Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2026/00017

 

М.Х нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүгч Х.М, К.Б нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, Т****** овогт М******* Х********* нэхэмжлэлтэй,

 

“Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, хуульд заасан эрхээ сэргээлгэх үүднээс гэм хорын нөхөн төлбөрm 100,000,000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах прокурор А.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар баг Ховд голын эрэгт өвөлжиж, тэнд оршин суудаг, ам бүл зургуулаа, эхнэр хүүхдүүдийн хамт хувиараа мал маллаж амьдардаг. Намайг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас тус аймгийн А******** сумын иргэн Ховд голын цаад эрэг дээр мал маллан амьдардаг урьд өмнө таньдаг байсан Ц*********** Б******** 8 тооны ямааг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн тус сумын [**] дугаар багийн иргэн А******** С*********** бүлэглэж хулгайлсан гэсэн хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах заалтад зааснаар мөрдөгч А/х Н********* шалгасан. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2596 дугаар яллах дүгнэлтээр дээрх зүйлчлэлээр бид хоёрыг гэм буруутайд тооцуулахаар, мөн хорих төрлийн ялаар яллуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө, Д.А нар нь [**] тоот хэргийг шилжүүлсэн байдаг. Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хэргийг хэд хэдэн удаа нэмж шалгалт хийлгүүлэхээр прокурор, мөрдөгчид буцааж байсан.

1.2. Нэхэмжлэгч М.Х намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татаж шалгаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх намайг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанаас гэм буруутай гэж тооцож, 2024/ШТ/106 дугаартай  шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн. Мөн тогтоолоор тэр өдөр дахин үргэлжлүүлэн цагдан хорьсон. Өмгөөлөгчийн болон өөрийн зүгээс тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгаж өгөхийг хүсэж гомдол гаргасан бөгөөд тус шүүх нь хэргийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, А.С, М.Х бид хоёрт холбогдох тус эрүүгийн 2313003680356 дугаартай хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Тухайн үед миний бие цагдан хоригдож байсан.

1.3.Тус анхан шатны шүүх нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Х намайг цагаатгасан юм. Н***** иргэн Ц.Б ямааг А.С бүлэглэж хулгайлсан гэх Эрүүгийн [**] тоот хэрэг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл. Миний бие 73 хоног урьдчилсан цагдан хоригдох байранд цагдан хоригдсон бөгөөд энэ тухай анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол, мөн намайг цагаатгасан тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/09 дугаартай магадлалууд цаг хугацаагаар тус тус бичигдсэн байгаа тул нэхэмжлэлд хавсаргасан болно.

1.4.Миний бие ам бүл 7, үүнээс бага хүүхэд сургуульд сурдаг, намайг хорьж шалгах үед гэрт 2 насны нялх хүүхэд ээжтэйгээ үлдэж байсан бөгөөд намайг энэ хилс хэрэгт шалгагдаж анхан шатны шүүх хурлаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр [**] тоот шийтгэх тогтоолоор цагаатгагдан суллагдаж гарсан өдөр хүртэлх нийт 73 өдөр хоригдсон өдрүүдэд эхнэр хүүхдүүд маань сэтгэл санааны асар их дарамтад байсан. Хүүхдүүд сургуульд очиж чадахгүй ичиж зовж, маш ихээр ичиж бусад хүүхдүүдэд хулгайчийн хүүхэд гэж доромжлуулан ад үзэгдэж сэтгэлээр унасан байна.

1.5.Миний бие хийгээгүй гэмт хэрэгт холбогдон 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүгд 380 хоног аймгийн Цагдаагийн газарт ирж, тэнд байнга байж хилсээр шалгагдан, улмаар 73 хоног цагдан хоригдож, мөн 3 жилээр хорих ял шийтгэгдсэн, үргэлжлүүлэн цагдан хоригдож байгаад нийт 73 хоногийн дараа суллагдаж цагдаа, прокурор, шүүхээс цагаатгагдаж байгаад чөлөөлөгдөж, бие сэтгэл санаа минь амарсан.

1.6.А.С талаар түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь хянаад 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ДШМ/24 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүгдэгч А.С болон түүний өмгөөлөгч А.С нар нь Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч Дээд шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан болохоор намайг цагаатгасан тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.7.Энэ хугацаанд миний бие 10 кг турж, эцэж жин хасагдсан бөгөөд байнгын сэтгэл санааны дарамт түгшүүрт байдалтай аливаад үнэмшил, найдвар, хууль зэрэгт итгэх итгэл маань алдагдсан байсан. Г** бүл маань маш муу таагүй гутарсан уур амьсгал бий болж мал хариулгагүй байж намар бэлдсэн хадлангийн өвсийг хүүхдүүд малд хяналтгүй өгч бүгдийг идүүлж, гэрийн ойролцоо бэлчүүлж хориод бог, 2 тугал мал үхэж үрэгдсэн. Н**** бог малын хээлтүүлгийн үед мал хээлтүүлэгдээгүй үлдсэн байхад хадмын хүмүүс ирж тусалсан байсан.

1.8.Миний бие эрүүгийн 2313003680356 дугаартай намайг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэх тус хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн 1017 дугаарын үнэмлэхтэй өмгөөлөгч С.А хууль зүйн туслалцаа үзүүлж өгнө үү гэж хүсэж өмгөөлүүлэн ажиллуулсан юм. Намайг цагаатгахын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан өмгөөлөгч С.А гэрээ хийж түүнд өөрийн зүгээс ах дүүсээс цуглуулан өмгөөлөгчийн хөлсөнд 6,000,000 төгрөгийг төлж өгсөн тул энэ мөнгийг ч нэхэмжилж байна.

1.9.Ер нь хилс хэрэгт хэлмэгдэн удаан хугацаагаар аймгийн төвд Цагдаа, Прокурор, шүүхэд байнга байж шалгагдан, цагдан хоригдож, улмаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн хувь хүн болон түүний ар гэр, мал хөрөнгө яаж доройтон сүйрэхийг эрхэм шүүх бүрэлдэхүүн төсөөлж үзнэ үү.

1.10.Эрүүгийн хэрэгт С.Н өмгөөлөгч ажилласан, иргэний хэрэгт зөвхөн С.А өмгөөлөгч оролцож байгаа. Мөн нэхэмжлэлдээ С.Н өмгөөллийн хөлсийг бичээгүй байгаа. С.А өмгөөллийн хөлс болох 6 сая төгрөгийг авсан. Үүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцож бэлнээр авсан гэдгээ мэдүүлж байгаа. Түүнээс биш авсан өгсөн тухайн санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй. Шүүх ямар байдлаар шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг нэхэмжилж байна.

1.11. Иймд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас хууль зүйн туслалцаа авсны хөлс, цагдан хоригдсон хугацаанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд гээд нийтдээ 100,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах прокурор А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Миний бие Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.3 дахь хэсэг мөн хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 21.12 дахь заалт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу энэ хэрэгт оролцож байна. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ял шийтгүүлсэн байна. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хорих байрнаас суллагдсан байдаг. Нэхэмжлэгчийн нийт цагдан хоригдсон хоног нь 63 хоног юм. Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 73 гээд алдаатай бичсэн байна. Х**** хоног цагдан хоригдсон гэдгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маш тодорхой дурдаад өгсөн байна.

2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмгөөллийн хөлс 6 сая төгрөг гэж нэхэмжилсэн боловч үлдсэн нь цагдан хоригдсон хугацааны сэтгэл санааны хохирол уу эсвэл эд хөрөнгийн хохирол уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зарим тайлбаруудтай холбоотой нотлох баримтууд авагдаагүй гэдгийг дурдаж хэлье. 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн малаа хариулаад явах боломжтой байсан. Т*** учраас сэтгэл санааны хохирлыг гаргуулан шийдвэрлэх боломжгүй. Харин цагдан хоригдсон хугацааг тухайн үеийн үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож барагдуулах саналтай байна. Тодруулбал, тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байжээ. Харин сардаа 21 хоног ажилладаг гэж бодоход 1,933,953 төгрөг болж байх тул уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох саналтай байна.

2.3. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлээс цагдан хоригдсон хугацааг тухай үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон бодож гаргуулахад татгалзах зүйлгүй, өмгөөллийн хөлсөнд холбогдуулан ямар нэгэн баримт авагдаагүй учир үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Иргэдийн төлөөлөн оролцож буй би талуудын мэтгэлцээн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн 100,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол нь үнэхээрийн үнэн бодитой байвал хохиролгүй болгохыг дэмжиж байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэрээр:

4.1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас сэтгэл санааны хохиролд 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 95,000,000 (ерэн таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймгийн Н********* сумын Ховд бригад буюу [**] дугаар багт оршин суугч БЗ:[********] регистрийн дугаартай Т****** овогт М******** Х****** би тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01055 дугаартай шийдвэрийг 2026 оны 1 дүгээр сар 20-нд авч эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.2. Намайг бусадтай бүлэглэж мал хулгайлсан гэж Эрүүгийн хэрэгт 2023 оны 11 дүгээр сараас эхлэн яллагдагчаар татаж 73 хоног хорьж мөрдөж шалгаж байгаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Харин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус анхан шатны шүүх 2024/ШЦТ/301 дүгээр тогтоолоор намайг цагаатгасан билээ.

5.3. Энэ 301 дугаартай тогтоолыг давж заалдах шатны тус шүүх 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/09 дугаартай магадлалаар хэвээр баталсан. Энэ 1 жил 4 сарын /2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны хооронд/ хугацаанд би цагдаа, прокурор, шүүхийн албан тушаалтны дуудсан хугацаанд нь бэлэн байж шалгагдаж байснаас гадна 2024 оны 4 дугаар сарын 30-ны өдөр цагдан хоригдож, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны 2024/ШЦТ/301 дүгээр шүүхийн тогтоолоор цагаатгагдсан өдөр хүртэл бүгд 73 хоног цагдан хоригдсон. Энэ 1 жил 4 сарын хугацаанд би хэлмэгдэж хилсээр хоригдож, мөн ял шийтгэгдсэн. Гэр бүл, эхнэр үр хүүхдүүд маань ядарч зовж, мал минь үхэж үрэгдсэн, би өөрөө бие сэтгэл, санаагаар хохирч, олонд муу хэлэгдэж, хараагдаж, гүтгэгдэж байсан тул нэр төрөө сэргээлгэх хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 100.000.000 төгрөг гаргуулахыг хүсэж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

5.4. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хурлаар хэлэлцээд “М.Х нь зөвхөн шоронд хоригдсон хоногийн мөнгийг л авах ёстой. Тэр нь 5.000.000 төгрөг болно. Б**** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов" гэж шийдвэрлэсэн. Шүүгч М******** нь шүүх хуралд “Өмгөөлөгч авч ажилласан байдал нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч М.Х нь цагаатгагдаж шийдвэрлэгдсэн гэх хэрэгт өмгөөлөгч С.А ажилласан нь нотлогдохгүй байна, мөн “Өмгөөлөгч С.А 6.000.000 төгрөг өмгөөллийн хөлс өглөө гэсэн Х****** чиний гарын баримт байгаа ч гэсэн тэр мөнгийг өмгөөлөгч САлтай авсан нь тодорхойгүй байна” гэж үндэслэлгүй, миний эсрэг дэмий зүйл хэлж байснаас гадна С.А “Би энэ эрүүгийн хэрэгт М.Х өмгөөлөгчөөр ажилласныг хэрэгт авагдсан бүх тогтоол, магадлал, захирамж зэрэгт миний нэр бичигдсэн байгаагаас гадна нэхэмжлэгч өөрөө хэлж нотолж байна, мөн би цагаатгасны өмгөөллийн хөлсөнд тухайн үед шүүгдэгч, ялтан болж явсан. Одоо цагаатгагдсан нэхэмжлэгч М.Х 6.000.000 төгрөг авснаа энэ шүүх хуралд хэлж, тайлбарлан нотолж байна. Харин ч ийм байдалд хот болон бусад аймаг дүүргийн өмгөөлөгчид үүнээс ч ихийг авдаг" гэж шүүгч М*********** асуултад тайлбар хэлж нотолсон. Гэвч энэ тайлбарыг шүүгч М******** зориуд зөвөөр дүгнээгүй, хүлээж авалгүй биднийг дэмий загнаж өмгөөллийн хөлсөнд өгсөн 6.000.000 төгрөгийг гаргуулалгүй хохироосон.

5.5. “Чи прокурор, цагдаад шалгагдаж их хохироогүй байна. Мөн ар гэр орон чинь хохироогүй байна. Чи хоригдож зовоогүй байна. Чамайг ял шийтгэсэн хэдий ч шүүх цагаатгасан байх тул өөр бусад байдлаар хохирсон, зовсон, сэтгэл санаагаар унаж байсан байдал чинь тогтоогдохгүй байх тул хохирол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Харин М.Х танд шоронд хэвтсэн өдрийн хохирлыг гаргаж өгнө. Тэр бол нэг хоногийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний үнээр бодоод өгөх бүх нөхөн төлбөр 5.000.000 төгрөг болно” гэж шийдвэрийг уншиж сонсгосон.

5.6. Миний өмгөөлөгчөөр С.А нь хэрэг шалгаж эхэлсэн өдрийн эхнээс нь эхлээд цагаатгасан Эрүүгийн 23130036803556 дугаартай хэрэгт мөн давж заалдах шатны шүүхийн магадлал гаргах хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан бөгөөд тэр тухай нэхэмжлэлд хавсаргасан 2024 оны 106 болон 2024 оны 301 дүгээр шийтгэх тогтоолууд мөн тус давж заалдах шатны шүүхийн 2024 оны буцаасан болон 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн 2025/ДШМ/[**] тоот магадлалуудад өмгөөлөгч С.А нь шүүгдэгч М.Х өмгөөлөгчөөр ажилласан гэж бичигдсэн байсныг, мөн би өөрөө тус шүүх хуралд С.А нь намайг өмгөөлж ажилласан гэдгийг нотолж хэлж байхад энэ байдлыг анхан шатны шүүх нь нотлох баримтаар үнэлээгүй.

5.7. Би өмгөөлөгч С.А өмгөөлж цагаатгасны хөлсөнд 6.000.000 төгрөг өгсөн гэж хэлж бичиг хийж хэрэгт хавсаргаснаа тайлбарлаж, С.А өмгөөлөгч нь өмгөөллийн хөлсөнд 6.000.000 төгрөг өгснийг, авсныг нотлон хэлж байхад энэ 6.000.000 төгрөг өмгөөллийн хөлсөнд өгөөгдөөгүй мэтээр амьд гэрч бидний тайлбар болон баримтыг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

5.8. Шүүх хуралд М.Х шоронд хэвтсэн хоногийн мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 5.000.000 төгрөг нөхөн төлбөр олгосугай” гэж ямар тооцоо судалгаа тариф үнэлгээг гаргаж тооцсон нь тодорхой бус байна. М.Х би 2024 оны 4 сарын 30-ны өдөр цагдан хоригдож 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн [**] тоот тогтоолоор цагаатгагдаж суллагдсан бөгөөд би шоронд буюу цагдаан хорих байранд нийт 73 хоног хоригдсон байсан.

5.9. Тэр үед Улсын хэмжээнд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 689.000 төгрөг гэж тооцогдож байсан юм. Энэ 689.000 төгрөгийг би 73 хоногоор үржүүлээд тодруулбал 689.000x73 хоног=50.297.000 төгрөгийг төрөөс нэхэмжлэн авах юм байна гэж тооцож байгаа. Шүүх яаж ч тооцоод 5.000.000 төгрөг болгон гаргасан нь маш буруу юм. Үүнийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн тооцох боломжгүй гэж үзвэл тул анхан шатны шүүхэд хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлүүлэх боломжтой юм.

5.10. Монгол Улсын иргэн би Монгол Улсын шударга шүүхэд итгэж байсан. Эрүүгийн хэрэг нь шударга бус хагас дутуу шалгагдаж байхад намайг яллуулахаар прокурор нь хэргийг шүүхэд авч ирсэн, шүүх нь гэм бурууг хангалттай нь тогтоогдоогүй байсан үед намайг цагдан хорьж зовоож байгаад, 3 жилийн хорих ял оноож хилсээр ял шийтгэсэн. Энэ бол Монгол Улсын хуульд заасан цагдаа, прокурор, шүүх хууль зөрчсөний улмаас иргэнд хохирол учирвал төр хариуцна” гэсэн холбогдох хуулийн заалт зөрчигдсөнийг харуулж байна.

5.11. Хорих ял шийтгэгдэн, цагдан хоригдож, нийт 1 жил 4 сар шалгагдаж бие, сэтгэл санаагаар болон гэр бүлийн байдал ба эд хөрөнгөөр хохирсон хохирогч надад хуулиар төрийн сангаас олгогдох ёстой мөнгийг анхан шатны шүүх нь зориуд олгоогүй дутуу дулимаг хууль бус, шударга зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хуувь ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тус 01055 дугаартай шийдвэрийг хууль ёсны болгож өөрчлөх боломжгүй бол дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

6. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын эл эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах прокурорын давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 689,000 төгрөг гэж гомдол дээр бичсэн байна.  Тухайн үед 860,000  төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон байсан.  Мөн давж заалдах гомдол дээр М.Х 70 хоног цагдан хоригдсон гэж бичсэн байна. Харин М.Х цагдан хоригдсон хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийтдээ 63 хоног цагдан хоригдсон.

6.2. Давж заалдах гомдол дээр өмгөөллийн хөлстэй холбоотой асуудлыг  дурдаж бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс өмгөөллийн гэрээг гаргаж өгч чадаагүй учраас өмгөөлөгчид 6,000,000 төгрөг өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна.

6.3. Иргэний хэрэгт өмгөөллийн гэрээ авагдсан, тэрэнд хэдэн төгрөгийн төлбөр төлсөн тухай нотариатаар батлуулсан гэрээг гаргаж өгч чадаагүй. Мал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Х******** нэхэмжлэл гаргасан боловч холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй учраас гаргуулах боломжгүй. М.Х хувьд 63 хоног цагдан хоригдсон нь тодорхой тогтоогдсон. Энэ дээр сэтгэл санааны хохирлыг гаргах нь хуульд нийцэж байгаа гэж үзсэн.

6.4. Иймээс 1,933,953 төгрөгийг гаргуулах тухай саналыг гаргаж байсан. Улсын дээд шүүхийн 2018 оны 411 дүгээр тогтоолоор цалин хөлс олгохын томьёоллыг тайлбарласан. Энийг томьёоллыг үндэслэж 1,933,953 төгрөгийг олгох санал гаргасан. Мөн цагдан хоригдсон хугацаанд бог, бод мал үрэгдсэн дууссан гэдэг асуудлыг дурдсан. Энэ дээр өмгөөлөгчийн зүгээс цагдан хоригдохоос өмнө нь хэдэн тооны мал тоолуулсан, үүнээс хоригдож гарсны дараа хэдэн тооны мал үрэгдсэн гэдэг талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас хэдэн төгрөгийн эд материалын хохирол учирсан гэдгийг дүгнэх боломжгүй гэдгийг хэлье.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.Х Засгийн газрын нөөц сангаас 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг түүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж хянан хэлэлцлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно. М.Х нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр уг зарчимд нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгч М.Х нь  Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, хуульд заасан эрхээ сэргээлгэх үүднээс гэм хорын нөхөн төлбөрт 100,000,000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн Гөзрын нөөц сангаас сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 95,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Мал хулгайлах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж М.Х, А.С нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  шүүгдэгч М.Х, А.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Мал хулгайлах гэмт хэрийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэн, М.Х гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,300,000 төгрөгийн хар хээр зүсмийн 6-7 насны 1 тооны морийг,...албадан гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэн, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан,

- энэхүү шийтгэх тогтоолыг М.Х нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ДШМ/24 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2 дах заалтаар ....М.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байсан,

-  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолыг бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ДШМ/09 дугаартай магадлалаар 301 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж байсан бөгөөд тухайн хэрэгт нэхэмжлэгч М.Х нь 63 хоног цагдан хоригдсон байна.

 

12. Анхан шатны шүүх М.Х нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд төлсөн 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч М.Х өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй, өмгөөллийн хөлсийг хэрхэн хэдэн төгрөгөөр тохиролцсон нь нотлогдоогүй, өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөг төлсөн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж;

нэхэмжлэгч М.Х Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул;

нэхэмжлэгч М.Х нь сэтгэл санааны болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн гэм хорын хохирлоо юуг үндэслэж хэрхэн тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж тус тус дүгнэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд нэхэмжлэгч М.Х нь хийгээгүй хэргийн учир хилс хэрэгт холбогдуулан шалгагдаж, прокуророос 2 удаа яллах дүгнэлт үйлдэн 2 удаа анхан шатны шүүхээр болон давж заалдах шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлсэн байдал, нэг удаа анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд цагдан хоригдсон зэрэг нөхцөл байдлыг тус тус, тал бүрээс нь харгалзан үзэж нэхэмжлэгч М.Х учирсан хохирол, хор уршигт тооцож З****** газрын нөөц сангаас 5,000,000 төгрөг гаргуулж, 95,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4,  511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

13. Нэхэмжлэгчээс  “...Би өмгөөлөгч С.А өмгөөлж цагаатгасны хөлсөнд 6.000.000 төгрөг өгсөн гэж хэлж бичиг хийж хэрэгт хавсаргаснаа тайлбарлаж, С.А өмгөөлөгч нь өмгөөллийн хөлсөнд 6.000.000 төгрөг өгснийг, авсныг нотлон хэлж байхад энэ 6.000.000 төгрөг өмгөөллийн хөлсөнд өгөөгдөөгүй мэтээр амьд гэрч бидний тайлбар болон баримтыг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой ...М.Х би 2024 оны 4 сарын 30-ны өдөр цагдан хоригдож 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн [**] тоот тогтоолоор цагаатгагдаж суллагдсан бөгөөд би шоронд буюу цагдан хорих байранд нийт 73 хоног хоригдсон байсан. Тэр үед Улсын хэмжээнд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 689.000 төгрөг гэж тооцогдож байсан. Энэ 689.000 төгрөгийг би 73 хоногоор үржүүлээд тодруулбал 689.000x73 хоног=50.297.000 төгрөгийг төрөөс нэхэмжлэн авах юм байна гэж тооцож байгаа. Шүүх яаж ч тооцоод 5.000.000 төгрөг болгон гаргасан нь маш буруу юм. Үүнийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн тооцох боломжгүй гэж үзвэл тул анхан шатны шүүхэд хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлүүлэх боломжтой юм. Хорих ял шийтгэгдэн, цагдаан хоригдож, нийт 1 жил 4 сар шалгагдаж бие, сэтгэл санаагаар болон гэр бүлийн байдал ба эд хөрөнгөөр хохирсон хохирогч надад хуулиар төрийн сангаас олгогдох ёстой мөнгийг анхан шатны шүүх нь зориуд олгоогүй дутуу дулимаг хууль бус, шударга зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хуувь ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тус 01055 дугаартай шийдвэрийг хууль ёсны болгож өөрчлөх боломжгүй бол дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс өмгөөлөгч С.А өмгөөллийн хөлсөнд 6.000.000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Энэ хэргийн учир нэхэмжлэгч М.Х нь цагдан хоригдсон нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдсон бөгөөд анхан шатны шүүхээс Х*******, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг гэж тогтоосон хэмжээг үндэслэл болгож, нэхэмжлэгч М.Х хууль бусаар цагдан хоригдсон 63 хоногийг сараар тооцвол түүний эрх зүйн байдал дордох учраас цагаар тооцож, цагдан хоригдсон 63 хоногийг 24 цагаар үржүүлэхэд 1512 цаг гарах бөгөөд үүнийг 3929 төгрөгөөр үржүүлбэл мөнгөн дүнгээр илэрхийлэх нийт хэмжээ 5.940.648 төгрөг гарах боловч анхан шатны шүүх түүнд учирсан эдийн бус гэм хорыг 5,000,000 төгрөгөөр тооцож гаргасан бөгөөд энэ тооцооллын талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Харин тэрээр цагдан хоригдсон хоногийг 73 хоног гэж буруу тооцож, улмаар уг хоногийг дээр дурдсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг илэрхийлсэн 660,000 төгрөгөөр үржүүлнэ гэж давж заалдах гомдол гаргасан нь илт үндэслэлгүй бөгөөд давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэнийг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Х давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ