Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/296

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1925005790377 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Эыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 1-б-8 тоотод эхнэр Ү.Мөнгөнцэцэгтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ү.Мөнгөнцэцэгийн мэдүүлсэн ...Э бид хоёр Дэнжрүү гэр рүүгээ явсан. Ингээд гэртээ ирсэн бөгөөд манай гэрт хүн байхгүй хүүхдүүд амраад хот руу явсан байсан. Гэртээ орж ирэх хүртэл нөхөр бид хоёр хэрүүл хийгээгүй зүгээр яваад гэртээ ирсэн. Э нилээд согтсон байсан. Би зурагт асаагаад юм үзэх гэтэл Эрдэнэбаяр зурагтны урд зогсоод байсан. Тэгэхээр нь би зурагтнаас хол бай гэсэн чинь холдохгүй байсан бөгөөд би, хөөе чи холдооч би юм үзмээр байна гэж уурласан чинь намайг “чи муу янхан юу гээд байгаа юм бэ” гэхээр нь би “битгий хуцаад бай зайл” гэж хэлээд салаавч гаргасан чинь Э уурлаад шууд намайг орон дээр түлхэж унагаагаад миний дух болон баруун шанаа хэсэгт цохиж авсан. Тэгэхээр нь би босоод Э-тэй зууралдаж ноцолдсон юм. Тэгээд миний уур хүрээд цагдаа дуудсан бөгөөд удалгүй цагдаа ирээд Э-г ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 542 дугаартай ... Ү.Мөнгөнцэцэгийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шанааны зөөлөн эдийн няцрал, дал, бугалга, мөр шуунд цус хуралт, хурууны зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх духны зөөлөн эдийн няцрал, цус  хуралт, хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт тус тусдаа шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хааарна. Шанааны зөөлөн эдийн няцрал, дал, бугалга, мөр шуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх- ийн 13-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 1б-8 тоотод эхнэр Ү.Мөнгөнцэцэгтэй маргалдан зодож биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шанааны зөөлөн эдийн няцрал, дал, бугалга, мөр шуунд цус хуралт, хурууны зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Б.Эын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 1-б-8 тоотод эхнэр Ү.Мөнгөнцэцэгтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ү.Мөнгөнцэцэг хохирлын баримт гаргаж ирүүлээгүй байх бөгөөд “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт” хх-ийн 38-р хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ