Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01048

 

 

 

 

 

     

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/00472 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 17,729,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* 2018.01.08-нд зам тээврийн осолд орж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан ба *******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан. Түүнээс хойш бусдын байнгын асаргаанд байгаа ба нуруу нугасны гэмтэл нь сүүлдээ хөл рүүгээ орж, нурууны ******* дугаар үе мэдээгүй болж, хөлөнд нь таталт өгч, суга таягтай болсон. Мөн байгалийн жамаараа бие засч чадахгүй шээлтүүр, катетер байнга ашигладаг. Өдөр тутамд өвчин намдаах эм хэрэглэж, 2-3 жилд нэг удаа бүтэн наркозтой давсагны чулуу түүлгэх мэс засалд ордог нь сэтгэцэд нь нөлөөлж мартамхай болж, ааш араншин нь өөрчлөгдсөн. ******* нь нэг хүүхэдтэй бөгөөд эрүүл мэнд нь сайжрахгүй, улам дордож байгаа учраас дахин хүүхэдтэй болохоор Эх нялхсын эрүүл мэндийн төвд хандахад ослын улмаас хүүхэдтэй болох боломжгүй болсон, ******* шинжилгээ хийлгэхийг зөвлөснөөр ******* шинжилгээнд орж, 2-3 удаагийн эмчилгээнд хамрагдан зардлууд гарсан.

Эдгээр зардлын ихэнх нь энэ буюу 13,000,000 гаруй төгрөг болсон ба бусад өдөр тутамд хэрэглэдэг өвчин намдаагч, бие засуулах эм, таталт өгөхөд хэрэглэгдэг эм тариа болон эмчийн заавраар авах шаардлагагүй шээлтүүр зэрэг нь бусад зардалд багтаж байгаа. Харин сувиллын зардлыг нэхэмжлээгүй. Нэхэмжлэгчийн эхнэр нь нөхрөө асрахын зэрэгцээ хоёр ажил зэрэг хийдэг ч зардлаа дийлэхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан баримтууд нь 2018 оноос хойш хэрэглэсэн эмчилгээний зардлын баримт юм. Иймд гэм хорын хохиролд 17,729,188 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2018 онд болсон зам тээврийн осол болон хохирогчид учирсан гэмтлийн талаар маргадаггүй. Харин *******гийн ******* эмчилгээ, нэг удаагийн мэс ажилбар хийлгэхэд гарсан зардал 14,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. ******* нь тухайн ослын улмаас ******* боломжгүй болсон гэх баримтгүй бөгөөд энэ талаархи эмнэлгийн, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, мэргэжлийн эмчийн тодорхойлолт, дүгнэлт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаагүй байна. ******* мэс ажилбар нь эсийн чанар, гэмтлийн гаралт зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалж амжилттай болох эсэх нь шийдэгддэг ба хагалгаанд орсон зардлыг зайлшгүй гэх баримтгүй, нотлогдохгүй байгаа учир энэ хэсгийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хувьд авто ослын улмаас гарсан зайлшгүй эмчилгээний зардлыг төлөхөд татгалзахгүй ба эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг төлж эвлэрэх санал гаргасан ба энэ дүнг зөвшөөрнө. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2018.11.14-ний өдрөөс хойших хугацааны зардлуудыг баримтаар гаргасан ч зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэргийн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч *******гийн буруугаас нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул нэхэмжлэлийн үнийг төлөх нь зүйтэй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч *******гоос 16,093,319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,635,869 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,417 төгрөг гаргуулан улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн ******* шинжилгээ мэс ажилбарт зарцуулсан гэх 14,000,000 төгрөгийн зардал нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй зардалд хамаарахгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн зам тээврийн ослын улмаас ******* боломжгүй болсон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гарсан эсэх нь тодорхойгүй, ******* мэс ажилбарт ороод ямар шалтгаанаар амжилтгүй болсон баримт байхгүй ба нэхэмжлэгч тал баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* шинжилгээ, мэс ажилбарт зарцуулсан зардал 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2018 онд осолд орсноос хойш бөгсөн бие нь мэдээгүй болсон. Мөн нурууных нь ******* үе ажиллагаагүй болсон бөгөөд ослын дараа хагалгаанд орсон. Гэвч төмрийн үрэвсэл үүсэж, нурууны үенд суулгасан төмрийг авхуулсан. Үүний улмаас нуруунд мурийлт өгч, мэдрэлд нөлөөлөн, суга таяг ашиглах боломжгүй болж, таталт өгдөг болсон. Мөн байгалийн жамаар бие засах боломжгүй болсон тул байнга эм хэрэглэдэг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хариуцагч талаас ******* чадваргүй болсон нь ослын шалтгаантай холбоогүй гэж маргасан ч энэ тухай татгалзлаа нотлох баримыг гаргаагүй. Харин бид нэхэмжлэгчийн үрийн шингэний ******* чадварын шинжилгээний хариуг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч ослын улмаас дахин хүүхэдтэй болох боломжгүй болж хохирсон тул шинжлэх ухаан хөгжсөн энэ үед ******* эмчилгээ хийлгэсэн ба үүнтэй холбоотой гарсан зардлыг хохиролд тооцож нэхэмжилсэн нь гомдолд дурдсан 14,000,000 төгрөг биш 12,967,100 төгрөг болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбоотой эмчилгээ, асарч сувилахтай холбоотой болон ******* шинжилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардалд 17,729,188 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 8,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, *******той холбоотой эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн нь гэмтлийн улмаас болсон нь тогтоогдоогүй, энэ тухай баримтгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хариуцагч ******* 86-79 УНБ улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2018.01.08-ны шөнийн 01:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.08-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Тус тогтоолоор *******гоос 11,271,166 төгрөг гаргуулан *******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн үр дагаврыг хариуцах үүрэг бүхий этгээдээс иргэний журмаар нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байна.

 

4.Хариуцагч гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүнийг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, уг гэм хорыг мөнгөн хэлбэрээр хариуцах арилгах шалтгаант холбоо, үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсаныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023.03.15-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр хугацаагүй тогтоожээ. Иймээс хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь гэм хор учирсны үр дагаврыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд хариуцагч уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

5.Анхан шатны шүүх гэм хорын хохиролд хариуцагч *******гоос 16,093,319 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэснээс хариуцагч 14,000,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******оор шинжилгээ өгсөн, эмчид үзүүлсэн нь гэм хор учруулсантай шалтгаант холбоотойг тогтоосон эмнэлгийн дүгнэлтгүй, уг зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг гэм хор учруулагч хариуцан арилгахад хохирогчийн хувьд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, нэмэлт сувилуулах зэргээр зайлшгүй зардал гаргах нөхцөл байдал бий болсноо нэхэмжлэгч тал нотлох үүргийг хүлээдэг. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулга нь хохирогч гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол ийнхүү нэмэлт зардал гарахгүй, иргэний эрх зүйн харилцаанд чөлөөтэй оролцох байсныг илэрхийлдэг.

 

6.Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан нь тогтоогдсоныг өмнө дурдсан, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн бүсэлхийн ******* нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн ******* нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн ******* нугалмын их биеийн бяцарч шахагдсан хугарал, баруун талын нугалмын хугарал зэрэг гэмтэл тогтоогдож, уг гэмтэл амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.01.18-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр тогтоосныг шийтгэх тогтоолд дурджээ.

Энэ гэмтлийн улмаас нэхэмжлэгч байнгын хэвтрийн дэглэм, бусдын асаргаанд байдаг үйл баримт тогтоогдсон, мөн 2-3 жил тутамд давсагны чулуу түүлгэх мэс засалд ордог байдал нь нэхэмжлэгчийн Амбулаториор эмчлүүлэгчийн карт-аар нотлогдсон буюу 2021.01.20-26-ны өдөр уг хагалгааг хийлгэжээ. Нэхэмжлэгчийн биеийн бүсэлхийн хэсэг нь дээрх гэмтлийн улмаас мэдээгүйжилт өгсний улмаас хөл дээрээ тогтож, явж чаддаггүй, бэлгийн харьцаанд орох боломжгүй болсон тул *******суулгах төв-д хандан ******* шинжилгээ хийлгэсэн, нэхэмжлэгч 12 настай охинтой бөгөөд *******суулгах замаар дахин хүүхэдтэй болохыг хүссэн тухай нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасанд нийцсэн гэж үзнэ. Энэхүү тайлбарыг хариуцагч тал эсэргүүцэн маргаагүй ба энэ талаархи татгалзлаа нотлох баримт болон шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2025.05.12-ны өдрөөс 2025.07.04-ний өдрийн хугацаанд *******суулгах төвд хандан үйлчилгээ авахдаа 17 удаагийн төлбөр төлсөн нь 12,259,100 төгрөг болсныг хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой үүссэн, энэ маргаанд ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирснаар *******, шилжүүлэн суулгахтай тогтоолгохоор эмнэлгийн байгууллагад хандан энэ төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авсны зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд хамааруулан тооцох тул хэргийн баримтаар тогтоогдсон 12,259,100 төгрөгийн зардлыг хариуцагч *******гоос гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын *******суулгахтай холбоотой зардал буюу анхан шатны шүүхийн шийдвэрээс 14,000,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч анхан шатны шүүхийн тогтоосон 16,093,319 төгрөгийн төлбөрийн /16,093,319-14,000,000/ 2,093,319 төгрөгт холбогдох хэсэгт гомдол гаргаагүй. Тооцооллын хувьд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн *******суулгахтай холбоотой үйлчилгээ авсан, төлбөр төлсөн зардлыг хавтаст хэргийн 48-49 дэх талд авагдсан баримтаар 12,259,100 төгрөг гэж тогтоосон. Хариуцагчийн гомдол гаргаагүй 2,093,319 төгрөгийн болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон 12,259,100 төгрөгийн шаардлагын хэмжээнд нийт 14,352,419 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

8.Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан, энэ талаар шийдвэрт тусгасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Цолмонгоос 14,352,419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн нийт шаардлагаас 3,376,769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийн  анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/00472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...16,093,319 төгрөг... гэснийг 14,352,419 төгрөг гэж, ...1,635,869 төгрөг... гэснийг 3,376,769 төгрөг гэж,

2 дахь заалтын ...238,417 төгрөг... гэснийг 229,712 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Э.ЭНЭБИШ