Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Шт холбогдох эрүүгийн 1914001330243 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Г.Ш

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед иргэн Б.Мг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Шын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 сарын 13-нд би Оргил бааранд орж архи уусан нэлээд согтсон байсан тул тухайн үед юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /

Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн

… Би ******* найзтайгаа хамт Оргил гэх нэртэй бааранд 2019 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн орой 23 цагийн үед орсон. Баарнаас гарч ирэхэд нэг залуу миний нүүрэнд гараараа цохисон мөн өшиглөсөн тэр үед хоёр цагдаа ирж намайг авч явсан, тэр залууг болон манай найз ******* бид гурвыг эрүүлжүүлэх байранд хийж эрүүл болгосон. Маргааш өдөр тэр залуутай би уулзаж цагдаад өргөдөл гаргаж өгсөн намайг цохисон залуу бор царайтай надаас өндөр залуу байсан танина. Намайг миний нүүрэнд цохисон би тухайн үед согтуу байсан тэр залууг би ямар шалтгааны улмаас зодож байгаа гэж асуухад би согтуу байсан санахгүй байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

Гэрч У.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... М бид 2 Оргил бааранд ороод сууж байхад Б.М гараад явсан байхаар нь гараад иртэл Б.М зодуулчихсан ганцаараа сууж байсан. Мөн цагдаа нар ирсэн бид нарыг аваад цагдаа дээр авчирч эрүүлжүүлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын 13-нд Оргил баарны гадаа зодоон болж байна гэх гомдол мэдээллийн дагуу гурван хүн эрүүлжүүлэхэд орсон нэг нь манай цагдаад ажиллаж байгаад гарсан Г.Ш гэх залуу байсан. Г.Шын хамт цагдаагийн газар ирсэн. Б.М гэх залууг цохисон гэж байсан тэгээд эрүүлжүүлсэн тэд нартай хамт явж байсан ******* гэх залуу би найзтайгаа хамт орно гэж хэлээд цуг эрүүлжүүлэхэд орсон. Намайг харахад зүгээр харагдаж байсан Г.Шыг намайг зодсон гэж хэлээд байсан. Б.М гэх залуу нэлээд согтуу хамт явж байсан ******* гайгүй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 93 дугаартай

1. Б.Мгийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний сулрал, 2 нүдний дээд доод зовхи, дээд уруулд цус хуралт, дух, хамар, зовхи, уруулд зулгаралт, зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 6-7/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 42-43/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 71/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 56,/ шүүгдэгч Г.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, депозит дансны хуулгууд /хх-ийн 60-63/, хохирогч Б.Мгийн хүсэлт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Г.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд 2019 оны 01 сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед иргэн Б.Мг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.Шын ... би Оргил бааранд орж архи уусан нэлээд согтсон байсан тул тухайн үед юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 / 

хохирогч Б.Мгийн … Би ******* найзтайгаа Оргил нэртэй бааранд орсо,... баарнаас гарч ирэхэд нэг залуу миний нүүрэнд гараараа цохисон мөн өшиглөсөн тэр үед хоёр цагдаа ирж намайг авч явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

 гэрч У.Бын ... Б.М гараад явчихсан байхаар нь гараад иртэл Б.М зодуулчихсан ганцаараа сууж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /

гэрч Г.Бийн ... Б.М гэх залуу Г.Шыг намайг зодсон гэж хэлээд байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 93 дугаартай ... Б.Мгийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний сулрал, 2 нүдний дээд доод зовхи, дээд уруулд цус хуралт, дух, хамар, зовхи, уруулд зулгаралт, зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 6-7/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.М нь Г.Шын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Ш бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ш нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.М ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 23-24, 65/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Шыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Шыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь таван зуун тавин /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /500000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Шт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Шт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА