| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0300/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/310 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Ж.Гүндэгмаа
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1925004440296 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, М.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Бийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “ББ-ОД” ХХК- ний Хятад улсад үйлдвэрлэгдсэн Zhongtong ZGT 6718 загварын 13-54 ОРО улсын дугаартай дунд оврын автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пинк дэлгүүрийн ойролцоо автобусны буудал дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “..жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 13-54 ОРО улсын дугаартай нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан Ж.Гүндэгмаа нь автобуснаас буух үедээ хаалганд хавчуулагдан улмаар унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлсэн: гэх мэдүүлэг,
- хохирогч Ж.Гүндэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: гэх мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх- ийн 4-7-р хуудас/
-Осол, хэрэг гарсангазар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 8-р хуудас/
-Согтолтын зэрэг шалгасан баримт /хх-ийн 13-р хуудас/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 31-р хуудас/
- Эд мөрийн баримтаар эд зүйл /жолооны үнэмлэх/ хураан авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 34-р хуудас/
- Хохирогч Ж.Гүндэгмаагийн мөрдөн байцаалтад гаргасан... “Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байдаг “Пинк” дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр очоод миний охин Оюун-Эрдэнэ надаас түрүүлээд автобуснаас буусан. Охин Оюун-Эрдэний араас 2 хүүхэд буусанби тэр 2 хүүхдийн араас буух гэсэн чинь автобусны жолооч хаалгаа хаагаад хаалга нь миний зүүн талын хөл, цээжийг хавчаад хөдлөөд явсан. Тэгэхээр нь би хөөе бууя гэж 2-3 удаа хэлсэн чинь нөгөө автобус зогсоод хаалгаа онгойлгосон чинь би урагшаа автобуснаас газарт унасан. Тэгж унах үед миний зүүн талын хөлийн дунд чөмөг хугарсан учир энэ хэрэгт хохирогчоор оролцож байна”......Биеийн байдал хэвэндээ шахуу л байна Ерөнхийдөө бол хэвтрийн дэглэмтэй байгаа. Хөл нуруугаар байнга шахуу янгинаж өвддөг. 1 жилийн дараа дахин хагалгаанд орж хадуулсан төмөрөө авахуулна. Одоохондоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Жолоочийн зүгээс хагалгааны зардалд 880 000 төгрөгийг үүн дээр суга таяг, суултуур зэргийг авч өгсөн.Цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжилж байна. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-17-р хуудас/
-гэрч Ч.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 13 - 16 цагийн орчим ээж бид хоёр манай гэрт очих гээд 6 дугаар микрийн нэгдүгээр байрны урд талын автобусны буудал дээрээс Эрдэнэ баг руу явдаг нийтийн тээврийн автобусанд суугаад явсан. Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пинк” дэлгүүрийн орчим очоод зогссон. Миний урд хоёр гурван хүн автобуснаас буугаад би араас нь буусан. Миний араас хоёр хүүхэд бууж байсан. Тэр хоёр хүүхдийн араас нь манай ээж буух гэж байсан чинь автобусны хаалга хаагдаад ээжийн хөлийг нь хавчуулаад жоохон хөдлөөд гэнэт зогсоод хаалгаа онгойлгосон чинь ээж маань газарт уначихсан. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь ээж босож чадахгүй зүүн талын хөл нь хугарчихсан байсан. Нөгөө автобусны жолооч сууж явсан хүмүүсээ буулгах гээд цаашаа явсан. Жолоочийн эхнэр нь манай ээжийг аваад эмнэлэг рүу явсан. Эмнэлэг дээр очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 429 дугаартай шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн дүгнэлт магадлуулагч Ж.Гүндэгмаагийн биед зүүн дунд чөмөгний ясны төвгөр дайрсан далд, ташуу сэлтэрхийт хугарал, бага төвгөрийн сэлтгэр, зүүн гуя, шилбэ, баруун шуунд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “13-54 ОРО улсын дугаартай зорчигч тээврийн автобус нь 2019 оны 03 сарын 13-нд техникийн үзлэгт хамрагдсан, автобусны 2 хаалга нь бүрэн ажиллагаатай гэх дүгнэлт /хх-ийн 37-42-р хуудас/
- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай “...Жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4 - жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/
-Хохирогч Ж.Гүндэгмаагийн хохирлын баримтууд /хх-ийн 64-71-р хуудас/
Дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзлээ.
Эдгээр, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, , шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “ББ-ОД” ХХК- ний Хятад улсад үйлдвэрлэгдсэн Zhongtong ZGT 6718 загварын 13-54 ОРО улсын дугаартай дунд оврын автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пинк дэлгүүрийн ойролцоо автобусны буудал дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “..жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 13-54 ОРО улсын дугаартай нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан Ж.Гүндэгмаа нь автобуснаас буух үедээ хаалганд хавчуулагдан улмаар унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг болгоомжгүй үйлдлээр зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “ББ-ОД” ХХК- ний Хятад улсад үйлдвэрлэгдсэн Zhongtong ZGT 6718 загварын 13-54 ОРО улсын дугаартай дунд оврын автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пинк дэлгүүрийн ойролцоо автобусны буудал дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “..жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 13-54 ОРО улсын дугаартай нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан Ж.Гүндэгмаа нь автобуснаас буух үедээ хаалганд хавчуулагдан улмаар унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай. гэжээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, анх удаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял сонгон оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн №039028 дугаар М.Бийн жолооны үнэмлэхийг , шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг 180 хоногийн хугацаанд сард 116 666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
5. иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, М.Бийн 039028 дугаарын жолооны үнэмлэхийг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ