Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1136

 

 

 

 

 

 

 

                                                  Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02544 дүгээр шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэрээр Д.Отгонжаргал миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 9 дүгээр байрны 13 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн албанаас удаа дараа мэдэгдэл өгч байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний ах, эгч дүү нарын нийлсэн 5 өөр газар байрлах, 1-3 өрөө орон сууцнуудыг надад мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаанд оруулж, бусдад худалдан борлуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан ба миний эрх ашгийг ноцтой зөрчсөн болохыг мэдсэн даруйдаа холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Энэ 5 орон сууцнуудын нэг нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 9 дүгээр байрны 13 тоот орон сууц юм. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 002 тоот хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар дүүргийн прокурорын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт тамга тэмдэг хэвлэмэл маягт ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг эрүүгийн хэрэг үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2/50 тоот хариу мэдэгдэх хуудсаар Сүхбаатар дүүргийн прокурорын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын  дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн. Гэтэл дээрх эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа мэдэгдэл өгч хууль зөрчиж, би энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Лхагвасүрэнд гомдол гаргахад хуулийн дагуу явагдаж байна гэсэн хариу өгсөн. Тус албанаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/703 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл болон 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/39924 тоот орон сууц чөлөөлөх мэдэгдэл удаа дараа өгч хууль зөрчин намайг болон ах, эгч дүү нарыг маань маш их хохироосоор байна. Иймд хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 863 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаар тогтоолоор Д.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Н.Жаргалсайханы өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 9 дүгээр байрны 13 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Отгонжаргалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 9 дүгээр байрны 13 тоот 2 өрөө орон сууцыг султган чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 35402 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тус албанд даалгаж захирамжилсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж зөвхөн дээрх шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг явуулах үүргийг тус алба хүлээж байгаа болохыг онцлон тэмдэглэмээр байна. Нэхэмжлэгч Д.Отгонжаргалын нэхэмжлэлд дурдсан асуудал нь дээрх шүүхийн шийдвэртэй хамааралгүй асуудал байх тул Д.Отгонжаргалын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насандэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байрыг зарын дагуу н.Наран-Эрдэнээс 2011 оны 8 дугаар сард худалдаж авснаас хойш 5 жил гаруй хугацаанд  өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Д.Отгонжаргал нь шүүхэд удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл, гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан. Байрыг худалдан авах үед байрны өмчлөх эрхийн гэрчилгээ н.Наран-Эрдэнийн нэр дээр, ямар нэгэн барьцаанд тавиагүй гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан тул худалдан авсан. Д.Отгонжаргал уг байранд амьдарч байсан талаар баримт байхгүй. Д.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 9 дүгээр байрны 13 тоотыг чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байдаг.  Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсанд ... хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, харин Ичинхорол, Уранчимэг нар нь албан эрх мэдлээ урвуулан ашигласан байж магадгүй эсэхийг  шалгуулахаар зохих байгууллагад шилжүүлсэн талаар дурдсан байна.  Д.Отгонжаргалын нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Д.Отгонжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Отгонжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь миний хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль бус явагдсан болохыг нотолсон Сүхбаатар дүүргийн прокурорын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 201301042322 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгч нарт холбогдох хэргийн Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн албан бичиг зэрэг өөр бусад нотлох баримтуудыг хавсаргаж өгсөөр байхад дээрх нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн миний хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг хангаагүй. Учир нь миний бие өөрийн хууль ёсны эрхээ хамгаалуулах үүднээс өмгөөлөгч Д.Энхцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулахаар болсон. Өмгөөлөгчийн хувьд шүүхээс мэдэгдсэн цаг хугацаанд шүүх хуралдаа ирсэн боловч шүүх хурал цагтаа эхлээгүй учраас дараагийн шүүх хуралд орохоор явсан. Энэ талаараа ч албан ёсоор шүүхэд хандан хүсэлтээ бичиж үлдээсэн. Гэвч шүүх энэ байдлыг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Миний хувьд өмгөөлөгчтэй оролцмоор байгаа талаар хэлээд ч хүлээж аваагүй. Гэтэл шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж бичсэн нь худлаа байна. Шаардлагатай тохиолдолд тухайн өдрийн шүүхийн тахарын бүртгэлээс өмгөөлөгчийн ирсэн болохыг шалгаж болно. Түүнчлэн өмнөх шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заавал оролцуулах талаар миний болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан атлаа   2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралд хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь өмнөх хүсэлт хангасан шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй зөрчсөн. Мөн тухайн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нансалмаа нь хоцроод ирэхэд нь шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж хэлээд гаргасан атлаа шийдвэрт бичихдээ мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж худлаа бичсэн байгаа нь анхнаасаа хэт нэг талыг барьж шийдвэр гаргах гэж байсан нь илэрхий гэж миний зүгээс үзэж байна. Хэрэв хариуцагчийг оролцуулах шаардлагагүй байсан бол өмнөх шүүх хуралдаанаар миний хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж болох байсан. Түүнчлэн хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлж шүүх хуралдаанд оролцуулах хууль байсаар байтал хуулиа хэрэгжүүлээгүй. Мөн миний хэлээгүй зүйлийг шийдвэртэй бичсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 863 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 722 дугаар тогтоолоор Д.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Н.Жаргалсайханы өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 9 дүгээр байрны 13 тоотод байрлах орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-14 дүгээр тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 11, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд шүүхийн шийдвэр биелүүлэхийг нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 34 дүгээр зүйлийн 34.1.5, 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. /хх-ийн 28-31 дүгээр тал/

                                 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч нарын хууль бус ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүссэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг буруу гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2710 дугаар шийдвэрийг гүйцэтгэхэд шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол, Н.Уранчимэг нарт холбогдуулан үүссэн  эрүүгийн хэрэг хамааралгүй байхаас гадна Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын  2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 738 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг буюу хүчингүй болсон заалт баримталсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан зөвтгөв.

 

Шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, хэргийн материалтай танилцах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан ба өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг шүүх Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хязгаарлаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д зааснаар мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 …” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ        

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ