Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/303

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дд холбогдох эрүүгийн 1925006470387 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Д

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Дг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 1-4 тоотод оршин суух Н.Алтанхуягийн гээгдүүлсэн Хаан банкны 5127153833 дугаарын виза картнаас 1,225,400 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Дгийн мэдүүлсэн: 2019 оны 9 дүгээр сарын 07-ны орой Сарангэрэл ирсэн. 8-ны өглөө 10 цаг өнгөрөөд ажил дээр ирэхэд шалан дээрээс виза карт олсон. Сарангэрэлтэй цуг явж байхдаа кодыг нь харж байсан боловч 2 удаа буруу хийгээд гурав дахиар мөнгө авсан. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. 1,100,000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг Сарангэрэл өрөндөө суутгасан гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Н.Алтанхуягийн  мөрдөн байцаалтад өгсөн...Би эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян- Өндөр сумын Булаг багийн 1-4 тоотод амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн үед утсаа асаахад миний хаан банкны данснаас 3 удаагийн гүйлгээгээр 1,225,400 төгрөг зарлага гарсан мессэж ирсэн. Хаан банкны лавлах руу залгаад тодруулахад таны виза картыг уншуулж мөнгө авсан байна гэсэн. Тухайн өдөр манай эхнэр Сарангэрэл миний картыг авч явж байгаад Дэлгэрээгийн ажил дээр унагасан юм байна лээ....Д нь 1.100.000 төгрөг өгсөн байгаа үлдэгдэл мөнгийг нэхэмжпэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

-Гэрч Н.Сарангэрэлийн “....Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 1-4 тоотод амьдардаг. Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад гадуур явж байгаад Согоот багийн Уран хас хатгамалаас хүүхэддээ хонх авах гэтэл надад бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд Бараан захын хажууд байдаг бэлэн мөнгөний машинаас нөхөр Алтанхуягийн данснаас 4000 төгрөг аваад Уранхасаас хүүхдийнхээ хонхыг аваад шууд гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр гэртээ байж байхад нөхөр Алтанхуягийн утсанд 4 удаагийн гүйлгээгээр 1.225.400 төгрөгийн зарлага гарсан....гэсэн мэдүүлэг /хх- ийн 14-р хуудас/

-Хаан банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг болон, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 1-4 тоотод оршин суух Н.Алтанхуягийн гээгдүүлсэн Хаан банкны 5127153833 дугаарын виза картнаас 1,225,400 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан  үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогчид 1,225,400 төгрөг төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Х.Дгийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 1-4 тоотод оршин суух Н.Алтанхуягийн гээгдүүлсэн Хаан банкны 5127153833 дугаарын виза картнаас 1.225.400 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан  болох нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээсэн тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногндуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч Х.Д өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Г.Алтанхуяг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбар /хх- ийн 47-р хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгч нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Х.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Х.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсаргаж , хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ