Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 01019

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Орхонтуул сум 1-р баг Рашаант 2-7 тоотод оршин суух Хөхнуур овгийн Лхагважавын Дамдинсүрэн /МК: 96121015/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-18-45 тоотод оршин суух Шаавай овгийн Мариушын Баянсан

4 778 000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дамдинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дамдинсүрэн нь 2015 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Өгөөмөрийн арлаас 5000 боодол хадмал бэлтгэж өвсөө 2016 оны 01 сараас Эрдэнэт хотод авчирч, Эрдэнэт буудлын урд машинтайгаа зогсож зарж борлуулж байсан. Надтай хамт Баянсан гэдэг залуу бонго машинтай өвс зарж байсан. 2016 оны 03 сарын 20-ны үед Баянсан “хоёулаа өвсөө Булган аймгийн нөөцөд өгье, миний төрсөн эгч Нансалмаа тэнд 3000 боодол өвсний гэрээ хийсэн байна” гээд эгчийгээ гэх эмэгтэйтэй хамт намайг ятгасан.  Миний эгч найдвартай дансанд нь оронгуут мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн. Би тэдэнд итгээд вагоноор ачиж ирсэн 700 боодол өвс, бонгогоор ачиж ирсэн Анхбаатарын 84 боодол өвсийг өгөөд нийт 784 боодол болсон. Өөрсдийнх нь 1716 боодол байсан. Ингээд 3000 боодлоос 500 боодол өвс дутсан. Тэд надаас 500 боодол өвс нэмээд олоод өгчих гэж гуйсан. Би өөрт байсан мөнгөөрөө 900 000 төгрөгөөр 500 боодол өвс авч ачуулсан. Энэ бүх өвсийг Лхагвадорж гэдэг жолооч ОРХ 38-35 улсын дугаартай Хово машинаар 4 удаа Булганы нөөцөд буулгасан. Лхагвадоржийн утас 88367756. Энэ жолооч гэрчилж өгнө гэсэн. Өвс тээвэрлэх хөлс 1 200 000 төгрөгөөс би 700 000 төгрөг, ачигчийн хөлс 250 000 төгрөг, 250 000 төгрөгийг хүн дайлж цайлах гэж авсан. 100 000 төгрөгийг өөрийн машины бензинд зарцуулсан. Дээр гарсан зардлын 50 хувийг би хариуцах ёстой гэж ойлгож буй учир зөрүү 400 000 төгрөг байна. Надаас гарсан 784+500=1284 боодол өвсний үнэ 6 420 000 төгрөг болсон. Үүнээс 10 шимтгэл гэсэн 5 778 000 төгрөг нь гар дээр ирвэл зохих мөнгө. Үүнээс 1 400 000 төгрөг өгсөн. 4 378 000 төгрөг үлдсэн. Дээр нь 400 000 /зөрүү зардлын/ нийт 4 778 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дамдинсүрэн нь 4 778 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Л.Дамдинсүрэн нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Л.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй Баянсанд холбогдох 4 778 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 95 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   

         3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ