Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00135

 

 

 

 

 

 

 

 

   2026           01            16                                       210/МА2026/00136     

 

                       

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08711 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

16,190,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөр хийх нөхцөлөөр бараа худалдан авч *******хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан барааны тооцоо нийлэхэд 16,120,260 төгрөгийн үлдэгдэл гарсан. Төлбөрөө төлж барагдуулах талаар бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 243.1-т зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 16,120,260 төгрөг, хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөг, нийт 16,190,460 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие **************-ийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 жилийн ажлын байрны гэрээг *******-ийн захирал *******хийж *******байрлах ******* бөөний төвийг ажиллуулж эхэлсэн. Уг объектыг ажиллуулж байсан *******нь ирж миний эгчийн бараа гэж *******гэдэг хүнээс үлдэгдэл барааг тоолж авч тооцоог дуусгаж хүлээлцэж авсан.

2.2. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр түрээслэгч ирж уулзаж дүүдээ өгч байна гэсэн тул суллаж өгөхдөө сарын дараа гэсэн гэрээний үндсэн дээр сулласан. Гэтэл бараа материалыг бэлэн мөнгөөр авах тул 5 хоногийн дотор суллахыг шаардсан. Сарын сүүлээр бүх компаниудын төлбөрийг барагдуулах тул зөвшөөрөн тохиролцож тооллого хийж хүлээлцсэн. Гэтэл мөнгө хүрэхгүй байна гэхэд нь бүх компаниуд руу залган бараануудаа буцаалт хийж авахыг хэлсэн, шаардсан. Тоолж өгсөн бараа 300,000,000 гаруй байсан тул буцаалт хийж компаниудад хэлсэн. Үүний дотор нэхэмжлэл гаргасан уг компани байсан ч ирж авч амжихгүй нь мөнгө дараачийн хүнээс авч болох байх бид бараа байнга нийлүүлнэ гэсэн. Би удаа дараа утасдаж хэлсэн, шаардсан. Зарим компаниуд бараагаа буцаалт хийсний дараа үлдэгдэл 238,163,300 төгрөг үлдсэнээс 100,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг 5 хоногийн дотор өгөхөөр болсон тул би бүх компаниудыг төлж барагдуулах байсан ч өгөөгүйгээс гадна миний мөнгийг дур мэдэн гүйлгээ хурдан гардаг баримттай компаниудад дур мэдэн төлж гүйлгээ багатай бараатай компаниудад төлбөрийг барагдуулаагүй одоог хүртэл чирэгдэл үүсгээд байна. Талыг компаниудад төлж үлдэгдэл 35,252,900 төгрөг үлдсэн. Үүнийг тооцоотой компаниудад өгнө гэсэн боловч 3 сарын дараа тэр барааны хугацаа дууссан, тэр барааг хямдарсан гэх мэт шалтаг тоочиж одоог хүртэл үлдэгдэл мөнгө өгөөгүй. Барааг тоолж хүлээлцэж өгөхөд уг компанийн барааны үнэ 6,542,120 төгрөгтэй барааг хүлээлгэн өгсөн байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 16,190,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 238,902 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 238,902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, зохигчид болон түүний өмгөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэн байх тул дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсье.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хуульд заасан эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08711 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсье.

 

6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 16,190,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...******* бөөний төвийг бусдад шилжүүлсэн, өр шилжүүлсэн...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

3.1. Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч нь бараа бүтээгдэхүүнийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байдлаар зээлээр худалдах, хариуцагч нь барааг хүлээн авч төлбөр тооцоог сар бүрийн 03-ны өдрүүдэд худалдагч талд дансаар шилжүүлэх, гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 4.2-т заалтад заагдсан хөнгөлөлтийг олгохгүй ба хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөх, гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулсан. /хх-13-15/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хариуцагч ******* нь 16,120,260 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. Худалдан авагч нь тогтоосон үнийг төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх11/

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийг шаардсан бөгөөд анхан шатны шүүх гэрээнээс учирсан хохиролд тооцож гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн хэм хэмжээнд нийцнэ. /хх17/

 

7. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь ******* бөөний төвийг бусдад шилжүүлсэн буюу өр шилжүүлсэн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, нотлоогүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч *******-аас 16,190,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

8. Хариуцагч талаас “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, зохигч болон өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

8.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар хариу тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхний шүүх хуралдаан товлон зарлагдахад хариуцагч биечлэн оролцож, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Иймд өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-26-31, 59-61/

8.2. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж баталгаажуулсан байна. Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх нөхцөл байдлыг илэрхийлээгүй учир анхан шатны шүүх хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцэх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ