| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/01011/И |
| Дугаар | 212/МА2026/00026 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2026/00026
“М**** Баян-Өлгий” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 302/ШШ2026/00081 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах “М**** Баян-Өлгий” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулах “Д*****” ХХК болон тус аймгийн А**** сумын 4 дүгээр багт оршин суугч, И**** овогт Р**** О****** нарт холбогдох,
“Зээлээр худалдаж авсан эмийн үнээс үлдсэн 20,379,278 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Р.О гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч М.М /цахим сүлжээгээр/, хариуцагч “Д*****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Р.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. “М**** Баян Өлгий” ХХК нь “Д*****” ХХК-тай 2024 оны 1 сарын 2-ны өдөр “З****** худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, төлбөрийг 30 хоногт төлөхөөр тохирсон. “Д*****” ХХК-ийн мэдэгдснээр А**** сум дахь “Д*****-3” эмийн санг 2024 оны 7 сараас Р.О хариуцсан. Тус эмийн сан 2024 оны 7 сарын 9-нөөс 2025 оны 5 сарын 20-ны хооронд 40,530,553 төгрөгийн татан авалт хийж, 20,151,275 төгрөгийг төлсөн ба 20,379,278 төгрөгийн (2025 оны 1 сарын 1-нээс 5 сарын 20-ны үлдэгдэл) төлбөрийн үлдэгдэлтэйг хариуцагч Р.О утсаар тооцоо нийлж зөвшөөрсөн.
1.2. Гэтэл “Д*****” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхгүй, тооцоо нийлсэн акт үйлдсэн ч байгууллагыг хохироосоор байна.
1.3. Иймд Иргэний хуулийн 262.1, 263.2.3 болон гэрээний дагуу үлдэгдэл 20,379,278 төгрөгийг хариуцагч “Д*****” ХХК болон Р.О нараас хамтран гаргуулж өгнө үү.
2.1. М**** байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2024 оны 7 сарын 6-ны өдөр А**** сум дахь салбараа Р.О худалдсан гэрээ, баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
2.2. Р.О нь “Д*****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М****** тусгай зөвшөөрөл болон компанийн гэрээг ашиглан зээлээр эм авч, ашгаа өөрөө авдаг байсан ба төлбөрөө өөрсдөө хариуцдаг байсан. С***** өөр хүмүүст шилжсэн, цаашид төлбөрийг Р.О, түүний эхнэр Х****** нар хариуцахыг “М****” компанид мэдэгдэхэд тэд хүлээн зөвшөөрсөн.
2.3. Р.О ч үүнийг үгүйсгээгүй, 40*** ********* ******* ***** ****** ****** ** ********* ***** компани хамааралгүй. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан этгээд үнийг төлөх үүрэгтэй тул компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулсан гэдгээр манайх төлөх үүрэггүй.
2.4. М**** байгууллага тус эмийг хүлээж аваагүй, Р.О өөрөө борлуулж ашиг олсон тул нэхэмжлэлийн шаардлагыг Р.О гаргуулж, манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.1. Миний бие “Д*****” ХХК-ийн төлөөлөгч М******* А**** сум дахь эмийн сангийн барилгыг худалдаж авч, компанийн тусгай зөвшөөрлийг 3 жил ашиглахаар тохиролцсон нь үнэн.
3.2. М**** надад даатгалын хөнгөлөлттэй эм авч өгөх амлалтаа биелүүлээгүй тул бид хоёрын хооронд тооцооны маргаан үүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н************ “Д*****” ХХК-ийн нэрийн өмнөөс эм авч байсан нь үнэн боловч өөрийн авсан эмийн төлбөрийг бүрэн барагдуулсан. Надад “М**** Баян-Өлгий” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй тул сүүлийн тооцоог М**** төлөх ёстой.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 302/ШШ2026/00081 дүгээр шийдвэрээр:
4.1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Р.О зээлээр худалдаж авсан эмийн үлдэгдэл үнэ 20,379,278 /хорин сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М**** Баян-Өлгий” ХХК-нд олгож, хариуцагч “Д*****” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
4.2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М**** Баян-Өлгий” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.О 259,846 /хоёр зуун тавин есөн мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М**** Баян-Өлгий” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5.1. Анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 302/ШШ2026/00081 дүгээр шийдвэрээр Р.О надаас 20,379,278 төгрөг гаргуулж “М**** Баян-Өлгий” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.2. Миний бие “М**** Баян-Өлгий” ХХК-тай 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “З****** худалдах, худалдан авах гэрээ” байгуулаагүй, тус гэрээг “Д*****” ХХК байгуулсан болно.
5.3. Би тухайн үед “Д*****” ХХК-ийн нэр дээрх гэрээг үндэслэж эм авч байсан нь үнэн бөгөөд Р.О гэдэг хувь хүний нэрээр гэрээ байгуулаагүй тул бидний хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд намайг эм хүлээн авсан гэдгээр мөнгө гаргуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу дээрх төлбөрийг “Д*****” ХХК-аас гаргуулах ёстой.
5.4. Иймд гомдлыг хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, надад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6.1. 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр М****** эхнэр Г*****, М****, Р.О эхнэр Х****** нар манай бөөний төвд ирж, А**** сумын салбар дахь “Д*****” эмийн санг ажиллуулахаар болсноо хэлж, захиалгыг компанийн нэр дээр авна гэсэн.
6.2. “Д*****” ХХК-ийн нэрээр захиалга өгч, төлбөрийг тэд өөрсдөө төлнө гэдгийг компанийн удирдлага М****, Г*****, Х****** нар биечлэн ирж тайлбарласан тул бид 40 гаруй удаагийн татан авалтаар 40,000,000 төгрөгийн барааг тус салбарт гаргасан.
6.3. Н*** төлбөрөөс 20,000,000 төгрөгийг Р.О хувийн дансаараа төлсөн. Ү********* төлөхгүй байгаа шалтгаанаа “М******* авах авлагадаа суутгаж М******* ав гэж” тайлбарладаг ч манайх барааг бодитоор хүлээн авсан Р.О төлбөрөө төлөх ёстой гэж үзэж байна.
7.1. “Д*****” компани А**** сумын эмийн сангийн барилга, эд хогшлыг 2024 оны 7 дугаар сард Р.О бүрэн шилжүүлсэн. Р.О нь манай компанийн ажилтан болон итгэмжлэгдсэн этгээд биш тул компанитай хамааралгүй.
7.2. Р.О нь “Д*****” компанийн урьд байгуулсан гэрээг ашиглаж эм авч үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байгаа ч тус эмийг “Д*****” компани хүлээн аваагүй, иргэн Р.О өөрөө хүлээн авсан тул бодит худалдан авагч нь тэр бөгөөд манайх хамааралгүй.
7.3. “Д*****” компанийн гэрээг ашиглаж Р.О худалдаа хийсэн гэх нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Бодит байдал дээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд барааг Р.О өөрөө хүлээн авсан.
7.4. Т***** зөвшөөрөлгүй иргэнд эм худалдахгүй гэдэг үүднээс “М****” ХХК нь нэр дээрээ асуудал үүсгэхгүйн тулд манай хуучин гэрээг ашиглаж бараа өгсөн байна. Бодит худалдан авагч нь бараагаа хүлээн авсан иргэн Р.О тул манай компанийн дуусгавар болсон гэрээг ашигласан асуудалд “Д*****” хариуцлага хүлээхгүй.
7.5. “Д*****” ХХК нь 2024 оны 7 дугаар сараас хойш “М**** Баян-Өлгий” ХХК-аас ямар нэгэн бараа хүлээн аваагүй тул үүрэг хүлээхгүй. Харин Р.О, М**** нарын хоорондын эд хөрөнгийн авлага өглөгийн маргаан нь анхан шатны шүүх дээр тусдаа иргэний хэрэг үүсээд шийдэгдэж байгаа болно.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.О гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч “М**** Баян-Өлгий” ХХК нь хариуцагч “Д*****” ХХК болон Р.О нарт холбогдуулан зээлээр худалдаж авсан эмийн үлдэгдэл үнэ 20,379,278 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнийг хариуцагч “Д*****” ХХК эс зөвшөөрөхдөө: “А**** сумын салбар эмийн сангийн барилгыг 2024 оны 6 сард Р.О худалдсан тухайгаа “М****” компанид 7 сард мэдэгдэж, түүнтэй тусдаа гэрээ байгуулахыг сануулсан. Б** дааж үйл ажиллагаа явуулдаг Р.О авсан эмийн төлбөрийг манайх хариуцахгүй, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон” гэж маргажээ. Харин хариуцагч Р.О эс зөвшөөрөхдөө: “Миний бие “Д*****” ХХК-ийн нэрийн өмнөөс эм худалдаж авч байсан нь үнэн. “М****” компанитай хувь хүний зүгээс байгуулсан гэрээ, хэлэлцээр байхгүй тул сүүлийн тооцоог “Д*****” ХХК-ийн төлөөлөгч М**** төлөх ёстой” гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Р.О зээлээр худалдаж авсан эмийн үлдэгдэл үнэ 20,379,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М**** Баян-Өлгий” ХХК-нд олгож, хариуцагч “Д*****” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М**** Баян-Өлгий” ХХК, худалдан авагч “Д*****” ХХК нар нь харилцан тохиролцож, 2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр “З****** худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдагчийг төлөөлж “М**** Баян-Өлгий” ХХК чанарын менежер А.Е, худалдан авагчийг төлөөлж Х.Г нар нь тус тус тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
- Хариуцагч Р.О нь “Д*****” ХХК-ийн салбар буюу А**** сум дахь Д***** эмийн сангийн барилгыг худалдан авч үйл ажиллагааг явуулж, “М**** Баян-Өлгий” ХХК-нд эмийн захиалга өгч, түүнийг хүлээн авч эмийн худалдаа эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
-Хариуцагч Р.О нь “Д*****” ХХК-ийн А**** сум дахь Д*****-3 эмийн санг ажиллуулж татан авалт хийж, эм авч, авсан эмийн үнийг төлөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар тус тус нотлогджээ.
-Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар “Д***** ЭСАлтай” гүйлгээний утгаар эм захиалан авч, эмийн үнийг төлж байсан талаар дэлгэрэнгүй бичилт болон “М**** Баян-Өлгий” ХХК-ийн **** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “Д***** А****” гэж мөнгө шилжүүлж байсан баримтуудаар хариуцагч Р.О нь зээлээр авсан эмийн үнийг төлж байсан нь нотлогджээ.
12. Анхан шатны шүүх хавтаст хэрэг авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарыг хуульд заасан журмаар үнэлж, хариуцагч Р.О нь “Д*****” ХХК-ийн салбар буюу А**** сум дахь “Д*****” эмийн сангийн үйл ажиллагааг явуулж, “М**** Баян-Өлгий” ХХК-д эмийн захиалга өгч, түүнийг хүлээн авч, түүний үнийг төлж байсан байх тул зээлээр худалдаж авсан эмийн үлдэгдэл үнийг хариуцагч Р.О төлөх үүрэг хүлээнэ гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлжээ.
Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх, зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна” гэж дүгнэж, талуудын хооронд эмийн бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тогтоогдсон үйл баримтад тухайн хэм хэмжээг зүйлчлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжтой байна.
13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг. Харин мөн хуулийн 262 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлдэг (эзэмшилд) бөгөөд худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүрэг хүлээдэг. Э***** гэрээнүүд төлбөр төлөх журам болон хуулиар тогтоосон заавал байх нөхцөл, шинжээрээ ялгагдах ба талууд гэрээгээр төлбөр төлөх хугацааг тохиролцсон, эсхүл төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь уг гэрээг шууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ нь ердийн худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх хэлбэр байж болно. Н**** талаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүдийг (бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөр, хугацаа, хүү төлөх гэх мэт) гэрээнд заавал тусгасан байхыг шаарддаг ба хэрэв эдгээр нөхцөл, тэр дундаа хүү төлөх тохиролцоо байхгүй бол уг гэрээг ердийн худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамааруулна.
14. Харин “М**** Баян-Өлгий” ХХК болон хариуцагч Р.О нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны шинжээс үзвэл, Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан аль нэг нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцоогүй тул тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба худалдан авагч Р.О нь худалдаж авсан эмийн үнийг бүрэн төлөх үүрэгтэй, худалдагч буюу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба уг эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой, гэрээ хүчин төгөлдөр байна.
15. Уг хэргийн үйл баримт, хариуцагч нарын тайлбараас дүгнэвэл, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Р.О энэ хугацаанд 40,530,553 төгрөгийн эм авснаас 20,151,275 төгрөгийн төлж, үлдэгдэл 20,373,278 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнд хариуцагч Р.О нь маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
16. Хариуцагч Р.О нь “...”М**** Баян-Өлгий” ХХК-тай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, “Д*****” ХХК-ийн нэр дээр эм авч байсан нь үнэн. Г**** ёсоор дээрх мөнгийг “Д*****” ХХК төлөх ёстой гэж үзэж байна. Ш******* өөрчлөлт оруулж надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 302/ШШ2026/00081 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Р.О давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,846.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ