Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 1914003560261 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Г.Б,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан цахир гэх газраас Э.Гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

... 2018 оны 12 дугаар сарын 19-ний үед Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын Цагаан цахир гэх газар ажиллаж байгаад орой 17 цагийн үед манай сумын Г гэх залуугийн мустанг-5 маркийн мотоциклийг гэрийн гаднаас Э.Гэд хэлээгүй унаад Баянхонгор аймаг руу явж байгаад Алтан ус гэх газар мотоциклийн бензин дуусахаар нь замын хажууд тавьж эхнэр А рүү утсаар яриад унаа аваад ир миний унаж явсан мотоциклийн бензин дуусчихлаа гэж хэлсэн чинь эхнэр А таксинд явдаг Мөнхзулын хамт ирээд намайг авч явсан...Би Э.Гийн мотоциклийг Баянхонгор аймаг руу явчихаад ирье гэж бодоод мотоциклийг Э.Гэд хэлээгүй унаад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /

Хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

... 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан цахир гэх газарт айлын гадаа би өөрийн мустанг-5 маркийн 69-72 БНЗ улсын дугаартай мотоциклийг үлдээчихээд айлд ороод хөзөр тоглоод сууж байтал мотоцикль алга болсон надтай цуг ажилладаг Буяа гэх хүнээс мотоциклио асуухад Г.Бийг унаад явсан гэж хэлсэн. Маргааш Г.Бийн утас руу ярихад мотоциклийг чинь Алтан ус гэх газар бензин дуусаад хаяж яваад маргааш өдөр иртэл мотоцикль алга болсон байна цагдаад битгий хэлээрэй хоёулаа тохиролцъё гээд надад Г.Б өөрийнхөө мотоциклийг өгөөд дээр нь 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч мөнгө өгөхгүй мөн мотоциклио буцааж авсан тул би цагдаагийн газарт өргөдөл гаргасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 15 /,

Гэрч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 12 дугаар сард манай нөхөр Г.Б нь Баян-Овоо сумын Цагаан цахирын чулуун дээр ажил хийхээр явсан, орой 20 цагийн орчимд нөхөр Г.Бийн авахаар очтол зам дагаад нөхөр Г.Б нь алхаж явсан тэгээд нөхөр Г.Бтэй уулзсан чинь мотоциклийн бензин дуусаад замын хажууд мотоциклоо тавьчихлаа гэсэн тэгээд нөхрөө машинд суулгаад аймаг руу явсан тэгтэл тэр шөнө Э.Г гэгч нь манай нөхөр Г.Б лүү утсаар мотоцикльаваад явсан байна гэж яриад байсан тэгээд маргааш нь манай нөхөр Г.Б замын хажууд тавьсан мотоциклио очиж авах гээд очтол мотоцикль алга болсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 12 дугаар сард байхаа би өдрийг санахгүй байна орой 19-20 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагаан цахир гэх газарт байх гэрийн гаднаа Э.Гийн мотоциклийг Г.Б унаад явсан байсныг маргааш нь мэдээд Э.Гэд Г.Б мотоциклийг унаад явсан байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230 дугаартай “...хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 550 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/, шүүгдэгч Г.Бийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.06.14-ний өдрийн 31 тоот тодорхойлолт /хх-ийн 48/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 50/, иргэний үнэмлхэний лавлагаа /хх-ийн 51/, депозит дансны хуулгууд /хх-ийн 53-56/, шүүгдэгч Г.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан цахир гэх газраас Э.Гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.Бийн ... Цагаан цахир гэх газар ажиллаж байгаад орой 17 цагийн үед Э.Гийн мустанг-5 маркийн мотоциклийг гэрийн гаднаас Э.Гэд хэлээгүй унаад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 /

хохирогч Э.Гийн ... 19 цагийн орчимд Цагаан цахир гэх газарт айлын гадаа би өөрийн мустанг-5 маркийн 69-72 БНЗ улсын дугаартай мотоциклийг үлдээчихээд айлд ороод хөзөр тоглоод сууж байтал мотоцикль алга болсон,...Г.Бийг унаад явсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 /,

гэрч *******ийн... манай нөхөр Г.Б нь Баян-Овоо сумын Цагаан цахирын чулуун дээр ажил хийхээр явсан, орой 20 цагийн үед нөхөр Г.Бийн авахаар очтол зам дагаад алхаж явсан, Г.Бтэй мотоциклийн бензин дуусаад замын хажууд мотоциклио тавьчихлаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,

гэрч *******гийн.. орой 19-20 цагийн үед Цагаан цахир гэх газарт байх гэрийн гаднаа Э.Гийн мотоциклийг Г.Б унаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230 дугаартай “...хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1550000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүхээс Г.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас хохирогч Э.Гэд учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.550.000 төгрөг төлсөн, хохирогч Э.Г нь нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Бт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд, хохирогч гомдол саналгүй талаар илэрхийлсэн бичгийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Бт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд шүүгдэгч Г.Бт оногдуулсан тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахад хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА