Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М, Г.А нарт холбогдох эрүүгийн 1914000420213 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн,  С.М,

2.Монгол улсын иргэн, Г.А,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдөр 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 1-15 тоотод Г.Аг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдөр 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 1-15 тоотод С.Мг зодож эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... Би нөхөртэйгээ ярьсан нь үнэн. Тэгээд дахиад залгаж ярьтал С.М байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Дараа нь манай нөхөр залгаад чи С.Мтэй ярьсан юм уу гэхээр нь өөрөө залгасан гэж хэлсэн. 11 дүгээр сарын 23-ны орой 6 цагт М шал согтуу над руу нууцалсан дугаараас залгаад элдэв янзаар хэлж, чамтай уулзъя гээд байсан. Маргааш өглөө нь жолооны сургалтанд сууж байхад тарах болж байна уу гэж залгахаар болоогүй байна гэж хэлээд шалгалтаа өгчихөөд гарч ирэхэд М залгаад намайг үг хэлээр доромжилсон. Би жолооны сургалтаа тараад явж байтал 6-1 тоот хашааны үүдэнд манай нөхрийн машин байж байхаар нь ортол С.М сууж байсан. Маргалдаж байхад Мгээс архи үнэртэж байсан. Би хүүхдүүдтэйгээ хамт орсон. Тэгээд нөхөртэйгөө муудалцаад байж байтал М манай том хүүхдийг түлхээд алгадахаар нь би гараа явуултал нүүрийг нь самардчихсан. М миний үснээс зулгаагаад тавихгүй байхад гэрийн эзэн нь салгасан. Тэнд байсан ганц эрүүл хүн нь манай нөхөр рүү дайраад байсан. Би цагдаа дуудаад хүүхдээ аваад машин руугаа ортол араас чулуу шидээд машины цонх хагалчихсан. Тухайн үед манай нөхөр намайг алгадаагүй. Эргээд орж иртэл М байхгүй байсан гэв.

Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 12 дугаар сарын үед би нөхөр ******* буюу Б рүү ярих гээд Цагаан цахир руу нөхрийн байдаг бригадын хажуугийн гэрт байдаг утас руу залгахад эмэгтэй хүн аваад Бг яриулсан. Дараа нь тухайн дугаараас эмэгтэй хүн над руу залгаад арчаагүй хүүхэн минь чи хоол ундныхаа мөнгийг өөрөө олж чадахгүй байна уу гэж намайг хэл амаар доромжилсон, ... нөхөр намайг жолооны сургуульд хүргэж өгсөн. Намайг жолоонд сууж байхад нөгөө хүүхний дугаар над руу залгаад байсан учир утсаа авахад хэзээ ч эмэгтэй хүн нөхөртөө дагавар хүүхдээ өөрийнхөө хүүхдийг өгч явуулдаггүй юм гэж хэл амаар доромжлоод байсан. Би нөхөр рүүгээ залгахад манай нөхөр утсаа авахгүй байхаар нь би таксидаад хоёр хүүхэд дээрээ очиход хоёр хүүхэд өглөө үлдээсэн айлд буюу нөхрийн ахынд байсан ... манай нөхрийн машин манай гудамжнаас хойш байдаг ******* гэдэг ахын хашааны гадаа харагдаж байхаар нь ******* ахынд ороход ******* ах, эхнэр Нараа гэж дууддаг эгч, манай нөхөр, Туваан, С.М нар байсан ... би уурандаа тэр хүүхний нүүр рүү нь гараа явуулсан чинь нүүрийг нь самардаж урсан. Бид хоёр бие биенийгээ хүзүүнээс нь бариад үсдэлцэж зодоон хийсэн. С.М намайг орон дээр унагааж дээр гараад үснээс зулгааж цээж рүү өшиглөсөн. Тэр айлын хүмүүс болиулсан чинь дахиж хэрүүл өдөж хэрэлдээд дахин үсдэлцэж би дээр нь гараад үснээс нь зулгаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 /,

Хохирогч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... Нийт хохиролд 131.900 төгрөг нэхэмжилж байгаа, холбогдох баримтаа гаргаж өгсөн байгаа гэв.

Хохирогч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

... С.М гэдэг хүүхэн би байна гичий минь гээд над руу дайраад намайг цохих гэж байснаа болиод, манай хүү *******г нэг алгадаж аваад багана руу түлхэж унагасан тэгэхээр нь би нүүрийн самардахад намайг барьж аваад үснээс зулгаагаад миний бие, нүүр цээж рүү өшиглөсөн би бас зөрүүлээд үснээс нь зулгаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/

Шүүгдэгч С.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... би Агийн нөхрийг Баянхонгорт зах дээр явж байна гэхээр нь хумсны лак захиж авчруулж байсан. Нэг орой 11 цагийн үед Амарамгалан манай утас руу залгаад нөхөртэйгөө ярья гэхээр унтаж байна гэж хэлсэн. Өглөө нь дахиж залгахаар нь нөхрийг дуудаад яриулсан. Дараа нь надтай яриад намайг хэл амаар доромжилсон. Би ажлыхандаа болсон зүйлийг хэлсэн. Би 12 сарын 26-нд хөдөөнөөс орж ирсэн. Маргааш нь зах орчихоод гэртээ орж ирээд байж байтал ******* залгаад танай ар талын гудамд айлд байна ороод ир гэхээр нь ороод сууж байтал А орж ирээд эхлээд нөхөртэйгөө маргалдаж байгаад сүүлдээ над руу дайрсан гэв.

Шүүгдэгч С.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 12 дугаар сарын 25-нд манай бригад буугаад аймагт орж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө би гэртээ байж байгаад манай хүүхэд өглөө Пороро авч өг гээд байсан тул зах руу явсан. Тэгээд би гэртээ ирчихээд байж байхад надтай хамт ажилладаг ******* над руу залгаад найз нь арын чинь гудамжинд айлд ирсэн байна гараад ир уулзъя гэсэн. Би гэрээсээ гараад арын гудамжинд тойрч очиход манай арын гудамжны үзүүр орчимд айлын хашааны үүдэнд машинтай байсан. Тэнд *******, ******* /Б/ болон 2 хүн байсан ... намайг гарахад ******* /Б/-гийн эхнэр нь үлдсэн ба ******* /Б/ нь машин руугаа орчихоор нь би хүнийг ингэж нүдүүлчихээд гээд уурлаад чулуу аваад шидсэн чинь ******* /Б/-гийн машины хажуугийн хаалганы жижиг цонхыг хагалсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 114-116 /,

Хохирогч С.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... Миний нүүрэнд 7 ширхэг хумсны сорви үүссэн. Тархины бичлэгээр Г.АмарАмгалангийнхаас өндөр байсан. Бас 7 хоног тусал хийлгэж, толгойгоо бариулсан. Тухайн үед зүүсэн байсан хүзүүний гинж, нүдний шил алга болсон. Нийт хохиролд 140.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Хохирогч С.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Миний дээр мордож суучихаад тавихгүй хоолойн түвэнх дээр дарсан байсан. Би Г.Аг үсэдсэн түүнээс өөрөөр гар хүрч зодоогүй. Би Г.Аг зодоогүй учраас шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.А нөхөртөө зодуулсан байх гэхдээ би хараагүй. Би зодуулж байхдаа мөнгөн хүзүүний гинж, нүдний гоёлын шилээ алга болгосон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /,

Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

 ...С.М гэдэг эмэгтэй манай эхнэрийг юу гээд байгаа юм гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нэг харсан үсдэлцсэн байсан. Би салгах гэтэл манай бага хүүхэд гараад явахаар нь араас нь гараад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 /,

Гэрч Л.*******ы мөрдөн байцаалтад өгсөн

“...******* /Г.Б/-гийн эхнэр орж ирээд нөхрийгөө загнаад ******* /Г.Б/-тэй эхэлж орж ирсэн хүүхэн рүү дайрч орон дээр дараад дээрээс нь гараад суусан. Тэгээд үснээс нь зулгаасан. Нөгөө хүүхэн нь чирэгдээд орноос унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 /,

Гэрч Ж.Сийн мөрдөн байцаалтад өгсөн

...******* /Г.Б/-гийн эхнэр 2 жаахан хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ ******* /Г.Б/-г архи уулаа гэж загнаад ******* /Г.Бт/-тай эхэлж орж ирсэн хүүхэн рүү дайрч хэрэлдээд барьж хойд орон дээр дарж аваад үсдэж дээр нь суусан. Тэгээд тэр 2 бие биенийгээ үсэдсэн. Тэгээд байгаад ******* /Г.Бт/-гийн эхнэр нөгөө хүүхнийг татаж орны урд руу унагаасан. Тэгээд би тэр хоёрыг салгасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 /,

Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

...бид нар ******* ахын гэрт байхад ******* /Г.Бт/-гийн эхнэр нь 2 хүүхэдтэйгээ ирээд гэрт орж ирээд ******* /Г.Бт/-г загинаад нөгөө хүүхэн рүү нь дайраад үсдэж аваад дээр нь гарч орон дээр даран суусан. ******* /Г.Бт/-гийн эхнэр нь нөгөө хүүхнийг орноос унагаж ноцолдоод үсдэлдээд байсан. Нөгөө хүүхэн ч гэсэн ******* /Г.Бт/-гийн эхнэрийг үсэдсэн. Тэгээд *******ы эхнэр салгасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай

1 Г.Агийн биед тархи доргилт, цээжинд зулгаралт, зүүн шуу, баруун гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

1. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 15-16/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дугаартай

1.Г.Агийн биед толгойд тархи доргилт гэмтэл учирсан ба энэ нь 2018.12.28-ны №50 тоот дүгнэлтэнд тусгагдсан болно.

2. Г.Агийн биед 2018.12.28-ны №50 тоот дүгнэлтэнд тархи доргилт, цээжинд зулгаралт, зүүн шуу, баруун гарт цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун гарын 3-р хурууны III-р үений шивнүүр ясны цууралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба 2018.12.26-ны өдөр учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь учирсан тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно ... /хх-ийн 95-96/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай

1. С.Мгийн биед тархи доргилт, дух, зовхи, хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 21-22/

“Энх-нахиа” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаартай дүгнэлтэд ... С.Мгийн эзэмшлийн эд зүйлийг 85.000 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 166-167/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 111, 117/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 129-133, 134-138 /, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 141-149/, шүүгдэгч Г.Агийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18/, сэрэнги үеийн тархины цахилгаан бичлэг /хх-ийн 23-35/, гэр бүлийн үнэлгээний маягт /хх-ийн 38-47/, шүүгдэгч С.Мгийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаартай тодорхойлолт /хх-ийн 173/, шүүгдэгч Г.Агийн хувийн байдлын талаарх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар багийн Засаг даргын 456 дугаартай тодорхойлолт /хх-ийн 181/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 199, 201/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 198, 200/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174, 182 /, шүүгдэгч Г.Агийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 202/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 203-205/, шүүгдэгч С.Мгийн фото зураг, хохирлын баримтууд /хх-ийн 208, 209-210/, шүүгдэгч С.Мгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 176-180/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 1-15 тоотод Г.Аг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 1-15 тоотод С.Мг зодож эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Агийн ... би уурандаа тэр хүүхний нүүр рүү нь гараа явуулсан чинь нүүрийг нь самардаж урсан. Бид хоёр бие биенийгээ хүзүүнээс нь бариад үсдэлцэж зодоон хийсэн. С.М намайг орон дээр унагааж дээр гараад үснээс зулгааж цээж рүү өшиглөсөн,....дахиж хэрүүл өдөж хэрэлдээд дахин үсдэлцэж би дээр нь гараад үснээс нь зулгаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 /,

шүүгдэгч С.Мгийн ...би хүнийг ингэж нүдүүлчихээд гээд уурлаад чулуу аваад шидсэн чинь ******* /Б/-гийн машины хажуугийн хаалганы жижиг цонхыг хагалсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 114-116 /,

хохирогч Г.Агийн ... би нүүрийн самардахад намайг барьж аваад үснээс зулгаагаад миний бие, нүүр цээж рүү өшиглөсөн би бас зөрүүлээд үснээс нь зулгаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/

хохирогч С.Мгийн ... миний дээр мордож суучихаад тавихгүй хоолойн түвэнх дээр дарсан байхаар нь би Г.Аг үсэдсэн ... би зодуулж байхдаа мөнгөн хүзүүний гинж, нүдний гоёлын шилээ алга болгосон байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 61-62 /,

гэрч Л.Бгийн ...С.М манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан, нэг харсан үсдэлцсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 /,

гэрч Л.*******ы “... эхэлж орж ирсэн хүүхэн рүү дайрч орон дээр дараад дээрээс нь гараад суусан үснээс нь зулгаасан, нөгөө хүүхэн нь чирэгдээд орноос унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 /,

гэрч Ж.Сийн ... эхэлж орж ирсэн хүүхэн рүү дайрч хэрэлдээд барьж хойд орон дээр дарж аваад үсдэж дээр нь суусан, 2 бие биенийгээ үсэдсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 /,

гэрч *******ы ... ******* /Г.Бт/-гийн эхнэр нь 2 хүүхэдтэйгээ ирээд гэрт орж ирээд ******* /Г.Бт/-г загинаад нөгөө хүүхэн рүү нь дайраад үсдэж аваад дээр нь гарч орон дээр даран суусан, хүүхнийг орноос унагаж ноцолдоод үсдэлдээд байсан, нөгөө хүүхэн үсэдсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаартай ... Г.Агийн биед тархи доргилт, цээжинд зулгаралт, зүүн шуу, баруун гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 15-16/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай ... С.Мгийн биед тархи доргилт, дух, зовхи, хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 21-22/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 99 дугаартай

1.Г.Агийн биед толгойд тархи доргилт гэмтэл учирсан ба энэ нь 2018.12.28-ны №50 тоот дүгнэлтэнд тусгагдсан болно ... Г.Агийн биед 2018.12.28-ны №50 тоот дүгнэлтэнд тархи догилт, цээжинд зулгаралт, зүүн шуу, баруун гарт цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун гарын 3-р хурууны III-р үений шивнүүр ясны цууралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба 2018.12.26-ны өдөр учирсан байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 95-96/

“Энх-нахиа” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаартай дүгнэлтэд ... С.Мгийн эзэмшлийн эд зүйлийг 85.000 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 166-167/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.М, Г.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.М, Г.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.М, Г.А нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.М, Г.А нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.А, С.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч Г.А нь 7 сартай жирэмсэн болох нь хэргийн 203-205 дугаар хуудсанд авагдсан жирэмсэн эхийн хяналтын картаар тогтоогдсон байх тул түүний эрүүл мэнд, хэвлий дэх ургийн хэвийн нөхцөл өсөж торних боломжийг бүрдүүлэх,

Шүүгдэгч С.М нь Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар магадлалаар 240 цагийн нийтэд ажил хийлгэх ялаар шийтгүүлж биечлэн эдэлж дууссан, Алтан цахир нөхөрлөлийн гишүүнээр ажилладаг, тогтмол цалин авдаг талаар ХАМОДХолбооны ТББ-ын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн № 19/15 дугаар тодорхойлолт зэргээр шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн тархины бичлэг хийлгэсэн 40,000 төгрөг, цээж болон хурууны рентген зураг авахуулсан 30000 төгрөг, эм тарины зардал 53900 төгрөг, шинжилгээний дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг нийт 131900 төгрөгийг шүүгдэгч С.Мгээс гаргуулж, хохирогч Г.Ад олгож,

харин хохирогч С.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн нэхэжлэлийн шаардлагыг болох тархины бичлэг хийлгэсэн үнэ 40000 төгрөг тушаасан баримт байхгүй боловч үзүүлсэн талаар эмчийн тодорхойлолт, тархины бичлэгийн баримт хэрэгт авагдсан байгааг шүүхээс үнэлж 40000 төгрөг, нүдний шилний үнэ 70000 төгрөг, мөнгөн гинж 15000 төгрөг,/шинжээчийн дүгнэлтээр тогтоосон/ нийт 125000 төгрөгийг шүүгдэгч Г.Агаас гаргуулж, хохирогч С.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Мгийн эзэмшлийн ... самсунг маркийн гар утас ..., шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн ... мөнгөн ээмэг ... битүүмжилсэн эд хөрөнгө бимтүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.М, Г.А нарт буцаан олгож, шүүгдэгч С.М, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.М, Г.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.М, Г.А нарыг тус бүр дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 450000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.М, Г.А нар нь дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.М, Г.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Агаас 125,000 төгрөг гаргуулж хохирогч С.Мд, шүүгдэгч С.Мгээс 131900 төгрөг гаргуулж, хохирогч Г.Ад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А, шүүгдэгч С.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч С.М, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.Мгийн эзэмшлийн ... самсунг маркийн гар утас ..., шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн ... мөнгөн ээмэг ... битүүмжилсэн эд хөрөнгө бимтүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.М, Г.А нарт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А, С.М нат хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА