Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ХШТ/121

 

                                           П.М-д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг, хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Ч.Пүрэвсүрэн, Б.Алтанзул, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Э.Ганбат, К.Жархынбек, Б.Баатарсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ДШМ/772 дугаар магадлалтай, П.М-д холбогдох 2206057301605 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Г.Минжмаа, Б.Алтанзул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг нарын гаргасан гомдлоор 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

П.М, 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:****/,

Шүүгдэгч П.М нь “****” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа каннула арьсанд нэвтрэх цэг нь хатгалт бүртээ 2 удаагийн үйлдлээр хийгдэх, хатгалт хийх цэгийн эхний хатгалт нь удирдамж дахь 31G зүүгээр арьсны гадаргууг цоолж судас гэмтсэн эсэхийг шалгасны дараа каннула арьсанд нэвтэрч орох нүхийг бэлтгэх, урьдчилж тарианы зүүгээр цоолж бэлтгэсэн нүхээр хурц үзүүргүй мохоо каннулаг арьсны давхаргад оруулах, филлер шахахаас өмнө эмч судсыг шалгах үйлдлийг хэрэгжүүлээгүй буюу филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З-д GANA V PLLA  /Ганна ви плла/ найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэг каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийг цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогч Х.З хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.М болон иргэний хариуцагч “****” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг, хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, Б.Алтанзул, Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд иргэний хариуцагчаар оролцож буй “****” ХХК нь хохирогч Х.З-д ашигласан 31G тариурын зүү болон GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирсэн болох нь нотлогдсон ба энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.3-т заасныг тус тус ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.М-тай албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан “****” ХХК нь зөвхөн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан байж эм эмнэлгийн хэрэгсэл импортолсон нь Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй ба энэ нь “****” ХХК-ийн ажилтан П.М-ын үйлдлийг хянан шийдвэрлэхэд бүрэн хамаарч байгаа тул хуулийн этгээд болон ажилтан хоёрыг нэгэн зэрэг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл бий болсон болно.

Гэтэл тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор болон хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хуулийн этгээдийн идэвхтэй үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг зөвхөн “****” ХХК-ийн өмнөөс үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байсан ажилтан П.М-д холбогдуулан шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.”гэжээ.

Хохирогч Х.З хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... “****” ХХК-ийн эмч, мэргэжилтэн удирдлагууд филлер тарилгыг анх надад зөвлөхөөс эхлээд, миний нүүрний байр байдалд тохиромжгүй, шаардлагагүй бүтээгдэхүүнийг зөвлөн үйлчилгээндээ оруулж нүд сохолсон нь мэргэжлийн хувьд эмч болон мэргэжилтнүүд Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал журмын хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэж байгааг баталсан Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Д.Алтанзулын гаргасан дүгнэлт, миний нүүрэнд хийгдсэн GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилга нь Монгол Улсын хилээр 2022 онд орж ирсэн бүртгэлгүй, Монгол Улсад хийгдсэн шинжилгээний бичиггүй, хэрэг гарснаас хойш 2023 оны эхэнд 1 цуврал “****” ХХК 1 удаа оруулж ирсэн нь эм зүйч Д.Ганчимэгийн дүгнэлтээр тодорхой болсон. Филлер тарилга хийж буй эмнэлгийн байгууллагад заавал байх эрсдэлийн протоколгүй байсан, зөвхөн хэрэг гарсны дараа эрсдэлийн протоколтой болсон талаар Эрүүл мэндийн газрын улсын байцаагч н.Ариунаагийн дүгнэлтээр тодорхойлогдсон. Анхан шатны шүүх хурлаар миний бие эмнэлгийн төлөөллөөс “Надад учирсан хохирлын дараа танай байгууллага Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэлийн 2019 онд баталж одоо ч хүчинтэй хэрэгжиж буй эрсдэлийн хамтын ажиллагааг төрийн байгууллагуудтай хийж ажиллаж байгаа юу” гэсэн асуултад үгүй, хамтарч ажиллахгүй байгаа гэсэн хариулт өгсөн. Энэ нь тухайн байгууллага эрүүл мэндийн байгууллагад байх ёстой наад захын ёс зүйгүй, цаашлаад мэдлэггүй, алдаагаа засъя гэсэн ухамсаргүй, эрүүл мэндийн төрийн байгууллагуудтайгаа уялдаа холбоогүй ажилладаг, үйл ажиллагаа нь зөвхөн орлогод төвлөрсөн байгаа нь харагдаж байна.

...Анхан шатны шүүх хурал дээр ч эмч П.М  “Манай эмнэлгийн захирал, эмч нар бид филлер тарилгын нүд сохрох, судас бөглөрөх ямар эрсдэлтэйг мэдэхийн дээдээр мэддэг” гэж ярьсан. Тийм байтлаа эмнэлгийн удирдлага санамж зөвлөгөөндөө уг эрсдэлийг оруулан анхааруулалгүй нууж, уг эрсдэлийг үйлчлүүлэгчид хэлэлгүй зөвхөн ашиг, хонжоог харж хүний эрүүл мэндийг, хүнд хохирлыг огт хайхраагүй. Тухайн эмнэлэг маш олон үйлчилгээг 147000 хүнд үзүүлж 5 салбар эмнэлгээсээ өндөр ашиг хүртдэг байж филлер тарилгын нүд сохрох эрсдэлийг сануулж хэлэлгүй ашиг орлогод шууд шунаж бүрэн бүтэн хардаг байсан нүдийг минь сохолсонд би үнэхээр гомдолтой байна.

Хохирол учирснаас хойш төлбөр мөнгөөр бодогдох, баримттай 360,173,590 төгрөгийн зардал гарч, хохирогч миний биеэс гарсан байгаагаас “****” ХХК, эмч П.М хамтран 240,000,000 төгрөг олгосон. Хохирол учирснаас хойш өнөөдрийг хүртэлх баримтгүй зардлууд, авсан зээлүүд гэх мэт нэхэмжлэлд оруулаагүй олон зардал байгаа. Надад дахин олон нүд байхгүй нэг нүд үлдсэн, үлдсэн ганц нүдээрээ би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж хамгаалж өсгөх нэн шаардлагатай тул эрсдэл хүндрэл гарсан ч түүнийгээ хариуцах чадвартай, эмч мэргэжилтэн туршлагатай Солонгос улсын Варисано эмлэлэгт баруун зүүн нүдний холболтыг салгуулан, зүүн нүдийг дангаар нь ажиллуулах мэс засал хийлгэх шаардлагатайгаас гадна, хохирол учирснаас хойш сэтгэл зүйд учирсан хямрал болон сэтгэцэд учирсан эмгэг, эмгэг төст хор уршгийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах, ажил хийж чадаагүй 1 жил 10 сарын хугацааны цалингийн нэхэмжлэл, гэх мэт тооцуулах шаардлагатай хохирлууд, анхан шатны шүүх хурлаар орчуулгагүй улмаас хангагдаагүй баримттай эмнэлгийн зардлууд, барьцаалан авсан зээлүүд гэх мэт тухайн эмнэлгээс шалтгаалж хохирсноос хойш учирсан бүх хохирлоо төлүүлэх шаардлага хохирогч миний биед байгаагаас гадна хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө сэтгэл санаанд учирсан хор хохирлыг 200,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэхэд прокурор болон анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхээр тогтоосон зардлыг бүхэлд нь тооцож хангаагүй тухай шийдвэрийг хүчингүй болгож, хохирол учрах бүх бололцоог үүсгэж мэдлэггүй, хайхрамжгүй үйл ажиллагаа эрхэлсэн “****” ХХК-ийг, мөн захирал Б.У-ыг яллагдагчаар татаж, цаашид энэ төрлийн гэмт хэрэг дахин давтагдан гарахаас сэргийлэх бололцоог хангах үүднээс хариуцлагагүй, гэм хорыг санаатай нуун дарагдуулж үйл ажиллагаа эрхэлсэн уг 5 салбартай 147000 үйлчлүүлэгчтэй, эмнэлгийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хил нэвтрүүлэн оруулж ирсэн нь шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон, мэргэжлийн бус удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй, эрүүгийн гэмт хэрэг гарсан атал гэмт хэргийг олон нийтээс нуух оролдлого хийсээр одоог хүртэл үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэн явуулж буй хууль ёс үйлчилдэггүй уг байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхийг хүсэж байна.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь хэргийн оролцогч нарын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт байдаг. Эмчийн буруутай үйлдэл, нөгөө талаас “**** “ХХК нь эмчилгээний тусгай зөвшөөрөлгүй байх хугацаандаа GANA V PLLA /Ганна ви плла/ нүүрний дүүргэлтийн эмчилгээ хийсэн, GANA V PLLA /Ганна ви плла/ дүүргэгч тарилга нь хууль бусаар оруулж ирсэн буюу хуульд зааснаар зөвшөөрөлгүй хэрэглэж Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль бусаар эм, эмийн түүхий эд био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэрэг, 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл гарсан” хууль бус үйлдэл нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, хуулийн 15.1-д заасан Монгол Улсад бүртгэлтэй хууль ёсны зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авч үйлчилгээнд хэрэглэхээр, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн хэрэгсэл” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодын бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг буюу тус эмнэлгийн филлер тарилга нь эмнэлгийн хэрэгсэлд ордог. Үүнийг мөн хуулийн 3.1.23-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” буюу 9.1.2-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага оруулж ирэхээр” хууль тогтоомжид зааснаар болон хохирогч Х.З-ын гомдол, хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогддог.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс гадна эмнэлгийн байгууллагын гэм буруутай үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж болох дээрх хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлэн авагдсан баримтуудаар хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц байдлаар нотлогддог. Мөн нөгөө талаас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор өмгөөлөгч миний болон хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс эхлээд мөрдөн байцаалт явагдах үед удаа дараа хүсэлт гомдол гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дээрх эмнэлгийн байгууллагын хууль бус үйлдэл илэрхий болсон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн эмнэлгийг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татах үндэслэлээр буцаах хүсэлтийг гаргахад хэрэгт авагдсан материалд тухайн эмнэлгийн хууль бусаар филлер тарилга хийсэн гэх үйл баримт нотлох баримтууд нь авагдсан нөхцөлүүдийг хуульд байгаа хамгийн зөв оновчтой шийдлийг олж, тухайн хэргийг шийдвэрлэх нь нэг талаас шүүхийн бүрэн эрх, нөгөө талаас чиг үүрэг байсаар шийдвэрлэсэн нь хохирогчийн шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй байгаагаас гадна давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянахгүйгээр дээрх хууль бус баримтууд хэргийн материалд авагдсаар байхад тусад нь шийдвэрлэхээр тусгасан нь хохирогч Х.З-ын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг зөрчигдөхөд хүргэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн баримтыг үнэлж дүгнэхдээ “нотлох баримтын шаардлага хангасан Герман улсад эмчлүүлсэн зардал 86,350,000 төгрөг, нислэгийн зардал 12,727,900 төгрөг, асрагч хөлсөлсөн зардал 16,500,000 төгрөг, эмчилгээний зардал 832,752 төгрөг, нийт 116,410,652 төгрөгийг баримтыг хангаж шийдвэрлэв гэжээ.” Гэтэл хохирогч хэрэг болох өдөр хүртэл эрүүл саруул, хоёр нүдээрээ хорвоог харж, бодсон санасан бүхий л зүйлээ өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлдэг, аутизмтай охиноо тэжээн тэтгэж, эрүүл болгохын төлөө асар хөдөлмөрлөж байсан өрх толгойлсон эмэгтэй байсан.

Ингээд нийтдээ өөрийн олон нийтийн фейсбүүк хуудас болон пэйж хуудсан дээрээ 30,000 найдвартай хэрэглэгчтэй эмнэлгийн баталгаат үйлчилгээ, үйл ажиллагааг сонгон үйлчлүүлээд Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар заасан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй 65 хувийн алдагдалтай нөхцөл байдалд хүрсэн. Герман улс руу явж эмчлүүлсэн хэдий ч хохирогч Х.З нь Герман улсад эмчлүүлсэн зардал болон түүнтэй холбоотой зардалд 150,834,704 төгрөг зарцуулсан бөгөөд тус улсад эмчлэгдэх боломжгүй тухайгаа хариу авч Непал улс руу явж, эмчлүүлсэн зардал болон түүнтэй холбоотой зардалд 200,728,868 төгрөг зарцуулсан баримтаа хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зураг болон хохирсон өвдсөн шаналлынхаа хажуугаар цуглуулсан баримтууд болон тухайн улсад эмчлүүлсэн Эй Жи Эс эмнэлгийн эмчийн дүгнэлт \орчуулсан баримт\ зэргээс тус гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол гэдэг нь нотлогддог.

Шүүгдэгч болон бусад талуудаас сэтгэл санааны хохирлыг үгүйсгэхгүй байхад Шүүх шинжилгээний тухай хуулийн зүйл заалтад дурдсан өнгөрсөн эрх зүйн харилцаа гэж үзэн гаргуулах үндэслэлгүй хэмээн үзсэн нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн  улмаас хүний амь нас, эрүүл мэнд  шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хүний эрүүл байх халдашгүй байдалд учирснаас үүдэлтэй төрөхөд бий болсон эрүүл нүдийг нь сохолсноос үүсэж авсан зовуурь, сэтгэлийн шаналал, цаашид хүртэл үргэлжлэх энэ сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлснээр буюу 81,950,000 төгрөгөөр тооцож, дүйцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.

Эмнэлгийн үйлчилгээнд орж нөхөж баршгүй гарз хохирлыг амссаны үр дагавраар хохирч аргагүй эрхэнд дээрх нөхцөл байдалд хүрсэн. Энэхүү нэхэмжилсэн төлбөрийг Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын хохирол төлбөр төлөх арга хэлбэрийг тодорхойлохдоо 6.2. мөн заалтын “хохирлыг арилгах арга” гэдэгт гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд тус тус хуульд заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчид олгуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хууль тогтоогч нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, 15.1 дүгээр зүйл “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг тухайн хэргийн субъект, түүний хуулиар хүлээсэн үүргээс хамаарч ялгамжтай байдлаар гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна. Эрүүл мэндийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчид хүнд гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их эмч гэж тодорхойлжээ. Шүүгдэгч П.М-ын “****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9/28 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Арьсны эмч” мэргэжлийн диплом, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хэрэгт авагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект болно. Түүний хохирогчид үзүүлсэн үйлчилгээ нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагаанд хамаарч байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар Эрүүгийн хуулийг тайлбарласан тогтоолд “хүндэтгэх шалтгаангүйгээр” гэж эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдлыг хэлнэ. “Зохих ёсоор биелүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно гэх тайлбараас өөр байдлаар шүүх хуулийг тайлбарлан дүгнэлт гаргажээ. Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан Эрүүгийн хууль хүчингүй болсон боловч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “хүндэтгэх шалтгаангүйгээр”, “зохих ёсоор биелүүлээгүй” гэх нэр томьёо хэвээр үлдэж, энэхүү үүргээ эмнэлгийн мэргэжилтэн биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилготой  хууль тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр шүүх тайлбарлах ёсгүй хэмээн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй гэх боловч филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжийг мөрдөөгүйн улмаас хохирогч Х.З-ын судсыг гэмтээж филлер тарилга хийсэн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой гэх зөрүүтэй дүгнэлтийг хийнэ.

Иймд хуулийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой үндэслэлийг харгалзан хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс торгуулийн ялыг шүүгдэгчид оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа нь үүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхны мэдүүлгээс эхлэн өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд түүнийгээ илэрхийлж, гэм буруугийн талаар маргаагүй Хохирогчийн гадаад улсад эмчлүүлэх эмчилгээний зардалд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 20,000,00 төгрөгийг хохирогчид төлсөн “****” эмнэлгээс төлсөн төлбөрийг барагдуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийг хүртэл хугацаанд ажиллаж, цалингийн 50 хувь буюу нийт 11,497,034 төгрөгийг ажил олгогчид төлж байсан нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, ухамсарлаж байсан нь илэрхийлэгдэж байна. Мөн шүүгдэгч бага болон өсвөр насны гурван хүүхдээ өсгөн тэднийг сургууль, цэцэрлэгт хүргэх, хүүхдүүдэд шаардагдах төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авах хэрэгцээ шаардлага нь нэг дүүрэгт хамаарахгүй тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанзул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх “хохирогч Х.З нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтаар Герман улсад эмчлүүлсэн зардал 132,864,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Непал улсад эмчлүүлсэн 192,228,868 төгрөгийн зардлыг иргэний журмаар нээлттэй шийдвэрлэх эрхтэй” гэж тайлбарласан боловч энэ гэмт хэрэг гарсны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол төлбөр болох бусад зардал гэж 35,080,722 төгрөгийг, цаашид Солонгос улсад хагалгаанд орж эмчлүүлэх хагалгааны зардлыг 116,902,000 төгрөг, дугаар барьцаалсан зээлийн төлбөр 10,000,000 төгрөгийн зардлуудад шүүх үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдлыг давж заалдах шатны шүүх буруутгаагүй. Дээрх нөхцөл байдал нь хохирогчид энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр барагдахгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн. Давж заалдах шатны шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын аль хэсэг нь хамаарах болоод аль хэсэг нь хамаарахгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн Герман явсан зардлыг хохирол төлбөрт тооцсон нь үндэслэлтэй мэтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж тайлбарласан.

 Гэвч хохирогчийн зүгээс энэ гэмт хэргийг гарсан цагаас эхлэн гэр бүлд нь болон өөрт нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх нотлогдвол зохих нөхцөл байдлын хүрээнд гэмт хэрэг гарсны дараа Монгол Улсад гарч байсан зардал төлбөрийн талаар огт хохиролгүй мэтээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих нөхцөл байдлын хүрээнд хэргийг шалгаагүй. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоол 6.1-д “Энэ зүйлийн 120.1-д заасан “хохирлын хэмжээ” гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна” гэж заасан. Хохирогч энэ гэмт хэрэг гарахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт ажилладаг тогтмол орлоготой, давхар загвар зохион бүтээх ажил хийж нэмэлт орлого олдог байсан бол гэмт хэрэг гарснаас хойш аль ч төрлийн хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг шүүх шударга ёсны үүднээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх хуралдааны явцад Непал явсан талаар болон мөн тус тогтоолын 6.1.3.Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцох тул хөдөлмөрийн чадвар алдсан этгээдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ихсэх, багасах тохиолдолд гэм хор учруулсны төлбөр Иргэний хуулийн 507 дугаар зүйлд зааснаар өөрчлөгдөнө гэж заасан бөгөөд хохирогчийн зүгээс өвчнөө эмчлүүлэх эрүүл болгох зорилгоор 2 улсыг зорьсон байдаг бөгөөд тухайн хугацааныхаа зураг, хотын бичлэг эмнэлэгт үзүүлж байх үеийн зураг бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд танилцуулсан боловч шүүх дээрх хугацааны хохирол төлбөрийг хохирогчид түүний эд хөрөнгөд учирсан хохирол хэмээн үзээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн түүнчлэн хохирогч хараа зүйн хувьд ямар нэгэн асуудалгүй бөгөөд өмнө нь энэ талаар эмчилгээ хийлгэж байгаагүй тухайн өдрийн эмчийн буруутай үйлдлийн улмаас харааны чадвараа алдсан байдлаас үүдэн дээрх хор уршиг бий болсон талаар бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тус журамд хохирол төлбөр төлөх арга хэлбэрийг тодорхойлохдоо 6.2. Мөн заалтын “хохирлыг арилгах арга” гэдэгт гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хамааруулан ойлгоно хэмээн тодорхойлон заасан.

Хохирогчийг энэ гэмт хэрэг гарснаас хойш зөвхөн эмийн сан орсон мэтээр мөн зөвхөн Герман улс явсан мэтээр үнэлж дүгнэсэн шүүхийн тус шийдвэр нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хохирол төлбөрийг шударга ёсны зарчмын хүрээнд үнэлж дүгнээгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул хохирогчийн ХБНГУ явсан зардлаас гадна түүний хоол хүнс амьдралын наад захын хэрэгцээний зардал болон Непал улс руу эмчлүүлэхээр явсан 192,228,868 төгрөг, бусад зардал гэж 35,080,722 төгрөгийг тус тус хуульд заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй, мөн иргэний хариуцагчийн зүгээс гэрээний дагуу хохирогчид сэтгэцэд учирсан хохиролд 200,000,000 төгрөг гэх тооцооллыг гэрээнд дурдаж тохиролцоогоо баталгаажуулсан атлаа анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд дээр дээрх төлбөр нь гадагшаа явсан эмчилгээний зардал мэтээр тайлбарладаг шүүх дээрх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хохирогчийн зүгээс эмнэлэгт удаа дараа үүссэн зовуурь шаналлын улмаас нүдээ ухуулж байсан. Дээрх нөхцөл байдалд шинжээч томилуулах түүний сэтгэцэд учирсан хохиролд үнэлэлт дүгнэлт өгүүлэх ажлыг шүүх үгүйсгэсэн атлаа ямар шалтгааны улмаас үгүйсгэсэн талаар шийдвэрт тусгадаггүй, хохирогчийн бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд мөн адил ээжид нь үүссэн зовуурь шаналлын улмаас хэдий хэмжээний сэтгэцэд хохирол учирсан болохыг зайлшгүй тогтоох зэрэг хүсэлтийг гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шүүх орхигдуулснаар ирсэн тул хэргийг анхан шат руу буцааж хуульд заасан үндэслэлээр нотлогдвол зохих байдлыг тогтоон хэргийг шийдвэрлэх хүсэлтэй.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Шүүх шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон. Учир нь шүүгдэгч П.М нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, хүний их эмч буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтэнд хамаарах юм. Эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т зааснаар үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажилладгаараа бусад субъектээс ялгаатай байдаг. Түүний хохирогчид үзүүлсэн үйлчилгээ нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагаанд хамаарсан байдаг.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын чанарын хяналтын улсын байцаагч Б.Алтанзулын дүгнэлтээр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 284.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон. Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн объектив шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан диспозиц хэм хэмжээнээс бүрдсэн байдаг. Зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг Эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхыг ойлгохоор байна.

Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж өгнө үү. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн, филлер хайлуулах тариа хийсэн, хохирогчийг Герман руу эмчилгээнд явахад 20,000,000 төгрөг, Непал явахад нь 20,000,000 төгрөг нэмж өгсөн, мөн ажил олгогчтойгоо гэрээ байгуулж, цалингийнхаа 50 хувийг хохиролд өгч байсан зэргийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурийг илэрхийлж ирсэн. Мөн шүүгдэгч П.М-ын бага насны гурван хүүхдийн нийгмийн халамж, үйлчилгээ нь зөвхөн нэг дүүргээр хязгаарлагдахгүй учир зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Гурван үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хуулийн этгээдэд холбогдуулан гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байдаг. Хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүхий л шаардлагатай хүсэлтүүдийг гаргаснаар тухайн филлер тарилга, зүү нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зөвшөөрөлгүй байсан болох нь шинжээч Д.Алтанзул, Г.Ганчимэг нарын дүгнэлтээр тогтоогдсон. “****” эмнэлэг  хохирогчид тарьсан тарилга, зүүг БНСУ-аас оруулж ирсэн гэх баримтууд 3 дугаар хавтаст хэргийн 113-115 дугаар талд авагдсан бөгөөд тэдний тайлбар, мэдүүлгээр давхар нотлогддог. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-д “Х.З-ын баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл эргэн сэргэхгүйгээр үүссэн байна” гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр зөвхөн зүүг хатгаснаас хор уршиг учирсан гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээж чадсангүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зүү болон филлер тарилга нь эм, эмнэлгийн хэрэгсэлд орох бөгөөд тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллагаас авах зохицуулалттай. Гэтэл зөвхөн тарилга тарьсан эмчид хариуцлага хүлээлгэж буй нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр цаашид дахин гомдол нөхцөл байдал бий болгосонд гомдолтой байна.

Хохирол төлбөрийн тухайд дугаар барьцаалсан 10,000,000 төгрөгийн зээл, өмгөөлөгчийн хөлс 11,000,000 төгрөг, хохирол учрах цаг мөчид цаг хугацаанд үүссэн 24,080,722 төгрөг бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардал юм. Гэтэл жич нэхэмжлэх эрхтэй байдлаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан бус сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Хохирогчийн хувьд “****” эмнэлгийн олон жил үйл ажиллагаа явуулсан, найдвартай үйлчилгээтэй гэж итгээд тухайн үйлчилгээг авсан. Улмаар эмчилгээнд орсон даруй гуравхан секундийн дотор баруун нүдний хараагаа алдаж амь амьдралаараа хохирсон. Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас өмгөөлөгчөөр оролцсоны хувьд Х.З ямар хэцүү нөхцөл байдлыг даван туулсныг хяналтын журмаар гаргасан гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарласан. Түүнд одоо 70 орчим настай эцэг, эцэх, өөрийн аутизмтай охин нь байна. Төрсөн эгч нь Германд байдаг учир түүнийг байнга асрах боломжгүй. Анхан шатны шүүхэд сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Зайлгүй хангагдах ёстой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх бүхэлд нь орхигдуулсан. Өөрөөр хэлбэл охин аутизмтай, ухаан санаа нь 6 настай хүүхэд шиг л байдаг. Тэгэхээр охины сургалтын төлбөрийг 6 жилээр тооцож, хүүхэд асаргааны тогтоол, хяналтын карт, сургалтад хамрагдсан баримт зэргийг хавсарган 86,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Мөн хохирогчийн баруун болон зүүн нүдний мэдрэлийн эс 0.1 хувиар холбогдсон байгаа учир нэг нүд 2-3 дахин ачаалалтай ажиллаж байгаа. Иймд мэдрэлийн эсийг хараатай нүднээс салгуулах зайлшгүй шаардлагатай учир Солонгос улсад эмчлүүлэх 126,130,198 төгрөгийн нэхэмжлэхийг гомдолд хавсарган өгсөн. Хэрэг мөрдөн байцаалтад байх хугацаанд Интермед эмнэлэгт шинжилгээний өгөх шаардлагатай төлбөрийн асуудлаар шүүгдэгчид хандахад ажил хийгээгүй учир төлөх чадваргүй, эмнэлгийн зүгээс өмгөөлөгч шийднэ гэсэн байдлаар хандсан. Тэгэхээр хохирлыг арилгуулах арга хэмжээ авах бүрэн үндэслэлтэй байгаа учир Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолыг үндэслэн эмчилгээний төлбөр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг гаргуулах бүрэн боломжтой” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, Эрүүгийн хуулийн зорилтод нийцэж чадаагүй. Өмгөөлөгчийн хувьд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал орхигдсон, нотлогдвол зохих байдлууд нотлогдсон байтал эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн эмч П.М-д хариуцлага хүлээлгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “****” эмнэлэг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг үл хүндэтгэн филлер тарилгыг БНСУ-аас шууд оруулж ирээд 1,800,000 төгрөгөөр зарж ашиг олдог болох нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мэдүүлгээр тогтоогддог. Хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл учрах үед 31G тариур зүү болон GANA V PLLA /Ганна ви плла/ филлер тарилгыг хоёр компани л Монгол Улсад оруулж ирдэг байсан. “****” эмнэлэг тухайн компаниудаас худалдан авалт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Дээрх нөхцөл байдалд хуулийг этгээдийг яллагдагчаар татах эрх зүйн дүгнэлт хийгдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4, 5-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд дүгнэлт хийсэнгүй.

Хүн нүдний хараагаа алдана гэдэг амар зүйл биш. Ар гэрийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай буюу охины аутизмтай, маш их асаргаа шаарддаг. Иргэдэд аюул, занал учруулж буй дээрх үйлдэл буюу эмнэлгийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж буйг хэлмээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Хэргийн нотлогдвол зохих нөхцөл байдал буюу гэмт хэргийн цар хүрээ, учирсан хохирлыг тогтоох хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтанзул шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Дээрх нөхцөл байдлын хүрээнд зөвхөн хохирол, төлбөртэй асуудлыг танилцуулъя. Хэрэг шалгагдах хугацаанд үйлчлүүлэгч маань хоёр удаа гадаад улсад эмчлүүлэхээр явахдаа иргэний хариуцагч “****” эмнэлэгт танилцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тохиролцох асуудал яригдаад хохиролд 300,000,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч бодит байдалд 300,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсныг шүүх хуралдаанд танилцуулахад Непал улс руу явахад гарсан зардлыг зөвшөөрөхгүй гэсэн зүйл ярьдаг. Бодит байдалд тохиролцооны дагуу төлөх мөнгөө ч бүрэн төлөөгүй. Төлөөгүй шалтгаанаа шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх өгсөн, Непал улс руу явсан баримтуудыг гаргаж өгөөгүй гэсэн байдлаар байгуулсан гэрээгээ үгүйсгэх байдлаар тайлбарладаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Бодит байдалд хохирогч 65 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай буюу хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн учир хохирогчийн хэрэгцээндээ ашигласан зардал нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасантай нийцнэ. Гэтэл шүүх зөвхөн эмийн сангийн баримтыг хохиролд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирлыг бодитой тооцох нөхцөл байдлыг бий болгоогүй байна. Түүнчлэн хохирогч болон иргэний хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүйн улмаас хохирогч бие махбод, эдийн засгийн хувьд хохирсон нөхцөл байдалд дүгнэлт хийхийг хүсье” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Энэ хэргийг шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлтүүдийг шат шатанд нь зохих журмын дагуу шалгаж хариу өгсөн. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч, түүний өмгөөлөгчид тухай бүр танилцуулсан ба дүгнэлттэй холбоотой гомдол, санал гаргаагүй.

Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаалгах тодорхой бус хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч нар гаргасан. Улмаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний дараа шинжээч, гэрч нарыг оролцуулах хүсэлтүүдийг гаргасныг хүлээж авахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Тэгэхээр хохирогчийн өмгөөлөгч нар гомдлоо процессын дагуу бус алгасаж гаргаж байгаа бөгөөд үүнд шүүх, прокурорын буруутай үйлдэл байхгүй. Арьс, гоо заслын салбар Монгол Улсын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байгаа. Үүнд хэрэглэгдэж буй бүх эм, тариа, тарилга олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл гэмт хэрэг гарсан шалтгаан нь тухайн тарилгыг судсанд тарьсан эмчийн алдаатай үйлдэл юм. Түүнээс биш тарилга чанарын шаардлага хангаагүйн улмаас гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тарилгыг тарьсан эмч эрсдэлийг танилцуулаагүй, алдаа гаргасан болохоор хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр тарилга хийх үйлдлийн алдаа гэдгийг шинжээч тогтоосон ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн. Тарилгыг маш олон аж ахуй нэгжүүдээс авдаг болохоор аль компаниас авсныг мэддэггүй. Энэ асуудал тусдаа шалгагдаж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр хэргийг буцаах хууль зүйн боломжгүй.

Хохирлын тухайд 300,000,000 төгрөг авах саналыг хохирол талаас өөрсдөө гаргасан. Улмаар бидний зүгээс ямар нэгэн баримт шаардахгүйгээр гэрээ байгуулахаар тохиролцож, гэрээний дагуу 200,000,000 төгрөг, өмнө 40,000,000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар 116,000,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Непал улсад хийгдсэн эмчилгээ болон хувийн хэрэгцээнд зарцуулсан зардлуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан. Хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар, нотариатаар гэрчлээгүй, эх хувьгүй байсан. Тэр дунд виски, үнэртэй ус, бэлэг гэх мэт хэрэгт хамааралгүй маш олон баримт гаргаж өгсөн бөгөөд зөвхөн эм, тариатай холбоотой баримтаар хохирлыг үнэн зөв тооцсон. Харин нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шаардлага хангуулаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байгаа. Мөн Герман улс руу явахад 25,000,000 еврогийн зардал гарсан эсэх нь эргэлзээтэй байсан ч бид зөвшөөрч байгаа. Харин цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрх нь хууль зүйн хувьд нээлттэй. Хохирогч талаас гаргасан гомдолд хуульд заасан шаардлага хангасан баримтыг үнэлээгүй гэсэн агуулга байхгүй. Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Шүүхийн практикт энэ төрлийн хэргүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх асуудлыг ярьсан боловч хоёр шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, шүүхийн практикаас зөрүүтэй хэрэглэсэн. “****” эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тарилга хийсэн П.М тусгай субъект мөн. Улмаар эмч тарилгыг хийхдээ арьсан дор хийх ёстой байтал техникийн алдаа гаргаж судсанд хийснээр хохирогчийн нүд хараагүй болсон хүнд хохирол учирсан. Иймд хэргийг зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлсэн өөрчлөх боломжтой. Энэ нь цаашид хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хуулийн этгээд хамаарахгүй бөгөөд тарилга нь тусгай зөвшөөрөл шаардагдах бүтээгдэхүүн биш юм. Тийм учраас хуулийн этгээд гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн зүйл байхгүй” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг дэмжиж байна. “****” эмнэлгийн эмчийн болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Х.З-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд эмнэлэг болон өмгөөлөгчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлье. Тийм ч учраас “****” эмнэлгийн зүгээс яаралтай тусламж үзүүлсэн, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай зардал 200,000,000 төгрөгийг гаргаж өгсөн. Бидний зүгээс 293 хуудас материал нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд нэг бүрчлэн шинжилгээ хийсэн. Гэм хорын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байгаа. Гаргаж өгсөн баримтынхаа хохирол, гэм хорын ялгаа заагийг маш сайн гаргах хэрэгтэй. Гэтэл үнэлэхэд маш хэцүү нотлох баримтууд гаргаж өгсөн.

Эмнэлгийн зүгээс филлер тарилга тарих удирдамжийг баталсныг П.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Энэхүү филлер тарилга нь Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд гэмт гарахад нөлөөгүй болохыг шинжээч тогтоосон. Өмгөөлөгч нарын зүгээс хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, гэмт хэргийн эсхүл зөрчлийн шинжтэй эсэхийг маш сайн ялгаж үндэслэлээ гаргах ёстой. Гэм хор, хохирлын асуудлаа Иргэний хуулийн 497, 505.1, 506, 507 дугаар зүйлд зааснаар гаргуулах боломжтой. Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдал нотлогдоогүй байхад  шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Филлер тарилга болон 31G зүүг хэн, хэзээ, хаанаас оруулж ирсэн асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. Хохирогчийн биед филлер тарилга тарихдаа 31G загварын зүү ашигласан нь зөв эсэхийг тогтоогоогүй. Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн эмч нар олон улсын практикт 21G-23G зүү ашиглахыг зөвлөж буйг дүгнэсэн. Гэхдээ удирдамжийн дагуу 31G зүүг ашигласан нь эмч үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэх харилцан нэг нэгнээ үгүйсгэсэн шинжтэй, эргэлзээтэй дүгнэлт гаргасан.

Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн шүүгдэгч нь хохирогчийн биед филлер тарихдаа хоёр удаагийн хатгалтаар шахах ёстой, хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд нэг хатгалтаар шахсан байх магадлалтай гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан ба дүгнэлттэй холбоотойгоор тодруулах ажиллагаа хийгдээгүй. Түүнчлэн аль нэг хувийн эмнэлгийн захирал гоо сайхын ажилбар хийх удирдамж баталж, баталсан удирдамжийн дагуу эмчилгээ хийх нь хуульд нийцэх эсэх, зүү үйлдвэрлэгчийн зааварчилгаа гэх мэт зүйлийг нэг мөр шалгаж тогтоосны үндсэн дээр хэргийн зүйлчлэл тодорхой болохоор нөхцөл байдал харагдаж байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Г.Минжмаа, Б.Алтанзул, шүүгдэгч П.М-ын өмгөөлөгч М.Хатанзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн П.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогч Х.З Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.М болон иргэний хариуцагч “****” ХХК-аас хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн “...эрүүл мэндийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчид хүнд гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ...” гэсэн гомдлын хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх шүүгдэгч П.М-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахуйц болсон хэдий ч хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Учир нь прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч П.М-д холбогдох хэргийг хоёр шатны шүүх хянан хэлэлцэхдээ үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн эрх зүйн байдал, үйл ажиллагаандаа мөрдөх тусгайлсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээтэй холбоотой дүрэм, журам, стандарт байгаа эсэхийг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэлгүй зөвхөн хэргийн үр дагаварт тулгуурласан байдлаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжид хамааруулан тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

4. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдлыг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн бие даасан обьектив шинж болгон хуульчилжээ.

Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн субъектийг эмнэлгийн мэргэжилтэн буюу тусгай эрх, үүрэг бүхий субъект байхаар заасан, түүнчлэн эмнэлгийн мэргэжилтэнд тусгайлан хамааруулсан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулдаг шинжээрээ дээрх гэмт хэргээс ялгагдана.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгохоор заажээ.

Шүүгдэгч П.М нь хүний их эмчээр “****” дээд сургуулийг төгсөж, арьсны эмчээр мэргэшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчинтэй, “****” ХХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9/28 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, эмчилгээний гоо заслын эмч чиглэлээр ажиллаж байсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтэн гэж үзнэ. /1 хх- ийн 164, 167-178/

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулдаг онцлогтой.

Хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З-д GANA V PLLA найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэгт каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц, шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т зааснаар эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар мэргэшсэн эмч нь  үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх тус тус үүрэг хүлээжээ.

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд МNS 4621:2008 стандартын 7.5.2-т “...Бүлүүрийг хойш татаж, судас таарсан эсэхийг шалгана. Хэрэв судас таарсан бол өөр зүү тариураар өөр газар тариаг дахин хийнэ...”, 7.6-д “Зүү хатгасны дараа судас дайрсан үгүйг заавал шалгана. Судас дайрсан тохиолдолд өөр газар, өөр зүү тариураар хатгана” гэж заасан байна.  

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас гадна, шүүгдэгч П.М-ыг буруутгасан агуулга бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэн болгож, түүнийг “****” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа каннула арьсанд нэвтрэх цэг нь хатгалт бүртээ 2 удаагийн үйлдлээр хийгдэх, хатгалт хийх цэгийн эхний хатгалт нь арьсны гадаргууг цоолж судас гэмтсэн эсэхийг шалгасны дараа каннула арьсанд нэвтэрч орох нүхийг бэлтгэх, урьдчилж тарианы зүүгээр цоолж бэлтгэсэн нүхээр хурц үзүүргүй мохоо каннулаг арьсны давхаргад оруулах, филлер шахахаас өмнө эмч үйлдлээр судсыг шалгах үйлдлийг хэрэгжүүлээгүй буюу филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас иргэн Х.З-д филлер тарилга хийх явцдаа духны дээд хоёрны нэг хэсэгт каннула гэх мохоо үзүүртэй зүү хатгаж филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрөл, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Хяналтын шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн хэдий ч шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч П.М-ын хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан түүнд анхан болон давж заалдах шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээхээр тогтов.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх...” тухай агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

8. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хор уршгийг арилгуулах зорилгын хүрээнд нотлох баримтын шаардлага хангасан хохирогч Х.З-ын Герман улсад эмчлүүлсэн зардал 86,350,000 төгрөг, нислэгийн зардал 12,727,900 төгрөг, асрагч хөлсөлсөн зардал 16,500,000 төгрөг, эм эмчилгээний зардал 832,752 төгрөг, нийт 116,410,652 төгрөг нэхэмжилснийг хангаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч П.М 49,233,238 төгрөг, иргэний хариуцагч “****” ХХК 190,766,762 төгрөг, нийт 240,000,000 төгрөгийг хохирогчид төлснийг дурдаж, Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал болон Непал улсад эмчлүүлсэн эмчилгээний хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч П.М болон иргэний хариуцагч “****” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан зааж шилжилтийн үеийг зохицуулсан болохыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хууль тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болох тул 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн болж өнгөрсөн үйл явдлын үр дагаварт үйлчлэхгүй юм.

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Г.Минжмаа, Б.Алтанзул нарын гаргасан “...Непал улс руу эмчлүүлэхээр явсан, Солонгос улсад хагалгаанд орж эмчлүүлэх болон бусад зардал энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчид олгуулан шийдвэрлэх, ...сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлснээр буюу 81,950,000 төгрөгөөр тооцож, дүйцүүлэн гаргуулах” тухай гомдол хангагдахгүй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг болон түүнд холбогдсон этгээдийн хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй үйл баримт, хүн, хуулийн этгээдийн талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй юм.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Г.Минжмаа, Б.Алтанзул нарын гаргасан “...“****” ХХК-ийг яллагдагчаар татах...” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгов. 

10. Иймд  прокуророос шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 772 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...шүүгдэгч П.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...шүүгдэгч П.М-ыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн гомдлоос хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан хэсгийг хангаж, гомдлын үлдэх хэсэг болон хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Г.Минжмаа, Б.Алтанзул нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

              ДАРГАЛАГЧ                                   Б.БАТЦЭРЭН

                  ШҮҮГЧИД                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Б.ЦОГТ