Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1134

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                          МАГАДЛАЛ

                                                    Иан Барнесийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03531 дүгээр шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Иан Барнесийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “Ти даблью би дриллинг” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон амьдрах хугацааны зардалд нийт 908 325 600 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Уянга,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Э.Билгүүн,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч З.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Австрали Улсын иргэн /Barnes Ian Joseph/ Иан Барнес нь “Ти даблью би дриллинг” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 21 өдөр, 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээний менежерээр ажиллаж 15 000 ам.долларын цалин хөлстэй, амьдрах зардал сарын 2 500 ам.долларын тэтгэмж авахаар тохиролцсон. Ажил олгогч нь 2013 оны 5 дугаар сард тодорхойгүй шалтгаанаар, 1 сарын хугацаатай сул зогсолт зарлах тухай хэлж, 2013 оны 5 дугаар сард нийт 2 долоо хоног сул зогсолт хийж, үлдсэн 2 долоо хоногт нь ажиллахаа мэдэгдэж байсан. Энэхүү мэдэгдсэнийхээ дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр зохих журмын дагуу цалин хөлс олгоогүй бөгөөд амьдрах хугацааны зардалтай холбоотой ямар нэг хөлс, зардал олгоогүй. Улмаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлын 05\14 тоот тушаалаар цуцалсан. Тушаал гарсаныг гардуулаагүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдээгүй. “Ти даблью би дриллинг” ХХК-ийн үйл ажиллагаа тогтвортой байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгоно, ажилгүй байсан хугацааны 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 26 сарын цалин, амьдрах хугацааны тэтгэмж гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэнэ. Харин эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд 26 сарын цалинг Монголбанкнаас зарласан долларын ханш 1999.36 төгрөгөөр тооцож үндсэн цалин 778 564 800 төгрөг, амьдрах хугацааны зардал 129 760 000 төгрөг нийт 908 325 600 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Үндэслэлгүйгээр ажлаас халсан талаар шүүхэд урд нь хандсан боловч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 1074 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Хариуцагч компани Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээд. Хөдөлмөрийн гэрээг тухайн ажил олгогч өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажилтны ур чадвар, туршлагыг нь ашиглаж байгаа хэлцлийг их хэмжээний хэлцэлтэй андуурч тайлбар гаргаж байна. Мөн компаний тухай хуулийн 80 дугаар зүйл буюу их хэмжээний хэлцэл, энэ маргаанд хамаарахгүй гэжээ.

 

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээнд манай компанийг төлөөлж менежер Австрали Улсыи иргэн Тони Раин гарын үсэг зурсан байдаг. Гэтэл манай компанийн дүрмийн 6.4-т ерөнхий захирал нь компанийг гадаад дотоодод төлөөлөх бөгөөд уг компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, шүүхийн ажиллагаанд оролцож, санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй гэсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр гарын үсэг зурсан байгаа. /Barnes Ian Joseph/ Иан Барнес нь тус компанид биечлэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй, ямар шалтгаанаар ийм хэмжээний цалин авах талаар гэрээ байгуулсныг тодруулахад Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэж виз авахын тулд гэрээ хийсэн гэж хэлдэг. Түүний дотны найз Тони раин нь манай байгууллагын ерөнхий менежерээр ажиллаж байсан. Ерөнхий менежер өөрийн албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлэн нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, сар бүр цалин гаргуулах гэрээнд /Barnes Ian Joseph/ Иан барнерс, Тони Раин гарын үсэг зурсан байдаг. Тони раин тус компанийн гүйцэтгэх удирдлага биш. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр компанийн удирдлагаар хэн, хэн ажиллаж байсан талаар харагдана. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Тони раин Монгол Улсаас гарч явсан учраас хэргийг шалгах боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгсон юм. Хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалин болон тэтгэмж нь 17 500 000 ам.доллар, 24 сарын хугацаагаар гэрээ байгуулсан ба нийт 420 000 ам.долларын хэлцлийг гадаадын иргэд хооронд байгуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.3-д зааснаар хөдөлмөрийн нөхцлийн талаар дурдаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 2014 оны 4 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, ажлаас халсан тушаалыг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Ти даблью би дриллинг” ХХК-ийн зүгээс тухайн үед санхүүгийн менежерын албан тушаалтайгаар ажиллаж байсан Б.Баяржаргал 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд агуулах, засварын цехэд нэхэмжлэгч Иан барнестай уулзаж, хувийн эд хогшилийг хүлээлгэн өгөх үедээ түүнийг ажлаас чөлөөлсөн тухай 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэттэх захирлын 05/14 тоот тушаалыг гардуулсан гэж өмнөх шүүх хуралдааны явцад гэрчээр оролцох үедээ мэдүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

               Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1  дэх хэсэгт зааснаар “Ти даблью би дриллинг” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор болон амьдрах хугацааны зардал нийт 908 325 600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч  Иан Барнесийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.4 дэх зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлын 05\14 тоот тушаалаар цуцалсан боловч хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх мэдэгдлийг хуульд заасан үндэслэлээр гардуулаагүй байхад шүүх 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан гэж ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 24122 дугаар хурлын тэмдэглэлд хариуцагчийн санхүүгийн ня-бо Б.Баяржаргалын мэдүүлгийг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх нь ажил олгогчийн үүрэг байдаг. Гэвч энэ мэдэгдэл хэрэгт авагдаагүй төдийгүй, хэзээ маргаан бүхий тушаалыг гардуулсан нь тодорхойгүй байхад илтэд хууль бус шийдвэр шүүхээс гарсан гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор “Ти даблью би дрилинг" ХХК-ийн ерөнхий менежер Шинэ зеланд Улсын иргэн Тони Райн, өөрийн найз Австрали Улсын иргэн Иан Барнесийг ажилд авч өндөр үнээр цалинжуулан компанид хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн 2014250008158 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч энэ эрүүгийн хэргийг Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 185 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасан гэмт хэрэгт мөрдөгдөж байгаа "Ти даблью би дрилинг" ХХК-ийн ерөнхий менежер Шинэ зеланд Улсын иргэн Тони Райнд холбогдох эрүүгийн 2014250008158 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримтуудыг үнэлэлгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгчид хэзээ, хаана ажлаас халсан тушаалыг гардуулсныг тогтоолгүй үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Иан Барнес нь хариуцагч “Ти даблью би дриллинг” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон амьдрах хугацааны зардал нийт 733 530 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 174 795 600 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 908 325 600 төгрөг нэхэмжилж, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаасаа татгалзжээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Ажил олгогч “Ти даблью би дриллинг” ХХК-ийн захирлын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот тушаалаар Иан Барнесийг засварын цехийн менежерийн албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, хөдөлмөрийн гэрээний 16.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 16 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа анх шүүхэд гаргасан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 1 сарын 6-ны өдрийн 1074 дүгээр захирамжаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 17-18, 46 дугаар тал/

 

            Хариуцагч тал нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг гардуулсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэх боловч хариуцагч байгууллагын ажилтан гэрчийн мэдүүлэг өгсөн ба уг гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй тул ажилтан ажлаас халсан шийдвэрийг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.  

 

Харин Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 185 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү тогтоолыг авснаас хойш нэхэмжлэгч Иан Барнес нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэг сарын дотор ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй боловч хуульд зааснаар энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр /хх-ийн 29 дүгээр тал/ шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр ба тэрээр прокурорын тогтоолыг 2015 оны 12 дугаар сард гардаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурорын тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардаж авсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 29 дүгээр тал/

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03531 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

 

                                                                                                 Г.ДАВААДОРЖ