| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/0402/И |
| Дугаар | 222/МА2026/00008 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 222/МА2026/00008
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаар шийдвэртэй,
хариуцагч *******т холбогдох ,
нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,155,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,
тусгайлсан журмаар шийдвэрлэх иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар
оролцов.
ХЯНАВАЛ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “Манай нөхөр *******ыг хүү *******ынхаа өмчлөлийн ******* улсын дугаартай автомашинаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байх үед нь ******* улсын дугаартай машины жолооч ******* мөргөж, зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас “*******” ХХК-ны үнэлгээгээр эд хөрөнгөд 2,035,000 төгрөгийн хохирол учруулсан. ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь албан журмын даатгалд даатгагдсан байсан учраас “*******” ХХК-аас 1,585,000 төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн. Бид авто машинаа Улаанбаатар хотод засварлуулсан бөгөөд даатгалаас өгсөн нөхөн төлбөр нь засварын зардалд хүрээгүй. Сэлбэг хэрэгсэл, засварын хөлс, шатахууны зардалд нийт 2.740.000 төгрөг зарцуулсан. Иймд автомашины засварын зөрүү мөнгө болох 1,155,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргасан.
3.Хариуцагч ******* нь “Миний бие “” ******* маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, цагдаа болон даатгал дуудаж, тус автомашинд учирсан хохирлыг даатгалаас нөхөн төлсөн. Нэхэмжлэгч нь даатгалаас нөхөн төлбөр авсан атлаа дахин ижил төрлийн зардлыг надаас нэхэмжилж байгаа нь давхардуулсан шаардлага юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 655,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг хангахгүй орхиж, нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан. Хохирлыг даатгалын байгууллагаас нөхөн төлсөн. Даатгалаар нөхөн төлсөн байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн дагуу бодит хохирлыг нэг л удаа төлөх бөгөөд давхардуулан төлүүлэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан 655,000 төгрөгийн зардал нь даатгалаар төлсөн зардлыг давхардуулсан, зарим засварын зардал нь өмнөх эвдрэлтэй холбоотой байж болзошгүй, нотлох баримтаар бүрэн баталгаажаагүй, нэхэмжилж буй зардал нь тухайн ослоос шууд үүссэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод засварлуулсан гэх зардлыг надаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч өөрийн сонголтоор хотод очиж засвар хийлгэсэн. Манай нөхөр өөрөө машин засдаг учраас аймагт засаж өгч болох байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг. Осол гарсан талаар хариуцагч маргадаггүй, ослын улмаас учирсан хохирлыг төлөхгүй гэж маргадаг. Хариуцагчийн зүгээс биднийг машинаа аймагт засуулах боломжтой байтал өөрсдөө дураараа Улаанбаатар хот руу явсан гэх буруутгадаг. Бид засаж өгөхийг нь хүлээсэн. Бүтэн сарын дараа Улаанбаатар хот руу явж засуулсан байдаг. Даатгалаас 1,585,000 төгрөг, хувиасаа 950,000 төгрөг төлсөн. Хувиасаа төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Бид нийт гарсан зардлаа нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хойд хоёр гэрлийг төлбөрөөс хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Шил нь хуучин хагарсан байж болно. Эд зүйлийн үнэлгээ дээр тийм юм байсан. Үнэлгээний баримтыг хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар өгөхөд нь танилцсан. Урьд нь танилцаагүй байсан. Шүүхээс энэ 500,000 төгрөгийг хасаж тооцсон байсан гэтэл машины ар талын гупер, багааж гээд бүгдийг нь цөмлөөд цааш нь оруулчихсан байсан. Тэгэхэд ард талын 2 шил бүтнээрээ үлдэнэ гэж байхгүй бүгд тэр чигтээ эвдэрч байгаа юм. ийн буруутай үйлдлээс осол гарсан байдаг учирсан хохирол, осол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байгаа. Даатгалаас хохирлын 70 хувийг төлсөн үлдсэн хохирол нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,155,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Ослын улмаас учирсан хохирлыг даатгалаар нөхөн төлсөн, дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж эс зөвшөөрч, маргажээ.
8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Учир нь:
9.Хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгч *******ын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, нэхэмжлэгчийн автомашинд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, авто тээврийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зарлагын болон даатгалын нөхөн төлбөрийн баримтууд, “*******” ХК-аас нөхөн төлбөр төлсөн баримт, Төрийн банкны дугаартай дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. (Хэргийн 8, 12-18, 29-30, 40 дугаар хуудас) Хэргийн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
10.Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн “” маркийн 21-31 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,035,000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 1,585,000 төгрөгийн хохирлыг “*******” ХК-аас нөхөн төлж, барагдуулсан болох нь зохигчдын тайлбар, даатгалын нөхөн төлбөрийн баримтаар нотлогдож байна. (Хэргийн 8, 29-30 дугаар хуудас)
Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотод очиж засуулахад сэлбэг хэрэгсэл, засварын хөлс, шатахууны зардалд нийт 2,740,000 төгрөг зарцуулсан гээд даатгалаас нөхөн төлсөн 1,585,000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэх 1,155,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлдээ тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, “*******” ХК-аас нөхөн төлбөр төлсөн баримт, зарлагын болон бусад баримтуудыг хавсаргажээ. (Хэргийн 12-18 дугаар хуудас)
11.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, Төрийн банкны дугаартай дансны хуулга, “*******” ХК-ийн нөхөн төлбөрийн баримт зэргийг харьцуулан шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, ******* улсын дугаартай, “” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг засварлахад гарсан 655,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж, уг автомашины 2 ширхэг хойд гэрлийн үнэ 500,000 төгрөгтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зохигчдын хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчлан заасан байдаг.
Энэ хуулийн дагуу уг тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг засаж, гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.
Хариуцагч уг хохирлыг даатгалаас нөхөн төлсөн гэж маргах боловч, даатгалын компани хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үлдэх хохирлыг нэхэмжлэгчид төлж, хохирлыг бүрэн арилгах шаардлагатай юм.
12.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч нь өөрийн буруугаас болоогүй болохыг нотолж чадаагүй, мөн дээрх зардлууд нь даатгалаас нөхөн төлсөн зардалтай давхардаж байгаа талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.
13.Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 20,300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.4 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалт, 167.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлал шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ