| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/0374/И |
| Дугаар | 222/МА2026/00006 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 222/МА2026/00006
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******ийн “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,109,239 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,
хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч *******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл (цахимаар),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.а.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,109,239 төгрөг гаргуулахыг хүссэн.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие "*******" компанийн захирал *******тай 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьж, 640 тооны адуу бойнд оруулах талаар тохирсон. Адууны гарц, нас, жин харгалзахгүй кг тутамд нь 6000 төгрөгөөр авахаар болж, адуугаа бойнд оруулж эхэлсэн. 70, 80-аад адуу орж байтал захирал ******* тохирсон ханшаа буулгана гэсэн. 5700-д оруулахгүй бол болилоо гэсэн. Адуу холоос туугдаж очоод хашаанд 2, 3 хоносон. Харсаар байтал гүүнүүд нь эхнээсээ хээл хаяад өвс, усгүй ядарч туйлдаж бие биеийнхээ сүүлийг идэж байсан. Энэ байдлыг нь харж чадаагүй, дээр нь ******* авахгүй гэж дарамтлаад, би ямар ч байсан адуугаа бойнд оруулъя, дараа нь учрыг нь олохоос гээд аргагүйн эрхэнд дахин адуугаа оруулж эхэлсэн. Намайг олон адуутай, холоос очсон болохоор дураараа ханшаа буулгаж, “Адуугаа хашаанаас гарга” гэж давуу байдлаа ашиглан дарамталж байсан. Тэгээд адуугаа бойнд нь оруулж 5, 6 хонож байтал адуугаа 5700, даагаа бүр хямд 2000 төгрөгөөр авна гэж бичиг үйлдэж, гарын үсэг зуруулахыг шаардсан. Би арга ядаад гарын үсэг зурахгүй гээд гарч явсан. Ажилчин нь утасдаж: -Таныг гарын үсэг зурахгүй бол адууг нь битгий оруул, ажлаа зогсоо гээд байна гэсэн. Тэгэхэд нь би аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан. Энэ мэтээр маш их дарамталж, өөртөө ашиг олох зорилгоор үнээ буулгаж, намайг хохироосон. Нийт 613 адуу бойнд оруулахаар малын бичигтэй тулган тоолж оруулсан боловч 2 адуу хашаанаас нь дутаж 611 адуу бойнд орсон. Адуу, адуугаар нь хиллэж тэмдэглэснээр граммтайгаа 76.333 кг болсон. ******* надад тооцоо хийхдээ граммыг нь бичихгүй тооцож, 74.500 килограммаар бодож 419.487.800 төгрөг шилжүүлсэн. Мах хиллэх тутамд задгай буюу граммыг нь хасаж тооцсоноос болж надад 306 килограммын алдагдал гарч 1.836.000 төгрөгөөр хохирсон. Мөн гулууз болгоноос 3 килограммын хорогдол хасаж 1.833 килограммын алдагдал гарч 10.998.000 төгрөгөөр бас дахин хохирсон. Мөн хашаанд нь тоолж оруулсан адуунаас 2 тооны адуу дутаж адууны 124 кг дунджаар бодоход 248 килограммын буюу 6000 төгрөгөөр тооцож үзэхэд 1.488.000 төгрөгөөр дахин хохирсон. Үүнийг анх бойнд оруулахаас өмнө гэрээ хийж тохирсон 6000 төгрөгөөр тооцоход 459.834.000 төгрөг, 2 адууны үнэ 1.488.000 төгрөг буюу нийт 461.322.000 төгрөг болох байсан байна. *******аас грамм, кг, алдсан гэх адууны махны зөрүү болох 41.834.200 төгрөг гаргуулах 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээнд адууны махны үнэ болох 419.487.800 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр миний ******* тоот дансанд шилжүүлнэ. Энэ өдрөө шилжүүлэхгүй бол хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохирч, гэрээ хийж ******* бид 2 гарын үсэг зурсан. Иймд “*******” ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд махны грамм, кг, алдсан гэх адууны махны зөрүү болох 41.834.200 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан алданги 9.275.039 төгрөг нийт 51.109.239 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн тайлбарын агуулга:
2.а.Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.б.Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлийн агуулгаас харахад алдсан 2 тооны адууны үнэ, жингийн болон үнийн зөрүү, алданги гэх мэт хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж ойлголоо.
******* нь Сүхбаатарт 640 адуутай ирсэн гэж ярьж байсан бөгөөд адуугаа аймгийн урд хариулж өдөр бүр манайд тодорхой тооны адуу тууж авчран бойнд оруулдаг байсан. Манай компанийн зүгээс түүний өдөрт тууж авчирсан адууг бойнд оруулж, махыг нь жинлээд хоёр талаасаа тэмдэглэж авдаг байсан. Харин манай бойны хашаанд 613 адуу оруулж бидэнд хүлээлгэж өгсөн зүйл байхгүй бөгөөд бид ийм олон тооны адууг нэг дор бойнд оруулах боломжгүй учир нэг дор хүлээн авч хашаандаа хаших шаардлага байхгүй болно. ******* нь манай бойнд 611 адуу оруулсан бөгөөд уг адууны тоо толгойн талаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй бөгөөд бойнд орсон адууны махны тооцоог харилцан тохиролцсон.
******* нь 611 адуу бойнд оруулсан бөгөөд ингэж тохирохдоо "...1 адуу тутамд нойтны хорогдол 3 кг хасах"-ыг зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Үүний дагуу хассан нойтны хорогдлыг одоо шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн түүний авчирсан адуу нь туранхай 100 кг-аас дээш татах адуу цөөхөн байсан тул *******той харилцан тохиролцож үнийн дүнд өөрчлөлт оруулсан. Тухайлбал: 100 кг-аас дээш жинтэй адууг 5,700 төгрөгөөр, 100 кг-аас доош жинтэй адууны кг-ын үнийг жич тохиролцохоор шийдвэрлэж харилцан гарын үсэг зурсан. Ингээд нийт 611 адууг бойнд оруулж дууссаны дараа нийт гарсан махны жин болон үнийн талаар *******той харилцан тооцоо нийлж гарын үсэг зурсан байгаа. Мөн 2024.11.07-ны өдөр захирал ******* нь *******той харилцан тохиролцож, төлбөр тооцооны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр адууны махны үнэ болох 419,487,800 төгрөгийг 2024.11.14-ний өдөр төлж дуусгахаар тохирч гарын үсэг зурсан байдаг. Үүний дагуу төлбөр тооцоог хийж дуусгасан.
*******той 2024.11.07-ны өдөр байгуулсан "Гэрээ"-ний дагуу манай талаас адууны махны тооцоог 14-ний дотор буюу 7 хоногийн дотор хийж дуусгах үүргийг хүлээсэн. Харин төлбөр тооцоог хэзээ хийж дуусгасан талаарх санхүүгийн баримтуудаа нягталж үзсэний дараа энэ хэсэгт холбогдох тайлбараа жич гаргах саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагын баримтаар үгүйсгэгдэж байгаа хэсгүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариу тайлбар гаргаж байна гэжээ.
3.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн алдангид 9,247,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,862,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас “*******” ХХК-аас 9,247,139 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 162,905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “*******” ХХК-ийн захирал *******тай 640 тооны адууны гарц нас, жин харгалзахгүй, кг тутамд нь 6000 төгрөгөөр авахаар тохирч, адуугаа бойнд оруулж эхэлсэн. Ингээд 2 хоногийн дотор 70, 80-аад адуу орж байтал захирал ******* тохирсон ханшаа буулгана гэсэн. 5700-аар оруулахгүй бол болилоо гэсэн. ******* захирал авахгүй гэж дарамтлаад би дараа учрыг нь олохоос гээд аргагүйн эрхэнд адуугаа оруулж эхэлсэн. Нэг адууны мах болгоноос 3 кг хорогдол хасаж, мөн задгай грамм болгоныг хасаж тооцсон. Энэ талаар би нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралдаан дээр грамм, үнийн зөрүүг тооцоолон гаргаж өгсөн. Хариуцагч тал тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тайлбарлаагүй. Грамм хасах үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байсан. Мах хиллэх тутамд задгай буюу граммыг нь хасаж тооцсоноос болж надад 306 кг-ийн алдагдал гарч, 1,836,000 төгрөгөөр хохирсон. Анхан шатны шүүх үндэслэлдээ талууд гэрээ байгуулахдаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн граммын зөрүүг нэхэмжлэх үндэслэлгүй гэжээ. Би граммын зөрүүг адууны мах гулууз болгоноор нь тэмдэглэж тооцоо бодохдоо хэлж байсан олон адуунаас их хэмжээний зөрүү гаргаж намайг хохироосон үйлдлийг хэлэлцсэнгүй. Тус бойны газар өөрийн бойндоо оруулсан адуугаа өөрсдөө авч шулж ангилан бэлтгэдэг. Энэ тохиолдолд хорогдол тооцох ёсгүй, бойноос гарсан мах шууд шулаанд ордог учраас хорогдол тооцох үндэслэлгүй юм. Тус газар ямар үндэслэлээр хорогдол хасаж байгаагаа нотолж чаддаггүй. Би гэрээгээ цуцлах нөхцөл, боломжгүй болсон байсан үүнийг тус компани ашиглаж намайг хохироосон. Үндэслэлгүйгээр үнээ буулгаж, намайг дарамтлан айлгаж 74,500 кг махны мөнгө гэж 419,487,800 төгрөг болгосон. Миний тооцоогоор 611 адууны 74,500 кг дээр 3 кг-ийн хорогдол тооцсоны алдагдал 1,833 кг, гулууз болгоны граммын алдагдал нийт 306 кг болж нийт 76,639 кг мах болох байсан. Мөн хашаанд нь тоолж оруулсан адуунаас 2 тооны адуу дутаж адууны /124 кг/ дунджаар бодоход 248 кг буюу 6000 төгрөгөөр тооцон 1,488,000 төгрөгөөр дахин хохирсон. Мөнгө шилжүүлж хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцохоор тохирсон бөгөөд хариуцагч тал үүргээ ухамсарлан хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхэд би “*******” ХХК-аас махны грамм, кг, алдсан 2 адууны махны зөрүү болох 41,834,200 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан алданги 9,275,039 төгрөг, нийт 51,109,239 төгрөгийг нэхэмжилсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан алданги 9,275,039 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “*******” ХХК-аас махны грамм, кг, алдсан 2 адууны махны зөрүү болох 41,834,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Мөнхийн Гэрэлт жим” компани, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Анх 6000 төгрөгөөр тохироод адуугаа бойнд оруулж эхэлсэн. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч олон даага, сарваа, бага адуу байсан тул үнэ ханшаа буулгасан гэж тайлбарладаг. Гэтэл адуу тушаасан баримтуудыг харахад дандаа 110-130 кг, 100 килограммаас дээш жинтэй адуунууд байсан. Тухайн үед зах зээлийн ханш буугаагүй байхад холоос олон адуу авчирсан аргагүй байдалд шахалт үзүүлж, ханшаа буулгасан. Өөртөө ашиг олох зорилгоор ханшаа буулгасан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Мөн гулууз тутамд 3 кг хорогдол хассан байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг гарын үсгээ зурчихсан шүү дээ гэдэг байдлаар л хандаж, тайлбарласан. “*******” компани болохоор адуугаа шууд бойнд оруулаад нойтноор нь махаа шулж ангилж авдаг учраас хорогдол гарахгүйгээр мөнгөн дүнг бодох ёстой байсан. Грамм болгоныг хасаж тооцоход мөн 306 килограммын алдагдал гаргаж, 1,836,000 төгрөгөөр хохироосон. Граммаа ямар үндэслэлээр хассан бэ гэхээр тайлбарлаж чаддаггүй. Алданги нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Алдсан 2 адуу байгаа. *******ийн хувьд 613 тооны адуу оруулснаа өөрөө бүртгэсэн байдаг. “*******” компанийн зүгээс 611 адуу бойнд оруулсан гээд байгаа боловч энэ нь зөвхөн гулуузны тоо. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
6.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. *******, “*******” компанийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны хооронд 11 хоногийн хугацаанд энэ арилжаа явагдсан. 10 дугаар сарын 27-ны өдөр нойтны хорогдол болон гэдэс дотрыг нь хасаж тооцох, тохиролцоо хийгдсэн. 11 дүгээр сарын 4-ний өдөр жингээс хамаараад үнийн дүн бас өөр өөр байхаар харилцан тохиролцсон. 11 сарын 7-ны өдөр болохоор нийт хэдэн төгрөг төлөхийг бас тохирсон. Нийт 419,427,800 төгрөг байхаар тохироод энэ мөнгийг нь төлсөн. Талуудын хооронд хийгдээд байгаа 2024 оны 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 4, 11 дүгээр сарын 7-ны өдрийн хэлцлүүд Иргэний хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлцэл байгаа. Бичгээр байгуулаад, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаараа Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.7-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл мөн. Эдгээр хэлцлийг талууд зөвшөөрч сайн дурын үндсэн дээр хийсэн учраас хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ хэлцлийн дагуу 419.420.780 төгрөг төлөх байсан. Үүнийгээ төлсөн. Харин төлөхдөө хугацаа хэтрүүлж төлсөн учраас алдангийг зөвшөөрсөн. Гэхдээ алдангийн хэмжээн дээр 419,427,800 төгрөгийг 419,487,800 гэж, 60,000 төгрөгөөр илүү бичсэн байна. 60,000 төгрөгөөр илүү бичсэнтэй холбоотой алдангийг тооцож үзэхээр 27,900 төгрөгийн алданги илүү гарч байгаа. Үүнийг хасуулъя. Тэгэхээр алдангийн 9,247,039 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Нэгэнт тухайн цаг үедээ харилцан тохиролцоод гарын үсгээ зураад зөвшөөрч хийсэн. Энэ тохиролцооноос буцаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
7.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
8.Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хангаж, мэтгэлцүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
9.Нэхэмжлэгч ******* нь худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 613 адууг бойнд оруулах үед дутсан 2 адууны үнэ 1,488,000 төгрөг, гулууз тус бүрийн граммыг хасаж тооцсоны зөрүү нийт 306 кг махны үнэ 1,836,000 төгрөг, гулууз тус бүрээс 3 кг хорогдол хасаж, нийт 1,833 кг хасаж тооцсоны үнэ 10,998,000 төгрөг, нийт 76,639 кг махыг 6000 төгрөгөөс бууруулан тооцсон үнэ, килограммын зөрүү 27,512,200 төгрөг, төлбөрийг хугацаа хэтрүүлж шилжүүлсний алданги 9,275,039 төгрөг, нийт 51,109,239 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулахыг хүсэж, нэхэмжлэл гаргасан. (Хэргийн 1-3 дугаар хуудас)
10.Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь “******* нь манай бойнд 613 адуу хүлээлгэн өгөөгүй, 611 адуу оруулсан. Нэг адуу тутамд нойтны хорогдол 3 кг хасахыг зөвшөөрч, гарын үсэг зурсан тул хорогдлыг шаардах эрхгүй. Түүний авчирсан адуу нь туранхай, 100 кг-аас дээш татах адуу цөөхөн байсан тул харилцан тохиролцож, үнийн дүнд өөрчлөлт оруулж, 100 кг-аас дээш жинтэй адууг 5700 төгрөгөөр, 100 кг-аас доош жинтэй адууны кг-ын үнийг жич тохиролцохоор шийдвэрлэж, гарын үсэг зурсан. *******ид 611 адуу бойнд оруулсны төлбөр 419,487,800 төгрөгийг төлж, төлбөр тооцоог дуусгасан.” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ. (Хэргийн 28-29 дүгээр хуудас)
11.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-ны захирал *******тай 2024 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр утсаар ярьж, 640 тооны адууг бойнд оруулж, килограммыг 6000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч 611 адууг хүлээлгэн өгсөн, хариуцагч 419,427,800 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Гэхдээ хэрэгт авагдсан зоригчдын тайлбар, хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын болон “тодорхойлолт” нэртэй баримтуудыг шинжлэн судлахад 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр адууны 100 кг-аас дээш жинтэй гулууз махыг 1 килограммыг нь 5700 төгрөгөөр, 100-90 кг жинтэй гулууз махыг 1 килограммыг нь 5200 төгрөгөөр, 90-80 кг жинтэй гулууз махыг 1 килограммыг нь 4500 төгрөгөөр, 80-70 кг жинтэй гулууз махыг 1 килограммыг нь 4000 төгрөгөөр, 70-60 кг жинтэй гулууз махыг 1 килограммыг нь 3000 төгрөгөөр, 60-аас доош жинтэй гулууз махыг 1 килограммыг нь 2000 төгрөгөөр бодож авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулан үнийн жагсаалтыг хавсаргасан байна. (Хэргийн 37-50 дугаар хуудас)
Үүнээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний талууд анх тохиролцсон үнийг бууруулан өөрчилж, тухайн адууны гулууз махны жингээс хамааруулан үнийг шинэчлэн тогтоосон байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцлийг амаар хийсэн гэж үздэг. Мөн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгчээс гэрээний гол нөхцөл болох үнийн талаар “Би ******* захиралтай адууны гарц, нас, жин харгалзахгүй кг тутамд нь 6000 төгрөгөөр 640 адуугаа худалдахаар ярьж, тохиролцсон. Намайг айлган дарамталж, үнэ ханшаа үндэслэлгүйгээр буулгасан” гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь нотлогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 04, 07-ны өдрүүдийн гэрээ, түүнд хавсаргасан баримтуудаар тус тус няцаан үгүйсгэгдэж байна. (Хэргийн 8, 37-50 дугаар хуудас)
Гэрээ байгуулсны дараа талууд анх тохиролцсон үнийг эд хөрөнгийн доголдлоос хамааруулан бууруулж, шинэчлэн тогтоож болох бөгөөд хариуцагч хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлж, талууд харилцан тохиролцож, үнийг шинэчлэн тогтоосныг шүүхээс буруутгах үндэслэлгүй юм.
12.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хавтаст хэргийн 8, 37-50 дугаар хуудаст авагдсан баримтуудыг үндэслэн худалдагч *******, худалдан авагч “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлж, тогтоосон болно.
13.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж, энэ зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал ******* болох нь хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. (Хэргийн 19 дүгээр хуудас)
Гэтэл “*******” ХХК-ийн хуулийн зөвлөх ******* гэх хүн нэхэмжлэгч *******той “640 тооны адууг бойны хөлсөнд гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүнийг авч 1 адуу тутамд нойтны хорогдол 3 кг хасаж, 1 кг тутамд 6000 төгрөгөөр тооцон авч, тооцоог ажил дууссаны дараа Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов” гэсэн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. (Хэргийн 67 дугаар хуудас)
Тус компанийн хуулийн зөвлөх ******* нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байх бөгөөд дээрх гэрээнд гарын үсэг зурах үедээ гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлтэй байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээр дурдсан баримтын дагуу гэрээний үнийг 6000 төгрөгөөр тооцохоос гадна нэг адуу тутамд нойтны хорогдол 3 кг-ыг хасаж тооцох нь үндэслэлгүй бөгөөд уг баримтад заасан нөхцөлийг худалдагч ******* болон худалдан авагч ******* нарын хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байх тул эдгээр нөхцөлийг худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр нөхцөл гэж дүгнэх боломжгүй болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.” гэж, энэ зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.” гэж, энэ хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж зааснаар хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гэрээний үнийг 6000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөөгүйн адилаар нэг адуу тутамд 3 кг нойтны хорогдол хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэж, холбогдох баримтаар тохиролцсон нөхцөлийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн нөхцөлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл гэрээний үнийг адууны жин харгалзахгүйгээр 6000 төгрөгөөр тогтоох болон нэг адуу тутамд 3 кг нойтны хорогдол хасаж тооцох нөхцөлүүдийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нэг баримтад хамт бичиж, *******, ******* нарын хүмүүс гарын үсэг зурсан байх тул уг хэлцлийг хүчингүйд тооцоход худалдах худалдан авах гэрээний энэ 2 нөхцөл хоёулаа хүчингүйд тооцогдсон болно. (Хэргийн 67 дугаар хуудас)
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийн хариуцагч компанид хүлээлгэн өгсөн 611 адуу тус бүрээс 3 кг нойтны хорогдол хассан нь буруу гэж үзэж, нийт 1833 кг адууны махны үнийг нэг килограммыг 5700 төгрөгөөр тооцож, 10,448,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, 549,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
14.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, энэ зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, энэ зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, энэ зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан байдаг.
Талууд “*******” ХХК-д адууны мах худалдсаны үнэ 419,487,800 төгрөгийг Хаан банкны ******* дугаартай дансанд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө төлж дуусгахаар, энэ өдрөөс хойш хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч, бичгээр гэрээ байгуулж, *******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (Хэргийн 8 дугаар хуудас)
Талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч тухайн үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан байдаг.
Хариуцагч тал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 100,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 70,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 49,427,800 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 419,427,800 төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ийн ******* тоот дансны хуулгаар нотлогдож байна. (Хэргийн 6-7 дугаар хуудас)
Нэхэмжлэгч хариуцагчаас 249,427,800 төгрөгийг 1 хоног, 200,000,000 төгрөгийг 3 хоног, 100,000,000 төгрөгийг 6 хоног, хамгийн сүүлийн 50,000,000 төгрөгийг 8 хоног хугацаа хэтрүүлсэн гэж тооцож, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, 9,275,039 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 9,247,139 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба хариуцагч тал алданги төлөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
15.Нэхэмжлэгч 613 адуу хариуцагчид хүлээлгэн өгснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дутсан 2 адууны жинг дунджаар 124 кг-аар, нэг килограммыг нь 6000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 1,488,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл “******* нь манай бойнд 611 адуу оруулсан. Тэрээр адуугаа аймгийн урд хариулж, өдөр бүр тодорхой тооны адууг тууж авчран бойнд оруулсан. Манай бойны хашаанд 613 адуу оруулж, бидэнд хүлээлгэн өгөөгүй. Ийм олон тооны адууг нэг дор бойнд оруулах боломжгүй учир бүгдийг хүлээн авах шаардлага байхгүй.” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй юм.
Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн адуу хүлээлцсэн баримтаар “10 дугаар сарын 28-ны өдөр 18 адуу, 29-ний өдөр 60 адуу, 30-ны өдөр 73 адуу, 31-ний өдөр 53 адуу, 11 дүгээр сарын 01-ний өдөр 51 адуу, 02-ны өдөр 49 адуу, 03-ны өдөр 66 адуу, 04-ний өдөр 49 адуу, 05-ны өдөр 62 адуу, 06-ны өдөр 70 адуу, 07-ны өдөр 60 адуу, нийт 611 адуу өгсөн” гэж тэмдэглэгдсэн байна. (Хэргийн 11 дүгээр хуудас)
Дорнод аймгийн сумын мал эмнэлгийн төвөөс олгосон гарал үүслийн гэрчилгээнүүдэд нийт 613 адууны талаар бичсэн байх ба эдгээр баримтууд нь “*******” ХХК-нд 613 адуу хүлээлгэн өгснийг шууд нотлох баримт болохгүйгээс гадна дутсан гэх 2 адуу нь хэдний өдөр оруулсан адуунаас дутсан нь тодорхойгүй, хариуцагч талд 613 адууг хүлээлгэн өгснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. (Хэргийн 56-58 дугаар хуудас)
16.Нэхэмжлэгчээс хариуцагч компанид хүлээлгэн өгсөн гулууз тус бүрийн жинг тэмдэглэсэн жагсаалт, фото зургууд, 867-872 дугаартай 8 ширхэг зарлагын баримт, худалдагч *******, худалдан авагч “*******” ХХК-ийн захирал ******* нарын харилцан тохиролцож, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ, түүнд хавсаргасан баримтууд зэргийг шинжлэн судалж, тооцоолол хийхэд 611 адууны нийт жин 76098 кг болж байх ба үүнээс 1833 кг хорогдол хасахад үлдэх 74265 кг махны нийт үнэ 419,427,800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна. (Хэргийн 11-15, 37-50 дугаар хуудас)
Тодруулбал: Нэхэмжлэгчийн бойнд тушаасан тус бүр нь 100 кг-аас дээш жинтэй 579 тооны адууны гулууз махны нийт жин 73706 кг болсон байх ба үүнээс 1737 кг хорогдол хасаж, 71969 кг махыг 1 килограммыг 5700 төгрөгөөр тооцоход нийт 410,223,300 төгрөг,
-Тус бүр нь 80-90 кг жинтэй 10 адууны нийт жин 867 кг болсон байх ба 30 кг хорогдол хасаж, үлдэх 837 кг махны 1 килограммыг 4500 төгрөгөөр тооцоход нийт 3,766,500 төгрөг,
-Тус бүр нь 70-80 кг жинтэй 15 адууны нийт жин 1106 кг болсон байх ба үүнээс 45 кг хорогдол хасаж, 1061 кг махны 1 килограммыг 4000 төгрөгөөр тооцоход нийт 4,244,000 төгрөг,
-Тус бүр нь 60-70 кг жинтэй 7 адууны нийт жин 419 кг болсон байх ба үүнээс 21 кг хорогдол хасаж, 398 кг адууны махыг 3000 төгрөгөөр тооцоход нийт 1,194,000 төгрөг болж, нийт 74265 кг махны үнэ 419,427,800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн байна.
Түүнчлэн хэргийн 39 дүгээр хуудаст авагдсан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 865 дугаартай зарлагын баримтад нийт 73 тооны адууны жин 8401 кг болсон байхад 8571 кг гэж, 170 кг-аар илүү, мөн хэргийн 46 дугаар хуудаст авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 872 дугаартай зарлагын баримтад 70 тооны адууны нийт жин 8794 кг болсон байхад 8862 кг гэж, 68 кг-аар илүү бичсэнээс нийт 237 кг-ын зөрүү гарч, зохигчид 611 адууны нийт жинг 76333 кг гэж буруу тооцоолж, үүнээс 1833 кг хорогдлыг хасаж, үлдэх жинг 74500 кг гэж буруу тооцсон байх тул адууны гулууз тус бүрээс задгай граммыг хасаж тооцсоны зөрүү, нийт 306 кг махны үнэ 1,836,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Мөн талууд гэрээний үнэ буюу адууны гулууз тус бүрийн жингээс хамааруулан нэг килограмм адууны махны үнийг 5700, 4500, 4000, 3000 төгрөг гэх зэргээр ялгавартай байдлаар тогтоосон тул 613 адууны нийт жинг 76,887 кг-аар тооцож, 1 килограммын үнийг 6000 төгрөгөөс бууруулан тооцсон үнийн зөрүү 27,512,200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, энэ хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн эдгээр шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ бүрэн нотолж чадаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байна гэсэн дүгнэлт хийлээ.
17.Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,448,100 төгрөг, алдангид 9,247,139 төгрөг, нийт 19,695,239 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, үлдэх 31,414,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтүүдийг орууллаа.
18.Нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,497 төгрөгийг улсын орлогод үлдээж, хангагдсан 19,695,239 төгрөгийн шаардлагын хэмжээнд ногдох 256,426 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгохоор шийдвэрлэв.
19.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 367,121 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалт, энэ зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,448,100 төгрөг, алдангид 9,247,139 төгрөг, нийт 19,695,239 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, үлдэх 31,414,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
2.Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас тэмдэгтийн хураамжид 256,426 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 367,121 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ