Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 01033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-136 тоотод оршин суух Амбаа овогт Батбаярын Анхбаяр /ФА: 84121433/

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

            Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Батбаярын Анхбаяр миний бие Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэнтэй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын захирлын ажлыг хийхээр тохиролцож контрактын гэрээ байгуулсан. Гэрээ  байгуулснаас хойш ажил үүргээ хэвийн явуулж байсан гэтэл 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 40 минут орчмын үед Орхон аймгийн нутгийн удирдлагын ордонд албан ажлаа хөөцөлдөөд явж байтал Орхон аймгийн Сонгуулийн хорооны үүдэнд бужигнаан болж байсан ба тэнд ганц нэг таньдаг хүмүүс байгааг хараад юу болж байгааг сонирхохоор очсон. Хүмүүсийн ярианаас сонсоход сонгуулийн хороо руу албан бус бичиг баримт оруулахаар дайрч байгаа хууль бус үйлдэл болж байна гэсэн юм. Хууль бус гэж ойлгосон учир үнэн мөнийг олоход хэрэг болж магадгүй гэсэн үүднээс дээрх явдлыг газар дээр нь баримтжуулахаар бичлэг хийж байсан ба хажуугийн хүмүүс Соёл-Эрдэнийг оруулахыг хориглож, зууралдаж байсан. Тэр үед Соёл-Эрдэнэ надруу дайрч ирэхэд би биеэ хамгаалахаар Соёл-Эрдэнийг өөрөөсөө холдуулсан. Өөрөөр ямар нэг байдлаар түүний биед хүрсэн, хэл амаар доромжилсон тохиолдол байхгүй тэгэх ч шаардлага байхгүй. Дээрх асуудалтай холбоотойгоор Соёл-Эрдэнэ нь засаг дарга С.Дангаасүрэнд түүний сонгох эрхийг хязгаарласан гэх шалтгаанаар арга хэмжээ авч өгөхийг хүссэн гомдол гаргасан байна.

Гомдлын дагуу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/15 дугаартай захирамж гаргасан. Захирамж нь “Б.Анхбаярыг ажлаас халах тухай” гээд дээрхи болсон явдлыг бодитоор дүгнэж, шалгаж, нягталж үзэлгүйгээр нэг талыг барьсан, Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомж зөрчин захирамж гарган намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд ажиллах эрхгүйгээр халсан.

Миний бие төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй тангараг өргөөгүй зөвхөн Засаг даргатай байгуулсан контрактанд заагдсан ажил үүргийн хуваарийн дагуу ажилладаг гэрээт ажилтан юм. Хөдөлмөрийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон Засаг даргатай байгуулсан Контрактыг ч зөрчсөн үйлдэл гаргаагүй. Дээрх нөхцөл байдлыг хуулийн дагуу үнэн мөнөөр нь шүүн шийдвэрлэж захирамжийг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж өгөх шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Иргэн Б.Анхбаярын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Ардчилсан намаас сонгуульд оролцох нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх үеэр иргэн Т.Соёл-Эрдэнийн сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан хууль бус үйлдэл гаргасан. Түүний энэхүү хууль бус үйлдэл нь олон тооны баримтуудаар ил болж, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд  цацагдсан төдийгүй нэхэмжпэгч өөрийн нэхэмжпэлдээ энэ талаараа мөн дурьдсан байна. Иймд түүнийг өөрийн үйлдлийн талаар маргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь өөрийгөө төрийн албан хаагч биш, гэрээт ажилтан хэмээн тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж” ОНӨААТҮГ-ын ангилалыг өөрчилж, Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар болгон өөрчилсөн. Тус тогтоолын хавсралтаар батлагдсан Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т Аймгийн Засаг даргатай тус газрын дарга гэрээ /контракт/ байгуулна, 6.4-т Газрын дарга бусад ажиллагсад нь төрийн үйлчилгээний албан хаагч байна, 8.1-т Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар нь төсвийн хөрөнгөөр санхүүжих бөгөөд зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхэлж орлого олж болно гэж тус тус зааж өгсөн. Иймд аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар нь 100 хувь төсвийн хөрөнгөөр санхүүждэг, ажиллагсад нь бүгд төрийн үйлчилгээний албан хаагч байх тул Төрийн албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 болон Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтад тус тус заасанчлан Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Анхбаяр нь төрийн үйлчилгээний /ТҮ-9/ албан хаагч мөн болно. Аймгийн Засаг дарга, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын захирал нарын хооронд байгуулагдсан контрактын 8.4-т Аймгийн Засаг дарга контрактыг хугацаанаас нь өмнө цуцалж, захирлыг ажлаас чөлөөлөх тохиолдлуудыг дурдсан бөгөөд тус заалтын “е” хэсэгт хуульд заасан бусад үндэслэлүүд хэмээн зааж өгсөн. Б.Анхбаяр нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэсэн заалт, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн бөгөөд түүний эдгээр зөрчлүүд нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т зааснаар түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах хууль зүйн үндэслэл болсон. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Анхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэнд холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодруулан тайлбарлаж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Б.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн даргын албан тушаал нь төрийн албан хаагч биш, миний бие төрийн албанд тангараг өргөөгүй, Соёл-Эрдэнийн сонгох эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр гарсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2 345 042 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:  Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албны ТҮ-9 гэсэн ангилалд хамаарна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж орон нутгийн өмчит байсан ангилалыг нь өөрчлөж Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар болгосон. Б.Анхбаяр нь 2015 оны 5 дугаар сард уг газрын даргаар томилогдон ажиллаж байхдаа Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль буссар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан тул Засаг даргатай байгуулсан контрактын гэрээг цуцалж, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

            Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б\16 дугаартай захирамжаар Б.Анхбаярыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын даргын албан тушаалд томилж, контракт байгуулсан байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д өмчлөгч бөгөөд түүнээс эрх олгосон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна гэж заасан байна.

            Ажил олгогч нь иргэний ажиллах хүчийг хөлслөн авч байгаа хууль зүйн хэлбэр нь хөдөлмөрийн гэрээ байх ба уг гэрээг ердийн болон контракт гэж ангилдаг.

            Иргэний ердийн бус гоц авъяас, ховор мэргэжил, өндөр ур чадварыг ажил олгогч ашиглах зорилгоор байгуулдаг байна.

            Хэдийгээр Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн даргын албан тушаал нь хуулийн дээрх шаардлагын хүрээнд нийцээгүй ч талууд хуульд заасан хэлбэрээр контракт байгуулсан байна. 

            Уг контрактын 8.4-т Засаг дарга контрактыг хугацаанаас нь өмнө цуцалж, захирлыг ажлаас чөлөөлөх тохиолдлуудыг дурдсан бөгөөд е хэсэгт хуульд заасан бусад үндэслэл байхаар тогтоосон байна.

            Аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн дарга Б.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн Ардчилсан намаас сонгуульд оролцох нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх үеэр иргэн Т.Соёл-Эрдэнийн сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан хууль бус үйлдэл гаргасан, Төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтуудыг тус тус  зөрчсөн тул 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүй ажлаас халсан байна.  

            Б.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн Сонгуулийн хорооны үүдэнд иргэн Т.Соёл-Эрдэнийн сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан хууль бус үйлдэл гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн материалыг хянаад Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаартай шүүгчийн захирамжаар  Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Б.Анхбаяр нарт захирагааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

            Уг захирамжийн Т.Соёл-Эрдэнэ эс зөвшөөрч Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны 127 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон байна. Уг магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй юм.

            Б.Анхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан Сонгуулийн эрх бүхий иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан зөрчил гаргаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэж зөрчөөгүй болохыг тогтоосон байх тул 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б\15 дугаартай Орхон аймгийн засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

            Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар нь бүтэц зохион байгуулалтаараа төрийн үйлчилгээний алба болсон ба энэ талаар холбогдох эрхийн акт гарсан байх тул төрийн үйлчилгээний алба биш гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв. Мөн төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Анхбаяр гэж хандсан болох нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 608 дугаартай албан бичгээр батлагдаж байна.

            Зохигчид төрийн албан хаагч эсэх талаар маргаж байх боловч ажлаас халагдсан захирамжийн үндэслэл болсон Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх асуудал, уг захирамж үндэслэл бүхий байсан эсэх нь чухал юм.

            Иймд нэхэмжлэгч Б.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Түүний ажилгүй байсан хугацааг 43 хоног гэж тооцож дундаж цалин 1 131 242 төгрөг гэж үзвэл \43х50 277=2 161 929\ ажилгүй байсан хугацааны олговорт нийт 2 161 929 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулж  нэхэмжлэгчид олгож, уг мөнгөнөөс эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл тооцон нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас 119 740 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.    

  

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                         

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт зааснаар Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Анхбаярыг Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 161 929 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх

олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

            3. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД бичлэгийг хавсарган үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Анхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 119 740 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ