Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2026/00019

 

Д.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 302/ШШ2026/00018 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч Г***-А**** аймгийн Баян-У** сумын [**]-р баг, Х****** говь-д оршин суух, Т***** овогт Д*********** А*********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг, Д***** сум, 9 дүгээр багт оршин суух, Ж******* нура овогт Ы******* Н****** холбогдох,

 

“Худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, хохирол 300,000 төгрөг, нийт 7,300,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

 

“Эд хөрөнгийн биет байдлын доголдлын улмаас гэрээг цуцалж, худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг буцаан өгч, урьдчилгаанд төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Д.А /цахим сүлжээгээр/, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Х.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, тус гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ы.Н холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн 7,000,000 төгрөг, хохирол 300,000 төгрөг, нийт 7,300,000 төгрөг шаардсан бол хариуцагч Б.Н нь худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг “хурдан удмын морь гэдэг нь батлагдаагүй тул” худалдагчид  буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс “Ы.Н нь 7 настай хул морийг 8,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдаж авч, тухайн үед 700,000 төгрөгийг бэлэн өгч, 300,000 төгрөгт төлөг өгсөн. Тухайн морийг худалдаж авах хүн байхад өөрөө хүчээр авч, баримтаа бичиж өгсөн. Би Д***** суманд 7 дугаар сард наадмын үеэр мөнгөө авах гэж очиход морины уяа сойлго таараагүй байна, уяа сойлго нь тохирсон морь уралддаг гэдгийг чи мэднэ биз дээ, уяа сойлгыг нь сайн тааруул гэж ярилцаад 8 дугаар сар гаргаад мориныхоо үнийг авахаар хүрээд ир, тэгээд өгөлцөж авалцахаар тохиролцсон. Дараа нь 2025.09.09-ний өдөр үхрээ ачаад Х****** гуанз дээр яваад очъё, Ховд аймагт уулзъя гэсний дагуу би гэр бүлээрээ Ховд аймаг руу гараад Ы.Н “би Ховд аймгийн З**** сум дээр иж байна” гэж ярихад “би одоо сумаасаа гарлаа” гэж ярчхаад, ахиж утсаа авалгүй намайг удаа дараа хуурч, худал хэлж эдийн засгийн хувьд хохирол учруулсан тул миний морины үнэ болон гарсан зардлын хамт төлүүлэхээр шүүхэд хандсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

3. Хариуцагч Ы.Н “Д.А морь худалдаж авсан нь үнэн. Худалдаж авахдаа уг морь нь Д***** аймгийн гаралтай, хурдан удмын адуу байгаа, сумын наадамд соёолон насанд түрүүлж байсан, 8,000,000 төгрөгөөр худалдана гэхээр нь би 1,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд, үлдсэн мөнгийг хурдан гэдгээ батлах юм бол өгч, морийг авна гэж тохирсон. Гэтэл уг морийг уяж сумын хэмжээнд явагдсан морины уралдаанд удаа, дараа уралдуулсан боловч дандаа сүүл бариад байсан. Уг морийг сумын хэмжээнд уяачид хурдан удмын адуу биш гээд байна. Д.А хурдан морь гэж худалдсан морь нь амжилт үзүүлээгүй, хурдан морь болохоо батлаагүй учир өөрт нь буцаан өгч, урьдчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 7 настай хул зүсмийн морины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 300,000 төгрөгийг хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

4. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан буюу талуудаас гаргаж өгсөн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ы.Н нар харилцан тохиролцож,  Д.А 7 настай хул зүсмийн хурдан удмын гэх морийг 8,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагч Ы.Н худалдсан бөгөөд худалдан авагч Ы.Н нь 700,000 төгрөгийг бэлнээр, 300,000 төгрөгт мал оролцуулан, урьдчилгаанд нийт 1,000,000 төгрөгийг худалдагчид өгсөн, харин үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр баримт үйлдэж, тохиролцсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй, Ы.Н үйлдсэн буюу нотариатчаар гэрчлүүлсэн баримтад гэрээний гол нөхцөл болох худалдан авч буй эд хөрөнгө болох хул зүсмийн хурдан удмын адууны талаар, мөн эд хөрөнгийн үнийг төлөх асуудлаар тодорхой тусгасан, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь нэхэмжлэгч нь худалдсан адууны үлдэгдэл үнэ 7,000,000 төгрөгийг шаардсан бол хариуцагч нь худалдаж авсан 7 настай хул зүсмийн морь нь “хурдан удмын морь мөн болох нь батлагдаагүй” тул тухайн адууг эзэнд  нь буцаан өгч, урьдчилгаанд төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба  худалдах-худалдан авах гэрээний зүйл нь 7 настай хул зүсмийн морийг хурдан удмын морь мөн эсэх талаар хариуцагч маргаж, хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул худалдагч худалдсан адууны үнийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг худалдан авагчийн үйлдсэн баримтыг үндэслэж шаардсан. Харин худалдан авагч нь худалдаж авсан морь нь хурдан удмын морь мөн эсэх нь батлагдаагүй тул гэрээг цуцлах тухайгаа илэрхийлж, өгсөн авсан зүйлээ буцаах буюу урьдчилгаанд төлсөн 1,000,000 төгрөгийг худалдагчаас шаардаж, худалдаж авсан адууг буцаана гэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ы.Н худалдсан адууны мөнгөө шаардахын тулд Говь-Алтай аймгаас Ховд аймагт ирж, буцсан зардал гэх 300,000 төгрөгийг нэмж шаардсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй. Хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж байгаа тул давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 300,000 төгрөг гаргуулах тухай хэсэгтэй холбоотой нэхэмжлэлийн үндэслэл болон анхан шатны шүүхийн шийдэлтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

 

6. Хариуцагч Ы.Н нь 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.А 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг худалдаж авахаар хүлээн авч, гэрээний гол нөхцөлийн талаар буюу адууны үнийг 8,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 1,000,000 төгрөгийн урьдчилааг өгсөн, үлдсэн 7,000,000 төгрөгийг 2025 оны  10 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр баримт үйлдэж, нотариатчаар гэрчлүүлжээ. Харин талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа тодорхой болзолтойгоор буюу Ы.Н худалдаж авсан 7 настай хул зүсмийн морийг тодорхой амжилт гаргасны дараа, эсхүл бусад байдлаар тухайн морь нь хурдан удмын морь мөн болох нь батлагдсаны дараа үлдэгдэл 7,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцоогүй, энэ талаар тухайлсан гэрээний нөхцөл заагаагүй учраас хариуцагчийн татгалзал хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй, иймд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс үзвэл худалдагч Ц.А нь худалдан авагч Б.Н худалдаж буй 7 настай хул зүсмийн адууны талаар хурдан удмын адуу мөн гэж хууран мэхэлж, итгүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулах үеэр тухайн адууны хувийн онцлог шинж тэмдэг, онцлог чанарын талаар харилцан ярилцаж, тохиролцож байсан нь худалдан авагчийн үйлдсэн баримтад “7 настай хул зүсмийн хурдан удмын адууг хоёр тал хэлэлцсэний дагуу худалдан авсан” гэж тодорхой тусгасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд худалдагч Д.А гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу худалдан авагч худалдсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан, харин худалдан авагч Ы.Н нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймээс худалдагч буюу нэхэмжлэгч нь хариуцагч буюу худалдан авагчаас худалдсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй ба уг эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн бүрэн боломжтой.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ы.Н нэхэмжлэгч Д.А холбогдуулан худалдаж авсан 7 настай хул зүсмийн адуу нь хурдан удмын морь мөн эсэх нь батлагдаагүй учраас тухайн эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж гэрээг цуцлах талаар сөрөг нэхэмжлэл гаргаж, өгсөн авсан зүйлсээ буцааж, нэхэмжлэгчээс урьдчилгаанд төлсөн 1,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, агуулгаас үзвэл, хариуцагч нь худалдаж авсан эд хөрөнгийг биет байдлын доголдолтой буюу “хурдан удмын морь мөн эсэх нь батлагдаагүй” гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Гэтэл талууд тухайн хул зүсмийн морины талаар худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед тухайн адууны ерөнхий шинж байдлыг “7 настай хул зүсмийн хурдан удмын адууг хоёр тал хэлэлцсэний дагуу худалдан авсан” гэж тодорхойлсон, хурдан удмын морь мөн эсэх талаар хэн аль нь мэдэж, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж, хурдан удмын адуу мөн гэж гэрээний талууд ойлголцсон учраас үнийг 8,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд уг адууг байгаа байдлаар буюу ерөнхий шинж тэмдгээр нь “хурдан удмын адуу мөн” гэж худалдагчаас санал болгосон үнийг худалдан авагч Ы.Н нь хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, худалдагч нь урьдчилгаанд 1,000,000 төгрөг төлж, үлдсэнийг нь тодорхой хугацааны дараа төлөхөөр гэрээ байгуулжээ. Харин тухайн адууны нарийвчилсан онцлог шинж, чанарын талаар “хэрвээ хурдан удмын адуу мөн эсэх нь батлагдвал үлдэгдэл үнийг төлнө” гэж талууд гэрээний гол нөхцөл болон төлбөр төлөх журмын талаар тухайлан тохиролцоогүй буюу гэрээнд худалдаж буй эд хөрөнгийн онцлог шинж, чанарын талаар тухайлан, нарийвчилж  тохиролцоогүй бөгөөд энэ тохиолдолд гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй ба хариуцагч Ы.Н нь худалдаж авсан 7 настай хул зүсмийн хурдан удмын морийг өөр хурдан удмын мориор солиулах, гэрээг цуцалж, авсан өгснөө буцаах тухай шаардлага гаргах эрх нь 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан...” гэж хариуцагч буюу худалдан авагчийн эд хөрөнгийг шилжүүлж авснаас хойш эд хөрөнгийн доголдолтой холбоотой зургаан сарын дотор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж алдаатай дүгнэлт хийсэн боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэв.

 

Учир нь хариуцагчаас худалдсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан атлаа таван сарын дараа буюу зургаан сарын дотор тухайн эд хөрөнгийн биет байдлын доголдолтой нь холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчөөгүй бөгөөд хариуцагч ийнхүү эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой боловч тухайн шаардлагын үндэслэл нь мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан худалдаж авсан эд хөрөнгийг биет байдлын хувьд гэрээнд заасан чанар бүхий эд хөрөнгө гэж үзэх үндэслэлд хамаарахгүй буюу талууд худалдах-худалдан авах гэрээнд тухайн адуу хурдан удмын адуу мөн эсэх нь батлагдсан нөхцөлд төлбөрийг тохиролцсон хэмжээнд бүрэн төлөх талаар үүрэг хүлээгээгүй учраас гэрээний зүйл болсон 7 настай хул зүсмийн адуу биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймээс хариуцагчийн “худалдаж авсан морь нь хурдан удмын морь мөн болох нь батлагдаагүй” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэл болговол тухайн адууг биет байдлын доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

10. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 302/ШШ2026/00018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК