Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун Дэнж 16-04 тоотод оршин суух Тагд ван овогт Юндэнгийн Хүрэлчимэг /РЙ:79082401/

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ю.Хүрэлчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Хүрэлчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Юндэн овогтой Хүрэлчимэг нь Ганболд овогтой Гантулгатай 2011 онд гэр бүл болж нэг гэрт орсон. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бидний дундаас хүү Ган-Эрдэнэ төрсөн. Хүү Ган-Эрдэнийн гэрчилгээг авах үед нөхөр Гантулга нь бичиг баримтаа гээгдүүлсэн байсан учраас хоёулаа ярилцаж байгаад дараа нь овгийг нь солино гээд надаар хүүгээ овоглосон. Хүүгийнхээ гэрчилгээг сольж амжаагүй байтал нөхөр Гантулга нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нүүрсний уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор 2016 оны 03 дугаар сарын 27-нд нас барсан. Миний бие хүү Ган-Эрдэнэд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч өөрөөрөө овоглосон учир боломжгүй байна. 2011 оноос 2016 оныг хүртэл Ганболд овогтой Гантулгатай хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тагд ван овогт Юндэнгийн Хүрэлчимэг нь Г.Гантулга /РД:83041612/-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ю.Хүрэлчимэг нь Г.Гантулгатай 2011 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Ган-Эрдэнэ төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зурагууд, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай Хөвсгөл аймгийн Галт сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/277 дугаартай Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тодорхойлолт, гэрч Г.Ганбаатар, гэрч Г.Нэмэхжаргал нарын ...манай дүү 2013 оноос Ю.Хүрэлчимэгтэй Хөвсгөл аймагт амьдарч байсан бөгөөд хот орж ажил хийхээр яваад ийм золгүй зүйл боллоо. Энэ хоёрын дундаас хүү Ган-Эрдэнэ төрсөн нь үнэн. Миний дүүгийн хүүхэд гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Г.Гантулга нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгдсэн 6716000014 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Иймд Ю.Хүрэлчимэг, Г.Гантулга нарыг 2011 оноос 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Тагд ван овогт Юндэнгийн Хүрэлчимэгийг, Дайртан овогт Ганболдын Гантулгатай 2011 оноос 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Хүрэлчимэг нь улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70 200  төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ