| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00786/И |
| Дугаар | 212/МА2026/00013 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 212/МА2026/00013
З.М нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/01075 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух И**** овогт З***** М*********** нэхэмжлэлтэй, хариуцагч “М*****” БГБХН Ө***** эрүүл мэндийн төв /дарга Х.Е/-д холбогдох,
“Тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/[**] тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч Е.М, хариуцагчийн төлөөлөгч Х.Е, түүний өмгөөлөгч А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Миний бие З.М тус Ө***** Эрүүл Мэндийн төвд 2004 оноос эхлэн ажиллаж байсан ба тухайн үед М***** Ө***** Эрүүл Мэндийн төвийг үүсгэн байгуулсан. Миний хувьд ажлаа гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. О*** хүртэл цалингаа хэвийн авч байгаа. Тус байгууллагын дарга Х.Е надад тавьсан хууль бус шаардлага, дарамт шахалтаас болж хэд хэдэн удаа хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Би тус төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 4 дүгээр сард намайг ажлаас халсныг шүүхэд эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн журмаар тус байгууллагад өрхийн эмчээр эгүүлэн томилогдож одоо хүртэл ажиллаж байна. Би одоо тус байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэхүү хугацаанд ажлаа гүйцэтгэж, ямар нэгэн зөрчил гаргаагүй, хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байсан.
1.2. Харин хамт олон маань хоёр хуваагдаж даргын албан тушаалд булаалцалдах асуудал мэр сэр гарч байсан. Тус өрхийн Эрүүл Мэндийн төвийн дарга 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр тушаал гаргаж, сануулах сахилгын арга хэмжээ авч, улмаар миний цалин болон урамшууллын мөнгөнүүдийг хассан байсан. Би ажил таслаагүй, иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй байхад надад сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна.
1.3. М**** байгууллагаас хүүхдүүдэд тарааж өгөх ёстой амин дэм болон витаминуудыг надад өгч байгаагүй. С**** хүүхдийн өвчний шалтгаан нь хүүхдийн эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас болсон. Д****** нь тухайн үед хүүхдийн эх нь цус багадалттай, амин дэмийн дутагдалтай байсан. У********** надад нэг ч удаа үүрэг даалгавар өгч байгаагүй. А*** тасалж байгаагүй. Я***** ийм тушаал гаргасныг мэдэхгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс ажлын цагийн хуваарийг хэд, хэдэн удаа өөрчилсөн байдаг. Энэ талаар надад мэдэгдээгүй. Хариуцагч байгууллагын хууль хяналтын байгууллагад надад холбогдуулан гаргасан гомдлын дагуу намайг хэд, хэдэн удаа дуудаж байсан. Ө******** хууль бус үйлдлийн дагуу хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн учраас намайг байнга дарамталдаг.
1.4. Дараа нь надад мэдэгдэхгүйгээр сануулах арга хэмжээ авсан гэж тушаал гаргаж өгсөн. Миний хувьд хууль бус зүйл гаргаагүй, ажиллаж байх явцад ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг надад мэдэгдээгүй. Би ажлаа цаг тухайд нь хийж байсан. М**** дарга заримдаа намайг явуулахгүй, уурлаж, намайг зодох хэмжээний хэд, хэдэн удаа миний өрөөнд орж ирж байсан.
1.5. Иймд Баян-[****] сумын М***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/[**] тоот тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү.
2. Хариуцагчnay хариу тайлбар, татгалзал:
2.1. Тус төвийн их эмч З.М нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу 2025 оны 01 дүгээр сард нийт 176 цаг ажиллах ёстой боловч ердөө 8 цаг ажиллаж, 168 цагийн ажил тасалсан, 02 дугаар сард нийт 176 цаг ажиллах ёстой боловч 72 цаг ажиллаж, 104 цагийн ажлыг тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Их эмч З.М дээрх байдлаар олон цагаар ажил тасалж, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, эмнэлгийн удирдлагаас өгсөн ажил, үүргийг биелүүлээгүй тул Т***** даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилтан З.М өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авч, цаашид хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргахгүй ажиллахыг эмч З.М хатуу сануулж хэлсэн.
2.2. Гэвч, их эмч З.М нь хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл сар бүр нийт 176 цаг ажиллах ёстойгоос 2025 оны 3 дугаар сард 36 цаг ажиллаж 140 цагийг ажил тасалсан, мөн оны 4 дүгээр сард 60 цаг ажиллаж 116 цагийн ажил тасалсан, мөн оны 5 дугаар сард 68 цаг ажиллаж 108 цагийн ажил тасалсан, мөн оны 6 дугаар сард 72 цаг ажиллаж 104 цагийн ажил тасалсан байдаг.
2.3. Их эмч З.М удаа дараа ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “М*****” БГБХН ӨЭМТөвийн ажилчдын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, улмаар тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Т***** даргын 2025 оны 5/09 дугаартай тушаалаар их эмч З.М байгууллагын нийт ажилтан нарт зарлах хэлбэрээр сахилгын нээлттэй сануулах арга хэмжээ авч шийдвэрлэж, дахин энэ төрлийн зөрчлийг гаргасан тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдах болохыг түүнд эцсийн удаа сануулж хэлсэн.
2.4. Гэтэл ажилтан З.М тус Т*** ажиллаж байсан хугацаанд ямар ч зөрчил гаргаж байгаагүй, төвийн ажилтнууд хоёр хуваагдаж даргын суудалд булаалцалдсантай холбоотой маргаан бүхий тушаал гарсан мэтээр илт худал зүйлийг нэхэмжлэлийн үндэслэлд бичсэнд харамсаж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч З.М нэхэмжлэлдээ: ...иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй байхад надаас сахилгын арга хэмжээ авсан гэжээ. Их эмч З.М хариуцан ажиллах ёстой багт хүүхэд өвдөж хүндэрсэн асуудал гарсан. Энэхүү асуудал олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк платформд нийтлэгдсэнээр илэрсэн байдаг. Энэ нь их эмч З.М хариуцсан ажилдаа хайнга хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсний илрэл гэж үзэх үндэслэлтэй юм.
2.5. Иймд 3.М*********** нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/01075 дугаар шийдвэрээр:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэндийн өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч З.М олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М***** өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт: “...Нэхэмжлэгч З.М нь ажил олгогчийн тушаалдаа дурдсан ...удаа дараа ажил тасалж тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.25.1 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа ...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д зээсэн “сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасан заалтыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж шүүх үзлээ” гэжээ.
4.2. Нэхэмжлэгч З.М олон цагаар ажил тасалж, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, эмнэлгийн удирдлагаас өгсөн ажил, үүргийг биелүүлээгүй байсан тул Т***** даргын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилтан 3.М*********** өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авч, цаашид хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргахгүй ажиллахыг эмч З.М хатуу сануулж хэлж байсан. Гэвч их эмч З.М нь хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл сар бүр нийт 176 цаг ажиллах ёстойгоос 2025 оны 3 дугаар сард 36 цаг ажиллаж, 140 цагийн ажил тасалсан, мөн оны 4 дүгээр сард 60 цаг ажиллаж 116 цагийн ажил тасалсан, мөн оны 5 дугаар сард 68 цаг ажиллаж 108 цагийн ажил тасалсан, мөн оны 6 дугаар сард 72 цаг ажиллаж 104 цагийн ажил тасалсан юм. Их эмч 3 М******** удаа дараа ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “М*****” БГБХН болон ажилчдын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, улмаар тухайн шинж байдал, түүнийг анх болон давтан үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, төвийн даргын 2025 оны Б/09 дугаартай тушаалаар их эмч З.М байгууллагын нийт ажилтан нарт зарлах хэлбэрээр сахилгын нээлттэй сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
4.3. Нэхэмжлэгч З.М ажил тасалсан болох нь хэрэгт цугларсан ажилчдын цагийн бүртгэлийн журнал, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн, нэхэмжлэгч 3.М******** ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүйгээс болж түүний хариуцдаг нутаг дэвсгэрт хүүхэд хүндээр өвдсөн ноцтой асуудал гарсан юм.
4.4. Гэтэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш асуудалтай холбоотой буюу маргааны зүйлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийхдээ алдаа гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/01075 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Би ажлаа хэвийн гүйцэтгээгүй, ажил таслаад байсан бол аль хэдийнээ ажлаас халах байсан. Учир нь даргын ажлыг авсны дараа намайг ажлаас халж байсан. Би ажил таслаагүй. Хурууны хээ дарж бүртгүүлэх талаар огт мэдэгдээгүй. Би цагтаа ирээд ажлаа хэвийн гүйцэтгэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Би ажлаа хэвийн гүйцэтгэдэг, цагаа баримталдаг. М**** ажлын чиг үүрэг 4 цаг ажил дээр суугаад, 4 цаг эргэлтээр явдаг.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Хариуцагч байгууллагаас зөрчил тогтоогдсон, тухайн зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлгож байгаа. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 2 төрлийн дүгнэлтийг гаргая. Нэгдүгээрт, анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч байгууллага өөрсдөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч байгууллагын зүгээс миний үйлчлүүлэгчтэй холбоотой Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж хэлж байгаа шалтгаан нь сахилгын шийтгэл ноогдуулахгүй байх үндэслэл болно гэж тайлбарлаж байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсвэл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн байна. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 “ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн 49.2.1 дэх заалтад “ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, цаг” гэх мэт, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн 49.2.4 дэх заалтад “хөдөлмөрийн сахилга, гомдол гаргаж журам” гэж заасан. Эндээс харахад хариуцагч байгууллага болон миний үйлчлүүлэгч хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй буюу хариуцагч байгууллага миний үйлчлүүлэгчид ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг тайлбарлаж өгөөгүй, ажлын байрны тодорхойлолтыг нь тайлбарлаж өгөөгүй, мөн ажлын цагийг нь тайлбарлаж өгөөгүй. Ийм учраас миний үйлчлүүлэгч өөрийнхөө ойлголтоор хэвийн ажлын ажил дээр ажлаа хийгээд явж байсан.
6.2. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн нэг онцлог байгаа. Тухайн өдрийн ажлын 8 цаг байлаа гэхэд ажлын 8 цаг ажил дээр суугаад ажил гүйцэтгэх боломжгүй. Я***** гэвэл тодорхой 2-оос 3 цаг тухайн эмнэлэг дээр ажиллана, үлдсэн цагуудад тойрох маягаар буюу тухайн багийн оршин суугчдад очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнд өндөр настай иргэд, бага насны хүүхдүүд гэх мэт хүмүүст очиж үйлчилгээ үзүүлдэг. Энэ болгон дээр нь цагийн бүртгэл хөтлөгдөх боломжгүй. Харин ажил олгогчийн хувьд тэрийг мэдэж байсан учраас ажлыг нь хэвийн хийж байсан гэж сар болгон цалин хөлсийг нь олгоод явж байна.
6.3. Хоёрдугаарт, хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтууд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтад зааснаар нотлох баримт эх хувиар эсвэл нотариатаар гэрчлүүлсэн эсвэл тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна гэж заасан. Анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатад тухайн цагийн бүртгэлүүд эх нотлох баримт уу гэж асуухад эх нотлох баримт гэж хариулж байгаа. Гэхдээ тамга тэмдэг, баталгааны хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх ашиглах журам байгаа. Тухайн журмын 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д зааснаас бусад байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тэмдэг хэрэглэнэ” гэж заасан. Тухайлбал, уг журмын 2.1-д заасан байгууллагууд нь өөрсдөө тамга хэрэглэх байгууллагад, 2.4-д заасан байгууллага нь тэмдэг хэрэглэх хуулийн этгээд байна. Тухайн хуулийн этгээдийн тэмдэгт тавигдах шаардлага байгаа. Уг журмын 3.2.2 дахь хэсэгт “Энэ журмын 2.4-т заасан байгууллага, хуулийн этгээдийн тэмдгийн дардаст тэдгээрийн харьяалал, хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаарыг бичсэн байна” гэж заасан.
6.4. Шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргана. Тухайн шийдвэр гаргасны хувьд шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзнэ. Гэхдээ хариуцагч байгууллагад гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх боломжгүй. Яг тухайн нотлох баримтууд нь эх нотлох баримт мөн эсэх нь тодорхойгүй. Ийм учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл байх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн хариуцагч байгууллагын тухайн тэмдгүүд дээр нь оноосон нэр, регистрийн дугаар, ямар байгууллага гэдэг нь харагдахгүй байгаа. Иймээс хариуцагч байгууллагын давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас ямар юмыг зөрчил гэж ойлгоно, ямар зүйлийг зөрчил биш гэж ойлгоно гэдэг нь тодорхой бус юм.
6.5. Хөдөлмөрийн тухай хуульд 3 төрлийн ойлголтыг сахилгын зөрчилд тооцдог. Нэгдүгээрт, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон буюу хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан зөрчил юм. Энэ дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас зөрчил байхгүй болчхож байна. Албан тушаалын тодорхойлолтыг мөн тайлбарлаж өгөөгүй буюу танилцуулаагүй. Энэнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй. Гуравудгаарт, тухайн хөдөлмөрийн дотоод журам байгаа хэдий ч тухайн зөрчил нь ноцтой зөрчилгүй буюу энэ төрлийн сахилгын шийтгэлд хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бодитой тогтоохын тулд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг буруу үнэлж дүгнэснээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсгийг үндэслэлтэй зөв тайлбарлаж хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
8. Ажил олгогчийн ажилтанд хөдөлмөрийн сахилгын “нээлттэй сануулах” шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай З.М гомдлыг шүүх 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон бөгөөд тайлбар мэдүүлэг гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэргээр мэтгэлцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хууль бусаар хасаж, хязгаарласан гэх, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдоогүй, тухай маргааныг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд хүрэлцээтэй байна.
9. Баян-Өлгий аймгийн “М*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус эмнэлэгт их эмч ажилтай З.М удаа дараа ажил тасалж, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй тул түүнд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд хэрэгт байгууллагын цагийн бүртгэлийг ажил олгогч гаргаж өгсөн байна. Харин ажилтнаас энэхүү тушаалыг эс зөвшөөрч “ажил таслаагүй, надад мэдэгдэлгүйгээр уг тушаалыг гаргасан, иргэдээс миний тухай ямар нэгэн гомдол санал гаргаагүй, ажлын хариуцлага алдаагүй” гэж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгохыг хүсжээ.
10. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан буюу талуудаас гаргаж өгсөн нотлох баримт буюу байгууллагын цагийн бүртгэлээр ажилтан З.М нь 2025 оны 01 дүгээр сард 168 цаг, 2 дугаар сард 104 цаг, 3 дугаар сард 140 цаг, 4 дүгээр сард 116 цаг, 5 дугаар сард 108 цаг, 6 дугаар сард 104 цаг тус тус ажил тасалсан, энэ талаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн болон 6 дугаар сарын 10-ны өдрийн байгууллагын дотоод хурлаар авч хэлэлцсэн, “М*****” өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар З.М эхний удаа “удаа дараа ажил тасалж, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд энэ талаар ажилтан маргаагүй, харин 2 дахь удаа дээр дурдсан үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл тус тус хүлээлгэсэн үйл баримт тогтоогджээ.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бүтээцийг, ажил олгогч өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын 5.25-д “Дараах зөрчлийг ... хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно: 5.25.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт гарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн” гэж тодорхойлсноос үзвэл, ажилтан З.М гаргасан удаа дараа ажил тасалсан зөрчилд ажил олгогчийн 2 дахь удаагийн үйлдлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах хангалттай үндэслэл бүрдсэн байна.
12. Түүний гаргасан зөрчлүүдийг цаг хугацааны хувьд болон түүнд шийтгэл оногдуулсан үечлэлээр нь ангилан авч, системчилж үзвэл, тэрээр 2025 оны 01 дүгээр сард 168 цаг ажил тасалсан, 2 дугаар сард нийт 104 цаг ажил тасалснаас мөн сарын 18-ны өдрийг хүртэлх ажлын өдрийн ажилласан цагийн бүртгэлээс үзвэл 80 цаг ажиллахаас 16 цаг ажиллаж, 64 цаг ажил тасалсан тул түүний энэ байдлыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хамт олны хурлаар авч хэлэлцэн, мөн өдрийн эрүүл мэндийн төвийн даргын Б/03 тушаалаар хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан;
түүнчлэн 2025 оны 3 дугаар сард 140 цаг, 4 дүгээр сард 116 цаг, 5 дугаар сард 108 цаг ажил тасалсан ба 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 72 цаг ажиллахаас 32 цаг ажиллаж, 40 цаг ажил тасалж, үргэлжилсэн шинжтэй хөдөлмөрийн сахилгын зөрчил дахин давтан гаргасан байх тул түүний энэ байдлыг хамт олны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар 2 дахь удаа хэлэлцэж, 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсгийн 123.2.2 дахь заалтад тус тус нийцэн буюу мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдсон байна.
13. Ажил олгогчоос ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн үргэлжилсэн шинж, хэр хэмжээ, эхний удаад 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мөн оны 01, 02 дугаар сард гаргасан зөрчилд нь “хаалттай сануулах”, 2 дахь удаад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа, үргэлжлүүлэн гаргасаар байгаа нөхцөл байдлыг үнэлж, түүний мөн оны 3, 4, 5 дугаар саруудад гаргасан ажил таслах хөдөлмөрийн сахилгын зөрчилд 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэсэн, энэ Хөдөлмөрийн тухай хууль болон шударга ёсны зарчимд тус тус нийцсэн байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой эдгээр нөхцөл байдлуудад ялгамжтай дүгнэлт өгөхгүйгээр “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь “хууль ёсны байх зарчим”-д нийцээгүй байна.
14. Ажил олгогчоос ажилтны гаргасан үргэлжилсэн шинжтэй ажил таслах хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2025 оны эхний хоёр сар, мөн оны 3-5 сараар хоёр ангилж, тус тусад нь хамт олны хурлаар хэлэлцэж, учир шалтгааныг тодруулж, тус тусад нь шийтгэл оногдуулсныг, мөн шийтгэлийн төрлийг давхардуулахгүйгээр шат дараатай хэрэглэснийг сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй, харин хууль ёсны болон шударга ёсны, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
15. Ажилтан З.М нь үргэлжилсэн эс үйлдэхүйгээр, удаа дараа байгууллагын дотоод журамд заасан ажлын цагийг баримталдаггүй буюу олон цагаар ажил тасалдаг бөгөөд түүний энэхүү нөхцөл байдлыг зөвтгөх талаар үндэслэл бүхий хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, ажил олгогчоос түүний ажил тасалсан гэх эс үйлдэхүйг зөрчилд тооцохдоо түүний ажлын цагийн болон ажил үүргийн хуваарийг /гадуур үзлэгтэй гэх/ харгалзаж үзсэн, ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
16. Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг баримтлаагүй буюу үргэлжилсэн эс үйлдэхүйгээр, удаа дараа, олон цагаар ажил тасалсан ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хэвийн гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа гэж үзэх бодит үндэслэлгүй бөгөөд энэ талаарх ажил олгогчийн тушаал дахь “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Харин “удирдлагаас өгсөн ажил үүргийг биелүүлээгүй” гэх ажил олгогчийн тушаалын үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйг тэмдэглэж байна. Гэхдээ энэ нь ажил олгогчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалтаар З.М Баян-Өлгий аймгийн “М*****” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан тус төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн давж заалдах гомдол тус тус хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/01075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.5 дахь заалтыг баримтлан З.М хариуцагч “М*****” БГБХН Ө***** эрүүл мэндийн төв /дарга Х.Е/-д холбогдуулан гаргасан “Тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/[**] тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “М*****” БГБХН Ө***** эрүүл мэндийн төв /дарга Х.Е/-ийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтаар З.М гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон төсвийн байгууллагын давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК