Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01027

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Жи мобайл ХХК

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо 7-р гудамж 8 тоотод оршин суух Илжгэн овгийн Баттулгын Ганхүү /ФМ: 84072011/

37 566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.Ганхүү нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 253129 тоот гэрээ байгуулан 98110760 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 3,4 дүгээр саруудын ярианы төлбөр болох 105 044 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч нь Б.Ганхүүгээс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн ярианы төлбөр 105 044 төгрөгөөс 80 000 төгрөгийн барьцааг хасч, гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 703 хоногийн алданги 12 522 төгрөг,нийт 37 566 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б.Ганхүүгээс ярианы төлбөр болон алданги нийт 37 566 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч  Б.Ганхүү  хариу тайлбартаа:  Баттулга овогтой Ганхүү миний бие Жи мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 37 566 төгрөгийг 2016 оны 08 сарын 10-ны өдөр төлж чадан. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Б.Ганхүү нь нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 37 566 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ний өдөр төлж барагдуулна гэж  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2225 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2225 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч  Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 37 566 төгрөгийг хариуцагч Б.Ганхүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 2225  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2225 төгрөгийг хариуцагч Б.Ганхүү тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ