөгний үнэтэй бугуйн цагны оосор нь тасарсан байсан. Би тэр цагийг аваад 2 сар гаруй болж байсан....Би эмчилгээ хийлгэж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргана. Мөн зодуулах үед халаасанд байсан гар утсаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг өгч байсан боловч эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй ба гэрч Б.Шагдарын “...Тэр өдөр Хүсэл гар утас огт гаргаж ирээгүй, би гар утсыг нь огт хараагүй” гэх мэдүүлгээр тухайн үед Ц.Хүсэл нь Самсунг галакси S5 маркын гар утастай байсан болох нь тогтоогдоогүй байх тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэж, харин хохирогч өөрт учирсан хохирол зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхтэйг заалаа.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дамбын Отгоннямыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 166,666 төгрөгөөр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ