Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00214

 

С.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэр,

    Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.Т

          Хариуцагч: Днд холбогдох

     Үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргий

          Нэхэмжлэгч С.Тгийн гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь  миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 14 дүгээр байрны 15 тоотод байх 54.5 м2 талбайтай орон сууцыг “Капитал зууч” ХХК-иар үнэлүүлсэн. Тус компани миний орон сууцыг зах зээлийн өнөөгийн үнэлгээнээс хэт доогуур буюу 95сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.Иймд  үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулаж өгнө үү гэжээ. 

        Хариуцагч шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1129 дугаар шийдвэрээр Б.Батбилэг, С.Т нараас 53.339.347 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016-06-08-ны өдөр  шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг гардуулж, 2016-11-07-ны өдрийн 6тоот актаар барьцааны хөрөнгийг битүүмжилж, улмаар 2017-01- 24-ний өдрийн 6 тоот  тогтоолоор  хураасан.  Иргэний хуулийн 177.1-д зааснаар  үнийн санал авахад хоёр тал харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон.  “Капитал зууч” ХХК эд хөрөнгийг 95 сая төгрөгөөр үнэлсэн, энэ талаар талуудад танилцуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэрээр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар С.Тгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

      Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо:  Үнэлгээний компани  миний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур, бодит байдалд нийцээгүй 95 сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээ хийлгэх, шинжээч томилох нь шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгогдсон эрх тул  С.Т  би байрны өмчлөгч мөн. Гэвч  шийдвэр гүйцэтгэлийн албанд битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийлгэх эрхгүй.Иийд үнэлгээнээс доогуур үнэлэгээ гаргасан “Капитал зууч” ХХК-ий үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхээр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        С.Т 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Днд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, орон сууцыг 95.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэхийг даалгахыг шаарджээ.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

      Б.Батбилэг, С.Т нараас 53.339.347 төгрөг гаргуулж Голомт банкинд олгох тухай  1129 дугаар шийдвэрийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан, уг шийдвэрт 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 486 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн нь тогтоогджээ.

     Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг 14 дүгээр байр 15 тоот 4 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6 тоот тогтоолоор хурааж, үнийн талаар санал авч, Капитал зууч ХХК-г  шинжээчээр томилсон ба эдгээр ажиллагаанд төлбөр төлөгч нар гомдол гаргаагүй байгаа тул үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн талаар шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-42, 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчөөгүй гэж үзлээ.      

      Д нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг 14 дүгээр байр 15 тоот орон сууцны үнийг тогтоохдоо  шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

      Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг “шинжээч ...зах зээлийн үнэ, ханшаас доогуур үнэлсэн...” гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байна. 

       Хэргийн 10,11 дүгээр талд буй баримтаас үзвэл “Капиталзууч” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байгаагаас гадна энэ талаар   нэхэмжлэгч анхан шатны шүүхэд маргаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

       Хоёр шатны шүүх С.Тгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 782 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 140 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ