| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00102/И |
| Дугаар | 212/МА2026/00027 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2026/00027
Т.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 302/ШШ2026/00146 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр багт оршин суух И**** овогт Т******* А**** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн алба /дарга С.Е/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлоор авч хэлэлцэх иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч Я.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1 .Т.А би Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус байгууллагын бичиг хэргийн ажилтнаар томилогдсон. Гэтэл тус албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар ажлаас гэнэт чөлөөлсөн.
1.2. А*** олгогчоос Т.А намайг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хоёр хувь үйлдэж надаар гарын үсэг зуруулж шууд буцаан авсан. Тус байгууллагын дарга Ш.Ж нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надад таныг байгууллагын төсөв хүрэлцэхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх тухай хэлсэн. А*** олгогч анх намайг ажилд авахад түр орон тоонд авч байна гэж хэлээгүй, үүний нотолгоо нь намайг бичиг хэргийн ажилтанд томилсон тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн.
1.3.Миний бие Т.А би ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1.Тус барилга захиалагчийн алба нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ба барилгын улиралд үйл ажиллагаа явуулж, намраас эхлэн он дуустал бичиг баримтуудаа боловсруулан, архивлах ажил хийдэг.
2.2.М**** байгууллагад бичиг хэргийн ажилтны орон тоо байдаггүй. Б**** хэрэг цэгцлэх энэ хугацаанд хугацаатай гэрээ байгуулан, түр хугацаатай хүн ажиллуулдаг. Иргэн Т.А 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, байгууллагын бичиг хэргийг цэгцлэх зорилгоор бичиг хэргийн ажилтнаар томилж ажиллуулсан.
2.3.Т.А харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б*********** 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа учир гэрээг сунгах боломжгүй болсон учраас ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Харин ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарт нь өгсөн. Т.А байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул өөрт нь мэдэгдэж ажлаас чөлөөлсөн. Иймд Т.А нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 302/ШШ2026/00146 дугаар шийдвэрээр:
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай Т.А ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Т.А Баян-Өлгий аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлтийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай захирамжаар батлагдсан Б******* захиалагчийн албаны бүтцэд "бичиг хэргийн ажилтан" гэсэн албан тушаал байхгүй, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дугаартай захирамжаар архив, бичиг хэргийн 1 орон тоог баталсан байх боловч цалингийн төсөв байхгүй улмаас нөхөгдөөгүй байсан. Иймээс ажил олгогчийн зүгээс байгууллагын бичиг баримтыг цэгцлэх зорилгоор иргэн Т.А 2024 он дуустал түр ажиллуулахаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.
4.2. Энэ нь Б******* захиалагчийн албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаар тушаал, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан нөхцөл, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдоно.
4.3. Х******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон хөдөлмөрийн биржээс санал болгосон иргэнийг ажлын байрны шаардлагад нийцүүлэн сонгож ажилд авах хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд өөрийн сонголтын дагуу оролцох эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл, аймгийн Б******* захиалагчийн албаны бүтцэд байгаа архив, бичиг хэргийн ажлын сул орон тоог нөхөхийн тулд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явагдах ёстой атал нэхэмжлэгч Т.А давуу эрхээр уг орон тоонд шууд ажиллах ёстой мэтээр дүгнэсэн шүүхийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж заасанд нийцэхгүй байна.
4.4. Д*******, шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 302/ШШ2026/00146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1.Н***** ажлаас чөлөөлсний дараа нэг сарын хугацаа болоогүй байхад өөр хүнийг ажиллуулж байгаа юм байна. Н***** ажлаас чөлөөлсний дараа нэг хүнийг ажилд аваад, тэр хүнийг ажлаас халж, дахиад нэг хүнийг авсан байна. Т**** хүрэлцээтэй байгаа гэдэг нь үүгээр тодорхойлогдох байх гэж бодож байна.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Б****** захиалагчдын албаны бүтэц орон тоог баталсан захирамжийг хариуцагч тал гаргаж өгсөн. Уг захирамж нь хүчин төгөлдөр байгаа. А**** бичиг хэргийн орон тоонд Т.А ажиллаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Т.А Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албанд холбогдуулан гаргасан, Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Хэргийн материалд цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь талуудын хоорондын хөдөлмөрийн маргааныг тогтооход хүрэлцээтэй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар баримтуудыг харьцуулан, хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дотоод итгэлээрээ үнэлжээ. Мөн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
9.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
9.1. Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар байгууллагын бичиг хэргийг цэгцлэх, боловсруулах зорилгоор Т.А 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бичиг хэргийн ажилтнаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулжээ.
9.2. Баян-Өлгий аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай “Т.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа Т.А хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
9.3. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугааргүй ажил олгогч Б****** захиалагчийн алба нь ажилтан Т.А харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2-т хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2024.09.12-2024.12.31. гэжээ.
9.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай “Х****** алба болгон өргөтгөж, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх тухай” захирамжаар Б****** захиалагчийн албаны орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан ба уг хавсралтад зааснаар дарга 1, ня-бо 1, менежер, архив хариуцсан дотоод ажилтан 1, барилгын ажилтан /гэрээт/ 2, цахилгаан инженер /гэрээт/ 1, жолооч 1, нярав 1 байхаар баталсан байна.
9.5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дугаартай “Б****** захиалагчийн албыг өөрчлөн байгуулах тухай” захирамжаар Б******* захиалагчийн албыг аж ахуйн тооцооны үндсэн дээр “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” болгон өөрчлөн байгуулж, бүтэц орон тоог хавсралтаар баталсан байх ба уг захирамжийн хавсралтаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны бүтэц, орон тооны жишгийг баталсан ба уг хавсралтад зааснаар Б***** ахлагч 1, архитектор 1, З*********** хяналтын инженер /гэрээт/ 9, ня-бо 1, архив, бичиг хэрэг 1, жолооч, нярав 1 байхаар баталжээ.
10. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Т.А хариуцагч Б****** захиалагчийн албаны дарга нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бичиг хэргийн ажилтнаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.
11. Маргаан бүхий Б****** захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтны орон тоонд Т.А эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүхээс “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/119 дүгээр захирамжаар баталсан орон тооны жишгээс үзэхэд архив, бичиг хэргийн ажилтны орон тоог түр ажлын байр гэж дүгнэх үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хугацаатай гэрээ байгуулах нөхцөлүүд тогтоогдохгүй байхад ажил олгогч нь ажилтан Т.А хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй” гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...хариуцагчийн өмгөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хуульд зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 302/ШШ2026/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ