Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2026/00024

 

Ж.С нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 302/ШШ2026/00128 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух М**** овогт Ж********* С***** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, [****] сумын Х******* 19 дүгээр цэцэрлэг /эрхлэгч Е.А/-д   холбогдох,

 

 “Тус хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, түүний өмгөөлөгч Е.М, хариуцагч байгууллагын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн  өмгөөлөгч  С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1 Миний бие эцэг, эхийн хамт амьдардаг. Д***** хотын Д***** дээд сургуулийн хөгжмийн багшийн ангийг энэ жил төгсөнө. [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшийн бүр орон тоонд нэг багш авч ажиллуулна гэсэн фейсбүүкт тавьсан зарын дагуу тус цэцэрлэгийн эрхлэгч Е.А уулзахад сонгон шалгаруулалтаар авна, маргааш ирж шалгалт өгөөрэй гэсэн. Би тухайн үед суралцаж байгаа гэдгээ мэдэгдсэн.

1.2. 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч Е.А нь миний тэмдэглүүлсэн утсаар холбогдож, "С***** шалгаруулалтын шалгалтад ир" гэж дуудсан. А****** боловсролын газрын дуу хөгжмийн асуудал хариуцсан гэх хөгжмийн багийн дарга А******* нар 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөгжим тоглуулж, нот үсэглүүлж, дуулуулж, мөн бусад хэлбэрээр дуу хөгжмийн багшаар ажиллуулах сонгон шалгаруулалт авсан. Т****** эрхлэгч надад "тэнцлээ" гэж хэлж холбогдох бичиг баримтуудыг авч ирж, 9 дүгээр сарын 10-ны өдөр ажилд шууд орж ажиллаарай гэсэн.

1.3. Миний бие тус цэцэрлэгт 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр анх ажилд орж нийтдээ 8 сар 9 хоногийн хугацаанд ажилласан. Н***** анх ажилд ороход эрхлэгч Е.А нь таныг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгт хөгжмийн багшаар бүр орон тоонд түр хугацаагаар туршилтаар авч ажиллуулна. Ц********** зуны 3 сард буюу зуны улиралд бүрэн амардаг болохоор бид нэг жилээр хөдөлмөрийн гэрээ хийдэг бөгөөд туршилтын хугацаагаа дуусах үед хөдөлмөрийн гэрээг сунгаж байх болно. Та үр бүтээлтэй зөрчил, дутагдалгүй, хөдөлмөрийн гэрээнд заасныг биелүүлж байх үүрэг хүлээнэ гэж хэлсэн. Н***** Е.А эрхлэгч 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2 болон 50.1.5 дахь заалтуудыг үндэслэж тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээ хийнэ гэж хэлсэн боловч хийгээгүй.Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хуурамч баримтыг шүүхэд гарган өгсөн байна. Би уг хөдөлмөрийн гэрээнд огт гарын үсэг зурж байгаагүй.

1.4. Би эрхлэгчээс энэ орон тоо бүр орон тоо эсэх, урьд өмнө хэн гэдэг, ямар хүн ажиллаж байсан, дараа нь өөр хүн миний хадгалуулсан ажлын байр гэж булаацалдах уу гэж лавласан. Т****** эрхлэгч надад энэ орон тоо нь тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн цалин, төсөвтэй орон тоо. Ч***** энэ орон тоонд эхлээд хууль, дотоод дүрэмд нийцүүлэн туршилтын хугацаагаар түр авлаа. Чи ямар нэгэн зөрчил дутагдалгүй, багшлах үүргээ сайн биелүүлж байх юм бол 4 сарын дараа туршилтын хугацаа дуусахад автомат сунгагдаж, чи бүр орон тооны ажилтан болох болно" гэсэн хариу өгсөн.

1.5. Би тус цэцэрлэгт 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу цэцэрлэгийн ажилчид зуны амралтад явах хүртэл ажиллаад амарсан. Энэхүү хугацаанд ажлаас чөлөөлөгдөх хэмжээний ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ба эрхлэгчийн тушаалаар болон бусад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шийтгэгдэж арга хэмжээ авхуулж байгаагүй. Мөн эрхлэгч Е.А нь надад "урьд өмнө энэ цэцэглэгт хөгжмийн багшаар Л.Б гэдэг хүн ажиллаж байсан. Т** хүн Н********* сумын Ц********* тосгоны хүн байсан бөгөөд тийшээ бүр мөсөн суурьшин амьдрахаар тус тосгоны Соёлын төвд дуу хөгжмийн багшийн орон тоонд ажилд орлоо тийшээ шилжинэ" гэж надад өргөдлөө өгч ажлаас бүр мөсөн гарсан болохоор энэ орон тоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-д заасан ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны орон тоо биш сул орон тоо. Энэ заалтыг тушаалд бичээгүй. Б** санаа зов. Харин чи хавар чөлөө авч хэд хоног явж Д***** дахь сургуульдаа шалгалтаа өгөөд ир" гэж хэлсэн. Би ч гэсэн эрхлэгчийн намайг ажилд авсан Б/52 дугаартай тушаалыг нягталж үзэхэд эрхлэгчийн тайлбартай нийцэж байсан. Мөн дараа нь Ц********* тосгоны соёлын төвд очиж лавлахад 19 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарсан Л.Б гэдэг хүн тус соёлын төвд дуучин хөгжимчнөөр ажиллаж байсан.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д заасан ажлын байр нь хадгалагдаж байсан ажилтны оронд намайг эрхлэгч авч ажиллуулаагүй нь Б/52 дугаар тушаалд заасан хуулийн заалтуудыг үндэслээд харахад ч тодорхой байгаа. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар Л.Б нь тус хүүхдийн 19 дүгээр цэцэрлэг дэх дуу хөгжмийн багшийн ажил үүргээ хэвээр хадгалуулж явах үндэслэлгүй болох нь тодорхой байна. Л.Б нь ажлаасаа гараад өөр ажилд орсон байсан бөгөөд нэг хүн хоёр газар зэрэг ажиллах эрхгүй ба өөр газарт ажиллаад ажлын газраа хадгалуулах ч эрхгүй. Би цэцэрлэгийн ажилтан, ажилтнуудын хамтаар 6 дугаар сарын эхэнд зуны ээлжийн амралтад явсан. Энэ үед эрхлэгч Е.А нь надад огт юм хэлээгүй бөгөөд ажлаас халсан, чөлөөлсөн тухай мэдэгдээгүйгээс гадна бидэнд 9 дүгээр сард эсэн мэнд ирэхийг ерөөсөн. Мөн надад 6, 7, 8 дугаар саруудын амралтын цалин болох 3,250,000 төгрөгийг миний **** банк дахь [**] тоот дансанд хийсэн байсан болохоор би үндсэн ажилтан гэж жинхэлсэн гэж итгэсэн.

1.7. Харин би 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор болж очтол манай цэцэрлэгийн нэгэн ажилтан 2025 оны 6 дугаар сарын сүүлчээр "чамайг эрхлэгч ажлаас халчихсан байгаа. Ч**** орон тоонд өмнө ажиллаж байсан Л.Б ажилд авч цалинжуулж байгаа" гэж мэдэгдсэн. Би тэр даруй эрхлэгч Е.А утсаар холбогдож уулзахад надад олон хоног тодорхой хариу өгөөгүй байснаа намайг ажлаас халсан 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/28 дугаартай тушаал өгсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн байна. Т** өдрөөр тасалбар болгон С.Б гэдэг хүнийг хөгжмийн багшийн ажилд томилжээ.

1.8. Гэтэл тус цэцэрлэгээс надад 2025 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын ажлын болон амралтын цалинг бодоод өгч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн атлаа 5 дугаар сард ажлаас чөлөөлсөн байна. Мөн С.Б ч гэсэн 2025 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын ажлын болон амралтын цалинг төлсөн байгааг нь тэр эрх бүхий албан тушаалтан нь нотолж байгаа ба банкны гүйлгээний тооцоо, нийгмийн даатгалын газрын лавлагаа нотолно. Харин би эрхлэгч Е.А Б/52 болон 5/28 дугаар тушаалуудад бичсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдөж байгааг нэхэмжлэлийн эхэнд тодорхой тайлбарлаж бичсэн тул давхардуулж бичээгүйг эрхэм шүүгч анхаарч хянаж өгнө үү.

1.9. Би урьдчилан шийдвэрлүүлэхээр 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/28 дугаартай тушаалыг авангуутаа [****] сум дахь Хөдөлмөрийн маргааныг зохицуулах 3 талт хороонд өгч шийдвэрлүүлж хариуг 07 дугаар сарын 09-ний өдөр Г**** гэдэг эмэгтэйгээс аваад одоо нэхэмжлэлээ гаргаж байна.

1.10.Н***** анх ажилд орох үед хариуцагч байгууллагын төлөөлөгч надад бүр орон тооны багшаар ажиллуулна гэж амласан. Гэвч намайг ажлаас халахдаа эсрэгээрээ бүр орон тооноос чөлөөлж байна гэж үндэслэсэн байна. Тухайн үед өмнө нь ажиллаж байсан Л.Б гэдэг хүн жилийн чөлөө авч явсан байсан гэж намайг ажлаас чөлөөлсөн.Т*** учраас [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. М**** цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Л.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хувийн чөлөө авсан. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар түр орон тоонд сонгон шалгаруулж ажилтан авна гэсэн зар тавьсан. З**** нэг удаа байршуулсны дараа дахин нэг удаа хуваалцаж нийтэлж байсан. З**** дагуу Ж.С дуу хөгжмийн багш Л.Б оронд түүнийг эргэж ирэх хүртэл хугацаанд түр хугацаагаар томилон ажиллуулсан. Ж.С туршилтын хугацаагаар авч ажиллуулаагүй.

2.2. А**** томилсон тушаал шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2, 50.1.5 гэж бичихдээ "50.1.2” гэснийг алдаатай бичсэн байна. Ж.С Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.5 дахь хэсэгт заасан түр ажлын байранд буюу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түр ажиллуулсан болно. Ж.С нь мөн мэргэжлийн дипломгүй хүн байсан бөгөөд дуу хөгжмийн багшаар ажиллах өөр мэргэжлийн хүн олдоогүй тул Л.Б ажилдаа эргэж ирэх хүртэл түр ажиллуулсан.

2.3.Т***** нэхэмжлэлд дурдсанчлан хөгжим дээр тоглож чаддаг, дуу дуулах чадвартай зэргийг харгалзан үзэж, энэхүү түр орон тоонд авч ажиллуулсан. Гэхдээ энэ орон тоо нь хэвээрээ хадгалагдаж байгаа ажилтын орон тоо байсан тул Ж.С хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан. Л.Б чөлөөний хугацаа дуусаж эргэн ажилдаа орсон тул Ж.С чөлөөлж, ажил үүргээ Л.Б бүрэн хүлээлгэж өгсөн болно. М**** цэцэрлэгт ганцхан дуу хөгжмийн багшийн орон тоо байдаг. Миний гаргасан тушаалын алдааг барьж аваад туршилтын хугацаагаар томилогдсон гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Л.Б эрх ашиг үүнээс болж зөрчигдөх ёсгүй.

2.4. Нэг л орон тоонд 2 хүнийг авч ажиллуулах боломжгүй. Л.Б гэх багшийн хувьд 2022 оноос эхлэн манай цэцэрлэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.12.-т "хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг нь хэвээр хадгална" гэж заасны дагуу Л.Б ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ би хүлээж байгаа тул түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй нөхцөлд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө би өөрийн кармагаасаа төлөх байсан.

2.5. Миний бие нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажилд томилж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр ажлын хугацааг дуусгахаар тооцсон байсан. Тухайн үед Б********** газарт очиж шалгуулахад дуу хөгжмийн багшаар бүртгэлтэй багш нарын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч бүртгэгдээгүй байсан. Хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Ж.С нь хүний орон тоонд ажиллана гэж тусгагдсан байсан тул уг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Б********* боловсролтой иргэн тухайн чиглэлээрээ хөрвөх боломжтой учраас нэхэмжлэгчийг дээд боловсролтой гэж ойлгож, энэ ойлголтдоо үндэслэн ажилд авсан.

2.6. Гэтэл нэхэмжлэгч Ж.С нь ажилд орох үедээ өөрийгөө дунд боловсролтой гэдгээ мэдэгдээгүй. Тухайн үед сонгон шалгаруулалт явуулах үед Ж.С өөр хүн ирээгүй. Нэхэмжлэгч Ж.С хөгжим тоглох ур чадварыг шалгаж үзээд ажилд томилсон. С***** шалгаруулалтын үеэр Ж.С өрсөлдөх өөр хүн байгаагүй, зөвхөн нэг хүн буюу Ж.С байсан тул түүнийг түр хугацаагаар ажлын байр нь хадгалагдаж байсан ажилтны орон тоонд ажиллуулсан. А**** төлөвлөгөөгөөр нэхэмжлэгчийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх байсан. Гэвч нэхэмжлэгч Ж.С өөрийн хүсэлтээр хугацаанаас өмнө өргөдөл гаргаж, 05 дугаар сарын 19-ний өдөр чөлөө хүссэн тул уг өдөр нь ажлаас чөлөөлсөн. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд өмнө нь уг орон тоонд ажиллаж байсан ажилтан өөрийн хүсэлтээр эргэн ирж ажилдаа орсон байсан. Иймд нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б хариу тайлбар, татгалзал:

3.1. Миний бие 2022 оноос эхлэн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт дуу хөгжмийн багшийн ажлыг хашиж байсан. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авч явсан. Ч******* хугацаа дууссаны дараа ажилдаа эргэн орох гэсэн боловч ажил дээр ийм зөрчил үүссэн байсан талаар мэдсэн.

3.2 Би урьд нь тус цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Миний хувьд цалингийн зээлтэй, эхнэр маань ажилгүй учраас миний эрх ашиг зөрчигдөнө.

3.3 Ар гэрийн нөхцөл байдлын улмаас тухайн үед цалингүй чөлөө авах шаардлагатай болсон. Х***** хэрэгцээнээс шалтгаалан эхнэр маань Ц********* тосгонд ажил, амьдралаа түр зохицуулахаар болсон тул би чөлөө авсан. Э**** маань тухайн үед ажилгүй байсан бөгөөд Ц********* тосгоны Соёлын төвийн нийтэлсэн сонгон шалгаруулалтын зарын дагуу шалгалт өгч, улмаар тус ажлын байранд тэнцэж ажилд орсон. Д** хөгжмийн багшийн орон тоонд түр ажиллаж байсан.

 

            4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 302/ШШ2026/00128 дугаар шийдвэрээр:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийг 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.С энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 18 дахь заалтад "Хариуцагч буюу ажил олгогчийн нэхэмжлэгч Ж.С намайг ажилд томилсон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг баримталж намайг дуу хөгжмийн багшийн бүр орон тоонд түр хугацаагаар туршилтаар авч ажиллуулсан гэж нэхэмжлэгчээс маргажээ” гэсэн бол 19 дэх заалтад "Х******** ажил олгогчоос нэхэмжлэгч Ж.С ажилд томилсон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх хэсэгт заасан “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах" заалтыг бус 50.1.2 дахь заалт буюу туршилтын хугацаагаар ажиллуулах тухай заалтыг баримталсан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчаас маргаан бүхий орон тоонд түр хугацаагаар ажилтан авах сонгон шалгаруулалт зарлаж зар тавьж, уг зарын дагуу дуу хөгжмийн багшийн бакалаврын дипломгүй, мэргэжилгүй Ж.С Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсэгт зааснаар түр ажлын байранд түр томилж ажиллуулсан үйл баримт тогтоогдсон" гэжээ. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан Ж.С нь анхнаасаа байнгын ажлын байранд томилогдон ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2-т заасны дагуу байнгын ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Ж.С ажилд томилсон тушаал болох Б/32 дугаар тушаалыг анхаарч үзээгүй явдалд түүнчлэн Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтийг үнэлээгүй явдалд гомдолтой байна.

5.2. Х******** олгогчоос болон гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий орон тоо нь анхнаасаа Л.Б ажиллаж байсан орон тоо байсан хэмээн тайлбарладаг хэдий ч Ж.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон Ц********* тосгоны Соёлын төвийн эрхлэгч Ж.К гэрчийн мэдүүлэг маргаан бүхий тушаал зэргээс харахад энэ нь эргэлзээтэй. Тухайлбал, Ж.К 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлгээс харахад Л.Б нь Ц********* тосгонд бүр орон тоонд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь харагдаж байгаа. Түүнчлэн Ж.С дансны хуулганаас харахад ажил олгогчийн зүгээс 3,298,008 төгрөгийг амралтын мөнгө хэмээн шилжүүлсэн байх ба дээрх мөнгийг шилжүүлсэн талаар хариуцагч маргадаггүй. Харин амралтын мөнгө төлөх болсон шалтгаан нь Ж.С нь байнгын ажлын байранд ажиллаж байсанд байгаа. Хэрэв түр орон тоонд ажиллаж байсан бол амралтын мөнгийг ажил олгогчийн зүгээс төлөх ёсгүй байсан. Ж.С хувьд дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасны дагуу буюу мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т "А*** олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно" гэсний дагуу ажиллуулж байсан ба хуулийн 64.2-т "Т********* ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно" гэсний дагуу туршилтын хугацаа нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд үүний дараа ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон тухайгаа мэдэгдээгүй бөгөөд үүнээс харахад ажил олгогч болон ажилтан нарын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

5.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 22 дахь заалтад "Гэвч хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон байх боловч хариуцагч буюу ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т тус тус заасан үүргийн дагуу шинээр томилогдсон ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Ж.С байсан байх бөгөөд тэрээр хөдөлмөрийн гэрээндээ гарын үсгээ өөрөө бус тус цэцэрлэгийн ажилтан Н.Б гарын үсэг зуруулсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Б, А.Ж, Х.М нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна” гэжээ. Гэвч гэрч Х.М мэдүүлэгт Ж.С хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй талаараа мэдүүлсэн байгаа. Түүнчлэн гэрч нарын мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар давхар нотлогдох учиртай бөгөөд дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ж.С хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэмээн дүгнэж байгаа нь хууль бус. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог" ойлгоно хэмээн зохицуулсан байх ба хуулийн дээрх зохицуулалтаас харахад ажилтан Ж.С болон ажил олгогч [****] сумын Х******* 19-р цэцэрлэгийн эрхлэгч Е.А нар нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ нь хэлцэл болохын хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан "Т***** хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан" гэсэн шаардлага хангасан байхыг ойлгоно. Хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцож гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Х******** ажил олгогчийн зүгээс Ж.С байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Н.Б гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч энэ нь хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг нотолж байгаа хэлбэр биш юм. Н.Б ч гэсэн Ж.С зүгээс тодорхой үйлдэл хийх тухай итгэмжлэл олгогдоогүй.

5.4. Мөн ажил олгогчийн хувьд ажилтанд хөдөлмөрийн гэрээний төсөл танилцуулсан эсэх талаарх өөр бусад нотлох баримт буюу тэмдэглэл гаргаж өгөөгүй байгаагаас харахад бодит байдал дээрх хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй. Д******* дүгнэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэгдэж буй 2024 оны 37 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

5.5. Харин Ж.С ажилд томилсон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-д заасныг үндэслэсэн эсэхийг болон 6,7,8 дугаар саруудын амралтын мөнгийг олгосон зэргээс харахад Ж.С ажил олгогчийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 302/ШШ2026/00128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Хариуцагч байгууллагын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн  өмгөөлөгчийн  Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Тус орон тоонд түр ажиллах хугацаанд багш сонгон шалгаруулж авна гэж зар тавьсан. Үүнтэй холбоотой шүүхийн журмаар үзлэг хийгээд, бэхжүүлсэн.  Т** орон тоонд багш сонгон шалгаруулж авна гэдэг зар тавьсан. Ү**** дагуу Ж.С түр хугацаагаар ажиллуулах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсгийг баримталж тушаал гаргасан. Т** ажлын байранд ажиллуулж байгаа буюу ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд томилон ажиллуулсан.

6.2. А**** байр нь хэвээр хадгалагдаж байсан ажилтны хувьд Л.Б гэдэг хүн байсан. Л.Б нь ар гэрийн шалтгаанаар Баян-Өлгий аймгийн Н********* сумын Ц********* тосгонд түр хугацаагаар амьдрах шаардлага гараад, хувийн чөлөө хүссэн, ажил олгогчоос хувийн чөлөө олгосон, хувийн чөлөө олгосон тушаал шийдвэр, түүний ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ мөн шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан. У***** чөлөө авсан ажилтны чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орсон. Т***** оронд түр ажиллаж байсан Ж.С ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.10 дахь хэсэгт нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн чөлөөтэй байх  хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах ажил олгогчийн үүрэг байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлж, түр ажиллаж байсан Ж.С ажлаас чөлөөлсөн.

6.3. Т** ажиллуулах хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээ байгуулах үед Ж.С өөрөө гарын үсэг зурахгүйгээр, гэрээг нь авч яваад би гарын үсэг зурчихлаа гэж гэрээг нь өгдөг.  А*** олгогчийн зүгээс тухайн үед түүний гарын үсэг мөн байна гэдгийг анзаараагүй, хянан шалгаагүй юм шиг байна. Тэгээд шүүхэд маргаан үүсгэхээр уг гэрээг, тушаалыг нь гаргуулж өгсөн. Т******* хуурамч гэдгийг өөрөө зураагүй гэдгийг Ж.С мэдэж байдаг. Энэ дээр шинжилгээ хийлгэсэн. Т** асуудалтай холбоотой хамт гэрээ хийсэн, байлцсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Ж.С нь биеийн тамирын багш дээр ирээд “чи энэ дээр Ж.С гэж гарын үсэг зураад өгчих” гэж гарын үсэг зуруулаад аваачиж өгдөг. Үүнийг тус цэцэрлэгийн эрхлэгч мэдэх ч боломжгүй. Уг нь муу санаа гаргана гэж бодоогүй юм шиг байна. Тус цэцэрлэгийн биеийн тамирын багшийн гэрчийн мэдүүлэг байгаа.

6.4. Үүнээс гадна Ж.С нь дээд боловсролын гэрчилгээгүй, дуу хөгжмийн багш мэргэжилгүй хүн байсан. Ө** ажиллах хүнгүй болж тэр хүнийг түр хугацаагаар ажиллуулсны төлөө А****** прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагч татсан. Уг хэрэгт  Ж.С авсан цалин хөлсийг хохирол гэж үзээд, төлүүлэхээр түүнийг иргэний хариуцагчаар татсан, хэрэг нь шүүхэд шилжих шатанд явж байгаа.

6.5. Хэрэв шүүхээс Ж.С ажилд эргүүлэн тогтоосон шийдвэр гаргах нөхцөл байдал үүсвэл төрд учруулах хохирлын хэмжээ бас нэмэгдэх нөхцөл байдал гарах гэж байгаа. Л.Б гэдэг хүн одоо ажиллаж байгаа, урьд нь ажиллаж байсан.  Л.Б нь түр чөлөө аваад явсан үед түүний оронд түр ажилласан хүн маргах үндэслэлгүй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ж.С  Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан “Тус хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгт 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар түр ажиллаж байсан Ж.С тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтыг үндэслэн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар түр ажиллаж байгаа Ж.С 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “хугацаа дууссан” үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

10. Ж.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл: 

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/649 дүгээр захирамжийн хавсралтаар хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан ба хавсралтын 7-рт Д** хөгжмийн багш 1 орон тоотой,

- Уг орон тоонд хариуцагч буюу ажил олгогч Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Л****** Б********** туршилтын хугацаагаар томилж, дараа нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар дуу хөгжмийн үндсэн ажилтнаар томилжээ.

- Тус цэцэрлэгийн хөгжмийн багш буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б 2024.09.03-ны өдөр ар гэрийн асуудлаар 2024 оны 9 дүгээр сарын 03-аас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд цалингүй чөлөө олгох тухай ажил олгогч тус аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид өргөдөл гаргаснаар 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар тухайн хугацаагаар цалингүй чөлөө олгосон ба энэхүү хугацаанд Л.Б нь тус аймгийн Н********* сумын Ц********* тосгоны Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар 2025 оны 6 дугаар сар хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан тус Соёлын төвийн захирлын гэрчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогджээ. 

- Хариуцагч буюу ажил олгогч байгууллагын эрхлэгч Е.А нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалтын зарын дагуу нэхэмжлэгч Ж.С бүртгүүлж, сонгон шалгаруулалтад орсон үйл баримтууд тогтоогдов.

 

11. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, ажил олгогч Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэг нь ажилтан Ж.С хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “хугацаа дууссан” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь нотлох баримтуудад үндэслэгдсэн, хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

12. Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн орон тооны бүрэлдэхүүнээс үзвэл дуу хөгжмийн багшийн 1 орон тоотой, Ж.С ажиллаж байсан “дуу хөгжмийн багшийн”-ийн орон тоонд  2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Л.Б туршилтын хугацаагаар томилж, дараа нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар дуу хөгжмийн үндсэн багшаар ажиллаж байсан нь тогтоогдож байна. Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Л.Б 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгож, тухайн хугацаанд 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар Ж.С түр томилон ажиллуулж байсан үйл баримт тогтоогджээ. 

 

13. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах үндэслэлийг заасны 60.1.12 дахь хэсэгт хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалахаар хуульчилсан ба ажил олгогчоос ажилтан буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б өргөдлийн дагуу түүнд 2024 оны 9 дүгээр сарын 03-аас 2025 оны 05 дугаар сарын 30-ны хүртэл хувийн чөлөө олгож тушаал гаргасан байх тул түүний ажлын байр болох тус цэцэрлэгийн хөгжмийн багшийн орон тоо нь хуулийн дээрх заалтаар хэвээр хадгалах ажлын байр мөн.

Харин хариуцагчийн зарласан [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн түр орон тоонд сонгон шалгаруулалтын зарын дагуу сонгон шалгаруулалтад дуу хөгжмийн багшийн бакалаврын дипломгүй, мэргэжилгүй нэхэмжлэгч Ж.С орж, улмаар ажил олгогчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.1.5 дахь заалтуудыг үндэслэн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар Ж****** овогтой С***** 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр томилсон байна. Дараа нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь заалтыг үндэслэн тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар түр ажиллаж байгаа Ж.С 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

Ажилтан Л.Б түр чөлөөтэй хугацаанд түүний ажлын байрыг нийтэд зарлаж, тэнцсэн иргэнийг түр авч ажиллуулсан ажил олгогчийн үйл ажиллагаа нь чөлөөтэй байсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд хуульд зааснаар эгүүлэн авч ажиллуулах хуульд заасан журмыг үгүйсгэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн /оронд нь түр ажиллаж байсан/ шаардлагыг хангаж шийдвэрлэх хуульд заасан нөхцөл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудаас үзвэл Баян-Өлгий аймгийн [****] сумын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн орон тоонд нэхэмжлэгч Ж.С нь түр хугацаанд буюу Л.Б чөлөөтэй хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогдсон байна.  Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул дээрх үндэслэлүүдээр  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь хэсэгт зааснаар “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. А*** олгогчийн санаачилгаар, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг “хугацаа дууссан” гэх үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосон шийдвэрийг үгүйсгэсэн нэхэмжлэгчийн үндэслэл нь бодитой тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

 

16. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 302/ШШ2026/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ