Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 501

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  М.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч “Фронтиер лэнд групп” ХК-ийн захирал М.Төвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү нарыг оролцуулан “Фронтиер лэнд групп” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Фронтиер лэнд групп” ХК-ийн захирал М.Төвшин, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...“Фронтиер лэнд групп” ХК нь тус шүүхэд “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.9, 1.11 дэх заалтууд, Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл шинээр барих авто замын инженерийн нарийвчилсан зураг, Баруун аймаг чиглэлийн авто замын уулзвараас Авто худалдааны цогцолбор хүртэл шинээр барих авто зам, гүүрийн инженерийн нарийвчилсан зургуудын тус тус “Фронтиер лэнд групп” ХК-ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах, “Фронтиер лэнд групп” ХК-ийн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасныг дор дурьдсан үндэслэлээр татгалзаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17/40 дүгээр албан бичгээр хандан манай газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 5/5053 дугаар албан бичигт дурьдсан үндэслэлүүд нь бодит байдал дээр татгалзах, саад болох үндэслэл болохгүй талаар дурьдсан.

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд дурьдсанаар онцгой, энгийн хамгаалалтын бүсэд хамаарснаар аж ахуйн нэгж нь тухайн газар дээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, газраа эзэмшинэ, харин байгаль орчинд хортойгоор нөлөөлөхийг хориглоно. “Фронтиер лэнд групп” ХК-ийн газар нь энгийн хамгаалалтын бүсэд байгаа учир саад болохгүй.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжаар авто замын зориулалтаар олгосон газрууд нь заавал “Фронтиер лэнд групп” ХК-ийн газраар дайран өнгөрүүлээгүй, Морингийн даваа, Баруун аймаг чиглэлийн замын трасс, зургийг батлахдаа нэхэмжлэгчийн саналыг авч газраар нь дайруулахгүйгээр дахин батлах боломжтой гэдгээ илэрхийлсэн. 

Манай гаргасан хүсэлтийг хүлээн авч үндэслэлтэй гэж үзсэн учир Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/359 дүгээр захирамжаар “Фронтиер лэнд групп” ХК-ийн газар эзэмших эрхийг баталгажуулж, хугацаа сунгасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Фронтиер лэнд групп” ХК-ийн захирал М.Төвшин шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан   байх   тул   нэхэмжлэгч   нэхэмжлэлээсээ   татгалзсаныг   баталж,   хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Фронтиер лэнд групп” ХК-ийн захирал М.Төвшинд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд тэрээр ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 1.9, 1.11 дэх заалтууд, Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл шинээр барих авто замын инженерийн нарийвчилсан зураг, Баруун аймаг чиглэлийн авто замын уулзвараас Авто худалдааны цогцолбор хүртэл шинээр барих авто зам, гүүрийн инженерийн нарийвчилсан зургуудын тус тус “Фронтиер лэнд групп” ХК-ийн эзэмшил газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах, “Фронтиер лэнд групп” ХК-ийн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Фронтиер лэнд групп” ХК-ийн захирал М.Төвшин татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА