Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 195

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Хохирогч С.Н

Шүүгдэгч М.Н, Г.Б, Ц.М, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Н, Г.Б, Ц.М нарт холбогдох эрүүгийн 1914003440244 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Г.Б,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ц.М,

3. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, М.Н,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 2019 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Алтан ус гэх газраас С.Нийн эзэмшлийн 1 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байхад М.Н миний утас руу залгаад ойрхон хөдөө явчихаад ирье хүрээд ирээч гэхээр нь М.Нын гэрт очтол М.Н нь Ц.Мгийн хамт байж байсан, ойрхон хөдөө гарчихаад ирье гээд Grandvitara маркийн улаан өнгийн машинаар явахаар болоод орой М.Н, Ц.М нартай машинд суугаад явсан би тухайн үед хаашаа явж байгааг мэдээгүй тэгээд явж байтал 20 гаран тооны монгол үхрүүд тааралдаад тэр үхрээс нэг үхрийг барьж нядлахаар болж нэг үхрийг барьж аваад нядалсан уг үхрийн гэдэс дотрыг хаяад үлдсэн хэсгийг машины кабинд М.Н, Ц.М бид 3 цуг өргөж машинд тавиад Баянхонгор аймаг явсан аймаг орж ирж байх үед эхнэрийн бие нь өвдөөд байна гэхээр нь би яваад өгсөн Ц.М, М.Н нар нь үлдэж хулгайлсан гэх үхрээ янзалсан би гэртээ очсон. Маргааш нь өглөө намайг таньдаг ченж байна уу гэхээр нь би Ганаа гэх ченжийг зааж өгөөд ченжид махыг 1.072.000 төгрөгөөр зараад М.Н надад 100.000 төгрөг өгсөн мөн Мд 100.000 төгрөг өгч байсан үлдсэн мөнгийг М.Н авсан. Тухайн үед уг хулгай хийсэн үхрийг махыг зарах гэтэл гарал үүслийн бичиг байхгүй байсан учир би Ганаа гэх ченжид 2 хайнаг байсан 1 хайнгыг нь гаргаад ирлээ гэж худлаа ярьж махыг Ганаа гэх ченжид өгсөн юм. Үгүй мэдээгүй би 2 хайнаг байсан нэгийг нь гаргаад ирлээ гэж худал хэлж уг үхрийн махыг зарсан махыг хулгайн мах гэдгийг мэдээгүй хэлээгүй. Хулгай хийх санааг Н, М 2 гаргасан байх би сайн мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 /,

Шүүгдэгч Ц.Мы мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд М.Н манайд ирж Grandvitara маркийн улаан өнгийн машины торомз янзлаад өг гэхээр нь гарж дээр очиж машинд засвар хийгээд дуусаад байж байтал М.Н нь ойрхон хөдөө явчихаад ирье түлхүүр багаж авчих хөдөө явж байгаад машин эвдрэх юм бол засна гэж хэлэхээр нь зөвшөөрч явахаар болсон тэгээд байж байтал Г.Б ирээд цуг явахаар болж орой 22 цагийн үед Grandvitara маркийн улаан өнгийн машинтай Г.Б, М.Н нартай Баян-Овоо сумын Алтан ус гэх газар явж байх үед нилээн олон тооны монголын үхэр тааралдсан тухайн үед унаж явсан машин нармалгүй болоод унтарсан байхаар нь би машинаа засаад үлдсэн Б, Н нар нь олон үхрээс 1 тооны улаан зүсмийн үхэр барьж аваад нядалсан би машин засаад дууссан чинь Г.Б, М.Н нар нь үхрийн гаргаад дууссан үхрийн дотор гэдсийг үлдээгээд арьстай нь цуг машины кабинд Г.Б, М.Н бид 3 өргөж оруулаад Баянхонгор аймагт орж байх үед Г.Бийн эхнэрийн бие нь өвдөөд гээд яваад өгсөн харин М.Н бид 2 үлдэж аймгийн баруун талд хогийн цэгийн ойр орчимд хулгайлж ачсан үхрийн махыг арьс ширнээс нь салгаж янзалж жижиглэж машинд ачиж Баянхонгор аймагт М.Нын гэрт авчирч дэлгэж хонуулсан. Маргааш нь М.Нынд очиход үхрийг зарсан надад 100.000 төгрөгийг өгсөн. М.Н намайг ойрхон хөдөө явчихаад ирье гэхээр нь би цуг явсан М.Н хулгай хийх санааг гаргасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 /

Шүүгдэгч М.Нын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сард надад Баяраа гэх Галуутын хүн надад улаан өнгийн Grandvitara маркийн 59-55 БНА улсын дугаартай авто машин засаадах гэж надад өгсөн гарж дотор байсан. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байх үед Ц.М нь мөнгө төгрөгийн хэрэг гараад байна гэхээр нь би гэнэт хулгай хийх санаа төрөөд Ц.Мд хөдөө яваад монголын үхэр авчирч ирээд зарах уу гэж хэлэхэд тэгье гэж зөвшөөрч явахаар болоод Ц.Мг машины түлхүүр багаж аваарай машин эвдэрвэл засвар хийнэ гэж хэлээд би утсаар Г.Бийг хүрээд ир гэж дуудаж цуг хөдөө яваад ирье гэж дуудсан тэгээд Г.Б, Ц.М нартай надад засуулах гээд өгсөн байсан Grandvitara маркийн 59-55 БНА авто машинаар 21 цагийн үед Баян-Овоо сумын Алтан ус гэх газар луу явж байтал 20 гаран тооны монголын үхрүүд таарсан би үхрээс улаан хүрэн зүсмийн монголын эр үхрийг Ц.М, Г.Б бид 3 барьж аваад үхрийг нядлаад гэдсийг нь гаргаж үлдээгээд арьстай махыг нь машинд 3 өргөж тавиад Баянхонгор аймгийн баруун талд хогийн цэгийн хажууд хулгай хийсэн үхрийг махыг эвдэх гээд байж байтал Г.Б эхнэрийн бие нь өвдөөд байна гээд яваад өгсөн Ц.М бид 2 үхрийг хуулж эвдээд арьс шийрийг тэнд хаяад махыг нь Баянхонгор аймаг руу гэртээ ирж махыг нь шөнөдөө дэлгээд хоносон. Би маргааш Ганаа гэх ченжид үхрийн махыг 1000000 төгрөгөөр зараад 800.000 төгрөгийг би өөрөө авсан харин Г.Б, Ц.М нар нь 100.000, 100.000 төгрөг буюу нийт 200.000 төгрөгийг дуугүй байгаарай гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 /,

Хохирогч С.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би энэ үхрийг 2-3 жил тэжээсэн. Би хойд талынхаа уурхайд 2.000.000-3.000.000 төгрөгөөр зардаг байсан. Манай нутагт өвс муу гарсан учраас тэжээл өгдөг байсан. Би хохиролд үхэр тэжээсэн өвс тэжээлийн үнийг л авсан гэж ойлгож байна. Үхрийнхээ махыг аваагүй. Миний үхрийг утсаар хүн дуудаж зохион байгуулалттай хулгайлсан гэж бодож байгаа. Би үхрээ 2000000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 1400000 төгрөгөөр үнэлсэн учир эдгээр хүмүүсээс ирж хайсан, тэжээлийн зардалд 600000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна гэв.

Хохирогч С.Нийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 12-наас13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг Алтан ус гэх газарт бэлчээрлэж байсан үхрээс 1 тооны улаан хүрэн үхэр алдагдсан.... Миний алдсан гэх монголын үхэр нь миний эзэмшлийн үхэр байгаа, би уг алдсан үхрээ өөрийн хүү Ад тасдаж өгөх гэж байсан учир Аынх гээд мэдүүлсэн одоогийн байдлаар уг алдсан үхэр нь миний эзэмшлийн үхэр байгаа, хүү Адаа тасдаж өгөхөөс өмнө энэ хулгайч нар хулгайлж нядалсан байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/,

Иргэний нэхэмжлэгч Р.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... Миний эзэмшилд Grandvitara маркийн 59-55 БНА улсын дугаартай авто машин байдаг. Би М.Нт 2019 оны 03 дугаар сард өөрийн эзэмшлийн Grandvitara маркийн 59-55 БНА маркийн автомашинаа засуулахаар өгсөн одоо хүртэл аваагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/

Гэрч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр санагдаж байна. Галуут сумын Г.Б гэх залуу Nissan sunny маркийн авто машинтай ирж үхрийн мах өгсөнд надад өгөхдөө хайнагийн шарын мах гэж хэлж өгсөн 2 хайнаг байсан нэгийг нь гаргаад ирлээ гэсэн. Урд нь надад 2 хайнаг байгаа зарна гэж байсан юм тэгээд нэг үхэр нь өвдчихсөн юм шиг хэвтээд байхаар нь гаргаад ирлээ гэж хэлсэн тухайн үед өөрөөс 2 үхэр өгнө гэж байсан болохоор анзаараагүй надад өгсөн мах нь 165 килограмм том мах байсан би килограммыг нь 6 500 төгрөгөөр бодож авч 1 072 000 төгрөгийг өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 53 /,

Гэрч Н.Аын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед үхрээ харахад Алтан усны уурхайн ар талд бүрэн бүтэн байсан маргааш өглөө нь гэрээ нүүлгэчихээд дахин үхрээ бүртгэх гээд очтол 1 тооны үхэр алга болсон байхаар нь хайгаад үзтэл Алтан усны Өндөр толгой гэх газар уг үхрийг нядалсан гэдэс дотрыг хаясан байхаар нь аймаг руу аав С.Нт хэлсэн.Анх намайг хэргийн газарт очиход нойтон үхрийн гэдэс байсан тэр хавиар тээврийн хэрэгслийн мөр гарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55 /,

“Энх Нахиа”ХХК-ны шинжээчийн 2019.05.08-ны өдрийн 244 дугаартай “...хулгайд алдагдсан гэх үхрийн зах зээлийн үнэ ханш нь 1 400 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 70-71 /,

“Энх Нахиа” ХХК-ны шинжээчийн 2019.05.30-ны өдрийн 292 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь 2 500 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 78-79 /,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-2, 6-7, 11-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/, эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-36/, шүүгдэгч М.Нын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын 4-р багийн Засаг даргын 2019.05.31-ний өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хх-ийн 101/, шүүгдэгч Г.Бийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын 4-р багийн Засаг даргын 2019.05.30-ны өдрийн 52 дугаартай тодорхойлолт /хх-ийн 112/, шүүгдэгч Ц.Мгийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн Засаг даргын 2019.05.29-ний өдрийн 156 дугаартай тодорхойлолт /хх-ийн 114/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 100, 110, 117/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102, 113, 118 /, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 121/, депозит дасны хуулгууд /хх-ийн 122-125/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч,гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 2019 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Алтан ус гэх газраас С.Нийн эзэмшлийн 1 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.Бийн      ... Grandvitara маркийн улаан өнгийн машинаар орой М.Н, Ц.М нартай явж байтал 20 гаран тооны монгол үхрүүд тааралдаад тэр үхрээс нэг үхрийг барьж аваад нядалсан, гэдэс дотрыг хаяад үлдсэн хэсгийг машины кабинд бид 3 цуг өргөж тавиад Баянхонгор аймагт хулгайлсан үхрээ янзалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 /

шүүгдэгч Ц.Мы .... М.Н бид 2 үлдэж аймгийн баруун талд хогийн цэгийн ойр орчимд хулгайлж ачсан үхрийн махыг арьс ширнээс нь салгаж янзалж жижиглэж машинд ачиж Баянхонгор аймагт М.Нын гэрт авчирч дэлгэж хонуулсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 /,

шүүгдэгч М.Нын ... Ц.М нь мөнгө төгрөгийн хэрэг гараад байна гэхээр нь би гэнэт хулгай хийх санаа төрөөд Ц.Мд хөдөө яваад монголын үхэр авчирч ирээд зарах уу гэж хэлэхэд тэгье гэж зөвшөөрч явахаар болсон ... М бид 2 уг үхрийг хуулж эвдээд арьс шийрийг тэнд хаяад махыг нь Баянхонгор аймаг руу гэртээ ирж махыг нь шөнөдөө дэлгээд хоносон ... гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 /,

хохирогч С.Нийн ... Алтан ус гэх газарт бэлчээрлэж байсан үхрээс 1 тооны улаан хүрэн үхэр алдагдсан,...одоогийн байдлаар уг алдсан үхэр нь миний эзэмшлийнх ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/,

Иргэний нэхэмжлэгч Р.Бын ... Миний эзэмшилд Grandvitara маркийн 59-55 БНА улсын дугаартай авто машин байдаг. Би М.Нт 2019 оны 03 дугаар сард өөрийн эзэмшлийн автомашинаа засуулахаар өгсөн одоо хүртэл аваагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/

Гэрч М.Гантөмөрийн...Г.Б гэх залуу Nissan sunny маркийн авто машинтай ирж үхрийн мах өгсөн,...мах нь 165 килограмм том мах байсан би килограммыг нь 6 500 төгрөгөөр бодож авч 1 072 000 төгрөгийг өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 53 /,

Гэрч Н.Аын ...орой 18 цагийн үед үхрээ харахад Алтан усны уурхайн ар талд бүрэн бүтэн байсан, маргааш өглөө нь гэрээ нүүлгэчихээд дахин үхрээ бүртгэх гээд очтол 1 тооны үхэр алга болсон,... үхрийг нядалсан гэдэс дотрыг хаясан, хэргийн газарт очиход нойтон үхрийн гэдэс, тээврийн хэрэгслийн мөр гарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55 /,    

“Энх Нахиа”ХХК-ны шинжээчийн 2019.05.08-ны өдрийн 244 дугаартай “...хулгайд алдагдсан гэх үхрийн зах зээлийн үнэ ханш нь 1 400 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 70-71 /,

“Энх Нахиа” ХХК-ны шинжээчийн 2019.05.30-ны өдрийн 292 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь 2 500 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 78-79 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Уг гэмт хэргийн хохирогч С.Нийн 1 тооны үхрийг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь бусдын 1 тооны үхрийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Нт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч С.Нийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үхрээ ирж, хайсан, үхрийн тэжээлийн зардалд 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.М, М.Н, Г.Б нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Н нь Ц.М, Г.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдыг татан оруулсан, шүүгдэгч Ц.М, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Н нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж бөгөөд шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлэж дууссан байна.

Шүүгдэгч Ц.М, Г.Б, М.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Grandvitara маркийн 59-55 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Р.Бын өмчлөлийн ба уг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №292 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 2,500,000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Ц.М, Г.Б, М.Н нараас 2500000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, ... 1829824 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Р.Бт буцаан олгуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Р.Бын өмчлөлийн “...Grandvitara маркийн 59-55 БНА улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу өмчлөгч Р.Бт буцаан олгож, шүүгдэгч Ц.М, Г.Б, М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б, Ц.М, М.Н нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Ныг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.М, Г.Б нарыг тус бүр 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.М, Г.Б нар нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч М.Н, Ц.М, Г.Б нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Н, Ц.М, Г.Б нараас 834000 төгрөг тус тус тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч С.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн үхэр хайсан, тэжээлийн зардалд 600,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч М.Н, Ц.М, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, ... 1829824 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Р.Бт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар .... Р.Бын өмчлөлийн 59-55 БНА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу өмчлөгч Р.Бт буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б, Ц.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч М.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Ц.М нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Нт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА