Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 490

 

   Б.Галбадрахад холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Р.Очирсүрэн,

ялтан Б.Галбадрахын өмгөөлөгч Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын давж заалдах гомдлуудаар, Б.Галбадрахад холбогдох эрүүгийн 201526011435 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Алдар овогт Бүүвэйн Галбадрах, 1977 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 8-99 тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр түүний эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 15 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ВЮ 77101290/,

Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Долгорын нүүрэн тус газарт нь алгадаж бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан, буудлын гадна авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Наранхоролыг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Галбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Галбадрахыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Галбадрахад 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих ангиас тэнсэн суллагдсан Б.Галбадрахын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Галбадрахад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Галбадрахын цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Наранхорол нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Б.Галбадрахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.        

Ялтан Б.Галбадрах давж заалдах гомдолдоо: “... Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр уг хэрэгт холбогдсон ба тухайн үед хохирогч Э.Наранхорол нь нөхөртөө ч юм уу, хэн нэгэнд цохиулсан, хамартаа гэмтэл авсан байх үедээ найзууд болох Долгор, Долгорсүрэн, Сэлэнгэмөрөн нартай бааранд шар айраг уугаад, халамцуу гарч яваад надтай тааралдаж, танилцаад дэн буудалд орж 1 шил архийг тавуулаа хувааж уусан. Тухайн үед би 200-300 грамм архи уусан ба согтоогүй байсан. Тэгээд уугаад сууж байхад хохирогч Э.Наранхорол нь Долгорсүрэн, Сэлэнгэмөрөн нарыг дагуулж гараад юм ярьж байгаад буцаж орж ирээд, намайг цохилоо гэж гүтгэн, хамт гарсан 2 найздаа “цагдаа дууд” гэж хэлээд надтай хамт буудалд үлдсэн Долгорыг дагуулаад гарсан. Би удалгүй араас нь гараад зам руу очтол нөгөө 4 эмэгтэй зам уруудаад алхаж байсан. Тэгээд тэд нартай уулзах гэтэл цагдаа ирээд намайг аваад явсан ба нөгөө 4 эмэгтэйг маргааш өглөө цагдаагийн хэлтэс дээр очиж учраа олоорой гээд зам дээр үлдээгээд явсан. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохироч Наранхорол нь Долгор, Долгорсүрэн, Сэлэнгэмөрөн нартай нийлж надаас мөнгө салгах зорилгоор “хамар луу нэг удаа цохисон” гэж үгээ нийлүүлэн цагдаад өргөдөл өгсөн. Би 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж байцаалт өгөөд хохирогч, гэрч нартай уулзах гэсэн боловч 2, 3 хоног хохирогч, гэрч нар чинь ирээгүй, олдохгүй байна гэснээр хэргийг түдгэлзүүлсэн. 2016 оны 10 дугаар сард уг хэргийг дахин сэргээж дэслэгч Мөнхтүвшин мөрдөн байцаалт явуулахдаа зөвхөн хохирогчийн үгээр шийднэ шүү гээд хохирогч Наранхорол болон надаас байцаалт авч гэрч Долгор, Долгорсүрэн, Сэлэнгэмөрөн нараас нэг ч удаа байцаалт авалгүй зөвхөн хохирогч Наранхоролын надаас мөнгө салгах зорилготой, худал гүтгэсэн мэдүүлгээр хэргийг шийдсэн. Мөн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан Долгорыг хохирогч болгож өөрчилсөн. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь “хамар луу нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн байдаг ч тухайн үед болсон асуудлын талаар ярьсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг маш их зөрүүтэй байдаг. Хохирогч Наранхорол “миний хамраас цус гараагүй” гэсэн байхад дуудлагаар очсон цагдаа “хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэж худал мэдүүлсэн байна. Мөн хохирогч Наранхоролын мэдүүлгүүд байнга өөрчлөгддөг. Эхлээд цохисон гэсэн, дараа нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гараараа алгадаж гэмтэл учруулсан гэсэн байдаг. Би зүүн гартаа хагалгаа хийлгэж, 2 удаа судас залгуулсан болохоор гэмтэл учруулах боломжгүй. Харин баруун гараараа алгадаж, цохисон  бол түүний нүүрний зүүн талд гэмтэл учруулах учиртай. Гэтэл хохирогч Э.Наранхоролын баруун талд буюу баруун нүдний хөхрөлт, няцрал, цус хуралт мөн баруун гарын бугалганд зулгарал, цус хуралт гэх мэт гэмтэл учирсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг. Иймд зөвхөн хохирогчийн буюу хэт нэг талыг барилгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.                            

Ялтан Б.Галбадрахын өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Э.Наранхорол мэдүүлэхдээ “2015 оны 7 дугаар сарын 17-ны өглөө би найз охин Улаанаа, жижиг Долгор нарын хамт 5 цагийн үед буудлаас гараад том Долгор буудалд үлдчихээр нь цонхоор харсан чинь тэр Галбадрах гэх залуу манай найз том Долгорыг алгадаад авахаар нь буудал руу ороод том Долгорыг дагуулаад гарч ирээд зам дагуу алхаад Жанцангийн автобусны буудал орчим ирэхэд Галбадрах араас таксигаар ирээд машинаас бууж ирснээ Долгорыг авч явна гэхээр нь “би явуулахгүй” гэтэл чи зайл гээд гараараа миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэр залуу Долгортой унтаж хэвтэх гээд л авч үлдэх гээд зууралдаад байхаар нь аваад гарсан чинь уурлаад бид хоёрыг цохисон юм” гэж мэдүүлсэн байдаг. Д.Долгор мэдүүлэхдээ “Галбадрах араас такситай хүрч ирээд миний араас татаад чи буудал руу буц гэхэд миний хажуу талд явсан Наранхорол чи болиоч, түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ гэж хэлтэл чи битгий хуцаад бай гээд Наранхоролын хамар луу гараараа 1 удаа цохисон. Тэр үед Сэлэнгэмөрөн, жижиг Долгор нар цагдаа дуудсан гэж мэдүүлдэг. Хохирогч Наранхорол, том Долгор нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд Галбадрах нь том Долгор гэгчтэй буудалд үлдсэн байхад Наранхорол нь буудалд буцаж орж том Долгорыг авч явсанд дургүйцэн хувийн таарамжгүй харьцаанаас болж Наранхоролын нүүрэн тус газарт нь алгадаж, хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдсон юм. Ялтан Б.Галбадрахын гэм буруутай үйлдэлд танхайрах гэмт хэргийн ямар ч шинж тогтоогдоогүй юм. Шөнийн 05 цагийн үед байхад тэр цаг хугацаанд Жанцангийн автобусны буудлын орчим хөдөлгөөн зогссон, нам гүм байдаг. Ялтан Б.Галбадрахын танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж хууль хэрэглэсэн нь үндэслэл муутай байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хууль хэрэглэж өгөхийг хүсье ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ялтан Б.Галбадрах, хохирогч Долгор, Наранхорол нарын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Хохирогч, шүүгдэгч нар урьд нь бие биенээ танихгүй, ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй болох нь тогтоогдсон. Б.Галбадрахын хувьд догшин авир, бүдүүлэг зан байдлаа бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайран Долгор болон Наранхорол нарыг алгадаж бие махбодид нь гэмтэл учруулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх зэргээр агсамнаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Долгорын нүүрэн тус газарт нь алгадаж бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч улмаар буудлын гадна авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Наранхоролыг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Наранхоролын “... Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед найз Улаанаа, том Долгор, жижиг Долгор нартай Зүүнбаянцагааны 5 дугаар гудамжны үзүүрт байдаг “Бууч” дэлгүүрийн ойролцоо уулзаад доошоо Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал руу алхсан. Хуучин эцсийн буудал дээр очоод ертөнцийн зүгээр замын баруун талд байрлах караокед орж боргио, нийслэл нэртэй пиво тус бүр 3 шилийг уусан. Тэр караокеноос 00 цаг 10 минутын үед гараад Баянхошууны 25 дугаар гудамж руу явсан. Тэгээд явж байтал нэг цагаан машинтай залуу бид нарын хажууд ирээд зогссон ба “Бүгдээрээ танилцъя, жаахан ууж сууя, би та нарыг даая” гэж хэлээд машинтайгаа дагаад байсан. Тэгээд бид нар машинд суугаад Хөтөлийн автобусны буудлын хажуу талд байрлах дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи, 7 шил пиво аваад 105 дугаар сургуулийн замын зүүн талд байрлах “Мотел” гэсэн 2 давхар буудал руу орж архи, пивоо уугаад, юм ярьж сууцгаасан. Бид нар юм яриад сууж байтал Галбадрах гэх залуу өөрийгөө шоронгоос гарч ирсэн, хүн амины хэрэгт холбогдож байсан тухайгаа ярьж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр суллагдсан гэж ярьсан. Тэгээд бид нарт шоронгийн талаар, 3 жил ял эдэлсэн талаараа ярьж, ярианы өнгө нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай болж эхэлсэн. Тэгээд би шоронгоос гараад хэнтэй ч ойртсонгүй, та дөрвийн нэг нь надтай унт гэсэн байдалтай юм яриад байсан. Тэгэхээр нь бид 4 нөгөө буудлын өрөөнөөс гараад явж байтал том Долгорыг дуудаад өөртэй чинь жаахан юм ярьж сууя гээд аваад үлдсэн. Тэр үед Улаанаа, жижиг Долгор бид 3 гадагш гараад буудлын цонх руу харж байсан. Гэтэл том Долгор, Галбадрах хоёр хоёулаа босчихсон байж байснаа Галбадрах том Долгорыг шууд алгадаад унагаачихсан. Тэгэхээр нь бид 3 гүйж ороод том Долгорыг авч гараад 105 дугаар сургуулийн хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун тийш алхсан. Тэгээд бид нар Жанцангийн автобусны буудлын дэргэд алхаад ирж байтал Галбадрах гэх залуу араас таксигаар ирээд, хөөе гэж дуудан бид нарын хажууд ирсэн. Тухайн үед би том Долгорын зүүн гар талд нь сугадчихсан явж байсан. Галбадрах ирээд том Долгорын гарнаас шууд татсан. Тэр үед би “хөөе чи болиочээ” гэж хэлтэл шууд миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доошоо суусан. Тэр үед Галбадрах гэх залуу том Долгорын нүүр лүү 2-3 удаа алгадаж харагдсан. Тэгээд би цагдаа дуудсан  ...” /хх-20-21/,

хохирогч Д.Долгорын “... Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Наранхорол, Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн нарын хамт караокед орох гээд Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байтал Галбадрах гэх залуу бид нар дээр ирээд “та нар хаашаа явж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд бид нар хамт явж Баянхошууны Хөтөлийн хүнсний дэлгүүрээс 1 шил архи, пиво авч 112 дугаар буудлын хажууд байрлах буудалд орж архи, пивоо уусан. Тэр үед Галбадрах “... би 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шоронгоос суллагдсан” гээд бид нарыг дарамтлах өнгө аястай зүйл ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би “чи наад шоронгийн талаар ярихаа болиоч” гэж хэлтэл Галбадрах “намайг чи Луусангийн шоронд байсан юм уу, хэдэн жил суусан юм бэ, хэзээ суллагдсан юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад шоронд орох нь байтугай эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй гээд муудалцсан. Тэгээд бид нар буудлын өрөөнөөс гараад явах гэтэл Галбадрах намайг үлдчих, жаахан сууя гэж хэлсэн. Тэгээд би Галбадрахтай үлдээд сууж байтал намайг 2 удаа алгадаад авсан. Тэр үед жижиг Долгор, Наранхорол, Сэлэнгэмөрөн нар орж ирээд намайг аваад гарсан. Тэгээд бид нар 105 дугаар сургуулийн хойд талын засмал замаар уруудаад явж байтал Галбадрах араас такситай хүрч ирээд миний гараас татаж чангаасан. Тэр үед хажуу талд явж байсан Наранхорол “чи болиоч, түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “чи битгий хуцаад бай” гээд Наранхоролын хамар луу нэг удаа гараараа цохисон. Энэ үед Сэлэнгэмөрөн, жижиг Долгор хоёр цагдаа дуудсан ...” /хх-23/,

гэрч Ц.Сэлэнгэмөрөнгийн “... Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Орой 18 цагийн үед Наранхорол, Долгор, Долгорсүрэн бид 4 манайд уулзаад нэг пиво хувааж уучихаад Баянхошууны хуучин эцэс рүү караокед орохоор явж байтал Наранхорол, Долгор хоёр нэг залуу руу очоод “ахаа гал байна уу” гэж асуутал нөгөө залуу нь “байна” гэж хэлээд галаа өгсөн. Тэр үед Долгорсүрэн бид хоёр уруудаад алхаж байсан. Тэгээд бид 4 Баянхошууны тойрог дээр ирээд автобусны буудал дээр зогсож байтал нөгөө гал өгсөн залуу бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд “та нар хаачих гэж байгаа юм бэ” гэхээр нь бид нар жаахан уух гээд караоке орно гэж хариулсан. Тэгтэл нөгөө залуу “бүгдээрээ хамт явж жаахан сууцгаах уу, та нарт татгалзах зүйл байхгүй биз дээ” гэсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө такси бариад дэлгүүр орж “Улаанбаатар” нэртэй 0.75 литр архи, 6 шил пиво авч 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах буудалд орж архи, пивоо ууж юм ярьж суусан. Тэр үед шөнийн 00 цаг өнгөрчихсөн байсан санагдаж байна. Нэг мэдэхэд Долгор, нөгөө залуу хоёр шоронгийн талаар яриад байсан. Тухайн үед би архи тойруулаад сууж байсан. Би Долгорсүрэнгийн хамт 00 орж бие засчихаад буудлын өрөө лүү ороход Наранхорол нөгөө залууг ор луу түлхэж байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэхэд Наранхорол “энэ залуу Долгор бид хоёрыг хүүхэн зардаг муу сайн алнууд гээд  байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 шөнийн 04 цагийн үед буудлаас гарсан. Тэр үед Долгор нөгөө залуутай буудлын өрөөнд хэрэлдээд үлдсэн. Харин Нарангэрэл, Долгорсүрэн бид 3 шөнийн 6 цаг хүртэл буудлын гадаа зогсож, юу болж байгаа талаар ажиглаад зогсож байсан. Бид нарыг гадаа зогсож байхад нөгөө хоёр буудлын хоёр талын орон дээр суучихсан архиа хувааж ууж харагдсан. Тэгээд бид 3 орж Долгорыг буудлын өрөөнөөс авч гаран хойд талын засмал зам дагаад явж байтал нөгөө залуу араас такситай ирээд суучих гэж хэлсэн. Доогий эгч “чи яваач, бид нар явлаа” гэж хэлэхэд нөгөө залуу Доогий эгчийг цохичихсон. Тэр үед Наранхорол “чи яагаад байгаа юм бэ” гээд салгах гэтэл нөгөө залуу зүүн гараараа Наранхоролын хамар луу нь цохичихсон. Тэгээд би цагдаа дуудсан...” /хх-24-25/,

гэрч Ш.Дорждаваагийн “... Би он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Тухайн үед тус хэлтсийн хэв журмын офицер цагдаагийн ахмад Сайнбилэгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 10, 28, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ачит-118 дугаар чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн үед шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Жанцангийн орчим хүнд зодууллаа гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 3 эмэгтэй, 1 эрэгтэй зогсож байсан. Нэг эмэгтэйгийнх нь хамар хугарсан, хамраас нь цус гарсан, цусаа угаасан байдалтай, хамар нь мурийчихсан харагдсан. Тэр үед би тэр хүмүүсээс та нар бие биеэ яаж таньдаг юм бэ гэж асуухад тэнд зогсож байсан залуу “би Жанцангийн тойрог руу алхаж байхад энэ гурван эмэгтэй тойргоос өгсөж яваад хоорондоо танилцаад буудалд орж хамт архи хувааж уусан. Тэгээд хамт архи ууж дуусаад буудлаас гарцгаасан юм” гэж ярьсан. Тэр үед би энэ хүүхний хамрыг хэн цохичихсон юм бэ гэж асуухад тэнд байсан бордуу царайтай, 170 см орчим өндөр нуруутай залуу би маргалдаад цохичихсон гэж хэлсэн...” /хх-56/,

гэрч Л.Долгорсүрэнгийн “... Хэрэг гарсан он, сар, өдрийг санахгүй байна. Тухайн өдөр найз Сэлэнгэмөрөн, Доогий гэх эгч, хохирогч болох эмэгтэй бид 4 засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэрт очихоор Баянхошууны хуучин эцэст гудамжаар явж байтал бид 4-ийн араас нэг танихгүй ах ирээд юм асууя гэсэн. Тэгтэл том Доогий эгч, хохирогч болох эмэгтэй хоёр очиж тэр ахтай юм ярьсан. Тэгтэл бид 4 нөгөө ахтай хамт явж буудалд орж, архи ууцгаасан. Буудлын өрөөнд ороод юм яриад сууж байтал нөгөө ах би шоронгоос гараад удаагүй байгаа гээд элдэвийн юм яриад байсан. Тэгэхээр нь Сэлэнгэмөрөн бид хоёр буудлын өрөөнөөс түрүүлээд гарсан. Удалгүй хохирогч эмэгтэй араас гарч ирсэн. Харин том Доогий буудлын өрөөнд нөгөө залуутай үлдчихсэн. Тухайн үед Сэлэнгэмөрөн, хохирогч эмэгтэй бид 3 буудлын гадна талаас цонхоор нь том Доогийг дуудсан. Тэгээд дуудсаны дараа том Доогий эгч буудлаас ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид нар засмал зам дагаад Сэлэнгэмөрөнгийн гэр лүү явж байтал араас нөгөө залуу такси барьж ирээд Доогий эгч болон хохирогч эмэгтэй нартай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгснээ Наранхоролыг цохичихсон. Тэр үед хамар мурийчихлаа гээд хамраа дараад доошоо сууж байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан...” /хх-104-105/,

шинжээч Ц.Бадралын “... Э.Наранхоролын биед учирсан нүүр болон баруун бугалганд гэмтэл учирсан ба энэ гэмтлүүд нь тус тусдаа үүсгэгдэх бөгөөд баруун бугалганд учирсан цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч болно...” /хх-106-107/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Э.Наранхоролын биед хамар ясны далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10556 тоот шинжээчийн дүгнэлт /хх-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Галбадрахад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ нотлох баримтуудыг үндэслэн хэргийн байдлыг дүгнэхэд ялтан Б.Галбадрах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрсан нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс Б.Галбадрахын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын болон учруулсан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан, ял эдлэх дэглэм тохирсон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Б.Галбадрахын үйлдэл нь хувийн сэдэлтгүй байх ба тэрээр хохирогчтой ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байгаагүй болох нь хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар тогтоогдсон учраас түүний үйлдлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байх тул ялтан Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

             ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН