| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0282/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/280 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пид холбогдох эрүүгийн 1925005810365 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.П
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Пийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн тоглоомын талбай дээр бага насны Э.Эрдэнэбулганыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Бүгдийг ярьсан тул ярих зүйлгүй. Архинаас хол явах шаардлагатай гэдгээ ойлголоо. Хохирол төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Насанд хүрээгүй хохирогч Э.Эрдэнэбулганы мэдүүлсэн “Би 2019 оны 08 сарын 13-ны өдөр Өсөхөө агаатай хамт сургууль дээр очоод агаа гар бөмбөг тоглоод би утсаар нь тоглож байсан. Гэтэл Өсөхөө агаа намайг хөл бөмбөгийн талбайн гаднаас дуудсан. Тэгэхээр нь би утсаараа тоглож байгаад хөл бөмбөгйин талбайгаас гарах гээд явж байтал нэг согтуу ах хажуу талаас цохиод би баруун талаараа чулуун дээр унасан. Гэтэл тэр ах намайг дээрээс толгой руу 2-3 удаа цохиж хөл рүү 1 удаа цохисон. Өсөхөө агаа найзуудтайгаа ирж салгасан. Удалгүй Өсөхөө агаа цагдаа дуудаад тэр ахыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
-Хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Миний хүүгийн эмчилгээний зардал болон Улаанбаатар хотоос ирж буцсан зардал нийтдээ 742,600 төгрөг болсон. П миний хүүгээс уучлалт гуйж эмчилгээний зардал төлсөн. Надад гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Гэрч Ц.Сэлэнгийн өгсөн: ...Манай дүү Өсөхбаяр уйлчихсан зогсож байсан бөгөөд цагдаа нар ирээд манай дүү Эрдэнэбулганыг зодсон залууг машиндаа суулгаад аваад явсан. Би дүү нараа машиндаа суулгаад нэгсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж Эрдэнэбулганы биеийн байдлыг эмчид үзүүлсэн. Манай дүү Эрдэнэбулганыг эмч үзчихээд толгойных нь зүүн талд бага зэрэг шалбарсан байсан шархыг цэвэрлээд маргааш өглөө хүрч ирээд мэргэжлийн эмчид үзүүлээд шинжилгээ өгөөрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Л.Өсөхбаярын өгсөн: ...Тухайн үед манай дүү Эрдэнэбулган хажуу талын талбай дотор миний гар утсаар тоглоод сууж байхаар нь би дүүгээ дуудсан чинь манай дүү хаалгаар нь гарч яваад нөгөө согтуу ахын хажуугаар өнгөрсөн чинь тэр ах манай дүүг толгой руу нь цохиж унагаагаад улмаар дээр нь гарч сууж байгаад толгой руу нь 4-5 удаа цохисон. Мөн ганц нэг өшиглөсөн байх. Тэгэхээр нь би гүйж очоод тэр ахыг болиулах гэсэн чинь миний хөлнөөс зуурчихаад тавихгүй байсан.Энэ үед миний таньдаг ах нар тэр ахыг Эрдэнэбулганаас салгахаар нь би цагдаа дуудаад мөн эгч Сэргэлэнг дуудсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 549 дугаартай ... Э.Эрдэнэбулганы биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шилбэнд цус хуралт бүхий гэмт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар нь байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх- ийн 25-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.П нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын нутаг дэвсгэрт байрлах 15-р сургуулийн тоглоомын талбай дээр 2011 оны 8 дугаар сарын 12-нд төрсөн бага насны Э.Эрдэнэбулганыг шалтгаангүйгээр зодож цохин биед нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Б.Пийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бага насны хүн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай,нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Пийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын нутаг дэвсгэрт байрлах 15-р сургуулийн тоглоомын талбай дээр бага насны Э.Эрдэнэбулганыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-ийн “П миний хүүгээс уучлалт гуйж эмчилгээний зардал 742600 төгрөгийг төлсөн. Надад гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Пид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ