Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/309

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 1925006590417 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Г

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Гийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” баарны гадна иргэн Г.Алтанхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн мэдүүлсэн: 2019 оны  9 дүгээр сарын 12-нд “Шугар” бааранд уусан. Гараад Алтанхуягтай таарсан. Намайг дуудаж дагуулж яваад цохисон, би зөрүүлж цохисон. Гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээж байна. Эмчилгээнд нь 150 000 төгрөг төлсөн. Бид учраа олж, би уучлал гуйсан гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Г.Алтанхуягийн мэдүүлсэн ...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой найзууд болох Батболд, Орхон нарын хамт 21 цагийн үед Уурхайчин багт байрладаг “Богд гол” нэртэй бааранд орж нэг шил архи, хүний нэг нэг пиво ууж бүжиглэж байгаад баар хаах үеэр би Батболд, Орхон нараас түрүүлээд баарны гадаа гарч иртэл өмнө нь зүс таньдаг залуу таарахаар нь маргалдаж байгаад би тэр залууг баарны хажуу талд байдаг Худалдааны гудамж руу дагуулаад явах гэтэл тэр залуу миний хамар луу нэг удаа цохисон. Тухайн үед эргүүлийн цагдаа нар ойрхон явсан тул 2 цагдаа гүйж ирээд Ганбилэг гэх залуу бид хоёрыг салгаад Ганбилэгийг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Би маргааш нь эмнэлэг үзүүлтэл хамрын яс хугарч муруйсан байсан...... гэх мэдүүлэг  /хх-ийн 4-5-р хуудас/

-Гэрч С.Мөнх-Эрдэний мэдүүлсэн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хороололд Амартөр гэх найзындаа 4-үүлээ нэг шил архи уучихаад Город орж ирээд “Шугар” нэртэй бааранд орж мөн нэг шил архи уусан. Ингээд “Шугар” баарнаас гарч яваад “Богд гол” нэртэй бааранд орсон чинь суудалгүй байж таараад эргээд би тамхи татаж зогсож байгаад хартал Г хүнтэй маргалдаад байсан. Би гүйж очоод салгасан. Тухайн үед манай найз Ганбилэгтэй маргалдсан залуу янз бүрээр хэлээд доромжлоод байх шиг байсан. Би тухайн үед хэн нь хэнийгээ цохисоныг харанхуй байсан болохоор анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

-Гэрч Х.Отгонсүрэнгийн мэдүүлсэн: ...Ингээд 2 цаг орчимын дараа Батболд бид хоёр бүжиглэж байтал Алтанхуяг гарсан ба Батболд бид хоёр араас нь гартал Алтанхуягийн хамарнаас нь цус гарчихсан эргүүлийн цагдаа нар ирчихсэн байсан. Алтанхуягаас яасан талаар асуутал хажууд нь зогсож байсан залуу бол одоо нэрийг нь Ганбилэг гэх залуу цохисон гэж байсан”гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 607 дугаартай ... Г.Алтанхуягийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх- ийн 15-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Г нь  2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” баарны гадна Г.Алтанхуягтай зохисгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Г.Гийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” баарны гадна иргэн Г.Алтанхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч эмчилгээний төлбөр 150,000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байна.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 150,000 төгрөгөөр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ