| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00801/И |
| Дугаар | 212/МА2026/00020 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 212/МА2026/00020
Б.Н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 302/ШШ2026/00029 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Т**** овогт Б******** Н********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургууль /захирал Х.Р/-д холбогдох,
“Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,616,350.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Е.М, Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал Х.Р, түүний өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга:
1.1. Нэхэмжлэгч Б.Н нь 2001 онд компьютер операторчийн дадлагын багшаар ажилд орж, 2005 оноос эдийн засгийн онолын багшаар ажиллаж эхэлсэн.
1.2. Суралцагчийн тооноос хамаарч хичээлийн цаг өөрчлөгдөхөд 5 жилийн өмнө тус мэргэжлээр ажиллаж эхэлсэн нэхэмжлэгчийн цагийг бусад багш нарт хуваарилж, түүнд цаг олгоогүй.
1.3. 2024 оны 11 дүгээр сараас цагийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд сургуулийн захирал түүнийг дараагийн хичээлийн жилд бүр орон тоонд ажиллуулж, цагийг нь гүйцээж өгөхөөр амлаж байсан.
1.4. Бусад багш нарын дутуу цагийг өөр мэргэжлийн хичээлээр (компьютер, амьдрах ухаан, эрүүл мэнд гэх мэт) гүйцээсэн атлаа зөвхөн нэхэмжлэгчийн цагийг гүйцээгээгүй нь тэтгэвэрт гарахад нь санхүүгийн болон ажилласан жилийн хохирол учруулсан.
1.5. Мэргэжлээрээ 24 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд холбогдох журмын дагуу өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг 523,350 төгрөг гэж тооцсон.
1.6. Ажилгүй байсан 2025 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх 5 сарын хугацааны цалин хөлсийг 2,616,750 төгрөгөөр тодорхойлсон.
1.7. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.Н 2001 онд компьютерын багшаар орж, 2005 онд элсэлт нэмэгдэхэд эдийн засгийн онолын хичээлийг бусад багш нарын хамт зааж эхэлсэн.
2.2. Тэрээр 2023 онд математикийн багшийн түр орон тоонд цагийн багшаар ажиллаж байгаад, хичээлийн жил дуусахад буюу 2024 оны 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн.
2.3. 2024 оны намар түүнд эдийн засгийн хичээлийн цаг гаргаж өгсөн ч элсэлт цөөрсөн тул үндсэн багш нарыг цагаар хангах шаардлагаар 2025 оны 6 дугаар сард дахин чөлөөлсөн.
2.4. Мэргэжлийн дагуу орон тоо гарвал эргүүлэн авахаа мэдэгдэж байсан ч одоогоор үндсэн багш нар цагаа авсан тул нэмж цаг өгөх боломжгүй байна.
2.5. Сайдын тушаалын дагуу Иргэний ёс зүйн цагийг мэргэжлийн нийгмийн ухааны багшид шилжүүлсэн нь боловсролын байцаагчийн шаардлагад нийцсэн.
2.6. Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 7 дугаар сарын 29-ний хурлаар маргааныг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
2.7. Нэхэмжлэгч хорооны тэмдэглэлийг 2025 оны 8 дугаар сарын 07-нд гардан авч, 08-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн нь тогтоогдсон.
2.8. Хуульд заасан 10 хоногийн хугацааг 4 хоногоор хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 302/ШШ2026/00029 дүгээр шийдвэрээр:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М********* Б********** сургуулийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/53дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,616,350 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Б.Н нь анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг (ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, даатгал нөхөн төлүүлэх) хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан.
4.2. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бодитой үнэлээгүй.
4.3. Шүүх шийдвэртээ Б.Н математикийн багшийн түр орон тоонд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, улмаар хичээлийн цаг дууссан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн.
4.4. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, нөхөн байгуулах хуулийн үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгчийг “үндсэн багшаар ажиллуулах тухай гомдол гаргасан” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн утгатай байсан.
4.5. 2022 оны хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байгааг байцаагч тогтоосон атал шүүх үүнийг үнэлээгүй, гэрээг дуусгавар болсон гэж буруу дүгнэж хууль зөрчсөн.
4.6. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийн ерөнхий заалт баримталсан боловч гэрээ цуцлах бодит үндэслэл, санаачилга гаргагчийг тодорхой дурдаагүй. Мөн гэрээнд заасан цуцлах үндэслэлүүдийг баримтлаагүй.
4.7. 25 жил сахилгын зөрчилгүй ажилласан ажилтныг тэтгэвэрт гарах жилд нь түр орон тооны хүн мэт үзэж үндэслэлгүй чөлөөлсөн.
4.8. Нэхэмжлэгч хэн нэгний түр орон тоонд ажиллаж байгаагүй, “цагийн багш” гэдэг нь ажлын байрны нэршил бөгөөд энэ нь байнгын ажлын байр юм. Хичээлийн хуваарь гараагүй байхад “цаг хүрэлцэхгүй” гэж урьдчилан таамаглаж чөлөөлсөн нь хууль бус.
4.9. Сургалтын менежер Х.Р хувийн харилцаагаар хичээлийн цагийг өөрийн найздаа хуваарилж, нэхэмжлэгчийг зориудаар “цаг хүрэлцэхгүй” нөхцөл байдалд оруулж, ялгаварлан гадуурхсан.
4.10. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлтэй.
4.11. Шүүхийн шийдвэрийг 2026 оны 1 дүгээр сарын 28-нд гардан авч, хуулийн хугацаандаа гомдлоо гаргасан.
5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Элсэлт буурснаас хичээлийн цаг хорогдож, Б.Н цагийн багш болсон. Түүнийг математикийн багшийн түр орон тоонд ажиллуулж байгаад хугацаа дуусахад чөлөөлсөн.
5.2. Байцаагчийн шалгалтаар “Иргэний ёс зүйн” хичээлийг мэргэжлийн бус хүнээр заалгаж байгаа нь журам зөрчсөн гэх даалгавар өгсөн тул хичээлийн жил дуусахад түүнийг чөлөөлсөн.
5.3. Намар элсэлт бүрдээгүй тул үндсэн орон тоо байхгүй, мөн мэргэжлийн бус хүнээр хичээлийг заалгах боломжгүй болсон тул Б.Н заах хичээлийн цаг олгогдоогүй.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуульд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн эдийн засгийн онолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,616,350 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
8. Ажилтан Б.Н тус сургууль ажил хөдөлмөр эрхэлсэн байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:
- ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь М********* сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 147 дугаар тушаалаар эдийн засгийн багш С.Г 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, түүний оронд цагийн багш Б.Н 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн С.Г ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар томилсон,
- 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар тушаалаар жирэмсний амралтын хугацаа дуусаж С.Г нь ажилдаа эргэж орсон тул түүний оронд ажиллаж байсан Б.Н 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн,
- 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаар тушаалаар тус төвийн номын санч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан К.А нь өөрийн хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ний хүртэл цалингүй чөлөө авсан тул оронд нь эдийн засгийн багш Б.Н туслах номын санчаар түр томилж ажиллуулсан,
- 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 100 дугаар тушаалаар нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн бөгөөд хуулийн зөвлөх Х.Е 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, оронд нь Б.Н 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Х.Е эргэж ажилдаа орох хүртэл хугацаагаар томилсон,
- 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр тушаалаар харилцааны ур чадварын багш Б.И 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс жирэмсний амралт олгож, түүний оронд Б.Н 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Б.И эргэж ажилдаа орох хүртэл хугацаагаар томилсон,
- Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/01113 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Н Баян-Өлгий аймгийн М******* сургалтын үйлдвэрлэлийн төвд 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн багшаар, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компьютер онол дадлагын багшаар, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эдийн засгийн онолын багшаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл туслах номын санчаар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны хүртэл А*** олгогч нийгмийн түншлэлийг хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл харилцааны ур чадварын багшаар, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дотуур байрны ахлах багшаар, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засгийн онолын багшаар тус тус ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэсэн зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогджээ.
9. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал болон Б.Н нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 104 дүгээр хөдөлмөрийн гэрээгээр ажилтны эрхлэх албан тушаал нь Э**** засгийн онолын багш гэж, гүйцэтгэх ажил нь онолын багш гэж, ажлын нэг өдрийн цаг 8 цаг, долоо хоногийн ажлын цаг 40 цаг гэж, 1.6 дахь заалтад ажилтны нэг сарын үндсэн цалин ТМБ-4-ээр 849,353 төгрөг гэж, 1.8 дахь заалтаар тус гэрээг хугацаагүй байгуулж байжээ.
10. Ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдсон тул ажилтан Б.Н 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс цагийн багшийн албан тушаалд томилж ажиллуулж ирсэн байна.
11. Сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус сургуулийн математикийн багш К.Н нь хүүхэд асрах чөлөө авсан учир түүний оронд Б.Н математикийн багшаар мөн өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр томилж, захирлын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар тус сургуулийн математикийн багш К.Н оронд түр ажиллаж байсан Б.Н 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн математикийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
12. Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар эдийн засгийн цагийн багш Б.Н 2024-2025 оны хичээлийн жилд заах хичээлийн цаг дуусгавар болсон тул түүнийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
15. Ийнхүү Б.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, ажил олгогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдсон гэсэн үндэслэлээр Б.Н 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс цагийн багшийн албан тушаалд томилсон ба тухайн цаг хугацаанаас хойш буюу 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд Иргэний боловсрол, Х*** хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэлт, Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, Н***** суудал зэрэг хичээлүүдийн 18 кредит, 648 цагийн хичээлийг ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирал нь цагийн багш Б.Н заалгаж, ажиллуулж байсан үйл баримтууд тогтоогдов.
16. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургууль нь ажилтан Б.Н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдсон гэсэн үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс цагийн багшийн албан тушаалд томилж, улмаар тус сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар эдийн засгийн цагийн багш Б.Н 2024-2025 оны хичээлийн жилд заах хичээлийн цаг буюу цагийн багшаар ажиллуулж байсан нөхцөл дуусгавар болсон тул түүнийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь нотлох баримтуудад үндэслэгдсэн, хариуцагч байгууллагаас тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд заах хичээлийн цаг дуусгавар болсон гэх үндэслэл нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.
17. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдсон гэсэн үндэслэлээр Б.Н ажлаас чөлөөлж, мөн өдрөөс цагийн багшийн албан тушаалд томилсон ба түүнд нэхэмжлэгчээс маргаагүй, тухайн үед шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй.
Харин 2024-2025 хичээлийн жилд тэрээр үндсэн багшаар бус, цагийн багшаар буюу хугацаатай ажиллаж байсан бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд Х*** хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэх болон Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хичээлд нийт 864 цаг буюу 24 кредтит байгаагаас 648 цаг буюу 18 кредитийг Ш.И багшид, 6 кредит буюу 216 цагийг С.Г багшид өгсөн, харин цагийн багш Б.Н өгөх цаг хүрэлцээгүй талаар сургалтын албаны менежер тодорхойлолт гаргажээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 98-99 дэх тал/ Иймээс уг баримтаар, цагийн багш Б.Н 2024-2025 оны хичээлийн жилд заах хичээлийн цаг дуусгавар болсон бөгөөд 2025-2026 оны шинэ хичээлийн жилд нэхэмжлэгчээр заалгах хичээлийн цаг хүрэлцээгүй нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтаар ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
18. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “Миний бие дээрх 25 жилийн хугацаанд хэн нэгний түр орон тоонд бус тухай бүр томилогдож байсан ажил олгогч нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу боломжит ажлуудыг хийж ирсэн бөгөөд түр орон тоонд буюу хэн нэгний орон тоонд ажиллаж байгаагүй. Түүнчлэн 2025-2026 оны хичээлийн жилийн хуваарь гараагүй байхад цаг хүрэлцэхгүй гэх шалтгаанаар ажиллуулахаас татгалзаж байгаа нь хууль бус бөгөөд 2-3 сарын дараа тодорхой болох үйл явдлыг урьдчилан харж намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм” гэжээ. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо гүйцээгүй учир элсэгчдийн тоо багасаж, эдийн засгийн хичээлийн цаг хорогдож багшийн орон тоо цөөрсөн болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар ажилтан тухайн үед маргаан үүсгээгүй.
19. Нэхэмжлэгч Б.Н 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд зааж байсан Иргэний боловсролын хичээлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/398 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөний 5 дугаарт, мөн сайдын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын хавсралтаар баталсан бага ангийн сургалтын төлөвлөгөөний 3 дугаарт тус тус “Иргэний ёс зүйн боловсрол хичээлийг нийгмийн ухааны багш заана” гэж заасан байх ба хариуцагч Баян-Өлгий аймаг дахь М********* боловсролын сургуулийн захирлын “тухайн хичээлийг сайдын тушаалд зааснаас өөр мэргэжлийн хүн заахыг хориглосон тул цагийг нь мэргэжлийн бус багшид өгч, заалгах боломжгүй” гэх татгалзал үндэслэлтэй байна.
20. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тухайн ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзсэн нь тогтоогдоогүй, тэрээр 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд түүний давж заалдах гомдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасан ерөнхий зохицуулалтыг баримталсан гэх үндэслэл нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн болон бодит үндэслэлд хамаарахгүй байна. Б.Н ажил олгогч 2024-2025 хичээлийн жилд цагийн багшаар бүтэн ажиллуулаад, тус хичээлийн жил дуусгавар болгох үед ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад хамааруулж, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсон гэж үзэх бөгөөд энэ талаар хариуцагчаас 2025-2026 оны хичээлийн жилд цагийн багш Б.Н заах хичээлийн цаг өгөх боломжгүй байсан гэсэн хариу тайлбар баримтаар нотлогдсон. Иймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21. Б.Н нь 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны тэмдэглэлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 302/ШШ2026/00029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК