Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00212

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02069 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Э

          Хариуцагч: “У” ОНӨААТҮГ-т холбогдох

    Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2016-10-20-ны өдрийн Б/150 дугаар тушаалаар авто баазын жолоочоор ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2016-12-02-ны өдрийн А/21-р тушаалаар байгууллага сул зогссон ба тушаалын хавсралтын Автобааз хэсгийн 5-д зааснаар  2016-12-01-с 2017-04-01-ний хооронд сул зогсоосон. 2017-04-01 -ний өдөр амралтын өдөр байсан тул дараагийн ажлын өдөр болох 2017-04- 03-ны өдөр ажилдаа очиход ажлаас халсан байсан. 2017-03-21-ний Б/58-р тушаалаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байна. Тушаалд  албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй хувийн хэрэгцээнд ашигласан, байгууллагын өмчид зөвшөөрөлгүй халдаж цахилгаан хулгайлсан гэсэн байсан. Би байгууллагын машин унаагүй. Сул зогсох хугацаанд өргөгч автомашиныг нөгөө ээлжийн жолооч  байгууллагын хэрэгцээнд унаж байсан учир тушаалд дурдсан зөрчил болон цахилгаан хулгайлсан гэдэг нь үндэслэлгүй. Би байгууллагын цахилгаанаас хулгайлж авсан үйлдэл байхгүй. Б/58 дугаар тушаалд дурдсан зөрчлүүдийг хэзээ, хаана гаргасан талаар заагаагүй. Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг заагаагүй тул ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: 2016-11-24-ний өдрийн Б/289-р тушаалаар Г.Эт сахилгын шийтгэл ногдуулсан. Г.Э Б.Болдбаатартай зүй бус харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2016-10-09-ний өдөр Авто баазаас зөвшөөрөлгүй машин авч явсан тул 1 сарын хугацаагаар цалинг 20% бууруулсан. 2016-12-02-ны өдөр даргын А/21-р тушаалаар нийт ажилчдыг сул зогсоож, авто баазын жолооч Г.Эыг 2016-12-01-с 2017-04-01-ны өдөр сул зогсоох тушаал гарсан. Сул зогсолтонд байсан Г.Э нь байгууллагын машиныг  зөвшөөрөлгүй авч явж хувийн хэрэгцээнд ашигласан, нийслэлийн нийтийн эзэмшлийн цахилгааныг бусдад ашиглуулах ноцтой зөрчил гаргасан. Иймд 2017-03-21-ний өдрийн Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “У” ОНӨААТҮГ-ын дүрмийн 2.12.3 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Г.Эыг “У” ОНӨААТҮГ-ын Авто баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар У” ОНӨААТҮГ-с 268 233 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Эын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 8.697 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02069 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Г.Э 2016-10-09-ний өдөр байгууллагын автомашиныг зөвшөөрөлгүйгээр, хувийн хэрэгцээнд ашигласан зөрчилдөө 2016-10-27-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан. 2017-02-13-ны өдөр байгууллагын цахилгааны шитыг дур мэдэн оролдож, Б.Дамбад цахилгаан залгаж өгөхийг завдсан.Энэ нь  тогтоогдсон. Сахилгын зөрчлийг 2 удаа буюу давтан гаргасан болохыг зөв дүгнэсэн атлаа “гэрээнд тухайлан заагаагүй” гэж Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-г буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Г.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2, дотоод журмын 11.1, Хариуцлагын тухай журмын 2.7, 27.3-т  тодорхойлогдсон хэм хэмжээг зөрчсөн нь баримтаар нотлогдож тогтоогдсон. Гаргасан зөрчлийг “ноцтой зөрчил”-д тооцож ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хариуцлагын тухай журамдаа нийцсэн. Байгууллагын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг буруутгасан нь үндэслэлгүй байна.  Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт буй баримтаар үгүйсгэгдэж байна. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ИХШХШТХ-ийн  40.1, 40.2-г хангаагүй, үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т  сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Шүүх уг заалтыг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Г.Э байгууллагын хариуцсан шитийг зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн оролдож, өөрийнх нь ажил үүрэгт хариуцуулаагүй хийх ёсгүй, хориглосон үйлдлийг 2017-02-13 -ны өдөр хийж, зөрчил гаргасан нь 2017-02-17 -ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг тайлбар, фото зураг-р  тогтоогдсон. Энэхүү зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй буюу 2017-03-21-ний өдөр Б/58-р тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.Түүнчлэн, сүүлийн зөрчилд арга хэмжээ тооцох хуулийн хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь  үндэслэлгүй. Учир нь 2017 оны 2 сарын 27, 28, 3 дугаар сарын 01-ний өдрүүд “Цагаан сар”, 3 сарын 2, 8-нд бүх нийтийн амралтын өдрүүд тохиосон нь  дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.Э 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр У Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, авто баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

      У ОНӨААТҮГ-ын дарга 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б/58 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дүрмийн 2.12.3-г үндэслэн “...албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын машиныг удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй авч явж хувийн хэрэгцээнд ашигласан, байгууллагын өмч хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдаж цахилгаан хулгайлж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан...” гэж Г.Эыг авто баазын жолоочийн ажлаас халсан байна. /хх 9/  

      Ажил олгогч нь Г.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “ноцтой” зөрчил гаргасан гэж цуцалсан тул тушаалд заасан үндэслэлийн хэмжээнд шүүх дүгнэлт хийх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. 

      Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заажээ.

       Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд /хх 3-4/ тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

       Хоёр шатны шүүх  хэргийн  баримтын талаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

       Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учир У Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-с 8.697 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01912 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02069 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан У ОНӨААТҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 8.697 /найман мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ