| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/0309/И |
| Дугаар | 222/МА2026/00007 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 222/МА2026/00007
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 0 сарын 29-ний өдрийн 9 шийдвэртэй,
нэхэмжлэгч *******, ******* нарын “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 520,800,00 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй, “*******” ХХК, *******,******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Мөнхбат нарын давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, *******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхбат,
хариуцагчийн төлөөлөгч *******,
хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
хариуцагч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Т.Хүдэр
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн агуулга:
1.а.Нэхэмжлэлийн шаардлага: “гэм хорын хохиролд 520,800,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний нөхөр талийгаач ******* 2023 оны 1 сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших од “” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг гаалийн хяналтын бүсэд ажлаа хийж яваад тус компанийн ковшид дайруулж нас барсан. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 01-ний өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор миний ханийн үхэлд шүүгдэгч *******,******* нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Мөн иргэний хариуцагчаар “” ХХК оролцсон. Талийгаач нас барах үедээ нийгмийн даатгалыг сарын 1,000,000 төгрөгөөр төлдөг байсан ч бодит орлого нь гар дээрээ 3,100,000 төгрөгийн цалин авдаг байсан. Амь насаа алдаагүй амьд ажил төрлөө хийж байсан бол тухайн үеийн байдлаар сарын 3,100,000 төгрөгийн цалинтай гэж бодоход тэр хүн 14 жил ажиллаж, нийт 520,800,000 төгрөгтэй тэнцэх орлого олох байсан тул иргэний хариуцагч “” ХХК-аас 320,800,000 төгрөг, хариуцагч*******аас 100,000,000 төгрөг, *******ээс 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *******, ******* нар 100,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд ямар журмаар хүн тус бүрээс 100,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч*******ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагч "Андын элч" ХХК-ын зүгээс 31.526.701 төгрөг, миний зүгээс 5.000.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт өгсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нартай ярилцсаны үндсэн дээр 10,000,000 төгрөгийг тэдэнд өгөх талаар ярилцаж эвлэрсэн. Энэ талаар бид нотариатаар батлуулж, мөнгийг бөөнд нь биш, сар сардаа өгөхөөр болсон байгаа гэв.
4.“*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: 2024 оны 09 дүгээр сарын 10 өдөр иргэн *******ийн ХААН БАНК-ны тоот дансанд Сүхбаатар аймгийн прокурорын яллах дүгнэлтээр эрүүгийн хэргийн хохиролд /оршуулгын зардал/ 31.526,701 төгрөгийг гаргуулахаар заасныг "" ХХК компаниас төлж барагдуулсан байна. Амь хохирогч нь манай компанийн үндсэн ажилтан биш, нэхэмжлэгч тал нь амь хохирогчийг сарын 3,100,000 төгрөгийн цалинтай байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч түүний өгсөн баримтаас харахад хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байна. 400,000 төгрөг 500,000 төгрөг, 580,000 төгрөг гэх мэтчилэн цалин авч байсан байна. Амь хохирогчийн нийгмийн даатгал төлсөн баримтыг харахад 420,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлж байсан нь харагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан компанийн удирдлагууд нь үндсэн ажилтнууддаа хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж, хохирогчийн ар гэрт мөнгөн төлбөр өгсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
5.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “” ХХК-аас гэм хорын хохиролд 12,713,935 төгрөг, хариуцагч *******ээс 7,891,565 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “” ХХК-иас 307,286,065 төгрөг, хариуцагч *******ээс 92,108,435 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******, *******, хариуцагч******* нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 100,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нарт хэсэгчлэн төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч “” ХХК-аас 12,713,935 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218,373 төгрөг, хариуцагч *******ээс 7,891,565 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 141,215 төгрөг, хариуцагч*******аас 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг тус тус гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Мөнхбат нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 508 зүйлийн 508.2, 508.3-д зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах эрх зүйн үндэслэлийг баримталсан гэх мөртлөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06 өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс, тодорхойлох журмын 2.5-д зааснаар "Нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно... гэснийг баримтлах нь зүйтэй байна" гэж амь хохирогч болон амь хохирогчийн ар гэр, үр хүүхдийн эрх ашгийг хохироосон шийдвэрийг гаргасан. Улмаар талийгаачийн авч байсан цалин хөлсийг тооцохдоо хүртэл тооцооллын болоод, эрх зүйн шийдлийн алдааг гаргаж шийдвэрлэсэн.
Хохирол гэдэгт аливаа этгээдийн үнэт зүйлс нь түүний хүсэл зоригийн эсрэг устсан, дордсон, муудсан явдлыг ойлгож болно. Дээрх нэхэмжлэл бол талийгаачийн ар гэр, ур хүүхдүүдэд учирсан хохирол буюу ар гэрээ тэжээж байсан идэр залуу хүн бусдын буруугаас болж амь нас хохирсноос үүссэн гэм хорыг өөрийн нөөц боломжоор тооцоолж нэхэмжилсэн асуудал юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын юу хүсэж байгааг ойлгоогүй юм уу, эсвэл ойлгохыг хүсээгүй юу хохирлыг тооцохдоо хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргажээ. Хохирол нь эдийн болон эдийн бус хохирол гэж хуваагддаг. Эдийн буюу материаллаг хохирол гэдэгт үндсэндээ аливаа этгээдийн хөрөнгөд учирсан хохирлыг ойлгодог. Энэ нь тухайн этгээдийн хөрөнгийн байдалд гэм учруулсан үйлдэл хийгдээгүй нөхцөлд байх байсан байдлаасаа дордсон багассаныг ойлгож болно. Өөрөөр хэлбэл талийгаач гэм буруутай этгээдүүдийн буруугаас болж амь насаа алдсанаас болж талийгаачийн ар гэрийн санхүүгийн байдал, талийгаачийн нас барахаас өмнөх байдлаас дордож багассан байгаа юм. Яг ийм агуулгаар хохирогчийн ар гэр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо талийгаачийг тэтгэвэрт гарах хүртэлх 14 жилийг сард авах байсан цалин 3,100,000 төгрөгөөр үржүүлж, гаргаж ирсэн юм. Нэхэмжлэгч нарын тооцоолж байгаа энэхүү тооцооллыг эрх зүйн шинжлэх ухаанд "Ялгавраар нь тооцох арга" гэж нэрлэдэг бөгөөд энэхүү аргыг манай Монгол улсад гэлтгүй манай улстай ижил эрх зүйн тогтолцоотой орнууд хэрэглэсээр ирсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарын энэхүү тооцооллыг үгүйсгэхдээ дээрх байдлаар тооцсон нь үнэхээр үндэслэл муутай болжээ. Гэм хор учирсан асуудалд бодитой хандалгүй, хэргийг тал бүрээс нь судалж шийдвэрлээгүй өнгөцхөн байдлаар шийдвэр гаргасан. Хэдий нэхэмжлэгчээс хариуцагч нарыг гэм буруутай гэж эрүүгийн журмаар шийдэгдсэн шийдвэрийг өгсөн боловч зөвхөн энэхүү баримтаар нэхэмжлэлийн шаардлагын нөхцөл байдлыг тогтоон, гэм буруутай этгээдүүдийн гэм хор учруулсан шалтгаант холбоог тогтоон, хариуцлагыг тодруулна гэвэл хариуцагч нарын гэм хор учирсан асуудалд хэтэрхий бодитой хандаагүй, хэргийг тал бүрээс нь судлалгүй шийдвэрлэсэн үйлдэл юм. Шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх явцад хариуцлагыг нөхөх шалтгаант холбоог хариуцагч нарын зөрчилтэй холбон шалгаж, энэ нь эрхийн зөрчил, хохирол гэсэн бие даасан хоёр өөр урьдчилсан нөхцөлүүдийг холиход хүргэх тул үйлдэл зөрчил хоёрын шалтгаант холбоо, зөрчил хохирол хоёрын шалтгаант холбоо хэмээн тус тусад нь шалган тодруулж шийдвэртээ тусгасан бол тухайн хэргийг үнэн болоод шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргах боломжтой байсан.
-Нэхэмжлэлийг зөвхөн эдийн буюу материаллаг талаас нь дүгнэж, хууль хэрэглээний алдаа гаргасан. Хохирогч нас барснаас үүссэн гэм хорын хохирол арилгах тухай нэхэмжлэл зөвхөн эдийн хохирол шаардахаас гадна эдийн бус хохирол шаарддагаараа бусад гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлээс ялгаатай. Нэхэмжлэлд эдийн болон эдийн бус гэм хорын хохирол гаргуулъя гэсэн үг, үсэг байхгүй боловч нэхэмжлэлийн үндэслэл агуулгын хувьд эдийн болон эдийн бус хохирол хоёуланг нь гаргуулъя гэсэн агуулга нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбарт тодорхой дурдагдаж байна. Шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй шийдвэрлэсэн хэргийг шийдвэрлэхдээ буруу хууль хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна.
-Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй. Шүүх нотлох хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1 дэх хэсэгт эцэг эхийн асрамжид байдаг 2008, 2011 онд төрсөн хүүхдүүд байгааг дурджээ. Гэвч тухайн нотлох баримтыг зөвхөн дурдаад өнгөрөхөөс хэтрээгүй бөгөөд, тухайн нотлох баримтыг зүй ёсоор, хэрэгт хамааралтай талаар нь үнэлэлгүй үндэслэл муутай шийдвэрийг гаргасан. Талийгаач нь гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг, 3,100,000 төгрөгийн цалинтай байсан нь нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тодорхой байдаг.
-Шүүх нэхэмжлэгчийг мэтгэлцэх боломжоор хангалгүй, шуух хурлыг цааш үргэлжлүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч нар, тэдний төлөөлөгч өмгөөлөгч нар цалингийн асуудал дээр маргадаг. Хэрэв хариуцагч нар анхнаасаа хариу тайлбар дээрээ талийгаачийн цалингийн асуудалд маргаснаа бичсэн бол нэхэмжлэгч нарын зүгээс баримтаа хуульд заасны дагуу цуглуулж хариуцагч нарын маргасан уг асуудлыг үгүйсгэж мэтгэлцэх боломжтой болох байсан. Гэвч шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн иймэрхүү байдлаар ноцтой зөрчиж мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг хийж, хууль бус шийдвэрийг гаргажээ. Нөгөөтээгүүр хариуцагч нар хариу тайлбарт бичээгүй асуудлаар нэхэмжлэлийг тайлбарлаж байгаа тохиолдолд ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж талийгаачийн цалин хөлсний талаарх баримтыг холбогдох газраас гаргуулах боломжтой байсан. Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 91 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч *******, ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбар, саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
8.Хариуцагч “Андын Илч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэг 2023 оны 0 сарын 9-ний өдөр болсон байдаг. Энэ харамсалтай хэргээс болоод хүний амь эрсэдсэн. Компанийн өнөөгийн удирдлагууд тухайн үед байгаагүй. Өмнөх удирдлагууд нь байсан. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ийн Хаан банкны дансанд 31,500,000 төгрөгийг шилжүүлж, өгсөн байдаг. Амь хохирогч тус компанийн үндсэн ажилтан биш. “” компанийн үндсэн ажилтан байсан. Энэ компанийн ажилтан манай гаалийн хяналтын талбайд ажил үүрэг гүйцэтгэж явж байхдаа харамсалтайгаар осолдсон үйл явдал болсон. Нэхэмжлэгч ам бүл есүүлээ гэж дурдсан. Тэгээд 320 сая төгрөгийг манай компаниас нэхэмжилсэн байдаг. Гэвч насанд хүрээгүй 2 хүүхдийнхээ лавлагаа, мэдээллийг анхан шатын шүүхэд ирүүлснээр шүүх хуралдаанд бас мэтгэлцээн болж өнгөрсөн. 3,100,000 төгрөгийн цалин авдаг байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч үүнийг нотлох нэг ч баримт байхгүй байгаа. Нийгмийн даатгал шимтгэл төлж байснаар нь нотолж байгаа гэж үзэж байгаа. Манай компанийн зүгээс алдаа, эндэгдэл гаргасан албан хаагчдад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн. Хохирогчийн нэхэмжилсэн 31,500,000 төгрөгийг тухайн үед нь шилжүүлсэн гэв.
9.Хариуцагч “Андын Илч” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг бодитой шийдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эдийн бус хохирол гэж яриад байна. Нэхэмжлэлд зөвхөн талийгаачийг 3,1 сая төгрөгийн цалин авдаг байсан гээд 14 жилээр үржүүлээд нийт 520,800,000 төгрөгийг авах ёстой гэж нэхэмжилсэн. “” компаниас 320,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлдээ дурдсан. Мөн ам бүл есүүлээ гэдэг боловч 2 хүүхдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хэргийн материалд нотлох баримтаар өгсөн байсан. 3,1 сая төгрөгийн цалин авдаг байсан талаар ямар ч нотлох баримт байхгүй. Эдийн бус хохирол гэж яриад байна. Хашаа, байшингийн талаар л яриад байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. “Дорноос мандах туяа” компаниас хашаа байшин авсан гэдэг. Хавтаст хэргийн материалд эдийн бусын хохирлын талаар нэхэмжилсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй. Давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байна гэв.
10.Хариуцагч ******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед “” компанид ХАБ-ын үүрэг гүйцэтгэж байсан. Манай “” компанийн талбай нэлээн том, хааш хаашаагаа 1 км. Тэр дотор би явганаар ажил үүргээ гүйцэтгээд явдаг байсан. Өөрийн компанийн жолооч, ажилчдадаа би өглөө болгон зааварчилгаа өгөөд гаргадаг. Ковшийн операторт зааварчилгааг нь өгөөд, гарын үсэг зуруулаад гаргасан. Тээвэрлэлт хийж байгаа бусад компанийн жолооч нар манай гаалийн хяналтын талбай дээр ачаагаа буулгадаг байсан. Талийгаачийн хувьд мөн тэгээд явдаг байсан. Бид өөр компанийн жолооч учраас аман байдлаар зааварчилгаагаа өгөөд оруулсан. Тэгсэн хэдий ч тухайн өдөр энэ харамсалтай үйл явдал болсон. Энэ асуудлаар шүүх хурал болоод шийдэгдсэн. Би тухайн үед алдаа, дутагдал гаргасныхаа төлөө хариуцлага хүлээж, 3 жилийн тэнсэн авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.
11.Хариуцагч******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх дээр нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг төлөхөөр тохирч, нотариатаар батлуулсан. Тухайн тохирсон мөнгөн дүнгээр хохирол төлөхийг дэмжиж байна гэв.
12.Хариуцагч *******,******* нарын өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын хувьд анхан шатын шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тэй харилцан тохиролцож, эвлэрсэн. Эвлэрлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулаад 10,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. ийн хувьд өөрөө нөхцөл байдлаа хэллээ. Эрүүгийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцогдож, тэнсэгдсэн. Иргэний гэм хорын хохирол дээр 100 сая төгрөгийн асуудлыг нэхэмжилж, орж ирсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатын шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж, хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан байна. 3,100,000 төгрөгийн цалингийн асуудлыг хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч бас ярьж байна. Гэм хорын хохирол учирсан уу? Учирсан. Хариуцагч нар болон “Андын Илч” компани асуудлыг шийдсэн. Үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байдаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
13.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
14.Нэхэмжлэгч *******, ******* нарын “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 520,800,00 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч “*******” ХХК, *******,******* нар эс зөвшөөрч маргажээ.
15.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч “” ХХК-аас гэм хорын хохиролд 12,713,935 төгрөг, хариуцагч *******ээс 7,891,565 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “” ХХК-иас 307,286,065 төгрөг, хариуцагч *******ээс 92,108,435 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******, *******, хариуцагч******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
16.Анхан шатны шүүх талуудыг бүрэн хэмжээнд мэтгэлцүүлж, нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай байна. Нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирол нэхэмжилж байна гэх боловч Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан гэм хорын төлбөр нэхэмжилсэн эсэх, ямар үндэслэлээр, ямар гэм хорын хохирол нэхэмжилж байгааг тодруулах шаардлагатай байх ба энэ нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолтой, зохигчдын хоорондын маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжийг бүрдүүлнэ.
17.Нэхэмжлэгч ******* “Миний нөхөр ******* 2023 оны 0 сарын 09-ны өдөр “” ХХК-ийн мэдлийн гаалийн хяналтын бүсэд ажил, үүргээ гүйцэтгэж яваад тухайн компанийн ковшид дайруулж, амь насаа алдсан. Нас барахаас өмнө авч байсан цалингийн дансны хуулгыг Хаан банкнаас гаргуулан авахыг хүсэж байна” гэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байна. (Хэргийн 33 дугаар хуудас)
Мөн хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “Талийгаач *******ийн ажиллаж байсан “” ХХК хаана байрладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг тухай лавлагаа, талийгаач тухайн компанид хэдэн жил ажилласан, хөдөлмөрийн болон бусад ямар нэгэн гэрээгээр ажиллаж байсан эсэх талаарх байдлуудыг тодруулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. (Хэргийн 82 дугаар хуудас)
Хэдийгээр анхан шатны шүүх тэдний хүсэлтүүдийг Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 0 сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байх боловч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн амь хохирогч *******ийг осолд орж, нас барах хүртэлх хугацааны дансны хуулга болон бусад нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байна. (Хэргийн 33, 82, 87-90, 99-147 дугаар хуудас)
Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу амь хохирогчийн дансны хуулгыг түүнийг нас барах хүртэлх хугацаагаар Хаан банкнаас бүрэн гаргуулж аваагүй, хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтийн дагуу холбогдох нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, цуглуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
18.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Т.Мөнхбат нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 2,154,922 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт, 197.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Т.Мөнхбат нарын давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 0 сарын 29-ний өдрийн 9 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Т.Мөнхбат нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 2,154,922 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Гурав.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ