| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/02528/И |
| Дугаар | 210/МА2026/01047 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01047
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/02028 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 5,841,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Хариуцагчаас 5,841,170 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: ******* нь нөхөр *******ын хамт ******* ХК-тай 2021.12.14-ний өдөр Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2024.09.25-ны өдөр хадгаламжаа барьцаалан 19,344,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан. Зээлдэгч *******наас уг зээлийн гэрээний дагуу хадгаламжид барилт хийсэн дүн 20,059,940 төгрөг байсан. ******* зээлээ төлөлгүй хугацаа дууссан байтал хадгаламжийн ******* тоот данснаас 14,211,578.58 төгрөгийг 2024.12.13-ны өдөр хүчээр татан авч, зээлийн үлдэгдэл 5,841,170 төгрөгийг миний тус банкин дахь ******* тоот данснаас 2024.12.16-ны өдөр татан авсан.
Мөн ******* ХК нь *******ийн 2024.09.25-ны өдрийн хадгаламж барьцаалсан зээлийг үл харгалзан хадгаламжийн хамтран эзэмшигч *******т 2024.10.12-ны өдөр хадгаламж барьцаалсан 2,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Энэ мэтээр 2025.10.15-ны өдрийг хүртэл 9 удаа зээл олгож, нийт 15,200,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг олгож, зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байдаг. *******ны ******* тоот хадгаламжийн дансанд байршиж буй хадгаламжийн мөнгөнөөс 2024.12.13-ны өдрийн 11:03 цагт 24,770,000 төгрөгийг *******ын зээлд суутган авсан нь хууль бус бөгөөд цаг хугацааны хувьд өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүргийг эхэлж хангалгүй, сүүлд байгуулсан зээлийн гэрээний үүргийг эхэлж хангасан нь тодорхой бус байдлыг үүсгэж байна. Банк нь *******ийн зээлийн хувьд барьцааны зүйлээр үүргийг эхэлж хангуулалгүй 5,841,170 төгрөгийг түүний *******ин дахь ******* тоот данснаас 2024.12.16-ны өдөр татан авсан нь үндэслэлгүй юм.
5,841,170 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Банктай байгуулсан *******ын 2024.10.12-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны *******, *******, *******, *******, *******, *******, *******, мөн 14-ний өдрийн *******, мөн 15-ны өдрийн *******, *******, ******* дугаартай гэрээнүүд нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол. урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно гэснийг зөрчиж байгуулсан гэж үзэж байна.
Учир нь ******* банкнаас 2024.09.25-ны өдөр хадгаламжаа барьцаалсан зээл авахад 19,344,000 төгрөгийн зээл авах боломжтой гэсэн шаардлага тавьсан учир энэ дүнгээр зээл авч, хадгаламжийн дансны барилт 20,059,940.00 төгрөгөөр хязгаарлагдсан. Энэ нь ******* ХК, ******* нарын удаа дараагийн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд ******* ХК-аас 5,848,361.42 төгрөгийг гаргуулж, *******ын ******* ХК-тай байгуулсан 2024.10.12-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны *******, *******, *******, *******, *******, *******, *******, мөн 14-ний өдрийн *******, мөн 15-ны өдрийн *******, *******, ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* дахь ******* тоот хугацаатай хадгаламжийн үндсэн эзэмшигчээр *******, хамтран эзэмшигчээр ******* нар бүртгэлтэй. Хадгаламж эзэмшигчид хадгаламжаа барьцаалан зээл авах адил эрхтэй бөгөөд 2024.09.25-ны өдөр ******* 19,344,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авч 2024.12.16-ны өдөр 20,092,565 төгрөгийн зээлийг төлсөн. Талуудын байгуулсан хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний 1.10.5-д зээлдэгч гэрээний 1.7-д заасан хугацаа дуусах өдөр зээл, тооцогдсон хүү болох 20,059,940 төгрөгийг ******* тоот дансанд тухайн өдрийн 22:00 цагаас өмнө төлөх ба энэ хугацаанаас урьдчилан төлөх тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэх хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийг төлнө. Зээлийн төлбөр төлөх хугацаа дуусахад зээлийн дансанд мөнгө байршуулаагүй тохиолдолд банк барьцаа хөрөнгө болох хугацаатай хадгаламж дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулна. Тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэж тохиролцсон.
Зээлдэгч ******* нь 2024.12.13-ны өдрийн дотор зээл, хүү 20,059,940 төгрөгийг ******* тоот харилцах дансандаа байршуулах үүргээ биелүүлэлгүй 3 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2024.12.16-ны өдөр зээл олгосон болон хадгаламжийн данснаас зээлийн төлөлт хийгдэж, зээл хаагдсан тул 5,841,170 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй юм.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Мөнгөн хадгаламж барьцаалсан бол тухайн хадгаламжийн дансыг барьцаалагч хяналтдаа авснаар түүний барьцаа баталгаажна гэж заасан. Иймд барьцааны зүйлийн талаар зөвшөөрөл аваагүй гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь гэр бүлийн харилцаатай хүмүүс ба тэдний дундын хадгаламж байна. *******ын хувьд өмнө нь ******* ХК-тай уг хамтран эзэмшдэг хадгаламжаа барьцаалсан зээл авч байсан. Эхнэр болох нэхэмжлэгч ******* нь 2024.09.25-ны өдөр 19,344,000 төгрөгийн зээлийг олгосон байдаг ч *******т 2024.10.12-ны өдөр мөн зээл хадгаламж барьцаалсан зээл олгосон. Энэ мэтээр 2024.10.15-ны өдрийг хүртэл нийт 17,200,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан байдаг. Гэтэл эхнэр ******* нь 2024.09.25-ны өдөр уг хамтран эзэмшдэг хадгаламжийг барьцаалан 19,344,000 төгрөгийн зээл авчихсан байхад давхар хадгаламж барьцаалсан зээл олгосон нь хууль бус юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар бодит хөрөнгийг барьцаалах хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл эхнэр нь хадгаламжийн үлдэгдэлд тохируулан 19,344,000 төгрөгийн зээлийг авсан байхад банк уг хадгаламжийг барьцаалсныг мэдсээр байж *******т зээл олгосон нь хууль бус.
Барьцаат зээлийн гэрээ нь 2024.12.13-ны өдөр зээлийн гэрээний үүргийг барьцаагаар хангахдаа уг хадгаламжаас 24,770,000 төгрөгийн зээлийг татан авч *******ын өмнө дурдсан зээлүүдийн төлбөрийг суутгасан нь хууль бус. Учир нь тэргүүн ээлжинд эхнэр *******ийн 19,344,000 төгрөгийн зээл эхэлж авсан зээлийн гэрээний үүргийг барьцаагаар хангуулах байсан ч сүүлд байгуулсан зээлийн үүргийг хангуулж байгаа нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан дарааллыг алдагдуулж хууль зөрчсөн гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хариуцагч ******* ХК-д холбогдох хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, харилцах данснаас татсан 5,841,170 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулах, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг он цагийн дарааллаар ялгаагүй, хуульд зааснаас өөр байдлаар тайлбарлаж хэрэглэсэн.
Эхний шаардлагын тухайд: ******* нь нөхөр *******ын хамт 2021.12.14-ний өдөр Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээг 3 жилийн хугацаагаар банктай байгуулж хадгаламжтай болсон. Улмаар 2024.09.25-ны өдөр ******* нь ******* ХК-аас хадгаламжаа барьцаалсан зээл авахад дээд тал нь 19,344,000 төгрөгийн зээл авах боломжтой гэсний дагуу ******* дугаар "Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ-г байгуулж 3 сараар зээл авсан ба гэрээний дагуу хадгаламжийн дансанд 20,059,940.00 төгрөгийн барилт хийсэн. Өөрөөр хэлбэл зээлээ төлөөгүй тохиолдолд банк нь хадгаламжийн данснаас 20,059,940 төгрөгийг татан авч зээлийг төлүүлэх байсан.
Гэвч зээл 19,344,000 төгрөгийг төлөх хугацаа болоход хадгаламжийн ******* тоот данснаас 14,211,578.58 төгрөгийг 2024.12.13-ны өдөр татан авч үлдэгдэл 5,841,170 төгрөгийг *******ийн *******ны ******* тоот данснаас 2024.12.16-ны өдөр татан авалт хийсэн. Учир нь барьцааны зүйл болсон хадгаламжийн дансанд барьцаалах мөнгө үлдээгүй буюу барьцааны зүйлгүй байхад ******* ХК нь 2024.10.12-ны өдрөөс 2024.10.15-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн зээлийн гэрээг *******тай байгуулан 15,200,000 төгрөгийн зээл олгосон байсан. *******ны ******* тоот хадгаламжийн дансанд байршиж буй хадгаламжийн мөнгөнөөс 5,770,000 төгрөгийг 2024.12.13-ны 11:03 цагт *******ын зээлд суутган авч буй нь хууль бус бөгөөд ямар учир цаг хугацааны хувьд өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангахгүй сүүлд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангасан нь тодорхой бус. ******* ХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй 5,841,170 төгрөгийг нэхэмжлэгчийн харилцах данснаас татан авсныг шүүх анхаараагүйд гомдолтой байна.
Хоёр дахь шаардлагын тухайд: *******ын ******* ХК-тай 2024.10.12-ны өдрөөс 2024.10.15-ны өдрүүдэд байгуулсан *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг зөрчиж тус гэрээг байгуулсныг шүүх үндэслэл муутай дүгнэсэн. Цаг хугацааны хувьд ******* нь 2024.09.25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байтал ******* ХК нь дахин *******тай дээрх 9 удаагийн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан хадгаламж дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан нь бусдын өмчлөлд шилжүүлэх бодитой байгаа хөрөнгийг барьцаалах хуулийг илт зөрчсөнөөс гадна уг барьцааны зүйлийг барьцаалахтай холбоотойгоор хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй юм.
Дээрх нөхцөл байдал нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн юм. Энэ нь ******* ХК, ******* нарын хооронд байгуулсан дээрх Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх үндэслэлгүй, бүрэн бодитой бус дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. *******, ******* нар нь хадгаламжийн гэрээ байгуулсан бөгөөд үндсэн болон хамтран эзэмшигчийн хэн нь ч хадгаламжаа барьцаалан зээл авах боломжтойг гэрээ байгуулах үед нь тайлбарлаж өгсөн. Хадгаламж барьцаалсан зээл авсан тохиолдолд харилцах дансаар дамжуулан зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхийг хэлсэн. Мөн зээлийн төлөлтийг төлөөгүй бол эхний ээлжид хадгаламжаас, дараа нь харилцах данснаас мөнгийг суутган үүргийг хангахаар хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 1.7-д зохицуулсан. Нэхэмжлэгчийн авсан 19,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс 11,000,000 төгрөгийг хадгаламжаас суутган үлдэгдэл төлбөрийг харилцах данснаас нь суутгасан. Учир нь үлдэгдэл төлбөрийг хадгаламжийн данснаас суутгах мөнгө тус дансанд байгаагүй.
*******, ******* ХК-ийн хооронд 9 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээнүүдийн талаар ******* нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэгч гэрээнүүд хууль зөрчсөн гэж гомдол гаргасан нь *******, *******т итгэмжлэл олгоогүй тул нэхэмжлэгч уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. ******* нь 2024.10.12-ны өдрөөс эхлэн бага үнийн дүнгээр зээл авч түүнийгээ буцаан төлөх байдлаар 9 удаагийн зээл авсан. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар бид зээл олгосны дараа хадгаламжийн дансанд зээл, хүүгийн төлөлттэй холбоотой барилт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хадгаламжаас зээлийн төлбөрийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг харилцах данснаас нь суутгасан тул нэхэмжлэгчийн харилцах данснаас үндэслэлгүйгээр зээлийг татаж авсан асуудал байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчтэй ижил байр суурьтай оролцсон, өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. *******, ******* нар нэг хадгаламжийн дансыг хамтран эзэмшдэг бөгөөд ******* тус дансыг барьцаалж 2024.09-р сард зээл авснаар хадгаламжид байгаа мөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тулсан дүнгээр зээл авсан. Үүний дараа 2024.10.12-ны өдөр ******* нь банкнаас зээл авах хүсэлт гарган 15,200,000 төгрөгийн зээл олгосон. Өөрөөр хэлбэл ******* нь хадгаламж барьцаалсан зээл авсны дараа барьцаа хөрөнгө байхгүй байхад *******т зээл олгосон нь хууль зөрчсөн.
Хожим байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангасан гэж гомдолд дурдсан ба эхэлж байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой. Мөн үүнтэй холбоотой 5,800,000 төгрөгийн асуудал үүссэн. Хариуцагч тал давхардуулсан байдлаар зээл олгосон учир хадгаламж дахь мөнгөн хөрөнгө тухайн зээлийн гэрээний үүргийг хангахад хүрэлцэхгүй учир нэхэмжлэгчийн харилцах данснаас 5,800,000 төгрөг татаж авсан нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасны дагуу уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан *******, ******* ХК нарын хооронд 2024.10.12-15-ны өдрийн хугацаанд байгуулсан 9 удаагийн Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түүний харилцах данснаас хууль бусаар суутгасан 5,841,170 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хадгаламж эзэмшигч нар хадгаламжаа барьцаалсан онлайн зээлийг хэн нь ч авах эрхтэй, онлайн зээл нь банкны зохих журмын дагуу олгогдсон бөгөөд зээлийн төлөлтийг гэрээний дагуу суутгасан гэж тайлбарлан маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гуравдагч этгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбарыг гарган оролцжээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж залруулсан өөрчлөлт оруулав.
4.*******, ******* нар 2021.12.14-ний өдөр Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ-г ******* ХК-тай 3 жилийн хугацаагаар хамтран байгуулжээ.
******* нь 2024.09.25-ны өдөр тус банкнаас хадгаламжаа барьцаалан 19,344,000 төгрөгийг, жилийн 17.10 хувийн хүүтэй зээлж, зээлийг ашигласан хугацааны хүү 20,059,940 төгрөгийн хамт 2024.12.13-ны өдөр буцаан төлөх нөхцөлтэй цахим зээлийн гэрээг банктай байгуулжээ. Банк зээлийг буцаан төлөх дүн 20,059,940 төгрөгийн хэмжээгээр мөнгөн хадгаламжийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.
Мөн хадгаламж эзэмшигч ******* нь 2024.10.1215-ны өдрийн хугацаанд 9 удаагийн цахим зээлийн *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаартай гэрээгээр үндсэн зээлийн төлбөр 23,700,164 төгрөг дээр нэмж 15,200,000 төгрөгийг, жилийн 17.10 хувийн хүүтэй тус банкнаас зээлжээ. Зээлдэгч зээлийг ашигласан хугацааны хүү 38,462,599 төгрөгийн хамт 2024.12.13-ны өдөр буцаан төлөхөөр гэрээнд заасан ба банк зээлийг буцаан төлөх дүн 38,462,599 төгрөгийн хэмжээгээр мөнгөн хадгаламжийн захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн ийнхүү хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
5.Дээрх мөнгөн хадгаламжийн гэрээний 5.3-т зааснаар данс эзэмшигчид нь дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахдаа тэгш эрхтэй байх бөгөөд ийнхүү захиран зарцуулснаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцахыг урьдаас ойлгосон болохыг заажээ. Мөн гэрээний 2.29.6, 3.1.12-т мөнгөн хөрөнгө нь барьцааны зүйл болсон бол банк үл маргах журмаар барьцаагаар хангагдах шаардлагыг биелүүлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хариуцагчтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийн нийтлэг зохицуулалтад зээлдэгч болох данс эзэмшигчид дансны хамтран эзэмшигчдээс хугацаатай хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг барьцаалуулах, зөвшөөрөл олгосныг тус тус үндэслэн тухайн зээлийн гэрээнүүдийг байгуулсныг дурджээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах гомдолдоо хариуцагч банк нь гуравдагч этгээдэд хадгаламж барьцаалсан зээл олгохдоо мөнгөн хадгаламжийн хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй, мөн барьцааны зүйл болсон мөнгөн хадгаламжийн барьцааны дээд хязгаарыг нэхэмжлэгчид зээл олгосон 2024.09.25-ны өдрийн байдлаар 20,059,940 төгрөгөөр хязгаарласан байхад гуравдагч этгээдэд 2024.12.10-15-ны өдрүүдэд зээл олгохдоо мөнгөн хадгаламжийг барьцаалсан нь бодит бус, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нар нь хариуцагч ******* ХК-ийн интернэт банкны цахим хуудсаар дамжуулан зээлийн хүсэлтээ цахимаар гаргаж, ДАН системд хандан өөрийгөө баталгаажуулах, зээлийн талаархи мэдээллээ нууц кодоор баталгаажуулан зээл хүсэж буй зөвшөөрлөө илэрхийлэх, улмаар тоон гарын үсгээр баталгаажуулснаар цахим зээл олгогдож, зээлийг бэлэн бусаар зээлдэгчийн гэрээнд заасан дансанд олгогджээ. Энэ тухай Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний 1.14-т тодорхой заасан бөгөөд эдгээр гэрээ нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулснаар үүснэ гэж зааснаар байгуулагдсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хариуцагчтай байгуулсан хадгаламж барьцаалсан зээлийн болон гэрээ хүчин төгөлдөр байна.
6.Зээлдэгч нь хамтран эзэмшигч бүхий хадгаламжийг барьцаалсан нөхцөлд тухайн хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг авсан болохоо мөн гэрээгээр баталж зөвшөөрснийг, зөвшөөрөл аваагүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцахыг мөн гэрээний 2.1, 2.2-т зааж баталгаажуулжээ. Энэ тохиолдолд *******, ******* нарыг хамтран эзэмшдэг хадгаламжаа барьцаалан тус тусдаа зээл авсныг дотооддоо харилцан зөвшөөрсөн гэж үзэх ба банк хадгаламжийн хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг тухайлан шаардахгүй юм.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн мөнгөн хадгаламж нь 2024.03.25-ны өдрийн байдлаар 47,529,458 төгрөгийн, зээлийг буцаан төлөх 2024.12.13-ны өдрийн байдлаар 52,667,228 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Хариуцагчаас 2024.09.25-ны өдөр нэхэмжлэгчид зээл олгохдоо мөнгөн хадгаламжийн захиран зарцуулах эрхийг 20,059,940 төгрөгийн хэмжээгээр хязгаарласан нь мөнгөн хадгаламжийн дээд хэмжээ бус зээлийг буцаан төлөх 2024.12.13-ны өдрийн дүн 20,059,940 төгрөгөөр тооцжээ. Энэ үндэслэлээр хариуцагч нь 2024.10.12-15-ны өдрүүдэд гуравдагч этгээдэд зээл олгохдоо зээлийн мөнгөн дүн 15,200,000 төгрөгт хүрэхгүй мөнгөн хадгаламжийг /47,529,458-20,059940=27,469,510/ хийсвэрээр барьцаалсан гэж дүгнэхгүй.
Иймд дээрх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй, хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр байна.
7.Хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа дууссан 2025.12.13-ны өдөр зээлдэгчдийн гэрээнд заасан данс буюу гуравдагч этгээд *******ын ******* тоот данснаас 38,455,450 төгрөгийн зээлийг суутган түүний зээлийг хааж, мөн нэхэмжлэгч *******ийн ******* тоот данснаас 14,211,578 төгрөгийн зээлийг суутгаснаар мөнгөн хадгаламжийн данс хаагджээ. Мөнгөн хадгаламжийн үлдэгдэл зээлийг төлөхөд хүрэлцээгүй учир зээлдүүлэгч нь зээлдэгч *******ийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 5,841,170 төгрөгийг түүний тус банкин дахь ******* тоот данснаас 2024.12.16-ны өдөр суутган төлүүлснээр зээл хаагдсан байна.
Зээлдэгч *******, ******* нарын банктай байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний 1.10.5-д зааснаар зээлдэгч нь гэрээний хугацаа дуусах өдөр зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан дансанд байршуулан төлөх бөгөөд ийнхүү байршуулаагүй тохиолдолд банк нь мөнгөн хадгаламжаас үүргийг хангуулах, уг дүн нь зээлийг төлөхөд хүрэлцэхгүй нөхцөлд зээлдэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар гаргуулахаар тохиролцжээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 1.7-д зааснаар гэрээний хугацаа 2024.12.13-ны өдөр нэгэн зэрэг дууссан тул хариуцагч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зээлийн төлбөрийг гэрээнд заасан данснаас тэргүүн ээлжинд, ийнхүү төлүүлсэн боловч зээл бүрэн төлөгдөөгүй бол зээлдэгч нарын тус банкин дахь бусад данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэхээр тохиролцсоны дагуу зээлийг гэрээний 1.10.2, 1.10.5-д заасан журмаар төлүүлж дуусгасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хариуцагч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар шаардлагаа хангуулсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах дарааллыг барьцааны гэрээ байгуулсан дарааллаар тодорхойлох байсан тухай гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Хуулийн энэхүү зохицуулалтаар барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээд барьцаалсан, барьцаа нь баталгаажсан цаг хугацаагаар тооцох ба энэ нь нэг барьцаалагч бүхий зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэгдэхгүй юм.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалсан бол барьцааны шаардлагыг хангахдаа барьцааны гэрээ байгуулсан дарааллаар хангахаар заасан. Энэ хэргийн хувьд барьцааны зүйлийг нэг этгээд барьцаалсан учир барьцааны зүйлээр шаардлагыг хангахад барьцааны гэрээ байгуулсан дараалал үйлчлэхгүй тул хариуцагч банкны хувьд гэрээнд зааснаар зээлийг төлүүлэх арга хэмжээ авсан нь гэрээ болон хуулийг зөрчөөгүй байна.
8.Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд ******* нарын зүгээс мөнгөн хадгаламжаа барьцаалан хариуцагч ******* ХК-тай 2024.09.25-ны өдөр болон 2024.10.12-15-ны өдрүүдэд тус тус байгуулсан Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус тус нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд, хариуцагчийн хооронд байгуулсан гэрээнүүдийг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй нь хууль зөрчсөн гэж хариуцагчаас 5,841,170 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь дээрх байдлаар үгүйсгэгдсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр гаргасан шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагч банк нь шаардах эрхээ гэрээгээр тохиролцсон журмын дагуу барьцааны зүйл болон нэхэмжлэгчийн тус банкин дахь мөнгөн хөрөнгөөр хангуулсан нь гэрээ болон хууль зөрчөөгүй, гуравдагч этгээд, хариуцагчийн байгуулсан гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул хариуцагчаас 5,841,170 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон тул энэ тухай гомдол хангагдахгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,841,170 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч, гуравдагч этгээдийн байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн зээлийг мөнгөн хадгаламжаас төлүүлэх байсан гэж тодорхойлсон ба энэ агуулгаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1.1-д зааснаар тодорхойлогдоно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах хуулийн заалтыг баримталсан нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
9.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/02028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,359 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ