Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1056

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Д.Ганчимэг,

 хохирогч Ш.Алтанцэцэг,

хохирогч Ш.Гантуяа,

/хохирогч/, шүүгдэгч Г.Бэхбат

шүүгдэгч А.Магнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчин овогтой Алтанцэцэгийн Магнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Бөхчүүд овогтой Ганбатын Бэхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0028 50288 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бүжгийн багш, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт, ам бүл 6, хамтран амьдрагч, түүний хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар гудамжны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бөхчүүд овогтой Ганбатын Бэхбат /РД:АК69071411/,

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эргэн дурсахуй” шөнийн клубт зөөгч ажилтай, ам бүл 6, төрсөн эх, түүний хамтран амьдрагч, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харчин овогтой Алтанцэцэгийн Магнай /РД:ИУ93112717/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч А.Магнай нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 92 тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хойд эцэг Г.Бэхбатын цээжин тус газарт дэвсэх, нүүр болон биеийн хэсгүүдэд цохих зэрэг үйлдлээр түүний биед баруун талын 8, 9-р хавирганы хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, духны зулгаралт, цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй түүнийг эсэргүүцэж, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Мөн яллагдагч А.Магнай нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчиний 1-10 тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Ш.Гантуяагийн зүүн чих, хүзүү, цээж, эгэм, өгзөг, гуян тус газруудад базах, нүүр болон биеийн хэсгүүдэд цохих зэрэг үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Яллагдагч Г.Бэхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 92 тоотод түр оршин суух өөрийн гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Ш.Алтанцэцэгийн дагз, чих, дух, нүүр, нуруу, бугуй, сарвуун тус газруудад цохих зэрэг үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр, 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ш.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Бэхбаттай хамт амьдраад 8 жил болж байгаа юм. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-92 тоотод түрээсээр оршин суудаг. Өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 18 цаг 30 минутын үед манай нөхөр Бэхбат гаднаас согтуу, хамаатныхаа дүү Мөнгөншагай, түүний найз үл таних хүний хамт гурвуулаа гэрт орж ирээд 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад Мөнгөншагай найзтайгаа гараад явсан. Энэ үед 19 цаг л болж байсан. Манай нөхөр гарна гэхээр нь би түүнийг “ Гараад яахав ээ, одоо унт” гэж хэлсэн. Тэгтэл тэр хэвтэж байснаа “Саяхан авсан зээлийн 600.000 төгрөг нь хаачсан юм бэ? Пизда минь” гээд хараагаад босоод ирсэн. Би энэ үед гурил элдээд сууж байсан. Миний хажууд 3 настай ач хүү Тэргэл сууж байсан. Бэхбат босож ирээд гурилын ганжин модыг булааж аваад намайг цохих гэхээр нь би түүнийг цааш нь түлхэхэд тэр ор луу унасан. Тэр орны толгойд толгойгоо цохичхоод “Чи намайг зоддог хэн юм” гээд агсраад босож ирээд миний гараас ганжин модыг булааж аваад намайг тэр модоороо толгой, нуруу луу нүдээд байсан. Мөн намайг газар унагаад дээшээ харуулж хэвтүүлээд цээжин дээр хөлөөрөө дэвсэлсэн. Энэ үед манай ач хүү айж уйлаад би арай гэж босож ирээд ач хүүгээ тэврээд гарах гэтэл манай нөхөр намайг гаргахгүй байсан. Тэр “Чамайг би одоо заазуураар мөч мөчөөр чинь салгана” гээд заазуур хайгаад гал тогооны хоолны савны тэрүүгээр байж байх үед нь би хөл нүцгэнээр ач хүүгээ тэврээд 2 давхарт амьдардаг төрсөн дүү Жавзанхандын хүү Ууганбаатарын хаалгыг тогшиж ороод тусламж гуйсан. Тэндээс таавчик өмсөөд тэдний бага охин Сувданчимэгийг дагуулаад буцаад гэртээ орсон. Бид нарыг ороход Бэхбат хажуудаа заазуур тавьчихсан орон дээр сууж байсан. Ороод удаагүй байтал гаднаас миний төрсөн хүү Магнай орж ирээд Бэхбатыг барьж аваад хэд цохиж аваад гэрээс хөөгөөд гаргасан. ...Миний толгойн орой болон ар дагз хэсэгт уртаашаа хагарч 3 оёо тавьсан. Дух хөхөрч хавдсан. Зүүн чих гэдэснийхээ доод хэсэгт сэтэрч 2 оёо тавьсан. Ар нуруу орчим тэр чигтээ улайж хавдсан. Зүүн нүд хөхөрч хавдсан зэрэг гэмтэл учирсан. ...Миний чих, толгойноос маш их цус гоожиж, би цусандаа хутгалдсан байдалтай байсан. Манай хүү гаднаас орж ирээд маш их цочирдсон. Тэгээд уурлаад Бэхбатыг түлхээд газар уначихаар нь дээр нь хөлөөрөө хэд дэвсэлсэн.

 ... 2012 оноос эхлэн Бэхбаттай хамт амьдарсан. 2012 оноос хойших  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг би өгсөн.  Би архи уух болгонд дуудлага бол өгдөггүй. Бүүр болохоо байсан үед л өгдөг. Бэхбат нь ихэнх тохиолдолд зүгээр гараад явчихдаг юм. Манай хүү Магнай нь 26 настай, эхнэр хүүхэдтэй, тусдаа амьдардаг. Бэхбат бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй. Урьд нь 2017 оны 12 дугаар сард  шинэ жилийн өмнө Бэхбат согтуу гэрт орж ирээд агсам тавиад зүүн нүд рүү цохиж, хөхрүүлж байсан. Дараа нь 2018 оны 2 дугаар сард цагаан сарын өмнө  гэртээ согтуу орж ирээд толгой руу цохиж байсан. Би 2018 оны 01, 07, 09 сард Бэхбатад  зодуулаагүй..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 12-14х, 150х, 181-182х/,

2. Хохирогч Г.Бэхбатын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би согтуу байсан болохоор эхнэрээ зодсон талаар болон  Магнайд зодуулсанаа ч санахгүй байгаа юм.  Би эхнэрээ зодоод цус нөжтэй нь холиод аймар болгосон байсан. Энэ байдлыг хараад манай хүү А.Магнай нь сэтгэл санаа цочирдсоны улмаас намайг дээрээс дэвсэж гэмтэл учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 17-18х/,

3.Хохирогч Ш.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А.Магнай гэх залуутай гэр бүл болоод 6 жил болж байна. Дундаасаа 4 настай хүүтэй, би дагавар 11 настай охинтой. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, хилчин 1-10 тоотод амьдардаг байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө Төв аймаг руу явж ээжийнхээ гэрт 2 хоночхоод ирсэн. Тэгтэл Магнай хардаад утсаа шалгуул, фэйсбүүкний кодоо хэнтэй явсан энэ тэр гээд хардаад байсан. Би гар утсаа өгөхгүй гэтэл булааж аваад фэйсбүүкний кодоо хэл гээд хоёр хацар руу хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд гэрээс гараад явсан. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цагийн үед согтуу ирээд хаалга нүдээд байхаар нь би айгаад хаалгаа тайлж өгөөгүй, 20 минут гаруй хаалга нүдсэн. Тэгээд А.Магнай нь одоо би дахиж чамайг зодохгүй гээд гуйгаад байхаар хаалга тайлаад өгсөн. Тэгсэн тэр орж ирээд миний хажуугаар хэвтэж гэнэт миний толгой, гэдэс, хүзүү рүү  баруун гарынхаа чигчий хуруугаар  удаа дараа чичиж, гараараа базаж,  толгой руу 4-5 удаа цохисон. Дараа нь намайг гэрээс гараад  өрхөө татах гэхэд миний хойноос гарч ирээд миний хацар луу баруун, зүүн гараараа ээлжлэн алгадаж, зүүн талын хөлөөрөө  миний баруун гуя руу 4-5 удаа  өшиглөж зодсон. Бид  хоёр гэрлэлтээ батлуулаагүй. .” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190, 191-193, 200х/,

4. Гэрч Ж.Сувданчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Жавзанхандын төрсөн эгч Алтанцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 92 тоотод манай дээд давхарт амьдардаг юм. Манай гэр 2 давхарт тэднийх 3 давхарт амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад манай гэрт Алтанцэцэг эгч хөл нүцгэн, толгойноос нь хүзүү, хацрыг нь дагаад нэл цус гоожсон байдалтай ач хүү Тэргэлийг тэвэрсэн орж ирсэн. Тэр айгаад чичирчихсэн, ач хүү Тэргэл нь уйлчихсан байсан. Орж ирээд л миний охин Магнай ах луугаа залгаад өгөөч, Бэхбат ах чинь намайг зодоод алах шахлаа гэж хэлсэн. Аймаар айсан тайвшрахгүй чичрээд байсан. Намайг мөчлөнө гээд айлгаад байна гэсэн. Тэгээд хэсэг суулгаад тайвшруулсан. Энэ үед би Магнай ах руу залгаж хэлэх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би өөрийн төрсөн ах Ууганбаатар луу залгаж болсон асуудлыг хэлээд “та Магнай ахад дамжуулаад хэл өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл Аптанцэцэг эгч хэсэг сууж байснаа "Одоо гэр лүү орохгүй бол болохгүй. Бэхбат ах чинь гэрийн хамаг юм эвдлээд эсхүл аваад гараад явчихаж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд манайхаас гарахдаа Алтанцэцэг эгч таавчик өмсөөд намайг дагуулаад Тэргэлийн хамт гэртээ орсон. Гэрт нь ороход Бэхбат ах согтуу орон дээр тамхи татаад сууж байсан. Алтанцэцэг эгч гэртээ ороод цусаа угаагаад сууж байтал удалгүй гаднаас Магнай ах орж ирсэн. Тэр орж ирээд Бэхбат ахад “та одоо манай ээжийг яах гэж дандаа зоддог юм бэ?” гээд уурлаад түлхсэн юм. Тэгээд Бэхбат ахыг шалан дээр унахаар нь дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгтэл Бэхбат ах босож ирээд “ах нь одоо ингээд гараад явчихъя” гээд гадуур хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд Магнай ах бид хоёр Алтанцэцэг эгчийг аваад Гэмтлийн эмнэлэг орж, толгой, чихэнд нь оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-27х/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1276 дугаартай:

 “...Ш.Алтанцэцэгийн биед дагз, зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн зовхи, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салст, баруун бугуй, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 29х/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1302 дугаартай:

 “...Г.Бэхбатын биед баруун тал 8,9-р хавирганы хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 32х/,

7. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн гишүүдийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1хх-ийн 78-79х, 80-88х/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8258 дугаартай:

 “...Ш.Гантуяагийн биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, зүүн эгэм, баруун бугалга, шуу, зүүн өгзөг, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 207х/,

9. Шүүгдэгч А.Магнайгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 71х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 72х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /1хх-ийн 68х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 74х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1хх-ийн 73х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 75х/, ажлын газрын тодорхойлолт /1хх-ийн 76х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 232х/,

10. Шүүгдэгч Г.Бэхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 62х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 63х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /1хх-ийн 77х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 65х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1хх-ийн 64х/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /1хх-ийн 66х/, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт: “...хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар, хугацаагүй сунгасан” /1хх-ийн 67х/,

11. Шүүгдэгч А.Магнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний төрсөн эх Ш.Алтанцэцэг нь нөхөр Г.Бэхбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 92 тоотод амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчим  манай ээжийн дүүгийн  хүүхэд Ууганбаатар  над руу залгаад  “ээжийг чинь  нөхөр Бэхбат нь аймаар зодсон байна гэнээ,  манай гэрт ээж чинь толгой нь хагараад цус нь гоожсон байдалтай, гуталгүй хөл нүцгэн, чиний хүү 03 настай Тэргэлийг дагуулаад орж ирлээ гэж дүү Сувданчимэг хэллээ гэхээр нь ажлаасаа чөлөө аваад очиход манай ээж, миний хүү хоёр уйлчихсан, ээж нүүр, толгойныхоо цусаа цэвэрлэж байсан. Манай ээжийн нөхөр Бэхбат жижиг өрөөнд орон дээрээ согтуу юу ч болоогүй юм шиг сууж байсан. Би түүнд “Та яагаад ээжийг зодож байгаа юм бэ” гэхэд урдаас “би зодоогүй” гээд уурлаад “би ер нь явлаа” гээд гараад зугтаах гэхээр нь би хойш нь түлхэхэд тэр шалан дээр унасан. Тэгэхээр нь би уурлаж давчдаад түүнийг зодоогүй гээд худлаа яриад зугтаах гээд байсан учир шалан дээр унасан байхад нь дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгээд түүнд би учирлаж хэлсэн “та урьд нь дандаа ингэж зодоод зугтаад гараад явдаг байсан гэж ээж хэлсэн, одоо та гар” гээд гэрээс гаргасан. Тэр шууд хувцсаа өмсөөд гараад явсан...

...Би Ш.Гантуяа гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 6 жил болж байна. Дундаасаа 4 настай хүүтэй бид хоёр хамт амьдрахдаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, хилчин 1-10 тоотод амьдраад нэг жил гаруй болж байна. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирэхэд Гантуяа намайг хөөгөөд байсан. Гантуяаг би чи хаашаа яваад ирж байгаа юм гэж хардаад маргалдаад байхаар нь би хацар руу нь нэг удаа алгадчихаад би гэрээсээ гарч яваад ээжийнхээ гэрт очоод орой нь ажил дээрээ очоод байж байхад Гантуяа 21 цагийн үед дуудахаар нь би гэртээ очсон. Гантуяа машиндаа суусан согтуу гэрийн түлхүүрээ олохгүй байна гэж хэлээд сууж байсан. Би гэрийн хаалгаа эвдэлж онгойлгож Гантуяаг гэрт оруулсан. Гар утсанд танихгүй дугаараас дуудлага ирсэн, утсыг нь сонирхоод үл таних залуутай амралтанд авахуулсан зураг, өөр рүү явуулсан мессенжер зураг, фэйсбүүк рүү орохоор нөгөө залуутай видео дуудлага хийсэн байсан. Тэгэхээр нь би уурлаад хэрүүл хийгээд энэ залуу чинь хэн бэ гэж маргалдаад ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод сэтгэл санаагаар унаад шөнийн 02-04 цагийн хооронд найзтайгаа архи уусан. 2019 оны 07 дугаар сарын 03-ны үүрээр 05 цагт гэртээ ирээд Гантуяагийн хажуугаар ороод хэвтсэн, Гантуяа надаас зугтаагаад өөр ор руу яваад намайг цаашаа зайл гээд байсан. Тэгэхээр нь уурлаад хацар нь тус газар нь 2-3 удаа алгадсан, намайг зөрүүлээд толгой руу цохиод байхаар нь ноцолдоод бугалганаас базсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243-246х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

12. Шүүгдэгч Г.Бэхбатын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэрээ зодож гэмтэл учруулсандаа маш их харамсаж гэмшиж буруугаа ойлгож байна. Би согтуудаа эхнэрээ гурилын модоор зодож тархи толгойд нь их  гэмтэл учруулсан байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 3-4х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Магнай нь хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар  онц харгис хэрцгийгээр,  хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, түүнийг эсэргүүцэж, биеэ  хамгаалж чадахгүй  болохыг мэдсээр байж  буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

Мөн шүүгдэгч А.Магнай нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр, 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Магнайд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Магнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 7 сар 10 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай,

- Шүүгдэгч Г.Бэхбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр, 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, улмаар Г.Бэхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 24 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.Магнай “...би өөрийн үйлдсэн хэргүүд дээр маргасан зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэж,

Шүүгдэгч Г.Бэхбат “...би эхнэрээ зодож гэмтэл учруулсандаа харамсаж байна. Надад оногдуулах торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Харчин овогт Алтанцэцэгийн Магнайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Учир нь,

-хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэг нь гэмт этгээд нь хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө аливаа гэмт халдлагаас хамгаалах чадваргүй, боломжгүйг буюу өөрийнх нь гүйцэтгэж буй гэмт үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүйг ухамсарласан байхыг ойлгоно.

Тус хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Г.Бэхбат нь осолд орж хөлөө  тайруулсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувь тогтоосон, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх боловч тэрбээр согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, энэ үедээ байнга биш боловч үе үе хамтран амьдрагч Ш.Алтанцэцэгт гарч хүрч хүч хэрэглэдэг, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ш.Алтанцэцэгтэй маргалдан түүнийг ганжин модоор цохих, газар унасан байхад хөлөөрөө дээрээс нь дэвсэх зэргээр хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийснээс хохирогч Ш.Алтанцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Г.Бэхбат нь хөгжлийн бэрхшээлтэй боловч өөрийн хүсэл зоригийн дагуу аливаа үйлдлийг тодорхой хэмжээгээр хийх чадвартай байх ба өөрийнх нь эсрэг хийгдэж буй үйлдэлд хариу үйлдэл ч мөн адил хийх чадвартай байгаа нь харагдаж байх тул “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг утгаар нь түүнийг биеэ хамгаалах чадваргүй этгээд гэж үзэх, дүгнэх боломжгүй байна.

Иймээс хохирогч Г.Бэхбат нь шүүгдэгч А.Магнайгийн хүч хэрэглэсэн үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж тодорхой үйлдэл хийх чадвартай байсныг үгүйсгэхээргүй, мөн нөгөө талаас шүүгдэгч Магнайн хувьд түүнийг өөрийнх үйлдлийн эсрэг хариу үйлдэл хийх чадваргүйг мэдсэн, ухамсарласан байсан эсэх нь эргэлзээ бүхий байх тул “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж шүүгдэгч А.Магнайгийн эрхзүйн байдлыг хүндрүүлэх үндэслэлгүй юм.

-Мөн “онц харгис хэрцгийгээр” гэдэг нь хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэсний улмаас өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон... зэрэг үйлдлийг хамааруулан үзэхээр байгаа боловч хохирогчид учирсан олон тооны шарх учруулсан хэрэг  болгоныг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Учир нь тухайн гэмт үйлдлийг хэрэгжүүлж буй субъект буюу гэмт этгээд нь өөрийн сонгосон, хэрэгжүүлж буй аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, түүний үйлдлээс учрах үр дагаврыг хүсэж санаатай үйлдсэн байж “онц харгис хэрцгийгээр” гэсэн шинжийг агуулж байгаа юм.

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч А.Магнай нь өөрийн төрсөн эх Ш.Алтанцэцэгийг хамтран амьдрагч Г.Бэхбатад зодуулсаны улмаас толгой, чихнээс нь цус гарсан, нүүр ам нь хавдсан байдалтай байхыг харан уурлаж эхийгээ өмөөрч Г.Бэхбатын биемахбодид халдсаны улмаас хохирогчид олон тооны шарх учирсан /үр дагавар/ байх боловч А.Магнай нь үйлдлийн аргын хувьд онц харгис хэрцгийгээр хандсан байдал тогтоогдоогүй тул тус шинж үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар хөнгөрүүлэн зүйлчилсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Магнай, Г.Бэхбат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэмээн зүйлчилж ирүүлснийг, тэдгээр нь үйлдлийн аргынхаа хувьд онц харгис хэрцгийгээр хандсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байх тул онц харгис хэрцгийгээр гэсэн шинжийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч А.Магнай нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 92 тоотод оршин суух иргэн Г.Бэхбатыг “өөрийн эх Ш.Алтанцэцэгийг зодлоо” гэх шалтгаанаар уурлан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Г.Бэхбатын: “...Би эхнэрээ зодоод цус нөжтэй нь холиод аймар болгосон байсан. Энэ байдлыг хараад манай хүү А.Магнай нь сэтгэл санаа цочирдсоны улмаас намайг дээрээс дэвсэж гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Ж.Сувданчимэгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад манай гэрт Алтанцэцэг эгч хөл нүцгэн, толгойноос нь хүзүү, хацрыг нь дагаад нэл цус гоожсон байдалтай ач хүү Тэргэлийг тэвэрсэн орж ирээд л миний охин Магнай ах луугаа залгаад өгөөч, Бэхбат ах чинь намайг зодоод алах шахлаа гэж хэлсэн. ...Алтанцэцэг эгч гэртээ ороод цусаа угаагаад сууж байтал удалгүй гаднаас Магнай ах орж ирсэн. Тэр орж ирээд Бэхбат ахад “та одоо манай ээжийг яах гэж дандаа зоддог юм бэ?” гээд уурлаад түлхсэн юм. Тэгээд Бэхбат ахыг шалан дээр унахаар нь дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгтэл Бэхбат ах босож ирээд “ах нь одоо ингээд гараад явчихъя” гээд гадуур хувцсаа өмсөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1302 дугаартай:

 “...Г.Бэхбатын биед баруун тал 8,9-р хавирганы хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 32х/,

Шүүгдэгч А.Магнайгийн: “...Манай ээжийн нөхөр Бэхбат жижиг өрөөнд орон дээрээ согтуу юу ч болоогүй юм шиг сууж байсан. Би түүнд “Та яагаад ээжийг зодож байгаа юм бэ” гэхэд урдаас “би зодоогүй” гээд уурлаад “би ер нь явлаа” гээд гараад зугтаах гэхээр нь би хойш нь түлхэхэд тэр шалан дээр унасан. Тэгэхээр нь би уурлаж давчдаад түүнийг зодоогүй гээд худлаа яриад зугтаах гээд байсан учир шалан дээр унасан байхад нь дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгээд түүнд би учирлаж хэлсэн “та урьд нь дандаа ингэж зодоод зугтаад гараад явдаг байсан гэж ээж хэлсэн, одоо та гар” гээд гэрээс гаргасан. Тэр шууд хувцсаа өмсөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 243-246х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Мөн шүүгдэгч А.Магнай нь 2019 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчиний 1-10 тоот гэртээ хамтран амьдрагч Ш.Гантуяаг бусадтай хардсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.Гантуяагийн: “...Би А.Магнай гэх залуутай хамт амьдраад 6 жил болж байна. Дундаасаа 4 настай хүүтэй, би дагавар 11 настай охинтой, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, хилчин 1-10 тоотод амьдардаг байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө Төв аймаг руу явж ээжийнхээ гэрт 2 хоночхоод ирэхэд Магнай хардаад утсаа шалгуул, фэйсбүүкний кодоо хэнтэй явсан энэ тэр гээд байсан. Би гар утсаа өгөхгүй гэтэл булааж аваад фэйсбүүкний кодоо хэл гээд хоёр хацар руу хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд гэрээс гараад явсан. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цагийн үед согтуу ирээд хаалга нүдээд байхаар нь би айгаад хаалгаа тайлж өгөөгүй, 20 минут гаруй хаалга нүдсэн. Тэгээд А.Магнай нь одоо би дахиж чамайг зодохгүй гээд гуйгаад байхаар хаалга тайлаад өгсөн. Тэгсэн тэр орж ирээд миний хажуугаар хэвтэж гэнэт миний толгой, гэдэс, хүзүү рүү  баруун гарынхаа чигчий хуруугаар  удаа дараа чичиж, гараараа базаж,  толгой руу 4-5 удаа цохисон. Дараа нь намайг гэрээс гараад өрхөө татах гэхэд миний хойноос гарч ирээд миний хацар луу баруун, зүүн гараараа ээлжлэн алгадаж, зүүн талын хөлөөрөө миний баруун гуя руу 4-5 удаа өшиглөж зодсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 190х, 191-193х, 200х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8258 дугаартай:

 “...Ш.Гантуяагийн биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, зүүн эгэм, баруун бугалга, шуу, зүүн өгзөг, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 207х/,

Шүүгдэгч А.Магнайгийн: “...Би Ш.Гантуяа гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 6 жил болж байна. Дундаасаа 4 настай хүүтэй, бид хоёр хамт амьдрахдаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, хилчин 1-10 тоотод амьдраад нэг жил гаруй болж байна. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирэхэд Гантуяа намайг хөөгөөд байсан. Гантуяаг би чи хаашаа яваад ирж байгаа юм гэж хардахад өөдөөс маргалдаад байхаар нь би хацар руу нь нэг удаа алгадчихаад би гэрээсээ гарч явсан. 2019 оны 07 дугаар сарын 03-ны үүрээр 05 цагт гэртээ ирээд Гантуяагийн хажуугаар ороод хэвтсэн, Гантуяа надаас зугтаагаад өөр ор руу яваад намайг цаашаа зайл гээд байсан. Тэгэхээр нь уурлаад хацар нь тус газар нь 2-3 удаа алгадсан, намайг зөрүүлээд толгой руу цохиод байхаар нь ноцолдоод бугалганаас базсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243-246х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Г.Бэхбат нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 92 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Ш.Алтанцэцэгтэй мөнгөний асуудлаас үүдэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.Алтанцэцэгийн: “...Би нөхөр Бэхбаттай хамт амьдраад 8 жил болж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цаг л болж байхад манай нөхөр согтуу гарна гэхээр нь би түүнийг “ Гараад яахав ээ, одоо унт” гэж хэлсэн. Тэгтэл тэр хэвтэж байснаа “Саяхан авсан зээлийн 600.000 төгрөг нь хаачсан юм бэ? Пизда минь” гээд хараагаад босож ирээд гурилын ганжин модыг надаас булааж аваад намайг цохих гэхээр нь би түүнийг цааш нь түлхэхэд тэр ор луу унасан. Тэр орны толгойд толгойгоо цохичхоод “Чи намайг зоддог хэн юм” гээд агсраад босож ирээд миний гараас ганжин модыг булааж аваад намайг тэр модоороо толгой, нуруу луу нүдээд байсан. Мөн намайг газар унагаад дээшээ харуулж хэвтүүлээд цээжин дээр хөлөөрөө дэвсэлсэн. Энэ үед манай ач хүү айж уйлаад би арай гэж босож ирээд ач хүүгээ тэврээд хөл нүцгэнээр ач хүүгээ тэврээд 2 давхарт амьдардаг төрсөн дүү Жавзанхандын хүү Ууганбаатарын хаалгыг тогшиж ороод тусламж гуйсан. ...Миний чих, толгойноос маш их цус гоожиж, би цусандаа хутгалдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1хх-иийн 12-14, 150, 181-182х/,

гэрч Ж.Сувданчимэгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад манай гэрт Алтанцэцэг эгч хөл нүцгэн, толгойноос нь хүзүү, хацрыг нь дагаад нэл цус гоожсон байдалтай ач хүү Тэргэлийг тэвэрсэн орж ирсэн. Тэр айгаад чичирчихсэн, ач хүү Тэргэл нь уйлчихсан байсан. Орж ирээд л миний охин Магнай ах луугаа залгаад өгөөч, Бэхбат ах чинь намайг зодоод алах шахлаа гэж хэлсэн. Аймаар айсан тайвшрахгүй чичрээд байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-27х/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1276 дугаартай:

 “...Ш.Алтанцэцэгийн биед дагз, зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн зовхи, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салст, баруун бугуй, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 29х/,

Шүүгдэгч Г.Бэхбатын: “...Би эхнэрээ зодож гэмтэл учруулсандаа маш их харамсаж гэмшиж буруугаа ойлгож байна. Би согтуудаа эхнэрээ гурилын модоор зодож тархи толгойд нь их  гэмтэл учруулсан байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 3-4х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарчгэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгчээ.

Шүүгдэгч А.Магнай, хохирогч Ш.Гантуяа нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 6 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох тэдгээрийн мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон, мөн шүүгдэгч Г.Бэхбат, хохирогч Ш.Алтанцэцэг нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 8 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч А.Магнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч А.Магнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Бэхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Бэхбат, хохирогч Ш.Алтанцэцэг хохирогч Ш.Гантуяа нар нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Магнай, Г.Бэхбат нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Магнайгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдал, хор уршгийн шинж чанар, хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүй, мөн шүүгдэгч А.Магнай нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг нь харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний сарын цалин хөлс 600.000 төгрөг гэх тул оногдуулах торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Г.Бэхбатын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байдал, хор уршгийн шинж чанар, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, мөн шүүгдэгч Г.Бэхбат нь ахуйн ослын улмаас шилбэ тайрагдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар тогтоосон, группт байдаг зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, тэрбээр сард 240.000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэх тул оногдуулах торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Харчин овогт Алтанцэцэгийн Магнайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Магнай, Г.Бэхбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэмээн зүйлчилснийг онц харгис хэрцгийгээр гэсэн шинжийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Харчин овогтой Алтанцэцэгийн Магнайг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Бөхчүүд овогтой Ганбатын Бэхбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч А.Магнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Бэхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Магнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1700 /нэг мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Магнайд оногдуулсан 1700 /нэг мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд төлөхөөр,

Шүүгдэгч Г.Бэхбатад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Магнай, Г.Бэхбат нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ