Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 197

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Улсын яллагч: С.Болорзул

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ат холбогдох эрүүгийн 1914003690276 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181 2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

 Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 8 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 4 сар 5 хоног хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн дагуу суллагдсан, М.А,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.А нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 5-40 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.Аг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би хашаандаа байшин бариад, шавар хийсэн хүмүүст архи авч өгөөд хамт архи уусан хүмүүс яваад өгсөн. Би гэртээ байхад эхнэр гаднаас ирэхээр нь би хаашаа яваад ирсэн гэж эхнэртэйгээ маргаад түүнийг гараараа нүүр рүү нь цохисон. Дараа нь 3-4 хоногийн дараа намайг гэртээ байхад эхнэр ирээд надтай маргасан. Би бас уучихсан байсан гэхдээ эхнэрт гар хүрээгүй цагдаад дуудлага өгчихсөн байсан... гэх мэдүүлэг /хх-41-42/

Хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтад өгсөн

… би гэртээ байж байгаад гадагшаа гарч гэр ахуйн хэрэглээний юмаа аваад гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ согтуу унтаж байсан. Манай нөхөр М.А гэнэт босч ирээд миний нүүрэнд алгадаж гуя орчимд өшиглөөд авсан. Тэр үед би хоёр хүүхдэд урд айлын Нараа эгчийг дуудаад ир гэхэд манай хоёр хүүхэд гарч явахад М.А утсаа аваад хашааны арын хаалгаар гарч явсан ... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орой 21 цагийн үед гэртээ очиход М.А гэртээ байхад нь би нөхрийгөө загинахад надаас уучлал гуйхын оронд салъя гэж хэлэх үед би гэрээс гарч ирээд цагдаад дуудсан. Тухайн үед миний нүд хөхөрсөн байсан. Бид хоёр албан ёсоор гэр бүл болоод 5 жил болж байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Сүүлийн амралтаараа архи их ууж хэрүүл хийх болсон. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-19-23/

Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 05 дугаар сарын 01-ний орой ээжийн хамт Ж.А эгчийнд очих гэж явсан тэр үед Ж.А эгч нөхөртэйгөө маргалдчихсан зүүн нүд нь хавдаад улайчихсан ирсэн. Бид хоёр Амьчуулын тоглоомын талбай орчим таарсан.... гэх мэдүүлэг /хх-24-25/

Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн

... Ж.А удалгүй гарч явсан тэгээд удалгүй нөгөө хүү орж ирээд ээж таныг дуудаж байна гэхээр нь би гэрээс гарч ирэхэд Ж.А, М.А нар маргалдаад гэрийнхээ арын хаалгаар гарч явж байгаа харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 282 дугаартай

1. Ж.Агийн биед хоёр нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 8-9/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 37-38/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 50-54/, шүүгдэгч М.Аын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргын 2019.05.06-ны өдрийн 4/433 дугаартай тодорхойлолт /хх-ийн 14/, 2019.06.17-ны өдрийн 4/704 дугаартай тодорхойлолт /хх-ийн 55/, шүүгдэгч М.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 /, шүүгдэгч М.Аын 2009.01.09-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-66/, 2015.12.13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69/, депозит дансны хуулгууд /хх-ийн 72-74/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 77/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 84-85/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч М.А нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 5-40 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ж.Аг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч М.Аын ... Би гэртээ байхад эхнэр Ж.А гаднаас ирэхээр нь би хаашаа яваад ирсэн гэж эхнэртэйгээ маргаад түүнийг гараараа нүүр рүү нь цохисон ... гэх мэдүүлэг /хх-41-42/

хохирогч Ж.Агийн … нөхөр М.А гэнэт босч ирээд миний нүүрэнд алгадаж гуя орчимд өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-19-23/

гэрч Х.Нийн ... Ж.А эгч нөхөртэйгөө маргалдчихсан зүүн нүд нь хавдаад улайчихсан ирсэн ... гэх мэдүүлэг /хх-24-25/

Гэрч Ц.Оийн ... Ж.А удалгүй гарч явсан тэгээд удалгүй нөгөө хүү орж ирээд ээж таныг дуудаж байна гэхээр нь би гэрээс гарч ирэхэд Ж.А М.А нар маргалдаад гэрийнхээ арын хаалгаар гарч явж байгаа харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 282 дугаартай ... Ж.Агийн биед хоёр нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...... гэх дүгнэлт /хх-ийн 8-9/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн хохирогч Ж.А, шүүгдэгч М.А нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.

Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.А нь эхнэр Ж.Аг нүүр лүү алгадах , хөл рүү нь өшиглөх цохих зодох, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ж.А нь М.Аын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч М.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч М.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Аыг 700 / долоон зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.

Харин хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Аын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Аыг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ат хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч М.Аын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Ат буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ат хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА