Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0359

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд Б.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 200 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.М-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Д.М-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжийн Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/368 дугаар албан бичиг “...нэгж талбарын 18649324308143, 18649324315169 дугаарууд давхцалгүй байна...” гэсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна”, мөн “...шүүхээс нотлох баримт цуглуулах явцад Д.М маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүй гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхгүй...” гэжээ.

Нэхэмжлэгч миний бие маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт холбогдох баримт материалуудын хамт дүүргийн газрын албанд өгч байсан ба архиваас шүүлгэхээр байдаггүй бөгөөд маргаан бүхий газарт 2013, 2015 онд кадастрын зураг хийлгэж, газартаа хашаа барьсан байсан баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн шийдвэрт “Нөгөөтэйгүүр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гуравдагч этгээд Б.Чойжилсүрэнг 18649324315169 дугаар бүхий газрыг эзэмшдэг болохыг тогтоожээ” гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2010 онд хоосон газар байхад нь заалгуулж, хашаа барьж бичиг баримтаа бүрдүүлэн тус газартаа газар эзэмших хүсэлт гаргасан маргаан бүхий акт анх үүссэн газарт нь гарсан гэж бодож байсан талаар тайлбарладаг.

Хариуцагч нь гуравдагч этгээдийн хүсээгүй газарт нь эзэмших эрх олгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүх хуралдааны үед тогтоогдсон боловч шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосонгүй.

Түүнчлэн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, хугацааг сунгасан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байдаггүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.М-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжийн Б.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжаар “тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй 443 иргэний газар эзэмшүүлэх эрхийг хавсралтаар баталгаажуулсан бөгөөд хавсралтын 238 дугаар хэсэгт гуравдагч этгээд Хярын Тайжууд овогт Бямбын Чойжилсүрэн /рд:ШЕ58101517/-д “Бэлх”-д 700 мкв талбайн хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс “...Маргаан бүхий газарт 2004 онд 1600 м.кв газар хашаалсан, үүнээс 900 м.кв газарт зохих ёсны бичиг баримтаа гаргуулж, бусдад шилжүүлсэн, үлдэгдэл 700 м.кв газраа эзэмших хүсэлтээ 2015 оны 8 дугаар сард дүүргийн газрын албан бичиг баримтаа бүрдүүлж бичиг баримтаа хүлээж байсан бөгөөд маргаан бүхий акт гарахаас өмнө эзэмшиж, ашиглаж байсан...” гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаар захирамжаар “Бэлх”-д зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18649324310151 дугаар бүхий 0.04 га газрыг эзэмшүүлсэн ба тус газраа нэхэмжлэгч нь Б.Д-нд шилжүүлсэн бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/203 дугаар захирамж гарсан байна.

Маргаан бүхий газар “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх”-д нэхэмжлэгч хашаа хатган 2004 оноос хойш одоог хүртэл амьдарч байна гэх боловч тус газрыг эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагад ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 700 мкв газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Б.Ч-д олгосон байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасантай нэхэмжлэгчийн гомдол нийцээгүй байна.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээдээс түрүүлж гаргаагүй, маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч эзэмших тухай хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт зааснаар газрын гэрчилгээ олгох эсэх асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлэх болохоос хувь этгээд шийдвэрлэхгүй, “...хэн түрүүлж хашаалсан, ирээдүйд бий болох газрыг хамгаалах...” хүсэл зоригоо захиргааны байгууллагад гаргаагүй, холбогдох хүсэлтээ цаг хугацаанд гаргаж шийдвэрлээгүй байдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Иймд нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөлгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН