Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00135

 

 

 

 

 

 

 

 

     2026          01            16                                        210/МА2026/00135                           

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

3,682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******гийн нэр дээрх 25 м.кв гэх үйлчилгээний байрыг түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг, барьцаа төлбөрт 1,000,000 төгрөг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн ажиллаж байсан. Үйл ажиллагааг эхлүүлсэн өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түрээслүүлэгчийн зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлэх, борооны ус дусах асуудлыг шийдэхгүй, тог усны тоолуур тавьж өгөхгүй байх асуудал гаргаж байсан тул цаашид уг байранд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Уг байранд 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилгоор засвар тохижилт хийсэн ч хугацаанаасаа өмнө байрыг суллаж өгсөн тул байрны засварт 2,000,000 төгрөгийн зардал гаргасан. Байрыг 3 сар түрээслээд суллаж өгсөн ч барьцаа төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй.

 

1.2. Гэрээнд заасан 25 м.кв гэх байр бодит хэмжээгээр 18,06 м.кв байсан. Түрээслүүлэгчийн тогтоосон ханшаар 1 м.кв-ийн үнэ 40,000 төгрөг гэж үзэн квадратын төлбөрийн зөрүү болох 832,000 төгрөгийг төлүүлэх. (Квадратын зөрүү 6,94 мкв * 40,000 төгрөг 3 сар=832,000 төгрөг). Ажиллах хугацаанд дээрх асуудлуудыг шийдвэрлүүлээд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч арга хэмжээ авч өгөхгүй асуудлуудыг улам даамжруулан цаашид ажиллах ямар ч боломжгүй болгож байсан билээ.

Бидэнд тусдаа цахилгааны тоолуур тавьж өгөөгүй, мөн хэрэглээний зардлыг тооцож өгөөгүй. Анх цахилгааны мөнгөнд 50,000 төгрөг төлж байхаар тохирсон санагдаж байна. Байрыг манайхаас бичлэг хийж үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид нь хүлээлгэж өгсөн. Иймд байрны засварын 2,000,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөг, м.кв-ийн зөрүү 1,046,000 төгрөг, нийт 4,046,000 төгрөгөөс ашиглалтын зардалд 150,000 төгрөгийг хасаж 3,896,400 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээнд заасан 25 м.кв байр бодит хэмжээгээр 18.06 м.кв байсан. Түрээслүүлэгчийн тогтоосон ханшаар 1 м.кв-ийн үнэ 40,000 төгрөг гэж үзэн 832,000 төгрөг, нийт 3,682,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******нь өөрийн хүсэлтийн дагуу ирж 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 1 сарын 1,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй үл хөдлөх түрээсэлж суусан. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны 3,000,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийн барьцаа нийт 4,000,000 төгрөг л шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараагийн сарын түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан. Гэтэл ийнхүү илтэд үндэслэлгүй зүйл ярьж, хүчээр шахуу байр үзүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түрээсийн төлбөр төлөх үүргээ цаашид биелүүлж чадахгүй болсон нөхцөл байдлаа түрээслүүлэгчээс болсон гэж үзэж байгаад гайхаж байна.

 

2.3. Мөн түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******нь байранд нүүж орж ирснээс хойш гэрээг удаа дараа зөрчсөн ба эд хөрөнгийн ашиглалтын зардал огт төлөөгүй, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр байрны хийцлэлд өөрчлөлт оруулж, мөн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдэх ёстой атал энэ тухайгаа мэдэгдээгүй, өнөөдрийг хүртэл албан ёсоор түлхүүр хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлээгүй гээд олон зөрчил гаргасан.

 

2.4. Цахилгааны болон усны мөнгөө төлөхгүй гэж маргаан гаргаж эхэлсэн. Түрээсийн байранд ус алдсан гэж худлаа, мөн зодсон гэсэн нь худлаа.

 

2.5. Нэхэмжлэгч нар нь хариу тайлбар гаргах 2 сарын хугацаанд түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний 3.6-д зааснаар түлхүүрийг буцааж өгөөгүй, мэдэгдээгүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй, мөн нэхэмжлэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр засан сайжруулалт, засварын ажил хийх эрхгүйгээр тохирсон бөгөөд өөрсдийн ажил бизнесээ эрхлэхэд зориулсан жижиг засан сайжруулалт хийж болох ч тэр нь том засвар эсэх нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн гэрээнд түрээслүүлэх талбайн м.кв-ыг нарийн заагаагүй, засварын ажлын зардал гарсан гэж байгаа боловч баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэнгүй. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус зааснаар хариуцагч *******гаас 832,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Золзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,292 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Маргаан бүхий түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийн метр квадратын зөрүүтэй холбоотой нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үе хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр шаардлагыг хангаж нэхэмжлэл гаргах эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан ажиллагаа мөн хийгдээгүй. Нэхэмжлэгч нь энэхүү хэрэг шүүхэд байх хугацаанд гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн метр квадратын зөрүүг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч үүнтэй холбоотой шаардлагаа хуульд нийцүүлэн гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн түрээсийн үл хөдлөхийн метр квадратын зөрүүтэй холбоотой шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байх тул 832,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн объектын талбайн хэмжээтэй холбогдуулан хэмжилт хийлгэхээр шинжээч томилуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс гаргасан. Мэргэжлийн байгууллагаас талбайн хэмжилт хийсэн. Мөн талбайн зөрүүд 832,000 төгрөгийг хариуцагч илүү авсан болох нь тогтоогдсон. Энэ талаарх дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр 1,000,000 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 2,000,000 төгрөг, түрээсийн байрны м.кв-ын зөрүү 832,000 төгрөг, нийт 3,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээнд заасны дагуу засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй, түрээсийн талбайн түлхүүрийг хүлээлгэж өгөлгүй удаасан учир барьцаа мөнгийг шаардах эрхгүй, түрээсийн гэрээнд талбайн хэмжээг нарийвчилж тусгаагүйгэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0219 дугаартай түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч ******* нь *******, 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022  оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч *******нь  түрээсийн төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх5-6/

Мөн гэрээгээр түрээслэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчинд 1,000,000 төгрөг түрээслэгчид өгөхөөр харилцан тохиролцсон.

 

5. Гэрээнд түрээсийн төлбөрийг улиралд 1,000,000 төгрөг гэсэн боловч талууд 1 сард 1,000,000 төгрөг, 3 сар буюу улиралд 3,000,000 төгрөг гэж тохирсон гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй тул түрээсийн төлбөрийг 1 сард 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

6. Түрээсийн гэрээнд 25 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 1 жилийн хугацаанд түрээслэхээр тохирч түрээсийн төлбөрт улиралд 3,000,000 төгрөг, дэнчинд 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

7. Түрээслүүлэх үл хөдлөх хөрөнгө нь түрээслүүлэгч *******гийн өмчлөлийн нийт 152,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай ба түүнээс тодорхой нэг хэсгийг буюу гэрээнд зааснаар 25 м.кв талбайтай өрөө бүхий үйлчилгээний талбайг түрээсэлж байгаагаас үзэхэд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн гэж үзнэ.

 

8. Нэхэмжлэгч түрээсийн байрыг гэрээнд заасан 25 м.кв талбайтай гэж ойлгон хүлээн авсан боловч бодит байдалд 18.06 м.кв байсныг тохижилт хийх явцдаа мэдсэн, засвар тохижилт хийж гэрээнд зааснаар 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсэлсэн боловч борооны ус гоожих, тоолуур тусдаа хийж өгөх зэргийг түрээслүүлэгч хийж өгөхгүй байсан тул 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн гэж тайлбарласан, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаатай түрээсийн зүйлийг түрээслэгч эзэмшиж ашиглаж байгаад гэрээ цуцлагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцжээ.

 

9. Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 2.1-т гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн хэмжээг 25 м.кв, үйлчилгээний зориулалттай гэж тусгаснаас өөрөөр хөрөнгийн шинж байдлын талаар тусгагдаагүй байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн дагуу талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг тайлбарлавал гэрээний гол нөхцөлөө талбайн хэмжээ байхаар тохирсон гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр түрээсийн байрны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй, 18.06 м.кв байсан болох нь тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5-д зааснаар хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй тул түрээсийн төлбөрт илүү төлсөн 832,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулна.

 

10. Харин гэрээний 3.3-т Түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,000,000 төгрөгийг түрээслэгч тал түрээслүүлэгчид өгч, дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад суутган тооцох зохицуулалттайгаар харилцан тохиролцсон. Хэргийн баримтаар дэнчингээс суутган тооцох төлбөр тогтоогдоогүй тул гэрээ цуцлагдсантай холбоотой Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар дэнчингийн төлбөрийг нэхэмжлэгчид хариуцагч буцаан олгох үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцлах саналаа 1 сарын өмнө мэдэгдсэн баримтгүй тул 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй учир хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

11. Мөн засварын зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч энэхүү шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй учир шийдлийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

12. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “…нэхэмжлэгч нь талбайн зөрүү 832,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд тус тус заасны дагуу нэмэгдүүлээгүй, шүүх мөн хуулийн 72 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй…” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.

 

12.1. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа талбайн хэмжээг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж тооцон түрээсийн төлбөрийн зөрүүг шаардсан ба 1,042,000 төгрөгийн шаардлагыг 832,000 төгрөг болгон багасгасан баримт хэрэгт авагдсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

12.2. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, энэ талаар танилцуулах ажиллагаа явуулаагүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/07862 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “...290 дүгээр зүйлийн 290.5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

 

                 ШҮҮГЧИД                                 О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ