Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0363

 

  “Ө” ХХН-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, Г.С, Э.Б, хариуцагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 211 дүгээр шийдвэрээр: 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Ө” ХХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Х нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарагсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд шийдвэртээ “...шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна...” гэж дүгнэсэн.

Маргаан бүхий захиргааны акт болох баримт бичиг шаардах тухай шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасанд хамаарах юм. Иймд баримт бичиг шаардах шаардлага дагавар үүсгэж байх тул манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа юм.

Ийнхүү дээрх үндэслэл болон маргаж буй баримт бичиг шаардах шаардлагад Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.6-д заасны дагуу хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулъя гэж заасан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Хэдийгээр шууд хариуцлага хүлээлгээгүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байгаа болно.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “...татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу татвартай холбоотой баримтуудыг татварын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй, харин татварын улсын байцаагч шаардах эрхтэй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны баримтуудыг татварын байгууллагад гаргаж өгөхгүй байх эрхтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улын байцаагч Б.Н, О.М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх гаргаж өгөхгүй байх эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг” ойлгохоор заасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Ийнхүү шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой ба энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй бөгөөд бодит байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр байна.

Мөн шийдвэрт “дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татварын баримтуудыг өгөх боломжгүй, харин 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи баримтуудыг өгөх боломжтой гэсэн агуулга бүхий тайлбар, хүсэлтээ харъяалах Татварын хэлтэст өгөх боломжтой байх тул татварын улсын байцаагч О.М, Б.Н нарын “Баримт бичиг шаардах тухай” 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шаардлагууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Магадгүй нэхэмжлэгч дээр дурьдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татварын баримтуудыг өгөх боломжгүй, харин 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи баримтуудыг өгөх боломжтой гэсэн байдлаар тайлбар, хүсэлтээ гаргасныг нь татварын байгууллага зөвшөөрөөгүй тохиолдолд тус захиргааны акттай нэхэмжлэгч маргах эрх нь нээлттэй юм гэж дүгнэсэн. Үүнээс үзвэл шүүх нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүгнэж шийдвэрлээгүй буюу маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Учир нь ийнхүү шийдвэрлэснээр манай нөхөрлөл болон татварын улсын байцаагч нарын хоорондын маргаан дуусгавар болохгүй буюу цаашид ч үргэлжилсээр байх ба дахин маргаан үүсгэх боломжийг бий болгож байна.

Мөн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны баримтуудыг өгөх боломжтой гэсэн агуулга бүхий тайлбар, хүсэлтээ гаргах боломжтой байх тул шаарлагууд нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд бид Татварын улсын байцаагч нарт энэ талаар тайлбар хүсэлтээ удаа дараа гаргаж байсан талаараа тайлбарласан бөгөөд татварын байцаагч нараас ч энэ байдлыг үгүйсгээгүй байтал шүүхээс нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин хийж, дахин тайлбар, хүсэлтээ гаргах шаардлагатай мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан гол агуулга нь баримт бичгийн дагуу шаардсан бүх баримтыг өгөх боломжгүй 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи баримтаа өгөх боломжтой гэхэд татварын байцаагч нараас зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.М, Б.Н нарын “Баримт бичиг шаардах тухай” 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шаардлагаар “Өмгөөллийн Монгол өмгөөлөгч” ХХН-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацааны татварын баримт бичгүүдийг шаардсан ба тус шаардлагад хэрэв дуудсан цагт ирэхгүй бол Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.6 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл хүлээлгэхийг сануулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “...“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг...” гэж тус тус заасан байна. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа “Баримт бичиг шаардах тухай” бичиг нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны үйл ажиллагааны хэлбэр болох захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Учир нь “Баримт бичиг шаардах тухай” бичгээр “Ө” ХХН-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлант хугацааны баримт бичгийг шаардсан байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн Татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх”, 29.1.2-д “татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах” гэж тус тус заасан.

Татварын улсын байцаагч нь аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд уг хяналт шалгалтаа Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 30 дугаар зүйлд заасан Татварын улсын байцаагчийн хориглох зүйлсийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Баримт бичиг шаардах тухай” бичгээр бичиг баримт шаардсан бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас улсын байцаагчид хяналт шалгалт явуулах бүрэн эрхийг нээсэн буюу байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулжээ.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татварын төлөгчийн эрх үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд 18.1.2-д “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь татварын тайланг үнэн зөв гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй байна.

Татварын улсын байцаагч нар хяналт тавих эрхтэй тул нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ө” ХХН-д татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх үндэслэл бий болохоос бус нэхэмжлэгчид шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна. Татварын улсын байцаагч нар дээрх “Баримт бичиг шаардах тухай” бичгийн дагуу нэхэмжлэгчийн татвар төлөлт, санхүүгийн тайлан тэнцэл гаргах үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхийг хяналт шалгалтаар тогтоож, хуульд заасан шийдвэр гаргахаар байна.

Хэрэв Татварын улсын байцаагч нарын шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бол Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй байна. Захиргааны байгууллага хуульд заасан эрхээ хэрэгжүүлж “Баримт бичиг шаардах” хуудас явуулж, хяналт шалгалтаар зөрчил илрэх эсэх, эрх зүйн үр дагавар үүсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Дээрхээс үзвэл “Баримт бичиг шаардах тухай” бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байжээ.

Иймд хариуцагчаас гаргасан “Баримт бичиг шаардах” тухай бичиг нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй “Ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.М нарт холбогдох захиргааны хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.М нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХН-ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН