Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2026/00012

 

“Х*********” хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01059 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах, РД:[*******], Х********* хоршоо /дарга нь С.А/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух С****** овогт С******** Б*******, Ш***** төлек овогт М******* Т*******, С****** овогт Ж****** А***** нарт холбогдох,

 

“ ...“Х*********” хоршооны ашиглах эрхтэй хадлангийн газраас 2023 оны 8 дугаар сард үндэслэлгүй хадаж авсан 9 тэвш машин өвсний үнэ нийт 13,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:  

1.1. Миний бие С.А Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдахаас гадна тус сум дахь “Х*********” хоршооны даргаар ажиллаж байгаа. Мал аж ахуй эрхэлж байгаа учраас Н********* сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутаг болох “Б********* эх” гэх газар байршилтай газраас 2010 оны сумын ИТХ-ын Т************* 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Х********* талбай хуваарилах тухай 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Х********* талбай ашиглах тухай” 55 дугаар захирамжаар бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-ын Т************* гаргасан 39-р тогтоолоор, Засаг даргын 55-р захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Дараа нь Н********* сум дахь “Х*********” хоршоонд хадлангийн талбай ашиглах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1, 53 дугаар зүйлийн 53.5 дах хэсэгт заасныг үндэслэн Н********* сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутаг болох “Б********* эх” гэх газар байршилтай газраас Н********* сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 8-р хуралдааны 08-р тогтоолын 2-р хавсралтаар буюу Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр Х********* талбайг ашиглуулах тухай А/[**] тоот захирамжаар “Х*********” хоршооны 14,5 га талбай бүхий газрыг хадлан, өвс бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулсан байдаг юм.

1.2. Гэтэл хариуцагч М.Т, Ж.А, С.Б нар нь нэхэмжлэгч миний ашиглах эрх бүхий нийт 14,5 га хадлангийн талбайн 6 га газрыг 2023 оны 8 дугаар сард зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хадаж аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь хариуцагч нарын тухайн үед хүлээн зөвшөөрч өвсний үнийг надад төлж өгөхөөр тохиролцож байсан тохиролцоо, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн үед хариуцагч М.Т, Ж.А, С.Б нар нь зөвшөөрөлгүйгээр хадаж авсан өвсний үнийг тухайн үеийн ханшаар оны эцэст төлж өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй он гарсны дараа өгнө гээд өгөөгүй ба С.Б нь хариуцаж өгнө гэсэн боловч өгөөгүй, миний бие энэ мөнгийг удаа дараа шаардахад өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ.

1.3. Хариуцагч М.Т, Ж.А, С.Б нарын дур мэдэн эзэмшигч миний зөвшөөрөлгүй хадаж авсан 6 га хадлангийн талбайн ургацын хэмжээ үнэ өртөг, хохирлын үнэлгээг Н********* сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/120 захирамжаар байгуулсан үнэлгээг тогтоох ажлын хэсгийн өвсний үнэлгээ тогтоох комиссын актыг үндэслэн нэхэмжилсэн болно.

1.4. Иймд хариуцагч М.Т, Ж.А, С.Б нараас “Х*********” хоршооны ашиглах эрхтэй хадлангийн газраас 2023 оны 8 дугаар сард үндэслэлгүй хадаж авсан 6,0 га газрын 9 тэвш машин өвсний үнэ нийт 13,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*********” хоршоонд олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Бид нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2023 оны 8 дугаар сард Н********* сумын “Х** тахар” гэх газарт байршилтай “Б********* эх” гэх газрын хадлангийн өвс хадах байтугай бид очиж байгаагүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийт 14,5 га хадлангийн талбайн 6 га газрыг хариуцагч М.Т, Ж.А, С.Б нар зөвшөөрөлгүй дур мэдэн хадаж аваад үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь өөрсдийн хүлээн зөвшөөрч, төлж өгөхөө тохирсон тохиролцоо, гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоно гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв хуурамч нотлох баримт үйлдэх, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, зохиомол нотлох баримт гаргах, гэрчээр худал мэдүүлэг гаргуулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан Н***** баримтыг хуурамчаар үйлдэх устгах болон мөн хуулийн 21.2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг болно.

2.2. Харин хариуцагч С.Б, М.Т, Ж.А бидний Н********* сумын “Х** тахар” гэх газарт байршилтай “Г*** бургас” гэх газрын хадлангийн талбайг нэхэмжлэгчийн хүү Д.С, хүргэн С.Д нар зөвшөөрөлгүй хадаж, 6 тэвш буюу 6 машин өвсний гэм хорын хохирлыг учруулсан үйлдэл нь тогтоогдож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаартай шийдвэрээр Д.С, С.Д нараар төлүүлэх шийдвэр гарсан боловч аймгийн давж заалдах шатны шүүхээс шийдвэр хүчингүй болж дахин шийдэхээр буцаасан.

2.3. Бид нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүхээс 2023 оны 8 дугаар сард Д********* хүү Д.С, хүргэн С.Д нар нь бидний хадлангийн талбайг хулгайгаар хадаж, хохирол учруулсныг тогтоож тэд нараар төлбөр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан явдалд хорсож, түүнд өширхөж, үндэслэлгүй, зохиомол байдлыг зориудаар үүсгэж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацааны давхцал 2023 оны 8 дугаар сард болж, хэргийн үйл баримт нэхэмжлэлийн шаардлага зэрэг нөхцөл байдлаар илэрхий байна.

2.4. Нэхэмжлэгч С.А нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00630 дугаартай иргэний хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч, гэрчийн хувиар оролцсон, түүний нөхөр Х.Д нь хариуцагч С.Д, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд оролцсон байдаг. Гэтэл хариуцагч бид нараас нэхэмжлэгч хадлангийн талбайн өвсийг хууль бусаар хадаж авсан бол өмнөх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх үед эсвэл шүүх маргаан шийдвэрлэхээс өмнө яагаад шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэл гомдлоо гаргаагүй байдаг билээ.

2.5. Мөн анх 2010 онд маргаан бүхий хадлангийн талбайг хуваарилсан. “Х*********” хоршоонд 2010 онд газар хуваарилж өгсөн гэж ойлгож болно. М**** 5 айлын хадлангийн талбай “Х*********” хоршооны хадлангийн талбайтай хил залгаа ойрхон байдаг. 2019 он хүртэл бид өөр өөрсдийн хуваарилж өгсөн хадлангийн талбайг хаддаг байсан. Т****** хойш “Х*********” хоршоо нь бид нарын эзэмшлийн хадлангийн талбай руу орж өвс хаддаг болсон. Ж** өнгөрөх тусам манай хадлангийн талбайд бага багаар ороод хэдэн жилийн дараа гэхэд хоёр айлын хадлангийн талбайг бүхэлд нь тэд нар хадаж авсан. Тухайн орсон гэх хадлангийн талбай А***** болон Т******* нарын эзэмшлийн хадлангийн талбай байсан. Сүүлд тэд нар хадах хадлангийн талбайгүй болсон учраас тэд тухайн газраас өвс хадаагүй. Учир нь, өөрсдийн эзэмшлийн хадлангийн талбайгаас “Х*********” хошооны хүмүүсийн дарамт шахалтаар хөөгдөж гарсан.

2.6. Нэхэмжлэгч “Х*********” хоршооны эзэн С.А нь эмэгтэй хүн байсан ч газар булаацалдаж, хэрүүл маргаан үүсгэдэг. О******** гэж хичээдэг боловч үг ойлгодоггүй их хэцүү хүн юм. Д***** хэрүүл маргаан гаргадаг учир А***** болон Т******* нар тухайн хадлангийн талбайгаас хадах газаргүй болоод хөөгдөж явсан. Тухайн хадлангийн талбайд миний ээж, А*** бид гурвын хадлангийн талбай үлдсэн байсан. 2023 онд бид тэд нарын дарамтыг дийлж чадахгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгийг А******** хүү Д.Б мэдэгдсэн. Т****** тэр “та нар шүүхэд битгий хандаарай, дараа жил бид өөр өөрсдийн хадлангийн талбайг хадах болно” гэж хэлсэн тул шүүхэд хандаагүй юм. Тэгээд дараа жил нь дахин давтахаар нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаж анхан шатны шүүхээс бид нарт ашигтай шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр гарч байсан. Миний бие 2023 онд гурван айлын хадлангийн талбайгаас нийтдээ 4 портер, өвс авсан. Тухайн үед Х******** бид хоёр л очсон ба А*****, Т******* нар очоогүй. Харин бусад бүх газрыг “Х*********” хоршооны хүмүүс хадаж авсан байна. Бид “Х*********” хоршооны хадлангийн талбайд орж өвс хадаж байгаагүй. Т*** учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна.

2.7. Иймд хариуцагч бид нар 2023 оны 8 дугаар сард Н********* сумын төвд болон тухайн онд хадланд огт ороогүй өвс хадлан хадах үйл ажиллагаанд огт биечлэн оролцож байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01059 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т, Ж.А, С.Б нараас Х********* хоршооны ашиглах эрхтэй хадлангийн газраас 2023 оны 08 дугаар сард үндэслэлгүй хадаж авсан 9 тэвш машин өвсний үнэ нийт 13,500,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х********* хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х********* хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 (хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н********* сумын “Х*********” хоршоо нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох болсныг мөн өмгөөлөгчийн хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримтыг бүрдүүлэх, тайлбар гаргах боломжоор хангаж шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндсэн хуульд заагдсан эрх хэмжээнийхээ дагуу 2025 оны 11 дүгээр сарын 25-нь өдрийн 09 дүгээр албан тоотоор албан ёсоор шүүх хуралдаанд хүргүүлсэн боловч хуралдаанаар нэхэмжлэгч “Х********* хоршооны тус шүүхэд гаргасан хүсэлтийг хангахгүйгээр тухайн өдрөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулан шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нараас нэг ч хүнийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн хавтаст хэрэгтэй танилцах, шинээр нотлох баримтыг бүрдүүлэх, тайлбар гаргах боломжоор хангахгүйгээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нарын үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж зөвхөн нэг талыг баримталсан ямар ч үндэслэлгүй шийдвэрийг гаргасан тул зөвшөөрөхгүй байна.

4.2. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 8.1-д “Нэхэмжлэгч “Х*********” хоршооны улсын бүртгэлийн дугаар 230002034, регистрийн дугаар [*******], код 519000, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: бөөний худалдааны бусад ажил болох нь 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон “Монгол Улсын Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна. Мөн энэхүү гэрчилгээний ар талд “Х****** этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл”-ээр 1-д С*** овогтой А******** захирлаар 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2-т 153300 М**** тэжээл үйлдвэрлэл, хадлан бэлтгэх эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 7-д С*** овогтой А******** даргаар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Тус тус бүртгэсэн бичилт хийгдсэн байна.”, 8.2-т “Баян-Өлгий аймгийн Н********* сумын И******* төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай “Х********* талбай хуваарилах тухай” тогтоолоор сумын газрын нэгдмэл сангийн бүтцэд орж байгаа улсын тэжээлийн сангийн талбайгаас 200 га байгалийн хадланг.ийн талбайгаас 1500 га -г сумын ААН-д, үндсэн талбайг сумын хөдөлмөрч, малчин иргэдэд 1.5 га-гаар хуваарилсан байна. У***** Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар сумын хэмжээнд байгаа өрх бүрд 1.5 га , ААН-д 10 хадлангийн талбайг тус тус ашиглуулахыг зөвшөөрсөн байна.”, 8.3-д  “Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай “Х********* талбай ашиглуулах тухай” захирамжаар хадлангийн талбайг зохистой ашиглах , хамгаалах хүсэлт гаргасан [**] дугаар багийн “Х*********” хоршооны хүсэлтийг үндэслэн газрын хэмжээ байршлыг харгалзан “Б********* эх” гэх газраас 14.5 га талбай бүхий газрыг “Х********* хоршоонд 5 жилийн хугацаатай ашиглуулсан ба олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж, жил бүр гэрээ хийж газрын төлбөрийг хугацаанд хийж байхыг “Х*********” хоршоонд үүрэг болгосон байна.” гэж дурдсан атлаа нэхэмжлэгч “Х*********” хоршоо нь тухайн олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, жил бүр гэрээ хийж байсан эсэх, газрын төлбөрийг хугацаанд төлж байсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байна гэж буруу дүгнэлт гаргасан үүнийг зөвшөөрөхгүй.

4.3. Учир нь нэхэмжлэгч миний бие С.А Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суудаг хувиараа хөдөлмөр эрхэлж амьдрахаас гадна тус сум дахь “Х*********” хоршооны даргаар ажиллаж байгаа. 2010 онд сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Х********* талбай хуваарилах тухай” 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамжаар бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу [*******] регистрийн дугаартай Улсын бүртгэлийн 230002034 дугаар гэрчилгээтэй “Х*********“ хоршоонд 10,0 га газрыг хадлан, өвс бэлтгэх зориулалтаар ашиглуулсан байдаг. [****] сумын ИТХ-ын Т************* гаргасан 39 дүгээр тогтоол,Засаг даргын 55-р захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.

4.4. [****] сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр гаргасан, хадлангийн талбай хуваарилах тухай” 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр гаргасан “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамж, хадлангийн талбайг дахин хуваарилах комиссын гишүүдийн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын бүртгэлийн газраас “Х*********” хоршоонд 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 230002034 улсын бүртгэлийн дугаартай [*******] регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд тус тус нотолно.

4.5. Дараа нь Н********* сум дахь “Х*********” хоршоонд хадлангийн талбай ашиглах зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Г***** тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 3... 30 дугаар зүйлийн 30.1, 53 дугаар зүйлийн 53.5-т заасныг үндэслэн Н********* сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутаг болох “Б********* эх“ гэх газар байршилтай газраас Н********* сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 8-р хуралдаанаар 2016 онд иргэдэд эзэмшүүлэх өмчлүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж аж ахуйн нэгж болох “Х*********“ хоршооны ашиглаж байсан хадлангийн талбайг дахин хэлэлцэж мөн өдрийн хуралдааны хуулийн хүчин төгөлдөр 08-р тогтоолын 2-р хавсралтаар “Х** харагай хоршоо”-ны урьд нь ашиглаж ирсэн 10.0 га газарт түүний шинээр ашиглалтад оруулсан 4.5 га газрыг нэмж өгч 14.5 га хадлангийн газрыг баталж өгсөн. Уг Н********* сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааны 08-р тогтоол болон тогтоолын 2-р хавсралтыг үндэслэж, Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/[**] тоот захирамжаар “Х** харагай“ хоршоонд 14.5 га талбай бүхий газрыг хадлан, өвс бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулсан байдаг. Үүнийг Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны4 дүгээр сарын 17-ны өдрөөр гаргасан хуулийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/[**] тоот захирамжийн хавтаст хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан хуулбар нотолсоор байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х*********” хоршоо нь тухайн олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, жил бүр гэрээ хийж байсан эсэх, газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байна гэж буруу дүгнэлт гаргасан тул зөвшөөрөхгүй байна. Н********* сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааны 08-р тогтоол болон тогтоолын 2-р хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, “Х*********” хоршооны тухайн олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан талаарх Г***** даамалтай байгуулж байсан жил бүрийн гэрээнүүд болон орон нутгийн төсөвт жил бүрийн газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан талаарх нотлох баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд урьд нь сум дундын анхан шатны шүүхэд хавтаст хэрэгт авагдсан ба эдгээр баримтуудыг холбогдох байгууллага болон анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн тусламжтайгаар шүүхийн журмаар гаргуулах, өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцуулж өмгөөлөгчөөр нэмэлт тайлбарыг гаргуулан шинээр нотлох баримтуудыг бүрдүүлж өгч өмгөөлөгчтэй хамт хуралдаанд оролцож тайлбар гаргах гэтэл анхан шатны шүүх миний бие С.А өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус болсон гэж зөвшөөрөхгүй байна.

4.6. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4-т [ХОТ] хотын “З******** инженер“ ХХК-ийн инженерийн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн “Н*** талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” болон 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Э******* цэгүүдийг бэхэлсэн нэгж талбарын зураг”-аар нэхэмжлэгч “Х*********” хоршоонд Н********* сумын [**]-р баг “Б********* эх“ гэдэг газраас ашиглуулсан хадлангийн талбай нь 15000 метр квадрат газарт эргэлтийн цэгүүдийг бэхэлсэн болох нь тус тус тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг гаргасан атлаа 8.5-д “Г***** тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 дахь хэсэгт “С**** иргэдийн Т************ Х***** шийдвэрийг үндэслэн хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалан бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг эзэмшүүлж болно” гэж заасан байхад Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 17-нь өдрийн А/88 дугаартай захирамжаар хадлангийн зохистой ашиглах хамгаалахаар хадлангийн талбай ашиглуулах тухай захирамж гаргасан мөн Г***** тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Х***** саналыг үндэслэн хуваарилж , түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан байхад Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай “Х********* талбайг ашиглуулах тухай“ захирамжаар нэхэмжлэгч “Х********* “ хоршоонд Н********* сумын [**]-р баг “Б********* эх“ гэдэг газраас 14.5 га газрыг хадлангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулсан нь анхнаасаа тухайн захирамж нь хуулийн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна гэж буруу дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна.Учир нь: Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хадлангийн талбай болох “Б********* эх” гэх газар байршилтай газраас Баян-Өлгий аймгийн Н********* сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааны 08-р тогтоол, тогтоолын 2-р хавсралтыг үндэслэж Баян-Өлгий аймгийн Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/[**] тоот захирамжаар “Х*********” хоршоонд 14.5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 жилийн хугацаагаар хугацааг нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж ашиглуулсан. Үүнийг Н********* сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр “Х********* талбай ашиглуулах тухай” А/88 дугаартай захирамж, Улсын бүртгэлийн газраас “Х** харагай” хоршоонд 2009 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр олгосон 230002034 улсын бүртгэлийн дугаартай [*******] регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хавтаст хэрэгт авагдсан хуулбарууд тус тус нотолно.

4.7. Уг газрыг “Х** харагай” хоршоо өнөөдрийг хүртэл ашиглаж жил алгасалгүй хадаж эзэмшиж жил жилийн газрын төлбөр хадлангийн төлбөрийг төлж газрын даамалтай газар ашиглуулах гэрээгээ байгуулан ажиллаж ирсэн. Үүнийг Газрын даамал И.О гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй “Х*********” хоршооны дарга С.А 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, газрын Д***** Т.М гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй “Х*********” хоршооны дарга С.А 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд байгуулсан Г**** ашиглуулах гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар болон Төрийн санд тус “Х********” хоршооны хадлангийн төлбөрт төлсөн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ??=00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8816=00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12848=00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9200=00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20000=00, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9200=00 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9200=00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 40000=00 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн **** банкны дөпозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “Х*********” хоршооны 2023, 2024 оны хадлангийн төлбөрт төлсөн 17432 төгрөгийг урьд нь сум дундын анхан шатны шүүхэд өгсөн эдгээр төлбөрийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар нотлох ба эдгээр баримтуудыг тухайн байгууллага болон анхан шатны шүүхэд байгаа хавтаст хэргээс шүүхийн журмаар таргуулан хэрэгт хавсаргах гэтэл намайг өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох боломж эрхээр анхан шатны шүүх хангаагүй.

4.8. Гэтэл бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу [*******] регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 230002034 дугаар гэрчилгээтэй “Х** харагай” хоршооны “Б********* эх” гэх газар байршилтай газраас хууль журмын дагуу 14.5 га хадлангийн газрыг хуваарилуулан авсан нь “Х** харагай” хоршооны хавтаст хэрэгт авагдсан Н********* сумын ИТХ-ын Т************* 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Х********* талбай хуваарилах тухай” 39-р тогтоол, Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Х********* талбай ашиглах тухай” 55-р захирамж, Н********* сумын ИТХ-ын хүчин төгөлдөр 8-р тогтоол, тогтоолын 2-р хавсралтыг үндэслэж гаргасан Н********* сумын Засаг дарга К.Х өөрийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр “Х********* талбайг ашиглуулах тухай” А/[**] тоот захирамж, албан ёсны зөвшөөрөлтэй [ХОТ] хотын “З******** инженер“ ХХК-ны гаргасан кадастрын зураг, хадлан хуваарилсан комиссын шийдвэр тодорхойлолт, “Х** харагай” хоршоонд олгосон хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг ба “Х** харагай” хоршооны тус сумын газрын даамалтай олон жил байгуулж байсан газар ашиглуулах гэрээнүүд болон гэрээнийхээ дагуу жил жилээр татварын байгууллага орон нутгийн төсөв санхүүгийн байгууллагад төлж байсан хадлангийн татвар хураамжийн мөнгөний баримтууд болон тус сумын иргэдийн болон багийн засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдож нотлогдсоор байхад буруу дүгнэлтийг гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.

4.9. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.7-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нотлох баримтаа өөрөө гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тухайн үед хариуцагч нар өвсний үнийг надад төлж өгөхөөр тохиролцож байсан гэх боловч энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримт байгаа гэх боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно гэсэн байна үүнийг бас зөвшөөрөхгүй байгаа. Учир нь: Нэхэмжлэгч миний бие С.А сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н********* сумын “Х*********" хоршоо нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох болсныг албан ёсоор мэдэгдэж, мөн өмгөөлөгчийн хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримтыг бүрдүүлэх, тайлбар гаргах боломжоор хангаж өгөхийг хүсэж шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндсэн хуульд заагдсан эрх хэмжээнийхээ дагуу “Х********“ хоршооны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр албан тоотоор албан ёсоор хүргүүлсэн байхад тус анхан шатны шүүх нь нэхэмжлэгч миний хүсэлтийг хангахгүйгээр тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэг ч хүнийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгч нарыг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангах, өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцах, тайлбар гаргах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт байгаа нотлох баримтыг шүүхэд хүргүүлэх бололцоо олгохгүйгээр, нэхэмжлэгч нар гэрчүүдээс мэдүүлэг авхуулах ёстой боловч нэхэмжлэгч нарт ийм бололцоо олгохгүйгээр нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж шүүх хуралдааныг мөн өдөр хуралдуулан нэг талыг баримталсан шийдвэрийг гаргасан тул эс зөвшөөрч байна.

4.10. Иймд  Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01059 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож хэргийг сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэн нэхэмжлэгч “Х*********” хоршооны ашиглах эрх бүхий хадлангийн талбайгаас хариуцагч М.Т, Ж.А , С.Б нарын зөвшөөрөлгүй хадаж авсан 9 /ес/ тэвш машин өвсний үнэ болох 13,500,000 /Арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулан авч өгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч “Х**************” хоршоо өөрийн “Б********* эх” гэх хадлангийн зориулалттай ашиглаж байсан газраас хариуцагч нар 6 га газар буюу  9 тэвш өвсийг үндэслэлгүйгээр хадаж авснаас болж учирсан хохирол болох 13,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2025 онд гаргасан.  2023 онд хадаж авсан өвсийг 2025 онд нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 13,500,000 төгрөгийн үнэ ханш бүхий өвсийг хариуцагч Ж.А, М.Т, С.Б нар  хадаж авсан гэх боловч хадаж авч явсан талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт  байхгүй. Т** хүмүүс “Х** харагай” хоршооны хадлангийн талбай болох “Б********* эх” гэх газраас өвс хадаж авсан, тухайн хадаж авсан өвсний үнийг дараа нь төлж өгөхөөр тохиролцсон тохиролцоо зэрэг ямар нэгэн нотлох баримт байгүй.

5.2. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад заасан нотлох үүргээ биелүүлээгүй.  Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан.

5.3. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцох боломжоор хангаагүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол дээр дурсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,   мөн 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарласан.  Нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө нь мэдсэн, баримтад гарын үсэг зурсан. Т****** өмнө нь өмгөөлөгч авч, нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан.  Т** үндэслэлээр урьд нь шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулчхаад, дараа нь дахиад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгөөд явсан.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон асуудлын хувьд ойрын хамаатан нас  барсан учраас буяны ажилд оролцож, шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэж тайлбарласан боловч анхан шатны шүүхэд өгсөн хүсэлтэд ямар нэгэн шалтгаан нөхцөлийг заагаагүй, мөн хүн нас барсан, тэрний буяны ажилд оролцох талаар нотлох баримтыг хавсаргаагүй учраас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг явуулсан.

5.4. Иймд анхан шатны шүүх хуралдааныг хууль бус явуулсан, бид нарыг оролцох эрхийг хангаагүй гэх  үндэслэл нь  няцаагдаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 13,500,000 төгрөгийн өвсийг хариуцагч нар үндэслэлгүйгээр  хадаж авсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг  ханган шийдвэрлэх боломжгүй байна. Ийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах үндсэн буюу суурь эрхийг хангаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Иймд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн “өмгөөлөгч авах эрхээр хангаагүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянасан боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үеэр хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс зохих ёсоор хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсон учраас маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийн талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна. Учир тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан болно.

 

            8. Нэхэмжлэгчээс хариуцагч нарын хууль бус үйлдлийг тогтоолгож, улмаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг тодорхойлж, 13,500,000.00 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйлийн талаар харилцан байр сууриа илэрхийлж, мэтгэлцсэн байна.

 

            9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхийн шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар тус хэргийг шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13:00 цагт хийхээр товлосон бөгөөд мөн өдөр нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа авахын тулд шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах үүднээс шүүх хуралдааныг нэг удаа 14 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх мөн өдрийн 11:07 цагт хүлээж авсан байна. Тухайн хүсэлтийг анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13:15 цагт эхэлсэн шүүх хуралдаанаар хэлэлцээд, мөн өдрийн 03540 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож “тус хүсэлтийг тухайн цаг мөчид гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй буюу тайлбарлаагүй” гэсэн агуулгатай үндэслэл зааж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэхэмжлэгч талын төлөөллийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэжээ.

 

            10. Ингэхдээ шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зохих ёсоор хангаагүй, нэхэмжлэгчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах суурь эрхийг нь эдлүүлээгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн байна.

 

            11. Хэдийгээр нэхэмжлэгчийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлд шүүх 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн, үүнээс хойш шүүх хуралдааныг товлон зарласан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд, мөн шүүх хуралдаан болох өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх, өмгөөлөгч авах, хэргийн материалыг танилцуулах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад эрхээ хэрэгжүүлэх хугацаа хангалттай байсан, энэ нь илэрхий тодорхой боловч хэргийн оролцогч нь хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эдлэх боломжтой үндсэн эрх юм.

 

12. Зарим тохиолдолд хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг эрх зүйн тодорхой байдлыг хангах буюу хууль ёсны байх зарчмыг үр дүнтэй хэрэгжүүлэх, процессын эрх зүйн дэг журмыг сахиулах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэмнэлттэй түргэн шуурхай явуулах, иргэний эрхийн хамгаалалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хязгаарлаж буй эрхийн үр дагавар, ач холбогдол нь хамгаалагдаж буй тухайн эрхийн ач холбогдлоос ямагт илүү дээгүүр гэж үзэх тэнцвэрт байдлын зарчмыг хангах, хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгжүүлэх, шаардлагатай бол улсын төсвийн зардлаар хууль зүйн туслалцаа авах хөлсийг төлөх, улсын өмгөөлөгч томилох зэргээр хууль ёсны зорилгыг хангах үүднээс “хязгаарлаж” болох бөгөөд тус суурь эрх нь туйлын эрхийн шинжийг агуулахгүй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг эдлүүлээгүй буюу хамгийн багадаа нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэх боломжоор хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг /шүүгчийн захирамжийг/ үндсэн эрхийн хязгаарлалтыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх бодитой үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” гэж,  Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14-т дүгээр зүйлд “өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх” гэж заасан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийн агуулга нь шударгаар шүүлгэх эрхийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд хэн боловч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгож авах, төлбөрийн чадваргүй бол үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах боломжоор хангагдах, түүнчлэн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах, харилцах, өмгөөлөгч нэмж авах буюу хэд хэдэн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа авахаас гадна өмгөөлүүлэх үйл ажиллагаанд бэлтгэх хугацаа хангалттай байх, энэхүү нөхцөл боломж бодитой байх зэрэг хүчин зүйлсээр тайлбарлагдана.

 

14. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг “хууль зүйн туслалцаа авах буюу өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан, өмгөөлөгч авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан нь энэ хугацаанд хүндэтгэх шалтгаантай байсан талаар тайлбарлаагүй” гэсэн үндэслэлээр, өмнө нь энэ талаар хүсэлт гаргаагүй нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах зорилгоор шүүх хуралдааныг эхний удаа хойшлуулахаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлах эрх зүйн нийтлэг зарчим болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй байна.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасныг эрх зүйн хэм хэмжээний бүтцэд дүн шинжилгээ хийх замаар, тухайн тохиолдолд зүйлчлэн авч үзвэл, “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан” гэх гипотезийн хувьд, тухайн тохиолдолд “өмгөөлөгч авах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан” үйл баримтад тохирохгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас “нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах буюу санал болгох” талаар хүсэлт гаргаагүй буюу хуулийн мөн зүйл, хэсгийн урьдчилсан нөхцөл бий болоогүй байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарласан байна.

 

16. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч С.А буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК