| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0168/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/178 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Улсын яллагч: С.Болорзул
Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Уад холбогдох эрүүгийн 1914003780248 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Ц.У,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 14-13 тоотод хамтран амьдрагч С.Шын салсан нөхөр А.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Уын мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн өдөр би гэртээ хамтран амьдрагч С.Ш болон 2 хүүхдийн хамт гэртээ унтаж байхад шөнийн 01 цагийн орчимд гаднаас А.М гэж манай эхнэр С.Шын өмнөх нөхөр Насаа болон Шарка гэдэг залуусын хамт согтуу орж ирсэн. Тэгээд С.Шын орны урд очоод хөнжлийг сөхөж өөрийнхөө хүүхдийг үнссэн. Тэрнээс болж би А.Мтай маргаад бид 2 барилцаж авсан.Эхнэр цагдаа дуудчихлаа гэсэн А.М болон Шарка, Насаа нар гэрээс гараад гэрийн ард юм ярилцаад зогсоод байсан. Эхнэр цагдаа дуудчихлаа гэхээр нь би гараад урд хашаанд ороод зогсож байхад цагдаа ирээд нөгөө 3 хүнийг аваад явахаар нь би гэртээ унтаад өгсөн. Тухайн үед би архи уучихсан байсан юм. Би Мыг 2-3 удаа өшиглөсөн тэгээд Шарка боль гээд салгахаар нь больсон юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /
Хохирогч А.Мын мөрдөн байцаалтад өгсөн
… Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зах дээр архи уучихаад найз Шарка буюу Ө, Насаа бид гурва миний салсан эхнэр С.Шынд би хүүхэдтэйгээ уулзах зорилгоор очсон. Би жаахан согтуу нөгөө 2 маань гайгүй байсан. Бид 3 Шынд ороод хүүхэдтэйгээ уулзъя гээд би С.Шын орны урд очоод хүүхдээ үнссэн. Тэд нар биднийг гэрт ороход унтацгааж байсан тэгээд нөхөр болох Н.У нь уурлаад надтай маргасан харанхуй шөнө орж ирлээ уурлахаар нь би яагаад охинтойгоо уулзаж болдоггүй юм гээд маргасан чинь босож ирээд надтай барилцаад авсан. Тэгээд намайг унагааж нүд нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд манай найз Д.Ө бид хоёрыг салгаж болиулсан. Би бол Уыг нэг их цохиогүй байх би тэрнээс хойшхи мэдэхгүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/
Гэрч С.Шын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 04-ний орой гэртээ байхад манай салсан нөхөр А.М 23 цагийн үед найз нартайгаа орж ирсэн, би охинтойгоо уулзах гэж ирлээ гэж согтуу ирсэн. Тэгээд унтаж байсан хүүхэд сэрээгээд ор руу хүүхдээ үнсэх гэж байгаа бололтой байсан ... би чамтай уулзахгүй охинтойгоо уулзах гэж байна гээд намайг хэл амаар доромжлоод байсан .... тэгээд нөгөө орон дээр унтаж байсан миний хамтран амьдрагч Ц.У дургүйцээд А.Мтай маргасан. Тэр хоёр барилцаад авсан чинь нүд рүү цохичихлоо гээд А.М хэлж байсан. Намайг гэрээс гарахад Ц.У болон А.М 2 бие биетэйгээ заамдалцсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 32-33/
Гэрч Д.Өы мөрдөн байцаалтад өгсөн
... Тэр орой Насаа ах А.М бид гурав Н ахынд архи уучихаад А.М хүухэдтэйгээ уулзъя гээд байхаар нь бид 3 хамт Ц.Уынх руу очсон. Насаа ах гэрийн гадаа үлдээд А.М бид хоёр гэрт ороход С.Ш хүүхдүүдтэйгээ тустай унтаж байсан. Тэгээд А.М С.Шын орны урд очоод хүүхдээ үнссэн. Тэгтэл Ц.У уурлаад А.Мтай маргасан, Ц.У А.Мыг өшиглөөд дээрээс нь дэвсэхээр нь би салгаад Ц.Уыг орон дээр нь суулгаад А.Мыг би аваад гарсан. Ц.У халамцуу байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 288 дугаартай
1.А.Мын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зовхи, хамар, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Иргэн А.Мын биед 2019.05.05-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 12-13/
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай
1. Ц.У нь эрүүгийн хэрэгт холбогдохоосоо өмнө мэдрэлийн хувьд онош: Тархины гэмтлийн үлдэц зан төрхийн өөрчлөлт захын гаралтай толгой эргэлт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн саажилтын үлдэцтэй өвчний учир хяналтанд байдаг.
2. Хэрэв Ц.У нь мэдрэлийн өвчнөөр 1999 онд осолд орж тархины суурь ясны хугаралтай байсан. Уг өвчний улмаас мэдрэлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэдэг. Одоо өвчний ээнэгшлийн шатандаа байгаа.
3. Ц.У нь мэдрэлийн онош: Тархины гэмтлийн үлдэц зан төрхийн өөрчлөлт захын гаралтай толгой эргэлт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн саажилт өвчтэй байна. Өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай.
4. Ц.У нь мэдрэлийн онош: Тархины гэмтлийн үлдэц зан төрхийн өөрчлөлт захын гаралтай толгой эргэлт, гэмтлийн гаралтай нүүрний мэдрэлийн саажилтын үлдэцтэй өвчтэй боловч түүнд эмнэлгийн чанартай ямар нэгэн албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй ... гэх дүгнэлт /хх-ийн 64-65/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 46-47 /, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн /, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 82/, шүүгдэгч Н.Уын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 77/, шүүгдэгч Н.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч У нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 14-13 тоотод хамтран амьдрагч С.Шын салсан нөхөр А.Мыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Ц.Уын ... би А.Мтай маргаад бид 2 барилцаж авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /
хохирогч А.Мын … намайг унагааж нүд нүүр рүү өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/
Гэрч С.Шын ... Тэр хоёр барилцаад авсан чинь нүд рүү цохичихлоо гээд А.М хэлж байсан. Намайг гэрээс гарахад Ц.У болон А.М 2 бие биетэйгээ заамдалцсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 32-33/
Гэрч Д.Өы ... Ц.У А.Мыг өшиглөөд дээрээс нь дэвсэхээр нь би салгаад Ц.Уыг орон дээр нь суулгаад А.Мыг би аваад гарсан. Ц.У халамцуу байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 288 дугаартай ... А.Мын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зовхи, хамар, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Уыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч А.М нь шүүгдэгч *******хын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.У нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.У нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч А.М ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 80/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Уыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Уыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.У нь дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Уад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Уад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА